Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/01179

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, өнөр хороолол, 0 дугаар байрны 00 тоот хаягт оршин суух,  О /00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил 0000, махатма гандийгийн гудамж-00 байрлах, Ж ХХК /РД0000/-д  холбогдох,

 

6 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Т. нар оролцов.           

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Гэгээнтэн цогцолбор хотхоныг барьсан ХХК-ны санал болгосон барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний нөхцлийг зөвшөөрч тус хотхоны /0-0Б/ 000дүгээр байрны 0 тоот нийт 136 метр квадрат талбайтай орон сууцыг захиалж 0000 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт орон сууцны нийт үнэ 408 000 000 төгрөг буюу 1 метр квадратын үнэ 3 000 000 төгрөг байсан. 2019 онд ОХХК-ийн охин компани КХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дүгээр тушаалаар батлагдсан дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмыг дагаж мөрдөлгүй халаалтгүй лодж тагтанд дулаан тооцох болсноос үүдэлтэй маргаан үүсч, улмаар гэрээнд зааснаас илүү талбайтай орон сууц олгосон гэх маргаан үүсгэсэн тул дээрх журамд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй К ХХК-д хандан орон сууцны талбайг хэмжүүлэхэд бодит байдал дээрээ 136 метр квадрат бус харин 133.92 метр квадрат болж 2.08 метр квадратаар дутсан. Иймд талбайн зөрүүд төлсөн 6 240 000 төгрөгийг ОХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ОХХК-ийн шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Дтай №000 барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 00дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн барьсан Гэгээнтэн хотхоны 00 орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон юм. Гэтэл барилга ашиглалтанд орсны дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр захиалагч Дхүсэлтийг үндэслэн гэрээг иргэн С.Оын нэр лүү шилжүүлсэн байдаг. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад илрэх доголдол биш бөгөөд худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг анх хүлээн авах үедээ, холбогдох хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу метр квадратыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдлыг шалгаж бүрэн зөвшөөрч хүлээн авсан гэж бид ойлгон гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Оын нэр дээр гаргуулсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэдэг үндэслэлээр шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байтал худалдан авагч талуудын хооронд байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ дуусгавар болж, тус гэрээгээр тохирсон баталгаат хугацаа дууссанаас хойш, олон жилийн дараа манай компаниас ийнхүү мөнгөн төлбөр нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ОХХК-д холбогдуулан талбайн зөрүү 2,08 м.кв талбайд илүү төлсөн төлбөр 6 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ дуусгавар болсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2013 оны 10 сарын 17-ны өдрийн 131017 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээнтэн хотхоны 0 тоотод 136 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд 408 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохирцсон байх бөгөөд  гэрээний нэмэлт тодотгол гэх хэсэгт “...захиалагч Д2014 оны 4 дүгээр сарын 15-нд гаргасан хүсэлтийн дагуу уг гэрээг С.Оын нэр лүү шилжүүлэв. 2014 оны 04 сарын 23-ны өдөр” гэжээ.

 

Хариуцагч ОХХК нь нэхэмжлэгч С.Оыг хөрөнгө оруулалтын гэрээг шилжүүлэн авах үед барилга бүрэн ашиглалтад орсон байсан гэж тайлбарладаг, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэгээнтэн хотхоны 0 тоот 4 өрөө, 136 м.кв талбайтай орон сууцыг 408 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.

 

Гэрээний зүйл болох орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Гэгээнтэн зайсан гудамж 0 дүгээр байр, 0 тоот хаягаар бүртгэгджээ. Тус орон сууцны талбайн хэмжээ нь 2,08 м.кв-аар дутуу буюу 133.92 м.кв талбайтай нь тусгай зөвшөөрөлт бүхий  ХХК-ийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар тогтоогдож байна. Мөн хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээ 2,08 м.кв-аар дутуу болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Хариуцагч ОХХК нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч С.О Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу дутуу талбайн хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч С.О нь орон сууцыг хүлээн авахдаа анхаарал болгоомжтой байх ерөнхий үүргээ зөрчсөн, хайхрамжгүйгээс мэдээгүй, мэдэх ёстой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дутуу 2,08 м.кв талбайд үнэ 6 240 000 төгрөгийг хариуцагч ОХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасан ба нэхэмжлэгчийн худалдан авсан эд хөрөнгийн доголдолын талаар орон сууцны талбайн хэмжээг тогтоосон  ХХК-ийн тайлан гарснаар буюу 2019 оны 03 сарын 22-ны өдөр мэдсэн байх тул шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОХХК-иас 114 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОХХК-иас 6 240 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.От олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОХХК-иас 114 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.МӨНХЦЭЦЭГ