Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01104

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01104

 

 

 

                         Я ХХК, Д.Б нарын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я ХХК, Д.Б нар, хариуцагч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, Р.Зоригт, Б.Энхтуяа нарт холбогдох “ХҮТ” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцож, гэм хорын хохиролд 41 766 827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгч Я ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч “ХҮТ” ХХК, Р.З нарын өмгөөлөгч Л.Оч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “ХҮТ” ХХК-ийн тайлбарт: “ХҮТ” ХХК нь Баянгол дүүргийн шүүхээс 2013 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 1997 дугаар захирамжийн дагуу томилогдон Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 89-2 байрны караоке бааранд хийсэн хөрөнгө оруулалтанд дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлт Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 тоот шийдвэрийн үндэслэл болж манай Я ХХК-д 58 083 998 төгрөг төлөхийг даалгасан шийдвэр гарч, хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон. Бид уг шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, эрх бүхий байгууллагуудад гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас “БЭСГЭ” ХХК-ийг шинжээчээр томилж шалгуулахад “ХҮТ” ХХК-ийн гаргасан дүгнэлт хууль тогтоомж зөрчсөн болохыг “БЭСГЭ” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 тоот дүгнэлт нотолсон. Тиймээс Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн хариуцлагын хорооноос 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 02 тоот дүгнэлт гарч Р.Зоригтод сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнчлэн Я ХХК нь Барилгын хөгжлийн төвд хандсан бөгөөд тус газраас Т.Норовжав, Н.Пүрвээ, Ц.Мэндбаярын бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг гарч дүгнэлт гаргасан бөгөөд 2015 оны 05 дугаар 29-ний өдрийн 2015-01 тоот дүгнэлтээр “Кэй Ти Эл” ХХК-ийг түрээсийн бааранд 25 271 753 төгрөгийн засвар, тохижилт хийсэн болохыг тогтоосон. Ингээд Сангийн яамнаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7 тоот тушаалаар Р.Зоригтын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн бид “ХҮТ” ХХК-ийг худал дүгнэлт гаргасан гэж Цагдаагийн байгууллагад хандсан. Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/282 тоот албан бичгээр хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн. Түүнчлэн “ХҮТ” ХХК-ийн 232 тоот дүгнэлт нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагаас дүгнэлт, холбогдох шийдвэр гарсан даруй Улсын дээд шүүхэд удаа дараа шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл “ХҮТ” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт дээр 1 төгрөгийн үнэтэй таслагч гэж байгаа, 1 төгрөгийн үнэтэй таслагч багаж угаасаа байхгүй, тэр нь 1500-2000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. Мөн дүгнэлтэд засвар хийх объемыг буруу тодорхойлсон, тааз, хана гэх мэтийн хэмжээ буруу байдаг, хууль, дүрмээ баримтлаагүй. Мөн тухайн үед “ХҮТ” ХХК-ийн шинжээч нь эрх, үүрэг танилцаагүй, энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. Энэ мэтчилэн худал дүгнэлт гаргаснаас болж манай байгууллага хохирсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “ХҮТ” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот, 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Уг үнэлгээний улмаас “ХҮТ” ХХК-ийн гаргасан 58 000 000 төгрөгийн үнэлгээ, Барилгын хөгжлийн төвийн томилсон шинжээч нарын дүгнэлтийн 25 000 000 төгрөгийн зөрүү болох 32 812 147 төгрөг, нотариатын зардалд 330 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 700 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 000 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөв 1 500 000 төгрөг, 400 000 төгрөг “БЭСГЭ” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс, 9 480 төгрөг шуудан холбооны зардал 15 200 төгрөг Норм, дүрмийн номын үнэ, нийт 41 766 827 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн нэхэмжилсэн. Харин шүүх хуралдааны явцад хохирлын 41 766 827 төгрөгийн тал хувийг Я ХХК, тал хувийг иргэн Д.Б нэхэмжилнэ гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Бгийн тайлбарт: Миний хувьд 58 000 000 төгрөгийн өр төлбөрт орсон ч бодит үнэлгээгээрээ 25 000 000 төгрөг байдаг. Би Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу 58 000 000 төгрөгийг төлөөд барагдуулсан. Ингэхдээ өөрийн хувийн эд зүйл болох машин зэргийг төлбөрт тооцон өгсөн. “ХҮТ” ХХК-ийн гаргасан 58 000 000 төгрөгийн төсвийн дагуу хийгдсэн засварын ажил нь үндсэндээ Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар шаардлага хангахгүй болж хийгдэхээ больж, хийсэн зүйл нь байхгүй болсон. Сангийн яаманд хандахад Монголын мэргэшсэн үнэлгээчдийн хороо, "БЭСГЭ" ХХК-ийг шинжээчээр томилсон. Энэ дүгнэлтээр төсвийн тооцоолол, түүнд хэрэглэгдэх материал, цалин зардлын норм, хувь хэмжээг төсөвчид баримталдаг. Гэтэл Р.Зоригт нь төсөвчин биш төсөвчний мэргэжлийн зэрэггүй гэдэг нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон бөгөөд тэдгээрийн хийсэн төсвийн үнэн зөвийг Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс үнэлгээг нь дунджаар 25 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үүний зөрүү нь 32 812 000 төгрөг болж байгаа. "БЭСГЭ ХХК-ийн дүгнэлтээр 026 гэх итгэлцлүүр хэрэглэх ёстой юм байна. Өмнө нь 026 гэх итгэлцлүүр, 263 тоот тушаал гарсны дагуу зардлуудыг бодох ёстой байтал зөрчсөн байна. "БЭСГЭ" ХХК дүгнэлтдээ шууд зардал, төлөвлөгөөт зардал, 026 итгэлцлүүр хэрэглэх, мөн гэрээнд дээрх 3 зардлыг тооцохгүйгээр “Инвент” ХХК, “Кендел” ХХК хоёр шууд зардлаар гэрээ хийсэн учраас шууд зардлаар үнэлэгдэх ёстой үнэлгээг нэмэгдэл зардалд оруулсан. Үндсэндээ бариул цоож байхгүй, 1 давхрын тэйкний шилэн тавиур байхгүй, бүх өрөөнүүдэд модон хаалга хийсэн, 5 өрөөнд телевизийн суурь хийсэн, өрөөнүүдэд засвар хийсэн боловч таазны имүүлс хуурсан, хананы обой ховхорсон, зарим өрөөний хаалга гацсан, бариул цоож байхгүй. Хэрэв мэргэжлийн улс байсан бол гологдол ажлын акт тогтоох байсан. Үнэлгээндээ гарын үсэг зурсан боловч тамга дараагүй, төсөвчин хийх юмыг үнэлгээчин хийгээд явуулсан байдаг.  2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн прокурорын тогтоол гарсан. “Кэй Ти Эл” ХХК-ийн захирал н.Хонгорзулд эрүүгийн хэрэг үүсгэгдэж түүгээрээ хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн гэсэн тогтоол гарч эрүүгийн хариуцлага хүлээсэн. “ХҮТ” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 төгрөгийн үнэтэй таслагч байдаг үгүйд үнэлгээ гаргуулахад 1 төгрөгийн үнэтэй таслагч гэж байхгүй, харин таслагч нь 1500-2000 төгрөг гэж гарсан. Тийм учраас “ХҮТ” ХХК-ийн гаргасан 2013 оны шинжээчийн дүгнэлт худал гарсан гэдэг нь тогтоогдсон. Худал дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжээч томилж болох процессын хуультай. Гэхдээ худлаа гээд байгаа дүгнэлт нь яагаад ач холбогдолтой болов гэхээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон юм. Яагаад үндэслэл болсон бэ гэхээр “ХҮТ” ХХК шинжээчийн дүгнэлт гаргах туршлагатай байгууллага мөртөө худлаа дүгнэлт гаргахдаа эрүүгийн хариуцлагаас зугтааж эрх, үүрэг танилцуулсан баримт дээр гарын үсэг зураагүй учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байдаг. Хэрэв зурсан байсан бол эрүүгийн хариуцлага хүлээсэн байх байсан.

Гэхдээ хууль зүйн хувьд шүүхийн шийдвэрийн үр дүн болсон учраас үр дагавар үүссэн байгаа нь иргэн Д.Б, Я ХХК нарт хохирол учирсан байна. Энэ дүгнэлтийг худлаа гэдгийг тогтоох боломж нь шүүхээс дахин шинжээч томилж байж тогтоох байсан ч шүүхээс дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт дүгнэлт худлаа учраас түүнийхээ үр дагаврыг арилгах ёстой. Шинжээч нь Шинжилгээний тухай хуульд зааснаар хариуцлага хүлээдэг. Гэтэл процессын алдаанаас болоод эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Харин одоо эд хөрөнгийн хариуцлага, нөхөн төлөх хариуцлага хүлээх ёстой гэж үзээд гэм хорын нэхэмжлэл гаргасан. Бусдын хууль бусаар учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл нь учирсан хохирол гэдгээ шүүхэд баримтаар өгсөн байгаа. Тийм учраас хохиролд 41 766 827 төгрөгийн тал хувь болох 20 883 431 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “ХҮТ” ХХК, Р.Зоригт нарын тайлбарт: Баянгол дүүргийн шүүх шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч талын зүгээс Монголын үнэлгээчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн инсититут гэх байгууллагад хандаад 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0117 дугаар тогтоол гарсан нь Сангийн сайдын тушаалаар Р.Зоригтын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Д.Бгийн гомдлыг хэлэлцэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр үйл баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хэрэг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. “ХҮТ” ХХК-ийн тухайн үед гаргасан шинжээчийн дүгнэлтийг өнөөдөр хүчингүй болгох ямар ч боломжгүй, энэ дүгнэлтээс болж нэхэмжлэгч нарт ямар хохирол учирсан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Энхтуяагийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн байгууллага шалгаад Б.Энхтуяаг зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн ямар нэгэн цагдаагийн байгууллагын шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлт байхгүй. Харин ч эсрэгээрээ тийм дүгнэлт гаргаагүй гэх Прокурорын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор үгүйсгэгдэнэ. Мөн нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлаар 7 удаа хандсан байдаг бөгөөд шүүх шинэ илэрсэн нөхцөл байдал бишээ гэж хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа сайдын 263 тоот журмаар 026 гэх итгэлцүүрийг хэрэглэх байсан гэдэг нь худлаа. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын 4 дэх заалтаар хүчингүй болгосон байна. Тухайн үед төсөвчин Б.Энхтуяа нь “ХҮТ” ХХК-ийн ажилтан байсан, энэ агуулгаараа төсвийг хийсэн. Хэрэгт авагдсан байр түрээслэх, барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэсэн хоёр гэрээг л төсөвчин авч үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээг талууд 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгахаар байгуулсан байдаг. Төсөвчин ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаагаа барьж төсөв гаргахаас түрээсийн гэрээг баримталж төсөв гаргахгүй.  1 төгрөг гэдэг үнэ огтоос биш, програмд оруулж утга тавьж төсвөө зохиохын тулд 1 гэсэн тоо л тавигдсан. Мөн нэхэмжлэгч тал яриад Р.Зоригтын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж тухайн үед буюу үнэлгээ хийх 2013 онд Р.Зоригт үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байсан, энэ зөвшөөрөл хүчингүй болоогүй байсан гэдгийг хэлмээр байна. Тэгээд ч шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэрэг маргааныг шийдвэрлэсэн 3-н шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй. “ХҮТ” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчингүй болгоно гэх нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна. Б.Энхтуяа нь мэргэшсэн төсөвчин болохоор нотолсон баримтуудаа хэрэгт өгсөн. Нэгэнт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг одоо араас нь хөөх байдлаар буруу гаргасан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед шинжээчийн дүгнэлтийн талаар гомдлоо гаргах эрх нээлттэй байхад гаргаагүй. Энэ дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй учир хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл ч мөн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ”ХҮТ” ХХК, Р.Зоригт, Б.Энхтуяа нарт холбогдох “ХҮТ” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот, 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, гэм хорын хохиролд 41 766 827 төгрөг гаргуулах тухай Я ХХК болон Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 60 60.1, 56 56.1.-т нэхэмжлэгч Я ХХК болон Д.Б нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 816 500 /448,500+368,000/ төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д.Баямбасүрэнгийн давж заалдах гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 25-ны № 00729 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй. Иргэн Д.Бд хэн, яаж, хэрхэн, ямар хэмжээний хохирол учруулсан бэ гэдэг талаар бид шүүхэд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Харин анхан шатны шүүх дүгнэхдээ Я ХХК болон Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэдний нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдохгүй байх тул ... “ гэсэн байна. Харин бид шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт авагдсан, дурьдагдсан баримтуудаар нотлогдоно гэж үзэж байна. Хариуцагч нарын хууль бус үйлдэл олон баримтаар тогтоогдож байна. Эдгээр баримтуудыг шүүх үнэлэх, эс үнэлэх гэдгээс шалтгаалж учирсан хохирол нөхөн төлөгдөх учиртай. Иймд гомдлыг хянан хэлэлцэж, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 729 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-н давж заалдах гомдолд:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 729 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт Бямбасүрэн нар нь хохирсон гэдгээ нотолж чадаагүй гэжээ. Шүүхээс ийм дүгнэлт хийж магадгүй гэж үзэн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч олон дүгнэлт байгаа учир шинжээч томилохгүй гэж шийдсэн. Нэхэмжлэгч тал нотлох үүргээ хэрэгжүүлэн Цагдаа, Прокуор, Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Монголын мэргэшсэн төсөвчдийн холбоо, Авлигатай тэмцэх газар гээд хамаарал бүхий бүх газарт гомдол гаргахад бүгд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Р.Зоригт нарыг буруутгасан байдаг. Шинжээч нарын дүгнэлт ч мөн адил буруутайг нь нотолдог. Үүнээс өөрөөр нотлох боломж хуулиар байхгүй бөгөөд өөр ямар нотолгооны хэрэгсэл шаардаад байгаа нь ойлгогдохгүй байна. Шүүх үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт шалтгаант холбооны тухай хууль зөрчсөн мэтээр бичжээ. Иргэний хуульд шалтгаант холбооны тухай заалт гэж байхгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрх зүйн харилцаанд оролцсон байхыг шаарддаг. Иймд шалтгаант холбооны тухай хуулийн заалт зөрчсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ХҮТ” ХХК, Р.З, Б.Э нарт холбогдуулан “ХҮТ” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцож, гэм хорын хохиролд 41 766 827 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1565 дугаар шийдвэрээр хариуцагч “Кэй Ти Эл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээг цуцлаж, нэр буүхий эд зүйлсийг буцаан авч байр чөлөөлүүлэх гэсэн  шаардлагыг батлан, хариуцагч “Кэй Ти Эл” ХХК-аас 2 196 491 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49 805 157 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ч.Хонгорзулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Я ХХК-аас 58 083 998 төгрөг гаргуулан хариуцагч “Кэй Ти Эл” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 94 923 128 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 797 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн 2014 оны Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 15 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  /1хх7-16/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийг шийдвэрлэх үндэс болсон   шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйл,  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан журмын дагуу нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл нотлох баримтаас хасуулах зэрэг хүсэлт гаргах, няцаах хуулийн зохицуулалттай бөгөөд тухайн нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, цуглуулсан гэж үзэж  шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон бол түүнийг дахин шинээр авч үзэж нотлохгүй.  

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-т  зааснаар хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Улсын дээд шүүхэд 6 удаа хүсэлт гаргасан байх ба тус шүүх 2018 оны 73 дугаар тогтоолоор “ .., “ХҮТ” ХХК  Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч үнэлгээчнийг томилж үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх, 2017 оны 241 дугаар тогтоолоор “ ... үнэлгээчин Р.Зоригтын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсон нь шүүхийн шийдвэрийг дахин хянах шинээр илэрсэн нөхцөл болохгүй гэж, 2017 оны 89 дугаар тогтоолоор “.., Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй гэж, 2016 оны 208 дугаар тогтоолоор “.., Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/1112 дугаар албан тоот шинээр илэрсэн нөхцөлд хамаарахгүй гэж, 2015 оны 98 дугаар тогтоолоор “ ... “ХҮТ” ХХК-ийн 2013 оны 232 дугаар дүгнэлтэд заасан нөхцөл байдлын талаар өөр дүгнэлт гарсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг буруу эсхүл хуурамч гэж үзэх нөхцөл болохгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтууд, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн хариуцлагын хорооноос үнэлгээчин Д.Энхтуяа, Р.Зоригт нарт 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцлага тооцох шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөлд хамаарахгүй, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргасан гэх үндэслэлгүй гэж, 2014 оны и/32 дугаар тогтоолоор “.., “Кэй Ти Эл” ХХК-ийн засвар тохижилт нь хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлагад нийцэхгүй гэсэн нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянуулах үндэслэл болохгүй ..,” гэж тус тус хүсэлтийг хангахаас татгалзаж байжээ. /1хх42-43,48,54,59,64,69/

 

Нэхэмжлэгч нь төсөвчин үнэлгээчний шүүхэд   шинжээчийн дүгнэлт гаргахдаа хийсэн үйлдэл /эс үйлдэхүй нь / хууль бус, өөрөөр хэлвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж тодорхойлж байгаа хэдий ч уг шинжээчийн дүгнэлт гаргасан үйл ажиллагааг буюу нотлох баримтыг гаргах цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүхээс үнэлээд шүүхийн шийдвэр гаргасан тул дахин үнэлэх боломжгүй үйл баримтад хамаарна.

           

             Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 2 давхар 625 м.кв талбай бүхий барилгын 1 дүгээр давхар болон подвалийн 2 давхар нийт 3 давхар барилгын засвар, тохижилтын зардлын хэмжээг 58 083 998 төгрөг гэж “Хөрөнийг үнэлгээний төв” ХХК  тогтоосон байна. /1хх76/

             

Тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор “ .., Р.Зоригт, Б.Энхтуяа нар нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1997 дугаартай захирамжийн дагуу хөрөнгө оруулалт үнэлсэн тайлан гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг зориуд худал дүгнэлт гаргасан нь тогтоогдохгүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. 

           

Хариуцагчийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна. Шүүх дээрх үндэслэлээр “ХҮТ” ХХК-ийн гаргасан 232 тоот шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй болно.

Хэдийгээр “ХҮТ” ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй эсэх талаар хэд хэдэн байгууллагын хожим гаргасан дүгнэлт байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эхний дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй. / 1хх 19-21/

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар үнэлгээг хүчингүйд тооцуулах шаардлагаа нотлох үүднээс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 103 дугаар захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй.

 

            Харин шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-ыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулж 115.2.3 гэж өөрчлөн,  мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 буюу хэлцэл хүчин төгөлдөр бус байх заалт буюу маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсныг хасч шийдвэрлэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

   ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                              А.МӨНХЗУЛ