Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00753

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00749 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1257 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Д-

          Хариуцагч: Б.М-

          4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч Б.М-, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Б.М-оос ..-26 УНҮ улсын дугаар бүхий Норд бенз маркийн ачааны машин худалдан авахаар болж машины гэрчилгээ, түлхүүрийг авч урьдчилгаа 4 сая төгрөгийг 2 хувааж, Б.М-ын данс руу 2018-03-07, 2018-03-12-ны өдөр тус тус 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тус машин нь Ньюстар финанс ББСБ ХХК-д мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байгаа, унаж явах эрхтэй гэж байсан. Машин авах мөнгө бүтэхгүй болоод урьдчилгаа мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн дотор л ..зээл бүтэхгүй байна, машин авч чадахгүй болсон тул машин авахаа болилоо, машинаа зараарай, мөнгөө буцааж авах боллоо гэж хариу мэдэгдсэн. Гэтэл одоохондоо мөнгөгүй байна, удахгүй өгнө гэсэн. 2018-03-19-ний өдөр Б.М- нь машинаа түрээсэлж, мөнгө олж мөнгийг чинь өгье, машины түлхүүрээ авмаар байна гэхэд нь түлхүүр хүлээн авсан буюу мөнгө буцааж авах тухай бичигт гарын үсэг зуруулж авсан. Итгэж найдаж түлхүүрийг өгсөн. Тухайн үед гэрчилгээ нь үлдсэн. Гэтэл   Б.Эрдэнэбат гэж  хүн өгөх ёстой би өгөхгүй гэх болсон. Иймд Б.М-оос машин худалдан авахаар урьдчилгаанд өгсөн 4 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2018-03-р сард надтай хамтарч ажиллаж байсан Б.Эрдэнэбат гэдэг залуу өөрийн танилын ..-26 УНҮ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулахаар зарлал тавьсан байдаг. Тус автомашиныг Д.Д- худалдан авахаар тохиролцоход би хажууд нь байсан бөгөөд Б.Эрдэнэбат уг автомашинд засвар хийх шаардлагатай байсан тул миний дансаар урьдчилгаа 2 сая төгрөгийг авч, засварт зарцуулсан. Үүнээс хойш Д.Д- хэсэг хугацаанд хөдөө  яваад машины түлхүүр, бичиг баримтыг өөртөө авч явсан байсан. Түүнийг автомашиныг авч чадахгүй гэж хэлснээр ..түрээсээр ажиллуулахаар боллоо очиж түлхүүр бичиг баримтаа аваад ир гэж Б.Эрдэнэбат надад хэлсэн. Намайг очиход бичиг баримтыг өгөөгүй. Энэ хугацаанд Б.Эрдэнэбат Д.Д-оос нэмж 2 сая төгрөг авсан байсан. Ингээд би уг машиныг ажиллуулна гэж бодож байсан болохоор Д.Д-ийн эхнэрт бичиг хийж өгсөн. Гэтэл Д.Д-ийн эхнэр бичиг баримт өгөөгүй. Автомашины түлхүүрийг Б.Эрдэнэбатад өгснөөр тэрээр автомашиныг авч явсан. 2018-01 сард БГД-н цагдаагийн 2-р хэлтэст Б.Эрдэнэбатыг залилангийн хэргээр шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Б.Эрдэнэбат нь намайг төдийгүй миний найз нөхдийг хүртэл залилсан нь тогтоогдоод байгаа. Б.Эрдэнэбатаас төлбөрөө авах нь зүйтэй гэж хохирогчид хэлж байсан. Намайг хариуцагчаар холбогдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 182/ШШ2019/00749 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.М-оос 4 сая төгрөг гаргуулж  Д.Д-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс  төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Б.М-оос 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1257 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00749 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би М-оос  машин худалдан авахаар болж 2 удаагийн шилжүүлгээр урьдчилгаа 4 сая төгрөг өгсөн. Машины түлхүүр болон гэрчилгээг үлдээсэн. Зээл бүтээгүй тул  мөнгө өгснөөс хойш 7 хоногийн  дараа машиныг  авч чадахгүй гэдгийг хэлсэн ба түлхүүр бичиг баримтаа авъя гэж М- хэлсэн. Түлхүүрээ 2018-03-19-нд өдөр авахдаа М-  4 сая төгрөг хүлээн авч, машин зарагдахаар 4 сая төгрөгийг буцааж өгнө гээд бичиг хийж өгсөн. М-  мөнгийг аваагүй Эрдэнэбатад өгсөн бол мөн Эрдэнэбат нэмж 2 сая төгрөг авсан болохыг мэдээгүй болт бичиг хийж өгөхгүй байсан.  Мөнгөнд огт хамаагүй бол  ХХША-ны явцад тайлбар татгалзлаа нотолсон нотлох баримтаа өгөх байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хариу тайлбартаа Эрдэнэбат гэх хүнд 2017 оноос эхлэн залилуулж байгаагаа мэдээд 2018-01 сард цагдаад өгч шалгуулж байгаа гэжээ. Хэрэв Эрдэнэбатад залилуулснаа мэдээд 2018-01 сард цагдаад өгсөн байсан бол 2018-03-19-нд тус мөнгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөхөө илэрхийлэхгүй байсан.  Эрдэнэбат хариуцагч юм бол  баримтыг шүүхэд ч өгөх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн тус төлбөрийг төлөхөө илэрхийлсэн бичиг хэргийн 11-р талд авагдсан байхад хариуцагчийн нотолгооны чанаргүй үгээр тайлбарласан тайлбарыг үндэслэл болгож Эрдэнэбатыг хамтран хариуцагчаар татвал зохих этгээд мөн эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийг солих эсэх асуудлыг ИХШХШТХ-н 28-д тодорхой заасан байдаг. М- нь ХХША-ны явцад Эрдэнэбат Д- нарын хоорондын асуудал болох талаархи ямар ч нотлох баримт өгөөгүй, өөрийн гарын үсэг зурж өгсөн тус баримтыг үгүйсгэсэн баримтаа өгөөгүй байхад хамтран хариуцагч мөн эсэхийг тодруулаагүй гэж хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй. Би ямар ч баримтгүйгээр хамтран хариуцагч татах боломжгүй юм. М- нь хариуцах ёсгүй этгээд байсан бол үгүйсгэсэн баримтаа өгөх байсан бөгөөд давж заалдах шатны шүүх төлбөрөө төлөхөөс зайлсхийж иргэн намайг хохироож байгаа хүнийг өөгшүүлсэн магадлал гаргасанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.Д- 2019-03-18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Б.М-оос 4,000,000 төгрөг шаардаж “...машин худалдан авах зориулалтаар өгсөн урьдчилгаа мөнгийг буцааж авна...” гэсэн үндэслэл заасан байна. 

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгийг нь би аваагүй...мөнгө авсан Эрдэнэбат...залилан хийсэн хэрэгт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа..” гэжээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг Д.Д-ийн, 2,000,000 төгрөгийг  Б.Эрдэнэбатын дансанд шилжүүлсэн гэсэн байхад шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан үндэслэл тодорхойгүй байна. Түүнчлэн, “..Норд машинд Д.Д- нь худалдан авахаар 4 сая төгрөг өгөөд авах боломжгүй болж машин зарагдсаны дараа 4 сая төгрөгөө авахаар болж машины түлхүүрийг эзэн болох Нацаг Батбаатарын М-од өгөв. Хүлээн зөвшөөрсөн Батбаатарын М- 2018-03-19..” /хх11/ гэсэн бичгийг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон үндэслэлээ заагаагүйгээс шүүх Иргэний хуулийн  243, 211,492 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан эсэх талаар хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

          Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хэрэгт байгаа баримт зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1257 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ