Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01222

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Н.Мгийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896  дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.М, хариуцагч Д.О, А.Ж, Б.Онарт холбогдох 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл болон хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Б.О итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: А.Ж, Д.Онар нь 2014 онд надаас зээлсэн 80 сая төгрөгийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг барьцаалсан. Шүүхийн шийдвэрээр А.Ж, Д.Онараас 106 568 000 төгрөгийг  гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн ба барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2018 оны 3 дугаар сард барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар болж Хан-Уул дүүргийн бүртгэлийн албанаас барьцааны хөрөнгийн талаар лавлагаа авсан байна. Гэтэл энэ лавлагаагаар барьцааны хөрөнгө миний барьцаанаас цуцлагдаж өөр зээлийн барьцаанд тавигдсан тухай мэдээлэл гарч ирсэн болно. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт лавлагаа авах хүсэлт гаргасны дагуу тус газраас 2018 оны 3 дугаар сарын 03-нд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноотой үүрэг дуусгавар болсон тухай гэсэн гарчигтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн утга бүхий баримтын хуулбарыг гаргаж өгсөн. Энэхүү үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийн үнэн зөв болохыг Баянгол дүүргийн 271 дугаартай дардастай Б.Оюун гэдэг нотариатч баталгаажуулсан болохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн албанаас ирүүлсэн баримтын хуулбарыг авснаар мэдсэн болно. Нотариатч Б.Оюун нь А.Ж, Д.Онарын үйлдсэн үүрэг дуусгавар болсон тухай гэсэн хуурамч баримтыг үнэн зөвийг гэрчилснээр миний зээлийн барьцааны хөрөнгө хууль бусаар барьцаанаас чөлөөлөгдөж, зээлдүүлэгч миний эрх ашгийг хохироосон хууль бус үйлдэл хийсэн. Миний хувьд энэ баримтыг огт мэдэхгүй. Уг баримтыг үйлдээгүй, уг хэлцэл гэх баримт нь дээр гарын үсэг зураагүй болно. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Баянгол дүүргийн 271 дугаартай дардастай нотариатч Б.Оюунд холбогдуулан түүний эзэмшлийн тамга тэмдгээр баталгаажсан үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн тайлбарт: Б.Оюуны хувьд энэ нотариатын үйлдэл үйлдээгүй, өөрөө тамга тэмдэг дараагүй, баталгаажуулах гарын үсэг зураагүй. Үүнийг шинжээчийн дүгнэлт нотолсон. Мөн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би энэ үйлдлийг хийгээгүй. Д.Оүйлдсэн байх магадлалтай. Д.Оминий туслахаар 2012 он хүртэл ажиллаж байсан. Ажлаас гараад зарим үед ажил дээр ирдэг байсан. Тухайн үед миний тамга тэмдгийг ашигласан байх магадлалтай” гэж мэдүүлсэн. Нотариатын үйлдэл бол дардсыг дараад тухайн нотариат өөрийнхөө гарын үсгийг зурж байж албан ёсоор тухайн үйлдлийг баталсан нь хууль зүйн үйлдэл болно. Үүрэг дуусгавар болсон хэлцэл нь тусдаа асуудал. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хариуцагч А.Жд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Оюунгэрэлд холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.7-д зааснаар нотариатч Б.Оюуны тамга, баталгааны тэмдэг бүхий 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Оюунгэрэлээс 70 200 төгрөг, хариуцагч Б.Оюунаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригийн давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх “...нотариатч Б.Оюун уг хэлцлийг үнэн зөвийг гэрчлээгүй, нотариатын үйлдэл хийгээгүй гэж тайлбарладаг боловч Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ гэж заасан, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.7-д зааснаар нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг нотариатч хүлээсэн байх тул нотариатч Б.Оюун хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хариуцагч А.Жд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Оюунгэрэлд холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.7-д зааснаар нотариатч Б.Оюун тамга, баталгааны тэмдэг бүхий 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай" хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсугай...” гэж шийдвэрлэжээ. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7-д заасан нотариатын үүрэг бол Б.Оюун эрхээ өөрөө хэрэгжүүлэх, тамга баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх тухай ойлголт, харин түүний өөрийнх нь тайлбарласнаар туслахаар нь ажиллаж байсан Д.Огэгч тамга тэмдгийг нь нууцаар, хулгайгаар дарж аваад түүнийгээ ашиглаж хуурамч хэлцэл үйлдсэн нь Б.Оюун тамга тэмдгээ бусдад шилжүүлэхээс ялгаатай бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Б.Оюун тамга тэмдгээ бусдад шилжүүлэх идэвхитэй үйлдэл өөрөө хийгээгүй бөгөөд Д.Отүүний итгэлийг ашиглан түр зуур ажил дээр нь хамт байх явцдаа нууцаар дарж авсныг яагаад тамга тэмдгээ бусдад шилжүүлсэн гэж буруутгаад байна. Энэ тохиолдолд хууль зүйн факт буюу эрх зүйн үйл баримтын нөхцөл байдлыг зөв тодорхойлох ёстой бөгөөд Б.Оюун нь эрх зүйн зөрчлийг санаатай үйлдсэн гэм буруутай тамга тэмдгээ өөрөө шилжүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр нотариатын үйлдлийг хүчингүйд тооцоох хууль зүйн үндэслэл бий болно. Гэтэл Б.Оюун би энэ үйлдлийг хийгээгүй, тамга тэмдгээ шилжүүлээгүй гээд байхад нь түүнийг үйлдэл хийсэн, тамга тэмдгээ сайн дураар шилжүүлсэн мэтээр үзэж хийгээгүй үйлдлийг хүчингүйд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Д.Оэрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хамгийн сүүлд “...энэ үйлдэл Б.Оюун эгчид хамаагүй би нууцаар тэмдгийг нь дарж авсан...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд энэ мэдүүлэг нь Б.Оюуныг нотариатын үйлдэл хийгээгүйг нотлох чухам баримт байхад түүнийг эрүүгийн хэргээс гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь хуульд нийцээгүй болно. Хууль зүйн фактаар Д.О, А.Ж нар нь хэн нэгэнтэй хүсэл зориг илэрхийлж хэлцэл хийгээгүй бөгөөд үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл нэртэй хуурамч баримт бичиг л үйлдсэн учраас түүнийг хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх гэж шүүх дүгнэсэн мөртлөө хуурамч баримт бичиг дээр хулгайгаар дарагдсан нотариатын тамга тэмдгийг нотариатын үйлдэл хийсэн гэж үзэн хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Ийм учраас шүүхийн шийдвэрийн Б.Оюунд холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.М хариуцагч Д.О, А.Ж, Б.Онарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл болон хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Н.М, хариуцагч А.Ж, Д.Онартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 80 000 000 төгрөг, 1 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд хариуцагч нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 1 тоотын орон сууцыг барьцаалсан байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4161 дүгээр шийдвэрээр хариуцагч нараас 76 783 533 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 784 467 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1382 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 106 568 000  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 1299 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ /хх5-6, 8-22/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ ... шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад миний авсан барьцаа хөрөнгө өөр зээлийн барьцаанд тавигдсан болохыг мэдсэн” гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 32 дугаар тал дахь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай баримтад “2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавигдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 170, ХД-86 дугаар байр 1 тоотын 115,9 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөв” гэсэн бичиглэл байх ба үүнд нэхэмжлэгч Н.М, хариуцагч А.Ж, Д.Онарын гарын үсэг зурагдаж, нотариатч Б.Оюун тухайн бичиг баримтын үнэн зөвийг баталж тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Нэхэмжлэгчийн “дээрх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, нотариат гэрчилснээр миний барьцааны эрх дуусгавар болж, өөр зээлийн барьцаанд тавигдсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Үүрэг дуусгавар болсон тухай баримтыг хариуцагч Д.Оүйлдсэн, нэхэмжлэгч тухайн баримтад гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн “ .., 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрэгт дуусгавар болсон тухай баримтын доод хэсэгт нотариатч гэсний ар талд, нотариатчийн тэмдэгний дардас дээр зурагдсан шинжилж буй гарын үсгүүд Б.Оюуны гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. Баримтын зүүн  дунд хэсэгт Н.М гэсний ар талд зурагдсан шинжилж буй гарын үсэг Н.Мгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна ..,” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /хх84-86/

 

Хариуцагч Д.Ошүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвшөөрсөн, үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн байна. Үүнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Харин тухайн бичиг баримтыг гэрчилсэн нотариатч Б.Оюун “уг хэлцэл дээр нотариатын үйлдэл хийгээгүй, гарын үсэг зураагүй, Д.Отухайн үед миний туслах байхдаа дээрх хэлцлийг гэрчилсэн байх магадлалтай” гэж тайлбарладаг бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7-д зааснаар нотариатч нь нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх хариуцагч Б.Оюуныг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧИД                        Б.НАРМАНДАХ

                                                                               А.МӨНХЗУЛ