Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01256

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01256

 

 

 

 

                                          Ж.Бын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаар шийдвэртэй Ж.Бын нэхэмжлэлтэй К Б” ХХК, Ц.Тарав нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах, Ц.Тарав болон К Б” ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч К Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, түүний өмгөөлөгч Ч.Э, хариуцагч К Б” ХХК-ийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Ц.Ганцэцэгтэй харилцан тохиролцож 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68-1 тоот, 52,8 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг барьцаалж, 22 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүүнд нь уг орон сууцыг хөлслөн сууж, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцон 22 000 000 төгрөгийг бэлнээр өгч байрыг хөлсөлсөн. Зээлдэгч Ц.Ганцэцэг нэмж мөнгө хэрэгтэй гэхэд нь 3 000 000 төгрөгийг нэмж олгосон. Ингээд зээлдэгч Ц.Ганцэцэг зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зээлээ төлж чадахгүй болсон тул дахин 1 000 000 төгрөгийг нэмж бэлнээр авч нийт зээлийн үнийн дүн 26 000 000 төгрөг болж, зээлийг 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлөхөөр сунгалт хийсэн. Гэтэл Ц.Ганцэцэг 2016 онд нас барсан байдаг. Ингээд түүний ах Ц.Таравтай уулзаж зээл, байрны талаар ярилцахад би энэ өртэй байрыг өвлөхгүй гэж ярьж байсан мөртлөө 2017 онд Ц.Тарав нь уг байрны өмчлөгчөөр тогтоогдсон байна. Өмчлөгчийн хууль ёсны үүргийнхээ дагуу зээл, байрны асуудлыг зохицуулахыг шаардахад үүргээ биелүүлэхгүй байна. Иймд байр барьцаалж зээлж авсан 26 000 000 төгрөгийг Ц.Тараваас гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцаалан зээл олгосон. Зээлдэгч Ц.Ганцэцэг нь барьцааны гэрээг үл хөдлөхөд бүртгүүлэхгүй, би банкнаас зээл аваад зээлийг төлнө гэж итгүүлэн “Капитал банк”-иас зээл аваад алга болсон. Гэтэл Ц.Тарав уг байрыг хуулийн дагуу өвлөн авчхаад уг орон сууцыг зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж хуйвалдаж зээлийн гэрээгээр 85 000 000 төгрөгөөр үнэлсэн орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 18 600 000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан мэтээр дүр эсгэсэн хэлцэл хийсэн байна. Иймд Ц.Тарав, Капитал банкны хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,  Ц.Тараваас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг талийгаач Ц.Ганцэцэгээс Ц.Тарав өвлөн авсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцнаас хангаж өгнө үү.

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх зохицуулалттай тул байрыг чөлөөлж өгөхөд татгалзахгүй. Иргэний хуулийн 330 дугаар зүйлийн 330.1 дэх хэсэгт зааснаар банкны байранд хууль бусаар оршин суугаагүй, тэргүүн ээлжид байрыг худалдан авах эрх нэхэмжлэгчид байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Тарав шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн “Капитал банк”, Ц.Тарав нарын хооронд хийгдсэн гэрээ тул Ж.Бт хамаагүй. Ц.Тарав нь Ж.Баас мөнгө аваагүй, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дууссан, Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн дотор нэхэмжлэлээ гаргах ёстой, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ц.Ганцэцэг нь” Капитал банк” ХХК-иас 60 000 000 төгрөгийн зээл аваад үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан, өв нээгдсэн үед К Б” ХХК Ц.Тараваас нэхсэн, Ц.Тарав барьцаалсан хөрөнгийг шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хүлээж авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцлага хүлээнэ. Ц.Ганцэцэг, Ж.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн шаардлага хуулийн үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсанбуу шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг зээлдэгчид олгосноор гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Мөнгийг олгоогүй тохиолдолд гэрээ байгуулсан гэж үзэхгүй, шаардах эрх үүсэхгүй юм. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар нотариатад гомдлын шаардлага гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш жилийн дараа Ц.Таравт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч буюу Ц.Ганцэцэг нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгэгч 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой атал 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдохоор байна. Үүнээс үзэхэд өвлөгч буюу хариуцагч Ц.Тарав өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлөгчийн хүлээн авсан өв буюу эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан зүйл байхгүй байхад өвлөгч өвлүүлэгчийн зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь гүйцэтгэх нь хууль зүйн үндэслэлгүй. Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу Ц.Ганцэцэгийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2 дахь хэсэгт зааснаар түүнийг нас барснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

К Б” ХХК Ж.Б нарын хооронд эрх зүйн харилцаа байхгүй, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т банкны эрх хүлээн авагчаас бусад этгээд банкны хөрөнгөөс үл маргах журмаар аливаа шаардлагыг хангуулах эрхгүй гэж заадаг. Банк Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Ж.Бт хамаагүй, Ц.Ганцэцэг өмчлөгчийн хувьд хөрөнгөө барьцаалсан, өвлөж авсан хөрөнгөд ногдох үүргээ банктай хэлцэл хийж барагдуулсан, 61 400 000 төгрөгт төлбөр барагдуулах гэрээ байгуулж 18 600 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Ц.Таравт 18 600 000 төгрөгийг өгөх ёстой гэжээ.

 

Хариуцагч К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Таравын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52.8 м.кв талбайтай, Y-2205011480 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр К Б” ХХК-ийн нэр дээр шилжиж 000677485 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл тус орон сууцанд Ж.Б болон түүний төрөл садангийн хүмүүс хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд хэд хэдэн удаа орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдсэн боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу К Б” ХХК өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс хууль бус эзэмшлээс шаардаж байх тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: К Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б нь Ц.Ганцэцэгтэй харилцан тохиролцож Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52,8 метр квадрат талбайтай, Y-2205011480 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалж /цаашид худалдан авах зорилгоор/ 22 000 000 төгрөгийг жилийн хугацаатайгаар зээлдүүлж, тус орон сууцанд амьдарч байсан. Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн 3 жил тасралтгүй эзэмших үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй гэж заасан. Гэтэл “Капитал банк” нь уг орон сууцыг өөрийн өмчлөлд авахдаа ямар ч судалгаа тандалт хийлгүйгээр уг байрыг талийгч Ц.Ганцэцэгт олгосон зээлийн барьцаандаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өөрийн эрх ашиг, давуу байдлыг ашиглан Ц.Таравт давхардуулан зээл олгосон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар талийгч Ц.Ганцэцэгтэй хийсэн хэлцэлүүд нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу байрны барьцаанд Ц.Ганцэцэгт төлсөн 26 287 950 төгрөгийг К Б” ХХК болон өв залгамжлагч Ц.Тарав нараас хувь тэнцүүлэн гаргаж төлсөн тохиолдолд уг байрыг чөлөөлж өгөхөд татгалзахгүй.

Ж.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоотод хууль бусаар оршин сууж байсан асуудал байхгүй, хуульд зааснаар тэргүүн ээлжид үргэлжлүүлэн хөлслөх, худалдан авах давуу эрхийнхээ дагуу оршин сууж байгаа ба Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах, өвлөгч Ц.Тарав нь К Б” ХХК-иас зээл авахдаа барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа талаар К Б” ХХК-д Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч К Б” ХХК-тай хамтран хариуцах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Тараваас 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 400 000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөг, Ц.Таравын Капитал банктай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бын эзэмшлээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 52,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ж.Бын төлсөн 539 000 төгрөг, К Б” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Тараваас 250 950 /хоёр зуун тавин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ж.Бт, Ж.Баас 70 200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг гаргуулан К Б” ХХК-ийн эрх хүлээн авагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байхад өөрчлөгдсөн шаардлагыг хариуцагч нарт гардуулж хариу тайлбар өгөх боломжоор хангаагүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.” Талийгч Ц.Ганцэцэг 2015 оны 7 сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч тал 2017 оны 7 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэлээ 2018 оны 12 сард гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Дээр дурдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны  өдрийн 07 дугаартай дээрх өвлөх эрхийн гэрчилгээгээр 61400 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Тарав өвлөн авсан байх боловч Ц.Тарав нь К Б” ХХК-ийн эрх хүлээн авагчаас 18 600 000 төгрөгийн авлагатай байх тул энэхүү хэмжээгээр Ж.Бын өмнө үүрэг гүйцэтгэх нь зүйтэй” гэжээ. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэж заасан. Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөсөн эд хөрөнгийн хэмжээг 61 400 000 төгрөг гэж тодорхойлсон бол энэ л хэмжээгээр Ц.Тарав бусдын өмнө үүрэг хүлээх хуулийн зохицуулалттай. Ц.Тарав К Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 18 600 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан гэрээ бол зөвхөн уг хөдлөх хөрөнгийг К Б” ХХК-д шилжүүлэхийн тулд хийсэн гэрээ бөгөөд өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө К Б” ХХК-иас аваагүй. Уг худалдах худалдан авах гэрээ бол Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс шүүхэд гаргаж өгсөн уг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь ирүүлсэн материалууд дотор байсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрээгээр уг үл хөдлөх хөрөнгийг К Б” ХХК-д шилжүүлж өгсөн баримт юм. Гэтэл энэ гэрээг үндэслэн Ц.Тараваас 118 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ж.Б болон талийгч Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т “...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулсан. Иймд дээрх 2 талын хооронд байгуулагдсан гэрээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон ба үүнээс хойш 2 жилийн дотор өв хүлээн авагчаас гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч Ж.Б үүнийг алдсан. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс судалж шийдвэр гаргана гэсэн заалтууд зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “...Ц.Тараваас 18 600 000 төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч К Б” ХХК болон Ц.Тарав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төрөг гаргуулах, Ц.Тарав болон К Б” ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцаар хангуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагч К Б” ХХК нь орон сууцыг албадан чөлөөлөхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэргийн 12, 18 дугаар талд авагдсан зээлийн гэрээнүүдээс үзэхэд Ж.Б нь Ц.Ганцэцэгт 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 22 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай тус тус зээлдүүлж, зээлийн гэрээний хүүнд орон сууцанд амьдрахаар тохиролцсон байх ба уг гэрээнүүдийг 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус тус сунгажээ.

Ж.Б нь дээрх мөнгөн дүнгээс 2 000 000 төгрөгийг Ц.Ганцэцэгийн эзэмшлийн 5029818790 тоот дансруу шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг хэдийд ямар журмаар шилжүүлэн өгсөн нь тодорхойгүй боловч 22 000 000 төгрөгийн зээлийн хүүнд Ц.Ганцэцэгийн эзэмшлийн орон сууцанд амьдрах гэрээний гол нөхцөлийн дагуу тухайн орон сууцанд гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл амьдарч байх тул зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Ц.Тарав нь “... Ж.Б нь Ц.Ганцэцэгт зээлийн гэрээний дагуу 26 000 000 төгрөгийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна.

Зээлдэгч Ц.Ганцэцэг нь өвчний улмаас 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Таравт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг өмчлөх эрх үүсчээ. /хх-ийн 71-74 дүгээр тал/

К Б” ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Ганцэцэг 60 000 000 төгрөг жилийн 26.40 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авч, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот орон сууцыг барьцаалсан нь зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон. /хх-ийн 56-68 дугаар тал/

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт өв хүлээн авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх зохицуулалттай бөгөөд К Б” ХХК нь Ц.Таравтай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл /үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 61 400 000/-д дээрх орон сууцыг тооцон өмчлөлдөө авах, зөрүү төлбөрт 18 600 000 төгрөгийг олгохоор харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-ийн 79 дүгээр тал/

К Б” ХХК-ийн Ц.Ганцэцэгтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, гэрээний үүргийг түүний өв залгамжлагчаас Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шаардаж өв хүлээн авагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.  

 Барьцааны гэрээний зүйл болох орон сууцыг өмчлөх эрх К Б” ХХК-д 2018 оны 02-ны өдөр шилжсэнээр нэхэмжлэгчийн эзэмшил хууль бус болох тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн.

Нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасны дагуу өв нээгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “... хариуцагчийн хаяг тодорхойгүй, ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарыг 17-ны өдрийн 2160 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй. /хх-ийн 5-6 дугаар тал/

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                              А.МӨНХЗУЛ