Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 109/2018/0009/З |
Дугаар | 221/МА2018/0389 |
Огноо | 2018-07-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2018/0389
2018 оны 7 сарын 05 өдөр Дугаар 221/МА2018/0389 Улаанбаатар хот
Б.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.О-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О-ийн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-ийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-ийг урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тус аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн аймгийн Засаг даргатай байгуулан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн төдийгүй үүн дээр маргаагүй байдаг. Мөн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Түүнчлэн хамт олны зүгээс нэхэмжлэгч Б.О-тэй ажиллах сонирхолгүй байгаа болон нийт ажилтан, цэцэрлэгийн хүүхдийн эрх ашиг сонирхлыг хохироож байгаа талаарх өргөдлийг аймгийн Засаг даргад 3 удаа ирүүлсэн тул үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу үүрэгт ажлаас нь халах хариуцлага тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж , хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн Б.О-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-ийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Б.О-ийг “аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг даван гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүдээр Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч Б.О-т Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар “2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтээр Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эргэж ажилдаа орсон зэрэг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснийг /хагас жилээр/ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд заасны дагуу хэрхэн, ямар үндэслэлээр хангалтгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй. Мөн “аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.6-д “Тайлант жилийн дундуур төсвийн шууд захирагч өөр албан тушаалд шилжсэн, чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэнэ ...” гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр биелүүлсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл болсон Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тус цэцэрлэгийн ажилтан Д.Б-ээс ирүүлсэн хүсэлт зэргийн үндэслэлийг хэрхэн шалгаж, ямар нотлох баримтаар тогтоосон нь баримтаар нотлогдохгүй байхад дээрх үндэслэлүүдийг зааж нэхэмжлэгчийн ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн, маргаж буй акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.
Харин Хайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай холбогдуулж, захиргааны хэрэг үүсгээгүй, хариуцагчаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг татаагүй, үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох үндэслэл, хариуцагчийн татгалзал зэргийг нотлох ажиллагаа хийгдээгүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Уг үнэлгээ нь Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалын үндэслэл болсон үйл ажиллагаа байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4.2, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-ийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-ийг урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Б.О-ийн “2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ