Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00759

 

Н.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1222 дугаар магадлалтай,

Н.М-гийн нэхэмжлэлтэй,

Д.О, А.Ж, Б.О нарт холбогдох,

Хариуцагч Д.О, А.Ж нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Б.Од холбогдуулан тус хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ж, Д.О нар нь 2014 онд надаас зээлсэн 80 сая төгрөгийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг барьцаалсан. Шүүхийн шийдвэрээр А.Ж, Д.О нараас 106 568 000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн ба барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2018 оны 3 дугаар сард барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар болж Хан-Уул дүүргийн бүртгэлийн албанаас барьцааны хөрөнгийн талаар лавлагаа авсан байна. Гэтэл энэ лавлагаагаар барьцааны хөрөнгө миний барьцаанаас цуцлагдаж өөр зээлийн барьцаанд тавигдсан тухай мэдээлэл гарч ирсэн болно.

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт лавлагаа авах хүсэлт гаргасны дагуу тус газраас 2018 оны 3 дугаар сарын 03-нд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноотой Үүрэг дуусгавар болсон тухай гэсэн гарчигтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн утга бүхий баримтын хуулбарыг гаргаж өгсөн.

Энэхүү үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийн үнэн зөв болохыг Баянгол дүүргийн 271 дугаартай дардастай Б.О гэдэг нотариатч баталгаажуулсан болохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн албанаас ирүүлсэн баримтын хуулбарыг авснаар мэдсэн болно.

Нотариатч Б.О нь А.Ж, Д.О нарын үйлдсэн Үүрэг дуусгавар болсон тухай гэсэн хуурамч баримтын үнэн зөвийг гэрчилснээр миний зээлийн барьцааны хөрөнгө хууль бусаар барьцаанаас чөлөөлөгдөж, зээлдүүлэгч миний эрх ашгийг хохироосон хууль бус үйлдэл хийсэн. Миний хувьд энэ баримтыг огт мэдэхгүй. Уг баримтыг үйлдээгүй, уг хэлцэл гэх баримт дээр гарын үсэг зураагүй болно.

Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Баянгол дүүргийн 271 дугаартай дардастай нотариатч Б.Од холбогдуулан түүний эзэмшлийн тамга тэмдгээр баталгаажсан үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Оы хувьд энэ нотариатын үйлдэл үйлдээгүй, өөрөө тамга тэмдэг дараагүй, баталгаажуулах гарын үсэг зураагүй. Үүнийг шинжээчийн дүгнэлт нотолсон. Мөн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би энэ үйлдлийг хийгээгүй. Д.О үйлдсэн байх магадлалтай. Д.О миний туслахаар 2012 он хүртэл ажиллаж байсан. Ажлаас гараад зарим үед ажил дээр ирдэг байсан. Тухайн үед миний тамга тэмдгийг ашигласан байх магадлалтай” гэж мэдүүлсэн. Нотариатын үйлдэл бол дардсыг дараад тухайн нотариат өөрийнхөө гарын үсгийг зурж байж албан ёсоор тухайн үйлдлийг баталсан нь хууль зүйн үйлдэл болно. Үүрэг дуусгавар болсон хэлцэл нь тусдаа асуудал. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хариуцагч А.Жд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Од холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.7-д зааснаар нотариатч Б.Оы тамга, баталгааны тэмдэг бүхий 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Оээс 70 200 төгрөг, хариуцагч Б.Оаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1222 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6-р сарын 26-ны өдрийн 1222 магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх “...нотариатч Б.О уг хэлцлийг үнэн зөвийг гэрчлээгүй, нотариатын үйлдэл хийгээгүй гэж тайлбарладаг боловч Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ гэж заасан, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.7-д зааснаар нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг нотариатч хүлээсэн байх тул нотариатч Б.О хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хариуцагч А.Жд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Од холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.7-д зааснаар нотариатч Б.О тамга, баталгааны тэмдэг бүхий 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсугай...” гэж шийдвэрлэжээ.

Нотриатын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2.7-д заасан нотриатын үүрэг бол Б.О эрхээ өөрөө хэрэгжүүлэх, тамга баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх тухай ойлголт, харин түүний өөрийнх нь тайлбарласнаар туслахаар нь ажиллаж байсан Д.О гэгч тамга тэмдгийг нь нууцаар, хулгайгаар дарж аваад түүнийгээ ашиглаж хуурамч хэлцэл үйлдсэн нь Б Б.О тамга тэмдгээ бусдад шилжүүлэхээс ялгаатай бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Б.О тамга тэмдгээ бусдад шилжүүлэх идэвхитэй үйлдэл өөрөө хийгээгүй бөгөөд Д.О түүний итгэлийг ашиглан түр зуур ажил дээр нь хамт байх явцдаа нууцаар дарж авсныг яагаад тамга тэмдгээ бусдад шилжүүлсэн гэж буруутгаад байгаа юм бэ. Хүний юмыг хулгайлаад авчихсан байхад юмаа өөрөө эзэмших үүргээ биелүүлээгүй гэж хүнийг буруутгадаггүй биз дээ. Тамга тэмдгээ хаяж гээгдүүлэх, алдах тохиолдолд түүнийг нь хүн ашиглаад дээрхтэй адил үйлдэл хийчихсэн бол бас ингэж буруутгах ёстой юм уу.

Энэ тохиолдолд хууль зүйн факт буюу эрх зүйн үйл баримтын нөхцөл байдлыг зөв тодорхойлох ёстой бөгөөд Б.О нь эрх зүйн зөрчлийг санаатай үйлдсэн гэм буруутай /тамга тэмдгээ өөрөө шилжүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн/ эсэхийг тогтоосны үндсэн дээр нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэл бий болно. Гэтэл Б.О би энэ үйлдлийг хийгээгүй, тамга тэмдгээ шилжүүлээгүй гээд байхад нь түүнийг үйлдэл хийсэн, тамга тэмдгээ сайн дураар шилжүүлсэн мэтээр үзэж хийгээгүй үйлдлийг хүчингүйд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Д.О эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хамгийн сүүлд “...энэ үйлдэл Б.О эгчид хамаагүй би нууцаар тэмдгийг нь дарж авсан...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд энэ мэдүүлэг нь Б.Оыг нотариатын үйлдэл хийгээгүйг нотлох чухал баримт байхад түүнийг эрүүгийн хэргээс гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь хуульд нийцээгүй болно.

Хууль зүйн фактаар Д.О, А.Ж нар нь хэн нэгэнтэй хүсэл зориг илэрхийлж хэлцэл хийгээгүй бөгөөд “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” нэртэй хуурамч баримт бичиг л үйлдсэн учраас түүнийг хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх гэж шүүх дүгнэсэн мөртлөө хуурамч баримт бичиг дээр хулгайгаар дарагдсан нотариатын тамга тэмдгийг нотариатын үйлдэл хийсэн гэж үзэн хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалын Б.Од холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Д.О, А.Ж нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Б.Од холбогдуулан тус хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.О эс зөвшөөрч маргасан, хариуцагч П.Д.О, А.Ж нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...дээрх хэлцлийг нотариатч Б.О гэрчлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байтал шүүх нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон нь ойлгомжгүй, тамга тэмдгээ бусдад сайн дураар шилжүүлсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй тул шийдвэр, магадлалын Б.Од холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4161 дүгээр шийдвэрээр А.Ж, Д.О нараас 106 568 000 төгрөгийг гаргуулан Н.Мд олгуулахаар, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86-1 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн бүртгэлийн газраас барьцааны хөрөнгийн талаар лавлагаа авахад 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон, Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлээр барьцааны хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн, тус хэлцлийг 271 дугаартай дардастай нотариатч Б.О гэрчилсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх хэлцлийг нэхэмжлэгч Н.М үйлдээгүй, хууль бус хэлцлийг нотариатч гэрчилсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон гэх үндэслэлээр шүүх Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хэлцлийг нотариатч Б.О гэрчлээгүй гэж тайлбарлах боловч түүний эзэмшдэг 271 дугаар бүхий нотариатын дардсыг ашиглан хэлцлийг гэрчилснийг үндэслэн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлд өөрчлөлт орж, барьцааны хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөж, гуравдагч этгээдэд барьцаалагдсан байх ба хариуцагч тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байна.   

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7.-д нотариатч нь нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасан байтал нотариатч Б.О хуулиар хүлээлгэсэн дээрх үүргээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байснаас өөрийн нотариатын тамга, баталгааны тэмдгийг бусдад ашиглах боломж олгосон, хууль зөрчиж үйлдсэн хэлцэлд түүний дугаар бүхий тамга, баталгааны тэмдэг дарагдсаныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн нь нотлогдсон тул дээрх хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00896 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1222 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД