Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0390

 

 

2018 оны 7 сарын 05 өдөр               Дугаар 221/МА2018/0390                       Улаанбаатар хот

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарын оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Х.О-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Г-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1-д засныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48, мөн оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжуудыг Булган аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй атал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл энэхүү заалтыг хэрэглэж шийдвэр гаргах үндэслэлтэй. Хэрэгт Ч.Г газар өмчлүүлэхдээ түүний уг газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсон эсэхийг шалгаагүй гэх дүгнэлтийг хийж үүнийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн. Ингэж үзэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж байгаагаа дурдаагүй.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын 4-р гудамжны 26 тоот байшин нь хашааны хамт Орхон сумын нутаг дэвсгэрт харьяалагдахын өмнө Их залуу багийн 48б-5, 6 тоот гэсэн хаягтай, нэг том хашаатай байсан гэх дүгнэлтийг хийсэн үндэслэлгүй. Энэхүү дүгнэлтийг хийхдээ гэрч н.Ц-ийн мэдүүлгийг үндэслэсэн. Гэтэл н.Ц нь байшин барьсан гэх н.Г-ын /1-р хавтас 89 хх/ итгэмжлэгдсэн төлөөлөгч /1-р хавтас 109 хх/ бөгөөд уг байшинг бариагүй этгээд зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээд. Энэхүү гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж буй нотлох баримт болох Орхон аймгийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/252 Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /1-р хавтаст хэргийн  53 хх, 67 хх/, 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хавтас 77 хх/, З.Э-ын ... Энэ миний хөрөнгө биш энэ  Ч.Г-ын өмч ... /гэрч З.Эрдэнэжаргал ... 2-р хавтас хэргийн 90 хх – 92 хх/, Ахлах шийдвэр гүйцэтгэгч ... өмчлөлийг холбогдох газраар тогтоолгож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулна ... өмчлөлөө тогтоолгоход хугацаа хэрэгтэй байна. /1-р хавтас 78 хх/ Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02/113 тоот албан бичиг /1-р хавтас 123 хх/ ... З.Эрдэнэжаргал нь Толгодын 4-26 тоот газрын зэрэгцээ зүүн талд байрлалтай 818 м.кв нэр нь байх боловч эзэмшиж өмчлөөгүй ... гэх тодорхойлолт, Газрын кадастрын зураг /1-р хавтаст хэрэг 1255 хх/, Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2016/00756 /1-р хавтас 199 хх/ Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 275 тоот /1-р хавтас 200 хх/, Ажил гүйцэтгэх Ч.Г, З.Э нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн /201 хх – 203 хх/ Орхон аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 тоот албан бичиг /2 хавтас 18 хх ард/, Ч.Г-ын Орхон сумын Их залуу багийн газар хүссэн өргөдөл /1-р хавтас 38 хх, 2 хавтаст хэргийн 79 хх/ зэрэг нотлох баримтыг судлан үзээгүй.

Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/96 тоотын хавсралт 12-т ... Ч.Г З.Э 47-5а,б /2-р хавтас 49 хх/ хаягт байх ба 48-р гудамжинд нэр байхгүй, З.Э гэх газар нь /2-р хавтаст хэргийн 73 хх/, Шанд багийн 74в гэх гудамжны 10 тоот байх ба уг 10 тоот газар нь одоогийн Ч.Г-ын өмчилж авсан газартай давхцаагүй. Ч.Г-ын гэх газар нь Ч.Г гэх хүний олгосон гэх газартай давхацсан мэт харагдаж байгаа боловч хэрэгт Ч.Г гэх хүний нэр бичигдсэн эзэмшээгүй, өмчлөөгүй газар нь З.Э-д хамааралтай эсэх нь нотлогдоогүй. З.Э гэх хүнд анх олгогдсон /2-р хавтаст хэргийн 73 хх/,  гэх газар нь М.М гэх хүнд өмчлөгдсөн болох нь Газрын кадастрын зурагт тэмдэглэгдсэн /1-р хавтаст хэргийн 125 кадастрын зураг/ байхад анхаарч шийдвэрлээгүй.

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 заалтыг хэрэглэсэн ба энэ нь газар эзэмших эрхийн шийдвэр хууль бус бол уг заалтыг хэрэглэх заалт. Гэтэл газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан газрын өмчлөх эрхэд халдсан шийдвэрт хамааралтай заалт мэт хэрэглэсэн нь үндэслэлгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.3 дахь заалтаар тухайн актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэхүү байдлыг шүүх анхаарч судлан үзээгүй. Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 дүгээр захирамжаар Булган аймгийн Орхон сумын Толгодын хэсэг 4-26 тоот хаягт 1041 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгч Ч.Г-д өмчлүүлжээ.

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/48, 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Ч.Гантулгад газар өмчлүүлсэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 дүгээр захирамжийн Ч.Г-д холбогдох хэсгийг “Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн хашаа байшинтай газрыг олгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгохоор зохицуулсан боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр хэрэгжүүлж буй нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэд халдах үндэслэл байгаа гэж үзвэл газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Засаг даргад олгогдоогүй байна. Энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага дахь үндэслэл зөв байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зохицуулалт нь газар эзэмшиж, ашиглаж буй харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт байх бөгөөд харин газар өмчлүүлэх харилцаанд хэрэглэгдэхээргүй байна.

Анхан шатны шүүх “иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан зарчмыг Орхон сумын Засаг дарга захирамж гаргахдаа хэрэгжүүлсэн эсэхийг шалган тогтоогоогүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу Ч.Гантулгад газар өмчлүүлэхдээ түүнийг уг газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсон эсэхийг шалгаагүй, А/51 дугаарын захирамжийг хүчингүй болгосноор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “мэдэгдэх ажиллагаа”-ыг мөн хийгээгүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай” гэж үзэж Булган аймгийн Засаг даргын 2017 оны А/48, А/63 дугаар захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд 31.1.4-т заасан хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр эсхүл Засгийн газрын шийдвэрээр дуусгавар болгох зохицуулалттай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2018/0007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасныг баримтлан Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжуудыг хүчингүй болгосугай” гэж, “3” дахь заалтыг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ