Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 176

 

“А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн яам болон Сангийн яаманд

тус тус холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/4962 тоот болон Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Санал өгөх тухай” 9/6776 тоот захиргааны актыг тус тус хүчингүй болгуулах, Дорногоь аймаг Замын-Үүд сумын 1-р баг, 6-р хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч “ЭЗТ” ХХК-ны 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8,058,258,679 төгрөгөөр батлагдсанаас, анх байгуулагдсан гэрээний 4,056,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4,002,258,679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0063 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 129 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П, өмгөөлөгч Ж.С, Т.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтогтох, К.Гүлжан нар,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

    1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0063 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “А и” ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” болон Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот “Санал өгөх тухай” захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, барилга угсралтын ажпын үлдэгдэл 4 002 258 679 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 129 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яам, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн 128/Ш2020/0063 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 129 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргасан. Энэхүү магадлалыг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхээс хяналтын хүрээ хязгаарыг давж үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй хэмээн зохицуулсан.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн 128/Ш2020/0063 дугаар шийдвэрт Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сангийн яаманд холбогдуулан гаргасан 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн “Санал өгөх тухай” албан бичгийг захиргааны акт биш байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, тус албан бичиг нь Засгийн газрын дотоодод бичсэн тул захиргааны акт биш гэж маргадаг. Гэвч Сангийн яаманд холбогдуулан гаргасан 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн “Санал өгөх тухай” албан бичиг нь Эрүүл мэндийн яаманд хаяглаж илгээсэн бөгөөд нэхэмжлэгч “А и” ХХК-ний барьж буй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилга дээр дахин тендер зарла гэсэн агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж буй захирамжилсан шинжтэй, захиргааны акт учир Сангийн яамны төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байсан.

6. Гэвч давж заалдах шатны шүүхээс хэргийн 1 оролцогч гомдол гаргасан байхад ЗХШХШтХ-ийн 118.3-ыг шууд зөрчиж хэргийг бүхэлд нь хянан үзэж дүгнэж байгаа давж заалдах шатны шүүхээс хяналтын хүрээ, хязгаарыг шууд зөрчсөн процессыг ноцтой зөрчил гэж үзэж байна.

7. Мөн Сангийн яамны төлөөлөгч К.Гулжаны 2020.01.30-ны өдрийн гомдолд 6 үндэслэл дурдсан байх бөгөөд үүний 1 дэх үндэслэл нь Сангийн яаманд холбогдох шаардлагатай холбоотой үлдсэн 5 үндэслэл нь Эрүүл мэндийн яаманд холбогдох шаардлагад гомдол гаргасан. Сангийн яамны төлөөлөгч К.Гулжан нь Эрүүл мэндийн яамыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцоогүй, тухайлбал 2020 оны 01-р сард “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 6-р хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч ЭЗТ ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилга хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас анхны байгуулагдсан гэрээний 4 056 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4 002 258 679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” шаардлагыг гаргахад Сангийн яаманд хамааралгүй тул хариу тайлбар өгөх шаардлагагүй гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд өгч байсан.

8. Хоёр буюу түүнээс дээш тооны хариуцагчтай хэргийн хувьд төлөөлж буй захиргааны байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн төлөөлөгч эрх хэмжээ эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн боломжтой гэж нэхэмжлэгч талын зүгээс ойлгож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С-гийн зүгээс Сангийн яамны төлөөлөгч К.Гулжаны гомдлын 2-5 дугаар үндэслэл нь Сангийн яаманд хамаарахгүй асуудлаар гомдол гаргаад байна энэ нь ЗХШХШтХ-ийн 115.5-р зүйлд заасан эрх олгогдоогүй этгээд гомдол гаргах гэсэн хэсэгт хамаарахаар байна гэдгийг давж заалдах шатны шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, шүүх хурал эхлэхийн өмнө хүсэлт шийдвэрлэх үед хүсэлтээ тодруулж хэлэхэд шүүх хурлаар хэлэлцэнэ, шүүхээс шийдвэр гаргахдаа хүсэлтийг шийдвэрлэнэ гэж даргалагч шүүгч хэлээд хурлыг үргэлжлүүлсэн. Шүүхээс шийдвэр гаргахдаа өмгөөлөгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй, мөн Сангийн яамны төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэлэлцэж дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүхээс ЗХШХШтХ-ийг буруу хэрэглэж тайлбарласан тухай: “Дорноговь аймгийн Замын-Үуд сумын 1-р баг, б-р хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч ЭЗТ ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилга хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас анхны байгуулагдсан гэрээний 4 056 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4 002 258 679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” шаардлага нь ЗХШХШтХ-ийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой ямар нэгэн эргэлзээгүй байх гэсэн шаардлагыг зөрчсөн, тодорхой бус байна гэж үзсэн. Ингэхдээ яг юу нь тодорхой бус байгаа талаар огт тайлбарлаагүй, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага маш нарийн тодорхойлсон буюу Эрүүл мэндийн яамны гэрээ байгуулахаас зайлсхийж байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага гаргасан энэ нь ЗХШХШтХ-ийн 106.3.4-д заасны дагуу шүүхээс энэхүү агуулгаар шийдвэр гаргах боломжтой, анхан шатны шүүхээс ч бидний нэхэмжлэлийн шаардлага тодорхой ойлгомжтой гэж үзэж шийдвэрлэсэн.

10. Нэхэмжлэгч нь төрийн байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажилласнаас хойш барилгын зураг төсөл дутуу гэдгийг мэдэж анх хариуцан зарласан Дорноговь аймгийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яаманд барилгын ажлын зургийг бүрэн болгох, нэмж тусгагдсан ажлын төсвийг тодорхой болгох талаар удаа дараа хандаж байсан боловч төсөвт төлөвлөсний дагуу санхүүжилт тусгагдаагүй, хариуцсан төрийн байгууллагууд нь дутуу зураг төслийг бүрэн болгох, нэмж хийгдэх ажлыг төсвийг тодорхойлж өгөөгүй 2013 оноос хойш 5 жил өнгөрсөн. Тендерт шалгарч барилгын ажлыг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийсэн хувийн байгууллага арга ядаж 2018 онд Барилгын тухай хуульд нийцүүлэн барилгын зураг төслийн анхны зохиогч “ЭЗТ” ХХК-д хандаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн зураг төслийг танай байгууллага зурсан юм байна, энэ ажлын зураг төсөл дутуу байгаа учир бүрэн болгож өгөөч, ийнхүү бүрэн болгосноор тус барилгын баригдах төсвийг мөн тодорхойлж өгөхийг хүссэн. “ЭЗТ’' ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу эмнэлгийн барилгын ажлын зургийг бүрэн болгож нийт баригдах төсөв 8 058 258 679 төгрөг болно гэж тодорхойлсон. Дууссан зураг төслийг Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яамнаас Барилга хөгжлийн төв (төрийн байгууллага)-д хандаж зураг төслийг хянаж, магадалж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2018 онд Барилга хөгжлийн төвийн магадлалаар орж барилгын бодит гүйцэтгэл 5 186 676 843 төгрөг аль хэдий нь хийгдсэн байна, барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэхэд үлдэгдэл ажлыг төсөв 2 871 581 836 төгрөг байна гэж тооцоод нийт төсөв 8 058 258 679 төгрөгөөр хянагдаж, барилгын зураг төслийг батлах, магадлах эрх бүхий төрийн захиргааны, мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх, Сангийн яамны төлөөлөгчид нэхэмжлэгч өөрөө зураг төслөө боловсруулж, төсвөө нэмээд байгаа мэт ойлгож тайлбарлаад байгаа нь туйлын ойлгомжгүй, хэрэгт авагдсан материалыг шүүхээс бүрэн судлахгүйгээр анхан шатны шүүх рүү буцааж байгаа нь үндэслэлгүй.

11. Барилга хөгжлийн төвийн магадлалыг үндэслэж нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасны дагуу 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 181/Ш2019/02396 дугаар шийдвэрээр илүү гүйцэтгэл хийгдэж магадлагдсан 1 130 676 843 төгрөг, барьцаа 202 800 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

12. Мөн 2020 оны 02-р сарын 10-ны өдөр Улсын Онгоц Комисс хуралдаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийг яаралтай дуусгаж, улсад хүлээн авч урьдчилан сэргийлэх зорилгоор СОVID-19 вирусын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах үүргийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдад тус тус даалгасны дагуу 2020 оны 02-р сарын 11-ний өдөр ЭМЯ-тай нэхэмжлэгч гэрээ байгуулж, барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна.

13. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тодорхой шийдэл гаргахгүйгээр ийнхүү буцаах шийдвэр гаргаснаас нэхэмжлэгч талын зүгээс цаашид яаж ажиллахаа мэдэхгүй хүнд нөхцөл байдалд орсон. Хэрэгт хамаарал бүхий, шаардлагатай бүхий л нотлох баримтыг цугларсан, цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Засгийн газраас ТБОНӨХБАҮХАтХ-ийн 40.4, Барилгын тухай хуулийн 40.1.9 дэх зүйлийг тус тус баримтлан 40 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлууд шууд гэрээг байгуулж үргэлжилсэн тохиолдол 2018, 2019 онд гарсан бөгөөд манай тохиолдол дээр одоо барилга баригдаж дуусч байхад Сангийн яам дахин тендер зарлахыг шаардаж байгаа нь бодит байдал дээр биелэх боломжгүй, Сангийн яамны энэхүү шийдвэр үр дагаварыг нэхэмжлэгч “А и” ХХК үүрч, хувийн хөрөнгөөр хохироход хүрч байна. “А и” ХХК-д барилгын ажлаа явуулж дуусгахыг Ерөнхий сайд, ЭМСайд болон холбогдох бүх хариуцлагатай албан тушаалтнууд хэлсэн учир бид итгэсэн. ТБОНОХБАҮХАтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалт энэхүү нөхцөл, тохиолдолд хэрэглэх ямар ч боломжгүй, харин үүсээд буй одоогийн тохиолдлыг зохицуулсан нарийвчилсан хууль, дүрэм, журам хангалттай биш байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж нэхэмжлэгчийн зүгээс хүсч байна.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 129 магадлалыг хүчингүй болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг та бүхнээс хүсч байна.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.2-т “нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана” гээд 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;” гэж тус тус зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг тодорхой зааж, тэрхүү зөрчигдсөн эрхээ сэргээхийн тулд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан “эрхээ хамгаалах” арга хэрэгслээс зөв сонгож тодорхойлох учиртай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

16. Нэхэмжлэгч “А и” ХХК-иас “Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/4962 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” болон Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 дугаар “Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 6-р хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч “ЭЗТ” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8,058,258,679 төгрөгөөр батлагдсанаас анх байгуулагдсан гэрээний 4,056,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4,002,258,679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан; нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тендерт шалгарч барилга угсралтын ажлын гэрээг байгуулж, ажлаа эхэлсэн боловч барилга угсралтын ажлыг Барилгын хөгжлийн төвөөс зогсоож, улсын төсөвт хөрөнгө суугдахгүй, барилгын гүйцэтгэлийн санхүүжилт хугацаандаа хийгдэхгүй байсан... 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хийсэн ажлын бодит гүйцэтгэлийн зургийг “ЭЗТ” ХХК гаргаж, Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1313/2018 дугаар магадлалаар 5,186,676,843 төгрөг, үлдэгдэл ажил 2,871,581,636 төгрөг, нийт барилгын төсөвт өртөг 8,058,258,679 төгрөг болж, барилга угсралтын ажил 95 хувьд хүрсэн байхад хэрвээ тендер сонгон шалгаруулалт дахин зарлагдвал компанийн хөрөнгөөр санхүүжүүлж барьсан хөрөнгө оруулалтыг нөхөж авч чадахгүй, ихээхэн хохирол учрах болоод байна” гэж тодорхойлсон; хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013 онд Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан СШТ-НШТ-04/2013 тоот “Сумын төвийн шинэчлэлт” төслийн хүрээнд Замын-Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт 4,273,670,058 төгрөгийн үнийн саналтай оролцож, Дорноговь аймгийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газрын тавьсан саналыг үндэслэж, 4,056,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж, барилга угсралтын ажлаа эхлүүлсэн; шүүх хуралдаанд “... барилгын ажил үндсэндээ дууссан ..., ... улсын төсвөөс нийт 6.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн...” гэж тайлбарласан; хариуцагчийн зүгээс “... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ..., ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д нийцэхгүй ...” гэсэн үндэслэлээр маргасан бөгөөд барилга угсралтын ажил ямар түвшинд байгаа болон ямар хэмжээний санхүүжилт хийгдсэн талаарх нэхэмжлэгчийн үндэслэлд нотлох баримт гаргаж, маргаагүй байна.

17. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй, тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн; нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, үүнтэй холбоотой үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй; нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн эс үйлдэхүй хууль зөрчсөн гэж үзсэн үндэслэл тодорхойгүй, хариуцагчийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д нийцэхгүй” гэсэн үндэслэлд дүгнэлт хийгээгүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчжээ.

18. Нэгэнт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнээс хальж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасанд нийцсэн, энэ талаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

19. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал болон энэхүү тогтоолд дурдсан зөрчлийг залруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах нь зүйтэй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 129 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                              М.БАТСУУРЬ