Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01257

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Д.Дийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00749 дүгээр шийдвэртэй Д.Дийн нэхэмжлэлтэй Б.Мод холбогдох, 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Моос 84-26 УНҮ улсын дугаар бүхий Норд бенз маркийн ачааны машин худалдан авахаар болж машины гэрчилгээ, түлхүүрийг авч урьдчилгаа 4 000 000 төгрөгийг 2 хувааж, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 5554041111 тоот данснаас Б.Мын 5011005079 тоот данс руу 2 000 000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 509911132 тоот данснаас 5027773939 тоот данс руу 2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Тус машин нь “Ньюстар финанс ББСБ” ХХК-д мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байгаа, унаж явах эрхтэй гэж байсан. Машин авах мөнгө бүтэхгүй болоод урьдчилгаа мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн дотор л “... зээл бүтэхгүй байна, машин авч чадахгүй болсон тул машин авахаа болилоо, машинаа зараарай, мөнгөө буцааж авах боллоо” гэж хариу мэдэгдсэн. Гэтэл “... одоохондоо мөнгөгүй байна, удахгүй өгнө” гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Б.М нь “машинаа түрээсэлж, мөнгө олж мөнгийг чинь өгье, машины түлхүүрээ авмаар байна” гэхэд нь түлхүүр хүлээн авсан буюу мөнгө буцааж авах тухай бичигт гарын үсэг зуруулж авсан. Итгэж найдаж түлхүүрийг өгсөн. Тухайн үеп гэрчилгээ нь үлдсэн. Гэтэл одоог болтол мөнгөө өгөөгүй бөгөөд утсаар ярихаар “боломжгүй байна удахгүй өгнө” гээд өгөхгүй байсаар 7 сараас утсаа авахгүй холбогдох боломжгүй болсон. Гэрт нь очоод асуухад энд амьдрахаа больсон гэсэн. Хаана байгаа болон утасны дугаарыг нь өгөөгүй учир харьяа дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байр, 59 тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон. Энэ хаягаар нь олж уулзахад тэрээр Б.Э гэж надтай хамтран ажиллаж байсан хүн өгөх ёстой би өгөхгүй гэсэн учир Б.Моос машин худалдан авахаар урьдчилгаанд өгсөн 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сард надтай хамтарч ажиллаж байсан Б.Э гэдэг залуу өөрийн танилын 84-26 УНҮ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулахаар зарлал тавьсан байдаг. Тус автомашиныг Д.Д худалдан авахаар тохиролцоход би хажууд нь байсан бөгөөд Б.Э уг автомашинд засвар хийх шаардлагатай байсан тул миний дансаар урьдчилгаа 2 000 000 төгрөгийг авч, засварт зарцуулсан. Үүнээс хойш Д.Д хэсэг хугацаанд хөдөө гэр лүүгээ яваад машины түлхүүр, бичиг баримтыг өөртөө авч явсан байсан. Түүнийг “автомашиныг авч чадахгүй” гэж хэлснээр “... түрээсээр ажиллуулахаар боллоо очиж түлхүүр бичиг баримтаа аваад ир” гэж Б.Э надад хэлсэн. Намайг очиход бичиг баримтыг өгөөгүй. Энэ хугацаанд Б.Э Д.Доос нэмж 2 000 000 төгрөг авсан байсан. Ингээд би уг машиныг ажиллуулна гэж бодож байсан болохоор Д.Дийн эхнэрт бичиг хийж өгсөн. Гэтэл Д.Дийн эхнэр бичиг баримт өгөөгүй. Автомашины түлхүүрийг Б.Эад өгснөөр тэрээр автомашиныг авч явсан.

2018 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.Эыг залилангийн хэргээр шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Б.Э нь намайг төдийгүй миний найз нөхдийг хүртэл залилсан нь тогтоогдоод байгаа. Б.Эаас төлбөрөө авах нь зүйтэй гэж хохирогчид хэлж байсан. Намайг хариуцагчаар холбогдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.Моос 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Моос 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус шийдвэрээр намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 4 000 000 төгрөг гаргуулан Д.Дид олгохоор шийдвэрлэжээ.

Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй бөгөөд миний аавын төрсөн дүү 2019 оны 3 дугаар сараас хүнд өвчний улмаас асруулж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барж ажил явдал нь тухайн үед таарсан. Энэ тухай шүүх хуралдаан болохын өмнө шүүгчийн туслах болон Д.Д нарт шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө утсаар мэдэгдсэн боловч тоож үзээгүй. Шүүхийн шийдвэрийг гардан авч, өмгөөлөгчид хандаж хууль зүйн туслалцаа авахад “аливаа шүүх хуралдаанд талууд өөрөө оролцож үгээ хэлэх, тэгш эрхээр хангуулах эрхтэй” болохыг хэлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Миний хувьд хүндэтгэн үзэх шалтгаанаар тус хуралд хүрэлцэн очиж чадаагүй. Энэ хэргийг шүүхээс асар хурдан шийдсэн бөгөөд хувийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцож чадахгүй болохоо удаа дараалан илэрхийлсэн. Шүүхээс 3 сарын дундуур залгаж танд нэхэмжлэл гаргалаа гэж мэдэгдсэн бөгөөд төд удалгүй 1 capын дараа шүүх хуралдаан болсон. Миний ахын биеийн байдлаас хамааран энэ хугацаанд би шүүхэд хүрэлцэн ирэх боломж муу байсан. Монгол хүн ажил явдал гараад байхад ажил явдалд оролцож байна гэсэн тодорхойлолтыг аль газраас, хэнээс авахыг би мэдэхгүй бөгөөд ахынхаа амь нас эрүүл мэндээр түрий барьж шүүхэд худал хэлсэн зүйлгүй.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрт намайг гарын үсэг зурж баталгаажуулсан мөнгө хүлээн авснаа илэрхийлсэн агуулгатай баримт гэж үзсэн байна. Миний бие Д.Д, Б.Э нарын хооронд хийгдэж гүйцээгүй наймааны гэрч болохоос биш хариуцагч биш гэдгийг иргэн Д.Дид удаа дараа илэрхийлж байсан мөн 84-26 УНҮ автомашины эзэн нь би биш учраас энэ автомашиныг Б.Эын өмчлөлийн гэдгийг гэрчлэх албан бичиг холбогдох төрийн байгууллагаас хөндлөнгийн надад хийж өгөхгүй юм билээ. Миний бие шүүх хуралд биеэр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож баримтаа гаргаж өгч, үгээ хэлж чадаагүй учир тус хэргийг анхан шатны шүүхэд ахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Мод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд Норд бенз маркийн 84-26 УНҮ улсын дугаартай ачааны автомашиныг худалдан авах, урьдчилгаанд 4 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс нэхэмжлэгч нь “Хаан банк” ХХК-ийн харилцагч П.Саранхүүгийн эзэмшлийн 5099111132 тоот данснаас 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 5027773939 тоот дансанд 2 000 000 төгрөг, Д.Дийн эзэмшлийн 555401111 тоот данснаас 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 5011005079 тоот дансанд 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч маргааны үйл баримт болоод хэрэгт авагдсан нотлох баримтад хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцээгүй байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “... Б.Э, Б.М нар автомашин авахад хамт байсан, эхнэр П.Саранхүүгийн данснаас Б.Эын дансанд 2 000 000 төгрөг, өөрийн данснаас 2 000 000 төгрөг Б.Мын дансанд хийсэн, автомашин худалдаж авахаар Б.Э, Б.М нартай тохирсон, сүүлийн 2 000 000  төгрөгийг шилжүүлэхийг Б.Э, Б.М нар 2 уулаа утсаар ярьж шаардаж байсан” гэж, хариуцагч “... Б.Э миний дансаар урьдчилгаа 2 000 000 төгрөгийг авч уг автомашинд хийх засварт зарцуулсан, ... Б.Э Д.Доос нэмж 2 000 000 төгрөг авсан байсан” гэж тайлбарласан байхад хариуцагч Б.Мыг дангаараа 4 000 000 төгрөг нэхэмжлэгчээс авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн буруу байна.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтаас 4 000 000 төгрөгийг бодитоор хэн хүлээн авсан нь тодорхойгүй, бичвэрт урьдчилгаанд төлсөн мөнгөн дүнг автомашиныг худалдан борлуулсны дараа авах, түлхүүрийг Б.Мод хүлээлгэн өгөх агуулга тусгагджээ.

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэж, Б.Эыг хамтран хариуцагчаар татвал зохих этгээд мөн эсэхийг тодруулалгүй 4 000 000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх ба үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Шүүх хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй,  талуудад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгджээ. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах  хүсэлтээ бичгээр гаргаагүй байна.  /хх-ийн 30 дугаар тал/

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00749 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн  төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                

                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                    А.МӨНХЗУЛ