Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/00908

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б/,

Хариуцагч: Э.А нарт холбогдох

 

Гэрээний улмаас учирсан хохирол 22.835.342,5 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, иргэдийн төлөөлөгч Ц.Ёндонпил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Сби 2018 оны 8 дугаар сард иргэн Б.Б, Э.А, А.Хассод, А.Энэрэл нартай арилжааны гэрээ байгуулж, өөрийн өмчийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо хд, 40 дүгээр байр, 49 тоот хаягт байрлах 98.33 кв.м талбайтай 4 өрөө байр, энэ байрны зоорийн давхарт байдаг автомашины зогсоол зэргийг 220,000,000 төгрөгөөр үнэлэн, нэмж 360,000,000 төгрөг өгөхөөр тохиролцон, тэдний өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны 35 айлын орон сууцны Д-8 тоотод байрлалтай 216 кв.м талбайтай 6 өрөө бүхий амины орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Арилжааны гэрээ байгуулахад Б.Бтүүний нөхөр хүүхдүүд бүгд насанд хүрсэн байсан ба нотариат дээр ирж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээг байгуулахаар тохиролцож байх үед Б.Бнь “Манай байр зээлийн гэрээний барьцаанд байгаа, энэ зээл нь сургалтын төлбөр тул чамаас зөрүү мөнгөө эхлээд авч зээлээ төлөөд, барьцаанаас чөлөөлүүлж, байрны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ чиний нэр дээр гарна” гэж хэлсэн.

Би Б.Бд хандан “Арилжааны гэрээний зөрүү болох 360,000,000 төгрөгийг банкнаас орон сууцны зээл авч төлж барагдуулах тул энэ тухай гэрээнд тусгана” гэж хэлээд Арилжааны гэрээний 2.4-дэх заалтыг оруулсан. Ингэснээр зээл авах нөхцөл бүрдсэн.

Б.Бнь “Чиний зээл гарахыг хүлээх нь асуудалтай тул урьдчилаад бэлэн мөнгөө өгөөд гэрээ байгуулъя сургалтын зээлээ төлж байя” гэсэн. Би Б.Бд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гартал Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах боломжгүй тул ББСБ-аас зээл авч бэлэн мөнгийг төлнө, “танай байртай холбоотой өөр ямар нэгэн асуудал байхгүй биздээ” гэж асуухад ямар ч асуудал байхгүй гэсэн. Ингээд би хүнээс мөнгө гуйж түр авсан, энэ мөнгийг болон үлдэгдэл мөнгийг ББСБ-аас зээлж төлж байгаа гэж хэлээд эхний 280,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 27-нд Б.Бнарт төлсөн.

Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Гэгээн алтан Од” ББСБ ХХК-аас нийт 315,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Ингээд үлдэгдэл 80,000,000 төгрөг, өмнө 280,000,000 төгрөг төлөхөд авсан зээлээ буцаан төлж Арилжааны гэрээтэй холбоотой төлбөр тооцоогоо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Бнарт бүрэн төлж дуусгасан.

Худалдаа Хөгжлийн банканд очиж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах өргөдөл бүх бүрдүүлсэн материалаа үзүүлэн, орон сууцны зээл хүссэн өргөдлөө өгсөн.

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээ авах гэтэл “Таны худалдаж авсан байр Шүүхийн шийдвэрийн улмаас битүүмжлэгдсэн байгаа тул таны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй ” гэсэн хариу өгсөн.

Би Б.Бтай ярьж “Чи манай үл хөдлөх хөрөнгө сургалтын зээлийн барьцаанд л байгаа гэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн улмаас 2016 оноос эхлэн битүүмжлэгдсэн байна, би орон сууцны зээлд хамрагдаад, ББСБ-аас авсан зээлээ төлөх ёстой яагаад ийм ноцтой асуудлыг нуусан юм бэ?” гэж асуухад Б.Бнь “Би энэ тухай мэдээгүй, учрыг нь олъё, манай өмгөөлөгч өөрт чинь тусална” гэж хэлсэн Б.Бөөрийнх нь эсрэг 1,4 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүссэн, энэ дүнгийн хэмжээгээр шүүхийн захирамжаар эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн гэдгийг мэдэхгүй байх ямар ч үндэслэлгүй юм.

Худалдаа хөгжлийн банк дээр очиж “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ удахгүй гарна, зээлээ авч байя, ББСБ-аас зээлээ төлөхгүй бол 3,5 хувийн хүүтэй зээл авсан” гэж хэлсэн. Гэвч банкныхан “Хэдийгээр зээлийн хороогоор материал чинь хянагдаж танд зээл олгохоор шийдсэн ч барьцааны хөрөнгө таны нэр дээр гараагүй учир манайх зээл олгохгүй” гэсэн.

Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн “Б.Бгийн нэр дээр битүүмжлэгдсэн, өөрийн худалдан авсан байрыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын битүүмжлэлээс чөлөөлүүлж, нэр дээрээ бүртгүүлэх гэж Сүхбаатар дүүргийн шүүх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Б.Бгийн өмнөөс хөрөнгө барьцаанд тавиулах гэж байгаа ах дүү нартай нь уулзаж, өөр хөрөнгө битүүмжлүүлэн 2 сар шахам хугацаанд залхтлаа явсаны дүнд 2018 оны 12 дугаар сарын 04-нд орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээлгэсэн.”

Ингээд миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр банкнаас 360,000,000 төгрөгийн зээл Б.Бгийн дансанд хөрөнгө орж, би мөнгөө аваад ББСБ-ын зээлээ төлж дуусгасан.

Арилжааны гэрээ байгуулах үед гэрээний зүйлийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн гэдгийг Б.Бнь нөхрийн хамт надаас нуун дарагдуулж, гэрээ байгуулахаас өмнө надаас бэлэн мөнгө авч, миний итгэлийг эвдэн, намайг санаатай хохироон гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байна.

Б.Бгийн нэр дээр битүүмжлэгдсэн тул хүүхдүүдэд нь мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Хэрэв тухайн хөрөнгийн гэрчилгээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан бол би бага хүүтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас шууд авах байсан. Гэрээ байгуулахаас өмнө энэ талаар хэлсэн бол Арилжааны гэрээний талууд энэ зөрчлөө урьдчилж арилгаад шийдэх бүрэн боломжтой байсан нь асуудал 2 сарын дотор шийдэгдсэнээр нотлогдож байна. Илтэд эрхийн зөрчилтэй хөрөнгийн талаар нуун дарагдуулж гэрээ байгуулан надад гэм хорын хохирол учруулсан тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 10-ныг дуустал хугацаанд “Гэгээн алтан од” ББСБ ХХК-д 315,000,000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 22,835,342.5 төгрөгийг Б.Б, Э.А нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ 35 айлын орон сууцны D-8 тоотод байрлах 216 м.кв зургаан өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Зөв эргэлт” ХХК-аар дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийг ирж үзэн, худалдан авах санал тавьж үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зарим хэсгийг орон сууцаа оролцуулж, үлдэх хэсгийг мөнгөөр төлөх талаар ярилцаад 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”-г Х.Стой байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тодруулбал Х.Снь энэхүү гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Үйлдвэр /17041/, хд-49 тоотод байрлах 98.33 м.кв орон сууцыг 200,000,000 төгрөгт, зоорийн давхарт байрлах 19,72 м.кв гражийг 20,000,000 төгрөгт тооцон орон сууц, гражийн өмчлөх эрхийг шилжүүлэх, 360,000,000 төгрөгийг бэлнээр төлөх үүргийг хүлээсэн.

Бид зуучлалын байгууллагад өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр гаргаж өгсөн бөгөөд энэхүү лавлагаа мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулахаас өмнө 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 280,000,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 80,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу бид Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ 35 айлын орон сууцны D-8 тоотод байрлах 216 м.кв зургаан өрөө орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд тухайн эд хөрөнгө битүүмжлэлтэй байгаа талаар шилжүүлэх боломжгүй байгаа Х.Снь Б.Бнамайг Мадрид хотод олон улсын үзэсгэлэнд оролцож байхад утсаар ярьж хэлэхэд л миний бие мэдсэн бөгөөд даруй шийдвэрлэж өгөх талаар хэлж, Монгол Улсад ирэнгүүтээ өөрөө энэ талаар хөөцөлдөж битүүмжлэгдсэн эд хөрөнгийн оронд өөр хөрөнгө битүүмжлүүлэх зэргээр хөрөнгө, хүч цаг хугацаа зарцуулж ихээхэн анхааран ажилласны үндсэн дээр худалдаж буй 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргуулж үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлүүлж, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сургалтын төрийн сангийн барьцаанаас тус тус чөлөөлүүлж эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Ингээд бид 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах орон сууц, гражийн өмчлөх эрхийг, Х.С2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх орон сууцны өмчлөх эрхийг тус шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Дээрх байдлаар арилжааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг харилцан өмчлөлдөө шилжүүлж, үнийн зөрүүг төлснөөр энэхүү гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “талууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн” гэж заасны дагуу үүрэг дуусгавар болсон байхад “Гэрээний 2.4-т заасны дагуу зээлээр төлөх байсан”, “Эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулсан” гэж хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Арилжааны гэрээний 2.4-т заасны дагуу Х.Снь орон сууцны зөрүү үнийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнийг бэлнээр төлнө үү, зээлийн эх үүсвэрээр төлнө үү, хэдэн хувийн ямар хугацаатай зээлийг хаанаас авч төлөх эсэх нь түүний өөрийнх нь асуудал. Бид орон сууцаа худалдаж байж уг сууцыг худалдан авахад нь зориулж банкнаас зээл гаргуулах үүрэг хүлээгээгүй.

Х.Снь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ББСБ-аас 315,000,000 төгрөг зээлж ... Арилжааны гэрээтэй холбоотой төлбөр тооцоогоо 2018 оны 10 сарын 03-нд Б.Бнарт бүрэн төлж дуусгасан” гэх боловч зээл авахаас өмнө 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 280,000,000 төгрөг, зээлийг авснаас хойш 1 сар шахуу хугацааны дараа 80,000,000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн “Гэгээн Алтан Од” ББСБ-аас Х.Сд олгосон зээл нь эргэлтийн хөрөнгө буюу бизнесийн зориулалттай, зээлийг бодитоор олгосон баримт байхгүй зэргээс үзвэл дээрх зээлээс үл хөдлөх эд хөрөнгийг үнийг төлж хохирсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Харин Худалдаа хөгжлийн банкнаас бага хүүтэй үл хөдлөх эд хөрөнгийн зээл гаргуулж, өөрийн өндөр хүүтэй бизнесийн зээлээ хаачихаад, үүнийгээ хохирсон мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Х.Солонгын шилжүүлэн өгсөн орон сууц, граж нь гэрээнд заасан 220,000,000 төгрөгийнхөө үнэд хүрэхээргүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг гэрээний үүргээ зөрчсөн, санаатайгаар нуун дарагдуулсан зүйл байхгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Х.Снь хариуцагч Б.Б, Э.А нарт холбогдуулан гэм хорын хохирол 22.835.342,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гэрээний улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Сболон хариуцагч Б.Б, Э.А нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулагдаж, уг  гэрээгээр Х.Снь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-40 дүгээр байрны 49 тоот орон сууц, уг орон сууцны зоорийн давхарт байрлах 19,72 м,кв талбайтай 14 тоот автозогсоолыг болон 360,000,000 төгрөгийг, хариуцагч Э.А, Б.Бнар нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ хотхоны 35 айлын орон сууцны D-8 тоот орон сууцыг харилцан шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Снь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр 17041 ХД-40 байр 49 тоот орон сууц болон уг орон сууцны зоорийн давхарт байрлах 14 тоот автозогсоолыг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 280,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 80,000,000 төгрөгийг тус тус Б.Б, Э.А нарын өмчлөлд шилжүүлж өгсөн, хариуцагч Б.Б, Э.А нар нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ 35 айл байрны Д-8 тоот орон сууцыг Х.Солонгын өмчлөлд шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон, энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Х.Снь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны хурлын шийдвэрээр орон сууцны зээлд хамрагдаж талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний дагуу зөрүү төлбөр 360,000,000 төгрөгийг төлөх боломжтой байсан боловч хариуцагчийн шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу нь түдгэлзүүлсэн байснаас уг зээлийг авах боломжгүй болж банк бус санхүүгийн байгууллагаас 3,5 хувийн хүүтэй зээл авсан тул уг зээлийн хүү болох 22,835,342 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаардаж байна.

 

Хэрэгт авагдсан Х.Сболон Худалдаа хөгжлийн банкны хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗГ/RCC181008010 дугаартай зээлийн гэрээгээр Х.Снь орон сууц худалдан авах зориулалтаар 360,000,000 төгрөгийг жилийн 17,40 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлсэн байх бөгөөд уг банкны зээлийн хорооны шийдвэр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/177 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ 35 айл байрны Д-8 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээжээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ 35 айл байрны Д-8 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу түдгэлзүүлсэн буюу уг хөрөнгө нь эрхийн доголдолтой байсан гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч Х.Солонгын “2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авах гэтэл шүүхийн шийдвэрийн улмаас битүүмжлэгдсэн байгаа тул гэрчилгээ гарах боломжгүй гэсэн хариу өгсөн” гэх тайлбараар тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдлын талаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн, харин хариуцагч нар нь уг доголдлыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр арилгасан байна.

 

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй гэж үздэг ба мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана.

 

Нэхэмжлэгч Х.Снь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар мэдэхээсээ өмнө, түүнчлэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нарт төлөх 360,000,000 төгрөгийн зөрүү төлбөрөөс 280,000,000 төгрөгийн эхний төлөлт хийснээс хойш буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Гэгээн алтан одод ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 40,000,000 төгрөгийг хэсэгчлэн авсан, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг буцаан төлсөн, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 275,000,000 төгрөгийг тус тус хэсэгчлэн авсан, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 256,735,068 төгрөгийг тус тус буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Снь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байхаас гадна тэрээр “Гэгээн алтан одод ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан гэх мөнгийг хариуцагч Б.Б, Э.А нартай байгуулсан гэрээний зөрүү төлбөрт төлсөн гэх байдал эргэлзээгүйгээр нотлогдоогүй, уг зээл нь зээлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.А нарт холбогдох хохирол 22.835.342,5 төгрөг гаргуулах тухай Х.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ч.БАТЧИМЭГ

 

                                   

                                    ШҮҮГЧИД                                                       Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                                            С.ХИШИГБАТ