| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2019/03188/И |
| Дугаар | 210/ма2020/00830 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/ма2020/00830
| 2020 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2020/00830 |
Ш.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/00429 дугаар шийдвэртэй, Ш.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-од холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Д- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Н-од Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо 7-р хороолол, Алтай 14-р гудамж 431a, 432б, 433а байрлалд баригдсан орон сууцны барилгын 1-р орц 14 давхрын 1405 тоот байрыг түүний саналаар худалдахаар тохирч орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний эзэмших эрхийг 73 000 000 төгрөгөөр худалдсан. Б.Н- нь 40 000 000 төгрөгийг 2 хуваан шилжүүлж 15 000 000 төгрөгийн приус 30 автомашиныг төлбөрт нь оролцуулан өгч нийт 55 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 18 000 000 төгрөгийг дараа төлөхөөр зээлийн гэрээ үйлдэн баталгаажуулсан ч төлөөгүй. Иймд гэрээний дагуу 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- нь Ш.Д-тай 2017 оны 8 сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Монтед 84 айлын орон сууцны 14 давхарт 50,5 м.кв байрыг 73 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 40 000 000 төгрөг бэлнээр 15 000 000 төгрөгт нь приус-30 маркийн автомашин өгсөн. Ш.Д- нь байраа зарахдаа 2017 оны 9 дүгээр сарын 10-нд ашиглалтад орж, 10 сард гэрчилгээ гарна гэж хэлсэн. Байрны үлдэгдэл төлбөр 18 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохирсон бөгөөд нотариат дээр очиж баталгаа болгон дүр үзүүлсэн зээлийн гэрээ хийж гарын үсгээ зурсан. 2017 оны 10 дугаар сард ашиглалтанд орж, гэрчилгээ гарна гэж итгүүлээд гурвалсан гэрээ байгуулсан. Тохирсон хугацаандаа ашиглалтанд ороогүй, гэрчилгээ гаргаагүй. Иймд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-оос 18 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-д олгож, үлдэх 9 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөг, хариуцагч 247 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Н-оос 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Д- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Д- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Н-од Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 7-р хороолол Алтай 14-р гудамж 431а, 432б, 433а байрлалд баригдсан орон сууцны барилгын 1-р орц 14 давхрын 1405 тоот байрыг түүний саналаар худалдахаар тохирч "орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний эзэмших эрхийг 73 000 000 төгрөгөөр худалдсан. Төлбөрөөс үлдсэн 18 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон наториатаар баталгаажуулсан. Иймд Б.Н-оос алданги болох 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болоржаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ш.Д- нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 7 хороолол, Алтай 14-р гудамж, 431а, 432б, 433а байранд баригдсан орон сууцны барилгын 1-р орц 14 давхрын 1405 тоот байрыг Б.Н-од 73 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Б.Н- нь 55 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 18 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож талууд зээлийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд мөнгө шилжүүлэн өгсөн, авсан зүйл огт байхгүй бөгөөд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Шүүх худалдах-худалдан авах гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн тохирсон хугацаандаа байр ашиглалтанд ороогүй, өнөөдрийг хүртэл барилгыг улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, байрны гэрчилгээ гараагүй байна. Ш.Д-ын 2016 оны 11 дүгээр сарын 14-нд "Өнгөт фасад" ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 4.28-д "орон сууц захиалагч нь захиалсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж өөрийн өмчлөлд шилжүүлж авахаас өмнө уг орон сууцыг бусдад худалдах, ... гэрээгээр хүлээсэн эрх үүргээ бусдад шилжүүлэх, ...худалдахыг хориглоно" гэж заасныг зөрчиж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байж бусдад худалдаж үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Ш.Д- нь "Өнгөт фасад" ХХК-д төлбөрийн үлдэгдэлгүй. төлбөрөө бүрэн төлсөн гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл өмнө огт яригдаж байгаагүй "Өнгөт фасад" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн баталгаа гэх хуудсыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн бөгөөд уг баталгаанд "... Б.Мөнхбат нь 2013 оны 3-р сард хүргэн ах Д.Хадбаатар, эгч Д.Амаржаргал нарын Баянгол дүүргийн 12 хороо, 4 хороолол, ХД 34 байрны 41 тоот байрыг барьцаалж 50 000 000 төгрөг, мөн хүргэн ах Д.Хадбаатарын Чингэлтэй дүүргийн 12 хороо, Булагийн 20-р гудамж 1080 В тоот хувийн сууцны зориулалтын байшин, газрыг хамт барьцаалж 10 000 000 төгрөгийг тус тус хүүтэй Ш.Д-аас зээлэн авч барьцааг чөлөөлж харилцан тохиролцож ... 14 давхрын 1405 тоот 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг 68 175 000 төгрөгөөр тооцон өгөх үүрэг хүлээнэ" гэж тусгасан боловч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно. Эдгээр баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ш.Д- нь хариуцагч Б.Н-од холбогдуулан гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг, анз 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 30-нд 1405 тоот байрны захиалгын эрхийг 73 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч нэхэмжлэгчид нийт 55 000 000 төгрөгийн төлбөр хийсэн үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн талууд үлдэх 18 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулжээ. /хх 15/
Хариуцагч уг 1405 тоот байранд одоо хүртэл эзэмшиж амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон ч байрны жинхэнэ өмчлөгч, хөрөнгө оруулагч уг сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчид гаргаж өгөхгүй татгалзаж сууцны үнийг төлөхийг давхар шаардаж байгаа талаар хариуцагч тайлбарлажээ. /хх 20-21, 58-59/
Анхан шатны шүүхээс талуудын хооронд ямар агуулгатай гэрээ байгуулагдсан, уг гэрээтэй холбоотой үйл баримтыг тогтоож тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Талууд 1405 тоот орон сууцны үнийг хэнд өгөх, хичнээн төгрөг төлөх асуудлаар маргаж, уг маргаанд 1405 тоот сууцны жинхэнэ өмчлөгч буюу энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгджээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баталгаа гэх бичгийн баримтыг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримтад "... Б.Мөнхбат нь 2013 оны 3-р сард хүргэн ах Д.Хадбаатар, эгч Д.Амаржаргал нарын Баянгол дүүргийн 12 хороо, 4 хороолол, ХД 34 байрны 41 тоот байрыг барьцаалж 50 000 000 төгрөг, мөн хүргэн ах Д.Хадбаатарын Чингэлтэй дүүргийн 12 хороо, Булагийн 20-р гудамж 1080 В тоот хувийн сууцны зориулалтын байшин, газрыг хамт барьцаалж 10 000 000 төгрөгийг тус тус хүүтэй Ш.Д-аас зээлэн авч барьцааг чөлөөлж харилцан тохиролцож ... 14 давхрын 1405 тоот 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг 68 175 000 төгрөгөөр тооцон өгөх үүрэг хүлээнэ" гэж тусгажээ. Энэ баримттай холбоотойгоор Б.Мөнхбатыг гэрчээр оролцуулах, 1405 тоот 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны төлбөр тооцоотой холбоотой үндсэн баримтыг гаргуулах ач холбогдолтой хүсэлтийг хариуцагч талаас гаргаад байхад анхан шатны шүүхээс хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Анхан шатны шүүхээс талуудын хоорондын гэрээний агуулга, гэрээний зүйл буюу байсныг тодруулаагүй. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлж байгаа зүйл нь орон сууц захиалах гэрээний дагуу худалдан авагчийнхаа эрхийг шилжүүлж байгаа, эсвэл гэрээний үүргийн харилцаа буюу худалдагч талыг солих тухай хэлцэл үү гэдэг нөхцөл байдал тодорхой бус болжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх юм. Иргэний хуулийн 260 дугаар зүйлд зааснаар үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарах юм.
Эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах үүрэгтэй. Шилжүүлсэн эрх доголдолтой эсэх, нэхэмжлэгч 1405 тоот сууцны захиалгын эрхийн шударга эзэмшигч мөн эсэхийг тодруулан дүгнэх боломжгүй, үйл баримт тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй бөгөөд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/00429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 158 950 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 247 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД