Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00027

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00027

 

 

 

П.Хишигбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Хишигбаярын хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 234 124 төгрөг гаргуулах, 2018 оны 11, 12 дугаар сарын цалинд 1 843 783 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдасны тэтгэмж 2 463 547 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 034 200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай  хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Хишигбаяр нь 2016 оны 03 дугаар сараас УБТЗ ХНН-ийн даргын хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн В1-208 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 214 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосон. УБТЗ ХНН-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн В1-257 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд эгүүлэн авсан ч 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх үед нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал доройтож, эмнэлгийн магадлагааны дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн В1-379 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлсөн. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43 дугаар зүйлийн 43.3, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22.А-д заасныг тус тус үндэслэн Замын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар даргын хуулийн зөвлөхийн орон тоо цомхотгосон тул Д.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. УБТЗ ХНН 2016 онд Д.Хишигбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар орон тоо хассан хэмээн маргасан ч шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эгүүлэн ажилд авсан атлаа маргааш нь буюу 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. Тушаалын 2 дахь заалтад 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр холбогдох этгээдэд ажил хүлээлцэхийг даалгасан боловч ямар нэг тооцоогүй, байгууллагад хохирол учруулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг зөрчсөн. 2018 оны 11, 12 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй. Д.Хишигбаяр нь хөдөлмөрийн чадвар түр алдалтын нөхөн олговор авахаар эмнэлгийн хуудсыг УБТЗ ХНН-д өгсөн боловч хариуцагчаас Нийгмийн даатгалын газарт эмнэлгийн хуудас шилжүүлээгүйн улмаас листны мөнгө олгогдоогүй. 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, ажилласан хугацаанд нийгэм, эрүүл мэндийн даатгалд бичилт хийсэн боловч тодорхой шалтгаанаар мөнгө олгогдоогүй. Иймд Д.Хишигбаярыг ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлын 45 хоногийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 2 463 547 төгрөг, 11, 12 дугаар сарын цалин 1 843 780 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 сар 2 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 15 234 124 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажилгүйдлийн тэтгэмж 6 034 200 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: УБТЗ ХНН-т замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо байхгүй. Д.Хишигбаярыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилд тогтоосон шүүхийн шийдвэр гарсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар тухайн орон тоо байхгүй цомхотгосон бол ажилтантай харилцсан тохирч, адил чанарын өөр албан тушаалд томилно. Нэхэмжлэгчтэй 2018 оны 05 дугаар сараас харилцан тохиролцох гэж хичээсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн мэдэгдлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг өмнөх ажлаас нь дордуулахгүйгээр адил чанарын хууль зүйн албаны ахлах хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, ажилдаа орох талаар хэлэхэд би ийм ажил хийхгүй гэж 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичиж өгсөн. Нэхэмжлэгч зөвхөн замын даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллана гэсэн шаардлага тавьсан учраас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр аргагүйн эрхэнд Д.Хишигбаярыг замын даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон шийдвэр гаргасан. Орон тоо байхгүй учраас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилогдоод л өвчтэй гэж алга болсон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй. Утсаар холбогдохоор өвчтэй байгаа, актаа удахгүй аваачиж өгнө гэдэг. Иймд бидний зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал шийдвэр гаргаж чадахгүй. 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийг хүлээсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан. Мэдэгдсээр байхад санаатай, байхгүй албан тушаалд томилуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг 2016 оны 03 дугаар сард УБТЗ ХНН-ын замын дарга хувийн хуулийн зөвлөх хэрэгтэй гэж үзээд ажилд авч, 3 сар ажиллуулж үзээд хувийн хуулийн зөвлөх шаардлагагүй гэж орон тоог нь цомхтгосон. УБТЗ ХНН-ийн хууль зүйн алба 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд даргын хуулийн зөвлөх гэсэн тусдаа орон тоо байх шаардлагагүй. Нэхэмжлэгчийг хууль зүйн албанд ахлах хуулийн зөвлөхөөр авъя гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Хуулийн хийдэл, цоорхойг ашиглаж, өнөөдрийг хүртэл зүгээр сууж байгаад цалин, хөлс авах сонирхолтой байгаа нь харагдаж байна. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах гомдол гаргахгүйгээр нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон. Гэтэл нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэдэг. Бодит байдал дээр нэхэмжлэгч гомдол гаргаагүй байсан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг УБТЗ ХНН-ийн буруутай үйл ажиллагаанаас болж аваагүй гэдэг. Үүнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2018 оны 5 дугаар сараас нэхэмжлэгчид ажил санал болгож тохиролцохоор хичээсэн боловч тохиролцоод хүрээгүй. Хэрэв нэхэмжлэгчтэй тохиролцоонд хүрч, ажилд нь эгүүлэн тогтоосон байсан бол 2018 оны 08 дугаар сараас өвчилсөн хугацааны шимтгэл тасалдахгүй байх байсан. Нийгмийн даатгалаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дүнгээр шимтгэл төлөх ёстой гэж шаарддаг. 2018 оны 10 дугаар сард цалин хөлсний маргаан шийдсэн шүүхийн шийдвэр гараагүй байсан учраас 08 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн өвдсөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Гэм хорын зохицуулалтад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бол гэм хорын хохирлын хэм хэмжээ бууруулахад харгалзаж үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг шүүхээс харгалзаж үзээсэй. Нэхэмжлэгчийн 2 463 547 төгрөг тооцсон тооцоолол үндэслэлгүй. Хэрэгт 4 эмнэлгийн хуудас, нэг магадалгаа авагдсан байдаг. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны эмнэлгийн хуудсыг нэхэмжлэгч өгсөн. Хуанлийн 18 хоног буюу ажлын 14 хоног 766 441 төгрөг байна. Нэхэмжлэгч УБТЗ ХНН-ийг 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл өгснөөр сэтгэл санаа нь хүчтэй цочирч эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болсон гэдэг. Гэтэл эмнэлгийн хуудсанд зүүн гар нь хугарсан гэж байсан. Нэхэмжлэгчийн зүүн гар хугарснаар 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлын 14 хоног эмнэлгийн хуудас авсан. 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хуанлийн 10 хоног, ажлын 7 хоног эмнэлгийн хуудас авсан байна. Энэ хугацааны цалин хөлс 380 220 төгрөг болно. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хуанлийн 18 хоног, ажлын 14 хоног байна. 3 дахь магадлагаа нь 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хуанлийн 10 хоног ажлын 9 хоног хувийн эмнэлгийн магадлагаа байдаг. Энэ хугацааны цалин хөлс 492 712 төгрөг. 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх эмнэлгийн магадлагаа хугацаа хэтэрсэн. Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А-30 дугаар тушаалаар баталсан эмнэлгийн хуудас олгох журмын 2.8.1-д эмнэлгийн хуудсыг хугацаа хэтрүүлсэн бол мөнгө олгох үндэслэлгүй тухай заасан. Эмнэлэгт хэвтэж гарснаас хойш 5 хоногийн дотор эмнэлгийн хуудас олгох ёстой. 11 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн хуудасны хугацаа дууссан байхад 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон. 15 хоногийн хугацаа хэтэрсэн байхад эмнэлгийн хуудасны дагуу мөнгө олгогдох үндэслэлгүй. Нэхэмжлэгч 1 642 373 төгрөг шаардах эрхтэй байхад 2 463 547 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөнгө олгогдохгүй байхад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг шүүх анхаарч үзээсэй.  Ажил хийснийг цагийн бүртгэлээр нотолно. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-д зааснаар удирдах газрын ажил 8 цагт эхлэж 17 цагт тарах бөгөөд ажилтны цагийн бүртгэлийг алба, хэлтэс төв бүртгэнэ. Цаг ашиглалтын байдалд алба, хэлтэс төвийн дарга нар хяналт тавина. Цалин хөлс олгох үндэслэл цагийн бүртгэл байна гэж Хөдөлмөрийн дотоод журмын 5.3, 5.2, 5.6-д тус тус заасан. Нэхэмжлэгчийн ажилласан гэдэг нь цагийн бүртгэлээр тогтоогдсон тохиолдолд цалин хөлс олгох асуудал яригдана. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа огт ирээгүй, ажлын цагаа бүртгүүлээгүй. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажил тасалсан гэсэн цагийн бүртгэлийн тайлан нотлох баримтаар авагдсан. УБТЗ ХНН-т нэвтэрч орж байгаа ажилтан бүр карт уншуулж, цагаа бүртгүүлдэг. Бүртгэлээр ажилтны ажилдаа ирсэн, тарсан цаг тэмдэглэгдэж байдаг. Ажилтан ажлаас хоцорвол сахилгын хариуцлагын асуудал яригддаг. Хэрэгт нэхэмжлэгчийн 4 удаа 15, 14 цагуудад ирсэн бүртгэл, үүдний бүртгэл авагдсан байдаг. Дээрх 4 удаагийн бүртгэлээс өөрөөр ажилдаа ирээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд нэхэмжлэгч ажилдаа огт ирээгүй ажил тасалсан учраас энэ хугацааны цалин хөлс олгох үндэслэлгүй. Энэ нь удирдах газар нэвтэрч орсон бүртгэл, гэрч н.Баяржаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдох тул 1 843 783 төгрөгийг олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 10 сар 2 хоног ажилгүй байсан гэх тайлбар хууль тогтоомжид нийцэхгүй. Нэхэмжлэгч дундаж цалин хөлс хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн цалин хөлсийг 1 005 700 төгрөг гэж заасан бөгөөд 1 өдрийн дундаж цалин 46 777 төгрөг, ажилгүй байсан хугацааг тооцож үзвэл 209 гарахаар байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Хишигбаярыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 11 553 919 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П.Хишигбаярт олгож, үлдэх 7 987 535 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Хишигбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Хишигбаяр нь ажилгүйдлийн тэтгэмжид 6 034 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс үлдэх шаардлагад төлсөн 180 420 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 199 812 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг үндэслэн замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт нь манай нөхцөлд хэрэглэж болохгүй заалт юм. Уг заалт нь ажилтан ажил олгогчтой ажлаас буруу халагдсан, чөлөөлөгдсөн тухай маргах явцад ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр орон тоо хасагдсан тохиолдолд хоорондоо зохицож өөр ажилд томилогдох тухай зохицуулалт юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдагдсан өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б1-379 тушаалтай холбоотой нэхэмжлэл нь орон тоо цөөрүүлсэн буюу ажил олгогчоос тухайн орон тоог үндэслэлгүй хассан тул холбогдох шийдвэр нь хууль бус болохыг тогтоож ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл байсан. Хэрэв шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг үндэслэн шийдвэрлэх нь буруу бөгөөд өмнөх ажлын байр буюу замын даргын хуулийн зөвлөхийн ажлын байранд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг заамын даргын хуулийн зөвлөхийн ажилд томилсон шийдвэр буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны БI-257 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийг өвчтэй байх хугацаанд болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийгмийн даатгалыг төлсөн нь цалингийн сан үүсгэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан зэргийг авч үзвэл хариуцагч нь орон тоо баталж зохих журмын дагуу ажилд нь эгүүлэн томилсон байна. Энэ нь хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалдаа 2016 оны орон тоо хасах тухай тушаалыг барьж буй нь хууль бус болохыг тогтоож байна. Хариуцагчаас шүүхэд амаар болон бичгээр гаргасан тайлбартаа 2016 оноос замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан талаар тайлбарладаг бөгөөд дээр дурдсан баримтууд нь уг үйлдлийг үгүйсгэж байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэхлээ хөдөлмөрийн хөлсийг буруу тооцсон. Үндсэн цалинг 1 005 700 төгрөгөөр бодож, 1 өдрийн цалинг 46 777 төгрөг гэж гаргасан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын дагуу дундаж цалин хөлсийг бодож тодорхойлох ёстой байхад үндсэн цалингаар бодож хууль хэрэглээний алдаа гаргасан. /1 сарын дундаж цалин 1 508 550 төгрөг, 1 өдрийн цалин 74 312 төгрөг/ Иймд П.Хишигбаярыг замын даргын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дундаж цалингаар бодож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Хишигбаяр нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 234 124 төгрөг, 2018 оны 11, 12 дугаар сарын цалин 1 843 783 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 2 463 547 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б-I-70 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь тус байгууллагын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаар тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05685 дугаар шийдвэрээр ... талууд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээ гэрээгээр тохиролцоогүй, орон тоо хассан нь тодорхойгүй, удирдах газрын орон тоонд өөрчлөлт орсон баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч П.Хишигбаярыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 214 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. /1хх93-101/

Хариуцагч тал 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б-I-257 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Замын даргын хуулийн зөвлөхийн ажилд авч, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уг орон тоог 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хассан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс цуцлахыг мэдэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б-I-379 тоот тушаалаар П.Хишигбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 21 дүгээр талд авагдсан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орон тоо хасах тухай А-257 дугаар тушаалаар Замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан, 58-59 дүгээр тал дахь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох А-464 тоот тушаалаар Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг албаны дарга, орлогч дарга, эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн дарга, инженер /3/, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх /2/, гэрээ, хэлцлийн эрх зүйн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх /2/, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хуулийн зөвлөх /2/ гэсэн бүтэцтэй баталсан байх ба үүнд Замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо батлагдаагүй, одоог хүртэл энэ орон тоо, бүтцээр ажиллаж байгаа нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

Ажил олгогч нь тухайн ажлын орон тоо, бүтцээ хэрхэн тогтоох нь өөрийн эрх хэмжээний асуудал тул одоо байгаа боломжит ажлын байранд ажилтны эрхийг сэргээх нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчийг замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2018 оны 11, 12 дугаар сарын цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 11 553 919 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Замын даргын хуулийн зөвлөхийн ажлын байранд 1 005 700 төгрөгийн цалин хөлс авахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч уг ажилд томилогдсоноос хойш 1 сар ажил эрхлэн, бусад хугацаанд өвчтэй байсан тул хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалингийн хэмжээгээр олговрыг тооцоолсон нь буруу биш.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

А.МӨНХЗУЛ