Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01159

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01159

 

 

 

 

 

 

 

                                            Х.С нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.С, хариуцагч Б.Б, Э.Анарт холбогдох гэрээний улмаас учирсан хохиролд 22 835 342.5 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Хариуцагчийн өмчийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо хд, 40 дүгээр байр, 49 тоот хаягт байрлах 98.33 м.кв талбайтай 4 өрөө байр, энэ байрны зоорийн давхарт байдаг автомашины зогсоол зэргийг 220 000 000 төгрөгөөр үнэлэн, нэмж 360 000 000 төгрөг өгөхөөр тохиролцон, тэдний өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны 35 айлын орон сууцны Д-8 тоотод байрлалтай 216 м.кв талбайтай 6 өрөө бүхий амины орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Арилжааны гэрээ байгуулахад Б.Болормаа түүний нөхөр хүүхдүүд бүгд насанд хүрсэн байсан ба нотариат дээр ирж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээг байгуулахаар тохиролцож байх үед Б.Болормаа нь манай байр зээлийн гэрээний барьцаанд байгаа, энэ зээл нь сургалтын төлбөр тул чамаас зөрүү мөнгөө эхлээд авч зээлээ төлөөд, барьцаанаас чөлөөлүүлж, байрны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ чиний нэр дээр гарна гэж хэлсэн. Би Б.Болормаад хандан арилжааны гэрээний зөрүү болох 360 000 000 төгрөгийг банкнаас орон сууцны зээл авч төлж барагдуулах тул энэ тухай гэрээнд тусгана гэж хэлээд арилжааны гэрээний 2.4 дэх заалтыг оруулсан. Ингэснээр зээл авах нөхцөл бүрдсэн. Б.Болормаа нь зээл гарахыг хүлээх нь асуудалтай тул урьдчилаад бэлэн мөнгөө өгөөд гэрээ байгуулъя сургалтын зээлээ төлж байя гэсэн. Би Б.Болормаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гартал Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах боломжгүй тул ББСБ-аас зээл авч бэлэн мөнгийг төлнө, танай байртай холбоотой өөр ямар нэгэн асуудал байхгүй биздээ гэж асуухад ямар ч асуудал байхгүй гэсэн. Ингээд би хүнээс мөнгө гуйж түр авсан, энэ мөнгийг болон үлдэгдэл мөнгийг ББСБ-аас зээлж төлж байгаа гэж хэлээд эхний 280 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 27-нд Б.Болормаа нарт төлсөн. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Гэгээн алтан Од” ББСБ ХХК-аас нийт 315 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Ингээд үлдэгдэл 80 000 000 төгрөг, өмнө 280 000 000 төгрөг төлөхөд авсан зээлээ буцаан төлж Арилжааны гэрээтэй холбоотой төлбөр тооцоогоо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Болормаа нарт бүрэн төлж дуусгасан. Худалдаа Хөгжлийн банканд очиж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах өргөдөл бүх бүрдүүлсэн материалаа үзүүлэн, орон сууцны зээл хүссэн өргөдлөө өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээ авах гэтэл Таны худалдаж авсан байр Шүүхийн шийдвэрийн улмаас битүүмжлэгдсэн байгаа тул таны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Орон сууцыг 2 сар шахам хугацаанд залхтлаа явсаны дүнд 2018 оны 12 дугаар сарын 04-нд орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээлгэсэн. Ингээд миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр банкнаас 360,000,000 төгрөгийн зээл авч ББСБ-ын зээлээ төлж дуусгасан. Арилжааны гэрээ байгуулах үед гэрээний зүйлийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн гэдгийг Б.Болормаа нөхрийн хамт надаас нуун дарагдуулж, гэрээ байгуулахаас өмнө надаас бэлэн мөнгө авч, миний итгэлийг эвдэн, намайг санаатай хохироон гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байна.

Хэрэв тухайн хөрөнгийн гэрчилгээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан бол би бага хүүтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас шууд авах байсан. Гэрээ байгуулахаас өмнө энэ талаар хэлсэн бол Арилжааны гэрээний талууд энэ зөрчлөө урьдчилж арилгаад шийдэх бүрэн боломжтой байсан нь асуудал 2 сарын дотор шийдэгдсэнээр нотлогдож байна. Илтэд эрхийн зөрчилтэй хөрөнгийн талаар нуун дарагдуулж гэрээ байгуулан надад гэм хорын хохирол учруулсан тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 10-ныг дуустал хугацаанд Гэгээн алтан од ББСБ ХХК-д 315 000 000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 22 835 342.5 төгрөгийг Б.Б, Э.Анараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ 35 айлын орон сууцны D-8 тоотод байрлах 216 м.кв зургаан өрөө орон сууцыг худалдан авах гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Х.Стой байгуулсэн. Тодруулбал Х.С нь энэхүү гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Үйлдвэр /17041/, хд-49 тоотод байрлах 98.33 м.кв орон сууцыг 200 000 000 төгрөгт, зоорийн давхарт байрлах 19,72 м.кв гражийг 20 000 000 төгрөгт тооцон орон сууц, гражийн өмчлөх эрхийг шилжүүлэх, 360 000 000 төгрөгийг бэлнээр төлөх үүргийг хүлээсэн. Бид зуучлалын байгууллагад өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр гаргаж өгсөн бөгөөд энэхүү лавлагаа мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулахаас өмнө 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 280 000 000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 80 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу бид Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ 35 айлын орон сууцны D-8 тоотод байрлах 216 м.кв зургаан өрөө орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд тухайн эд хөрөнгө битүүмжлэлтэй байгаа талаар шилжүүлэх боломжгүй байгаа Х.С нь Б.Болормаа намайг Мадрид хотод олон улсын үзэсгэлэнд оролцож байхад утсаар ярьж хэлэхэд л миний бие мэдсэн бөгөөд даруй шийдвэрлэж өгөх талаар хэлж, Монгол Улсад ирэнгүүтээ өөрөө энэ талаар хөөцөлдөж битүүмжлэгдсэн эд хөрөнгийн оронд өөр хөрөнгө битүүмжлүүлэх зэргээр хөрөнгө, хүч цаг хугацаа зарцуулж ихээхэн анхааран ажилласны үндсэн дээр худалдаж буй 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргуулж үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлүүлж, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сургалтын төрийн сангийн барьцаанаас тус тус чөлөөлүүлж эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Ингээд бид 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах орон сууц, гараажийн өмчлөх эрхийг, Х.С 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх орон сууцны өмчлөх эрхийг тус шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Дээрх байдлаар арилжааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг харилцан өмчлөлдөө шилжүүлж, үнийн зөрүүг төлснөөр энэхүү гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон байхад гэрээний 2.4-т заасны дагуу зээлээр төлөх байсан, эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулсан гэж хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Арилжааны гэрээний 2.4-т заасны дагуу Х.С нь орон сууцны зөрүү үнийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнийг бэлнээр төлнө үү, зээлийн эх үүсвэрээр төлнө үү, хэдэн хувийн ямар хугацаатай зээлийг хаанаас авч төлөх эсэх нь түүний өөрийнх нь асуудал. Бид орон сууцаа худалдаж байж уг сууцыг худалдан авахад нь зориулж банкнаас зээл гаргуулах үүрэг хүлээгээгүй. Х.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ББСБ-аас 315 000 000 төгрөг зээлж ... Арилжааны гэрээтэй холбоотой төлбөр тооцоогоо 2018 оны 10 сарын 03-нд Б.Болормаа нарт бүрэн төлж дуусгасан гэх боловч зээл авахаас өмнө 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 280 000 000 төгрөг, зээлийг авснаас хойш 1 сар шахуу хугацааны дараа 80 000 000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн “Гэгээн Алтан Од” ББСБ-аас Х.Сд олгосон зээл нь эргэлтийн хөрөнгө буюу бизнесийн зориулалттай, зээлийг бодитоор олгосон баримт байхгүй зэргээс үзвэл дээрх зээлээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж хохирсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Харин Худалдаа хөгжлийн банкнаас бага хүүтэй үл хөдлөх эд хөрөнгийн зээл гаргуулж, өөрийн өндөр хүүтэй бизнесийн зээлээ хаачихаад, үүнийгээ хохирсон мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Х.С шилжүүлэн өгсөн орон сууц, гараж нь гэрээнд заасан 220 000 000 төгрөгийнхөө үнэд хүрэхээргүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг гэрээний үүргээ зөрчсөн, санаатайгаар нуун дарагдуулсан зүйл байхгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.Анарт холбогдох хохирол 22 835 342,5 төгрөг гаргуулах тухай Х.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 130 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн давж заалдах гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00908 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.С нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тул уг эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэх дүгнэлт үндэслэлгүй. Иргэн Б.Болормаа нар нь анх арилжааны гэрээ байгуулах үед эд хөрөнгийн лавлагааг надад үзүүлж байр нь сургалтын төрийн сангийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа, үүнтэй холбоотой тухайн байрны эрх нь түдгэлзсэн гэж надад хэлсэн. Энэ лавлагааны 6/7,7/7 заалтуудын түдгэлзсэн гэсний ард ямар нэгэн нэмэлт тэмдэглэл байгаагүй, Б.Болормаа зээлийг төлөөд түдгэлзсэн эрх сэргэнэ гэж хэлсэн тул надад ямар нэгэн эргэлзээ төрөөгүй. Хэрвээ түдгэлзсэн гэсэн заалтын ард шүүхийн шийдвэрээр гэсэн тэмдэглэл байсан бол би үүнийг шаардаж шалгах байсан. Энэ лавлагааг авсаны дараа арилжааны гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн байхад шүүхээс шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч төрийн байгууллагаас олгодог лавлагаатай танилцсан байгаа нь шаардах эрхээ хэрэгжүүлснийг нотлож байна. Анхан шатны шүүхээс “Гэгээн алтан од ББСБ”-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан гэх мөнгийг хариуцагч Б.Болормаа, Э Амгалан нартай байгуулсан гэрээний зөрүү төлбөрт төлсөн гэх байдал эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нар арилжааны гэрээний дагуу банкнаас зээл авч төлбөр төлөгдөх хүртэл миний мөнгийг ямар нэгэн зээлийн хүү төлөхгүйгээр ашигласан байхад шүүхээс ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Х.С би 2018 оны 9 дүгээр сард “Гэгээн Алтан од ББСБ”-аас зээл авахаар гэрээ байгуулаад өмнөх өр нэхэгдэхгүй байсан тул зээлийн хөрөнгөнөөс хэсэгчлэн авч хэрэглээд буцааж төлж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 315 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээл 40 000 000 төгрөг хэсэгчлэн олгосон. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээл 30 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг хэсэгчлэн олгосон. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээл 275 000 000 төгрөг хэсэгчлэн авч өрөө төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлд 20 000 000, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлд 231 000 000 төгрөг, хүү 25 735 068 төгрөг төлөв гэсэн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгчийн хувьд ББСБ-аас авсан зээлийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр банкнаас зээл олгох шийдвэр гарсан өдөр зээлээ аваад төлнө” гэж тооцоолсон. Гэтэл Б.Болормаа нараас арилжааны гэрээгээр авсан байрны эрх нь шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн асуудал гарч ирсэн. Энэ зөрчил арилах хүртэл хугацаанд би “Гэгээн алтан од” ББСБ-д зээлийн хүү төлж хохирсон учир нэхэмжлэл гаргасан болно. “Гэгээн алтан од” ББСБ-ын зүгээс иргэн Х.С надад олгосон зээлийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлээгүй байгаа нь миний авсан зээлийг үгүйсгэх хуулийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.С хариуцагч Б.Б, Э.Анарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 22 835 342.5 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

          2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Э.Амгалан, Б.Болормаа болон А.Хассод, А.Энэрэл нартай үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ байгуулж, гэрээгээр талууд нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр ХД 40 дүгээр байр 49 тоот хаягт байрлах 98,33 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 19,72 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ хотхоны 35 айлын орон сууцны Д-8 тоотод байршилтай 216 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 6 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлж, орон сууцны үнийн зөрүү 360 000 000 төгрөгийг банкны орон сууцны зээлээр төлөхөөр тохиролцжээ. /хх10/

         Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг автозогсоолын хамт хариуцагчид шилжүүлэн өгч төлбөрийн үлдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх ба тэрээр хариуцагч амины орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд сургалтын зээлээ төлнө гэсэн тул байрны зөрүү үнэ 360 000 000 төгрөгийг хувь хүн, ББСБ-аас хүүтэй авсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Хэргийн 21-28, 61, 64 дүгээр тал дахь баримтуудаар нэхэмжлэгч Х.С 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г ББСБ-аас 275 000 000 төгрөгийн зээл авсан, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас орон сууцны зээлийн зориулалтаар 360 000 000 төгрөг, жилийн 17.40 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авч, Г ББСБ-аас авсан зээлийг хүүгийн хамт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан нь нотлогдож байна.

Талууд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь эрхийн зөрчилгүй байхаар тохиролцсон, хариуцагчийн өмчлөлийн амины орон сууц нь эрхийн доголдолтой байсан нь дараахь баримтуудаар тогтоогдлоо.

           Зохигчид гэрээний 3.1-д зааснаар арилжигдаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд талууд тус бүрийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байхаар тохиролцжээ.

            Хэргийн 4, 13 дугаар талд уг орон сууц нь 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сургалтын төрийн сангийн барьцаанд байгаа талаар тэмдэглэгээ хийгдсэн, түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны  2690 дүгээр захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Бөмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ 35 айл байрны Д-8 тоот амины орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр эрхийг нь сэргээсэн тухай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг авагджээ.

           Зохигчийн тайлбар болон дээр дурьдсан баримтаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй болохыг мэдэж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлэлийг чөлөөлсөн нь нотлогджээ.

           Шүүх нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь буруу. Худалдан авагч нь худалдан авч буй амины орон сууцаа эрхийн доголдолтой эсэхийг шалгах бүрэн боломжтой байсан хэдий ч тухайн орон сууц эрхийн доголдолгүй байх нь гэрээний гол нөхцөл байна.

Нэхэмжлэгчийн “2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ямар нэгэн асуудалгүй гарсан бол ББСБ-аас зээл авч хүү төлөх  шаардлагагүй байсан” гэх тайлбар илүү үндэслэлтэй байна.

Мөн талууд гэрээний 2.4-т зааснаар төлбөрийн зөрүү 360 000 000 төгрөгийг банкны орон сууцны зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч амины орон сууцыг тухайн цаг хугацаанд нь эрхийн зөрчилгүй байлгах үүрэг хүлээсэн гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөр бүрэн төлөгдсөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс амины орон сууцны эрхийн зөрчил арилсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд буюу “Гэгээн Алтан Од ББСБ” ХХК-аас авсан 275 000 000 төгрөгийн зээлийг /275 000 000*3,5 хувь*2=19 250 000/ сар тутмын хүүг 3,5 хувиар тооцоолж 19 250 000 төгрөг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00908 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.Анарт холбогдох хохирол 22 835 342.5 төгрөг гаргуулах тухай Х.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.Анараас 19 250 000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Сд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 585 342.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хариуцагч Б.Б, Э.Анараас 254 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Сд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

                                                               

                          

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                    А.МӨНХЗУЛ