Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01219

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01219

 

 

 

 

 

                                        С.Оын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01179 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О, хариуцагч Ж ХХК-д холбогдох 6 240 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Миний бие нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолбор хотхоныг барьсан Ж ХХК-ийн санал болгосон барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний нөхцлийг зөвшөөрч тус хотхоны /1-4Б/ 101 дүгээр байрны 2 тоот нийт 136 м.кв талбайтай орон сууцыг захиалж 31017 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 1.1 дэх хэсэгт орон сууцны нийт үнэ 408 000 000 төгрөг буюу 1 метр квадратын үнэ 3 000 000 төгрөг байсан. 2019 онд Ж ХХК-ийн охин компани “Биг Кастл” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дүгээр тушаалаар батлагдсан дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмыг дагаж мөрдөлгүй халаалтгүй тагтанд дулаан тооцох болсноос үүдэлтэй маргаан үүсч, улмаар гэрээнд зааснаас илүү талбайтай орон сууц олгосон гэх маргаан үүсгэсэн тул дээрх журамд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй “Гега гранд” ХХК-д хандан орон сууцны талбайг хэмжүүлэхэд бодит байдал дээрээ 136 метр квадрат бус харин 133.92 метр квадрат болж 2.08 метр квадратаар дутсан. Иймд талбайн зөрүүд төлсөн 6 240 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Манай компани 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Н №131017 барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн барьсан Гэгээнтэн хотхоны 1-4Б орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон юм. Гэтэл барилга ашиглалтанд орсны дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр захиалагч Д.Наранбаярын хүсэлтийг үндэслэн гэрээг иргэн С.Оын нэр рүү шилжүүлсэн байдаг. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад илрэх доголдол биш бөгөөд худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг анх хүлээн авах үедээ, холбогдох хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу метр квадратыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдлыг шалгаж бүрэн зөвшөөрч хүлээн авсан гэж бид ойлгон гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Оын нэр дээр гаргуулсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэдэг үндэслэлээр шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байтал худалдан авагч талуудын хооронд байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ дуусгавар болж, тус гэрээгээр тохирсон баталгаат хугацаа дууссанаас хойш, олон жилийн дараа манай компаниас ийнхүү мөнгөн төлбөр нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 6 240 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.От олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 114 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн аихан шатны шүүхийн 2019 оны 05-р сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01179 тоот шийдвэр Иргэний хуулийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Манай компани 2013 оны 10-р сарын 17-ны өдөр иргэн Д.Н №/131017 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-г байгуулж, тус гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн барьсан “Гэгээнтэн” хотхоны 1-4Б орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон.  Гэтэл барилга ашиглалтанд орсны дараа буюу 2014 оны 04-р сарын 23-ны өдөр захиалагч Д.Наранбаярын хүсэлтийг үндэслэн гэрээг иргэн С.Оын нэр дээр шилжүүлсэн. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад илрэх доголдол биш бөгөөд худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгийг анх хүлээн авах үедээ, холбогдох хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдлыг шалгаж бүрэн зөвшөөрч хүлээн авсан гэж бид ойлгон гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Оын нэр дээр гаргуулсан. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д  зааснаар худалдан авагч тал эд хөрөнгө хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх бопомжтой байхад хүлээн авсан гэдэг үндэслэлээр шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөпгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор. баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн торлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүулэхээр шаардах эрхтэй гэж заасан байтал худалдан авагч нь талуудын хооронд байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ дуусгавар болж, тус гэрээгээр тохирсон баталгаат хугацаа дууссанаас хойш, олон жилийн дараа манай компаниас ийнхүү мөнгөн төлбөр нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч С.О нь орон сууцыг хүлээн авахдаа анхаарал болгоомжтой байх ерөнхий үүргээ зөрчсөн, хайхрамжгүйгээс мэдээгүй, мэдэх ёстой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дутуу 2,08 мкв талбайн үнэ 6 240 000 төгрөгийг хариуцагч Ж ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох талуудын хооронд байгуулсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр орон сууц бүрэн ашиглалтанд орсны дараа иргэн С.О манай компаниас орон сууц худалдах, худалдан авах гэрээний нөхцлөөр худалдан авсан болох нь тодорхой нотлогдож байгаа бөгөөд эд хөрөнгийг анх худалдан авах үедээ метр квадратыг шалгаж авах бүрэн боломжтой байхад шалгаагүй хүлээн авсан үйлдэл нь орон сууцыг хүлээн авахдаа анхаарал болгоомжтой байх ерөнхий үүргээ зөрчсөн, хайхрамжгүйгээс мэдээгүй, мэдэх ёстой байсан гэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-ийн дагуу худалдан авагч тал шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно. Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасан ба нэхэмжлэгчийн худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар орон сууцны талбайн хэмжээг тогтоосон “Гегагранд” ХХК-ийн тайлан гарснаар буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн байх тул шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзнэ гэсэн нь хэтэрхий нэг талыг барьж, хуулийн заалтыг бүрэн үндэслэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар бичсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлргын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж тодорхой заасан бөгөөд манай компанийн хувьд орон сууцны хийц чанарт Барилгын тухай хуульд заасны дагуу барилга ашиглалтанд орсноос хойш 3 жилийн баталгаат хугацаа тогтоосон бөгөөд одоо тус хугацаа ч дууссан, баталгаат хугацаа хүчинтэй байх үед иргэн С.О нь хаалганы цоожны үнийг нэхэмжлэн авч эрхээ эдэлж байсан. Манай компанийн барьсан “Гэгээнтэн хотхон”-ы хувьд багцын үнийн бодлогыг барьж борлуулалтаа хийсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д 408 000 000 төгрөгөөр 1-4Б орон сууцыг худалдахаар тохиролцож, 1 метр квадратын үнийг тусгаагүй байдаг. Харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт зайлшгүй метр квадратын хэмжээг бичих шаардлагатай тул холбогдох стандартын дагуу мэргэжлийн хэмжилтээр барилга баригдах явцад гаргасан метр квадратыг гэрээнд бичсэн бөгөөд барилгыг улсын комисс хүлээж авсан. Нэхэмжлэгч тал нь орон сууцыг багцын үнээр худалдан авч байгаагаа мэдэж байсан, мөн гэрээтэйгээ бүрэн танилцаж мэдэх ёстой байсан, орон сууцыг хүлээн авсан даруйдаа метр квадратыг шалгах эрх нь нээлттэй байсан тул шаардах эрхээ алдсан. Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь дүгнээгүй, хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтыг нарийн шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд төлсөн 6 240 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээнтэн хотхоны 1-4Б орон сууцанд 136 м.кв талбайтай 4 өрөө сууцыг 408 000 000 төгрөгөөр тус гэрээний 1.3-т заасан шаардлага, технологийн горимын дагуу чанар сайтай барьж 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх5-12/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ .., 1 м.кв нь 3 000 000 төгрөгийн үнэтэй нийт 136 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан боловч бодит байдал дээр орон сууцны талбайн хэмжээ 133,92 м.кв байсан. Иймд талбайн зөрүү үнэ 6 240 000 төгрөгийг гаргуулна” гэжээ.

            Гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар талууд нийт талбайн хэмжээ 136 м.кв, багцын үнийг 408 000 000 төгрөг гэж тохирсон байх ба 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Гега гранд” ХХК нийт талбайн хэмжээг 133,92 м.кв гэж тодорхойлжээ. /хх14-18/

Орон сууцны талбайн зөрүү 2,08 м.кв байгаа нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Гэвч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Хэргийн 5 дугаар талд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн Зайсан гудамж 101 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай, 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Уянга, С.О нар 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ авснаас хойш буюу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор эд хөрөнгийн доголдлыг илрүүлж дутуу талбайн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч “Гега гранд” ХХК-аар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр талбайн хэмжилт хийлгэж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул тухайн харилцааг зохицуулсан хуульд заасан журмын дагуу маргаан шийдвэрлэгдэнэ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

                           А.МӨНХЗУЛ