Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00713

 

“Я” ХХК, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1104 дүгээр магадлалтай,

“Я” ХХК, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

“Х” ХХК, Р.З, Б.Э нарт холбогдох,

“Х” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцож, хөрөнгө оруулалтын зөрүүд төлсөн 32 812 147 төгрөг, нотариатын зардал 330 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 700 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 400 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөв 1 500 000 төгрөг, шуудан холбооны зардал 9 480 төгрөг, Норм, дүрмийн номын үнэ 15 200 төгрөг, нийт 41 766 827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагч “Х” ХХК, Р.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “Я” ХХК болон түүний төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Баянгол дүүргийн шүүхээс 2013 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 1997 дугаар захирамжийн дагуу томилогдон Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 89-2 байрны караоке бааранд хийсэн хөрөнгө оруулалтанд дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлт Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 тоот шийдвэрийн үндэслэл болж манай “Я” ХХК-д 58 083 998 төгрөг төлөхийг даалгасан шийдвэр гарч, хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон.

Бид уг шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, эрх бүхий байгууллагуудад гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас “Б” ХХК-ийг шинжээчээр томилж шалгуулахад “Х” ХХК-ийн гаргасан дүгнэлт хууль тогтоомж зөрчсөн болохыг “Б” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 тоот дүгнэлт нотолсон. Тиймээс Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэжлийн хариуцлагын хорооноос 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 02 тоот дүгнэлт гарч Р.Зод сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнчлэн “Я” ХХК нь Барилгын хөгжлийн төвд хандсан бөгөөд тус газраас Т.Норовжав, Н.Пүрвээ, Ц.Мэндбаярын бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг гарч дүгнэлт гаргасан бөгөөд 2015 оны 05 дугаар 29-ний өдрийн 2015-01 тоот дүгнэлтээр “Кэй Ти Эл” ХХК-ийг түрээсийн бааранд 25 271 753 төгрөгийн засвар, тохижилт хийсэн болохыг тогтоосон. Ингээд Сангийн яамнаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7 тоот тушаалаар Р.Зын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн бид “Х” ХХК-ийг худал дүгнэлт гаргасан гэж Цагдаагийн байгууллагад хандсан. Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/282 тоот албан бичгээр хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн.

Түүнчлэн “Х” ХХК-ийн 232 тоот дүгнэлт нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагаас дүгнэлт, холбогдох шийдвэр гарсан даруй Улсын Дээд шүүхэд удаа дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт дээр 1 төгрөгийн үнэтэй таслагч гэж байгаа, 1 төгрөгийн үнэтэй таслагч багаж угаасаа байхгүй, тэр нь 1500-2000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. Мөн дүгнэлтэд засвар хийх объёмыг буруу тодорхойлсон, тааз, хана гэх мэтийн хэмжээ буруу байдаг, хууль, дүрмээ баримтлаагүй. Мөн тухайн үед “Х” ХХК-ийн шинжээч нь эрх, үүрэг танилцаагүй, энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм.

Энэ мэтчилэн худал дүгнэлт гаргаснаас болж манай байгууллага хохирсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “Х” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот, 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү.

Уг үнэлгээний улмаас “Х” ХХК-ийн гаргасан 58 000 000 төгрөгийн үнэлгээ, Барилгын хөгжлийн төвийн томилсон шинжээч нарын дүгнэлтийн 25 000 000 төгрөгийн зөрүү болох 32 812 147 төгрөг, нотариатын зардалд 330 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 700 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 000 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөв 1 500 000 төгрөг, “Б” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 400 000 төгрөг, шуудан холбооны зардал 9 480 төгрөг, Норм, дүрмийн номын үнэ 15 200 төгрөг, нийт 41 766 827 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн нэхэмжилсэн. Харин шүүх хуралдааны явцад хохирлын 41 766 827 төгрөгийн тал хувийг “Я” ХХК, тал хувийг иргэн Д.Б нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч “Х” ХХК болон хариуцагч Р.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Л.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.З нь “Х” ХХК-ийн захирал бөгөөд нэг ашиг сонирхолтой тул хариуцагч Р.З нь “Х” ХХК-ийн тайлбарыг дэмжиж оролцож байгаа.

Нэхэмжлэгч талын яриад байгаа “Я” ХХК болон “Кэй Ти Эл” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлбөр болон түүнд холбогдуулан гаргасан түрээсийн эд хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Баянгол дүүргийн шүүх шийдвэрлэж, шийдвэр давж, хянагдаад эцсийн байдлаар Улсын дээд шүүхийн 2014.01.09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч талын зүгээс Монголын үнэлгээчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институти гэх байгууллагад хандаад 2017.03.06-ны өдрийн 0117 дугаар тогтоол гарсан нь цааш явж Сангийн сайдын тушаалаар Р.Зын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Д.Бгийн гомдлыг хэлэлцэх боломжгүй байна. Түүний тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь одоогийн яриад байгаа үйл баримттай холбоогүй, өөр бусад гомдолтой холбоотойгоор цуцалсан. Мөн 3 дахь хэсэгт Д.Бгийн гомдол эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй гэсэн байгаагаас биш нэхэмжлэгч талын гомдлыг хүлээж авч гомдлынх нь дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдсан асуудал байхгүй.

Тэгээд ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр үйл баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хэрэг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. “Х” ХХК-ийн тухайн үед гаргасан шинжээчийн дүгнэлтийг өнөөдөр хүчингүй болгох ямар ч боломжгүй, энэ дүгнэлтээс болж нэхэмжлэгч нарт ямар хохирол учирсан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч С.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг зөв хийсэн, буруу хийсэн, хуурамчаар үйлдсэн, зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн байдлаар хандаж байгааг бодолцох хэрэгтэй. Энийг зориуд худал дүгнэлт гаргасан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаад Б.Эг зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн ямар нэгэн цагдаагийн байгууллагын шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлт байхгүй. Харин ч эсрэгээрээ тийм дүгнэлт гаргаагүй гэх Прокурорын 2017.02.20-ны өдрийн Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор үгүйсгэгдэнэ. Мөн нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлаар 7 удаа хандсан байдаг бөгөөд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэж хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг.

Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа сайдын 263 тоот журмаар 026 гэх итгэлцүүрийг хэрэглэх байсан гэдэг нь худлаа. Учир нь энэ журмыг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд 2012.01.13-ны өдрийн тушаалын 4 дэх заалтаар хүчингүй болгосон байна. Тухайн үед төсөвчин Б.Э нь “Х” ХХК-ийн ажилтан байсан, энэ агуулгаараа төсвийг хийсэн. Хэрэгт авагдсан байр түрээслэх, барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэсэн хоёр гэрээг л төсөвчин авч үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээг талууд 2012.01.13-ны өдрөөс 2012.02.17-ны өдөр дуусгахаар байгуулсан байдаг. Төсөвчин ямар гэрээг үндэслэх вэ гэхээр ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаагаа барьж төсөв гаргахаас түрээсийн гэрээг баримталж төсөв гаргахгүй. Тийм учраас төсөвчин хууль ёсны дагуу, зөв журмаа баримталж шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь харагдана.

Дараагийн асуудал нь 1 төгрөгийн үнэтэй таслагч гэж нэхэмжлэгч яриад байна. Гэтэл 1 төгрөг гэдэг үнэ огтоос биш, программд оруулж утга тавьж төсвөө зохиохын тулд 1 гэсэн тоо л тэнд тавигдсан. Нэхэмжлэгч тал аливаа зүйлээ судалж, үндэслэлтэй яримаар байна. Мөн нэхэмжлэгч тал Р.Зын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж байна. Тухайн үед буюу 2013 онд Р.З үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байсан, энэ зөвшөөрөл хүчингүй болоогүй байсан гэдгийг хэлмээр байна. Тэгээд ч шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэрэг маргааныг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ үйл баримтыг ИХШХШТХ-ийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

Дараагийн асуудал нь “Х” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчингүй болгоно гэх нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна. Б.Э нь мэргэшсэн төсөвчин болохоо нотолсон баримтуудаа хэрэгт өгсөн. Энэ асуудалд Б.Э огт хамааралгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг одоо араас нь хөөх байдлаар буруу гаргасан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед шинжээчийн дүгнэлтийн талаар гомдлоо гаргах эрх нээлттэй байхад гаргаагүй. Энэ дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй учир хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл ч мөн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Х” ХХК, Р.З, Б.Э нарт холбогдох “Х” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот, 58 083 900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, гэм хорын хохиролд 41 766 827 төгрөг гаргуулах тухай “Я” ХХК болон Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 60 60.1, 56 56.1.-т нэхэмжлэгч “Я” ХХК болон Д.Б нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 816 500 /448 500+368 000/ төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1104 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.25-ны өдрийн 182/ШШ2019/00729 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.14-ны өдрийн 1104 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

“Я” ХХК болон Д.Бд хохирол учирсан хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна гэжээ.

“Х” ХХК нь хуурамч гэрээг үнэлэн талбайн хэмжээг зохиомлоор өсгөн худал дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг анхан шатны шүүхэд мөн үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй гэхэд шүүгч алхаа цохиод гомдол хүлээж авахгүй гэсэн. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхэд мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлж гомдол гаргахад анхан шатны шүүхэд гаргаагүй байна гэсэн.

Тэгэхээр анхан шатны шүүх нь гомдол гаргах эрхгүй гээд үнэлгээтэй холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгосон байхад хэргийн оролцогч эрхээ яаж хамгаалах вэ?

Гэтэл үүнээс хойш шинэ илэрсэн нөхцөлөөр болон гэм хорын хохирол нэхэмжлэхэд “Анхан шатны шүүхэд гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэртэй” гээд гомдол гаргаж байсан этгээдийг гүтгэн шийдвэр гаргалаа.

25 сая төгрөгөөр засвар тохижилт хийгээд засвар тохижилтын үнэд 58 000 000 төгрөг гаргуулж авна гэдэг нь шударга ёс гэж үзэх үү. Энэ 58 000 000 төгрөг гэдэг тоог үнэлгээчин хуурамч баримтыг үндэслэн зохиомлоор гаргаснаар шийдвэрийн үндэслэл болж хэрэгжсэн байна.

Тэгэхээр хохирол учирсан уу гэвэл учраад байдаг. Хохирлоо яаж гаргуулах вэ? гэхээр цагдаа, прокурор, шүүх нь шүүхийн шийдвэртэй гээд бодит үнэнийг олж харахаас татгалзаад байдаг.

Хохирлыг барагдуулахаар иргэн хаана хандах вэ?                                                

2. Нэхэмжлэгч хохирлоо нотолж чадаагүй гэжээ. Хохирлыг яаж нотлох вэ?.

Хуульд заагдсан нотолгооны арга хэрэгсэл гэхээр иргэн хүнд бүх арга хэрэгсэл нь хаалттай байдаг учир өөрийн эрхийг хамгаалахаар Цагдаа, Прокурор, Шүүх, Сангийн яам АТГ, Хууль зүйн яам ... гээд гомдол гаргаж болох бүх газарт хандсан ба тухайн гомдлыг хүлээн авсан зарим байгууллага нь шинжээч томилон дүгнэлт гаргуулсан ба бүгд л “Х” ХХК-ийн үнэлгээг буруутгасан дүгнэлт гаргасан. Гомдол, өргөдөл гаргахаас өөрөөр яаж эрхээ хамгаалж болохыг ойлгохгүй байна.

Анхан шатны шүүх бидний олж цуглуулсан дүгнэлтүүд, хариу мэдэгдэх хуудас, тогтоолуудыг үнэлэхгүй байж магадгүй учир шүүхийн журмаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

Шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын шинжээч томилуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзахдаа “хэрэгт олон янзын дүгнэлтүүд байна. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу” гэхэд нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “Эдгээр дүгнэлтүүдийг шүүхийн журмаар гаргаагүй учир заавал шүүхээр шинжээч томилуулмаар байна” гэхэд шүүгч нар “шүүх хурал дээр дүгнэлтүүдийг үндэслэн мэтгэлцээд үнэлээд явна” гээд хүсэлтийг хангахаас татгалзсан ба шийдвэртээ болохоор өөрсдөө нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэсэн нь шударга ёс мөн үү.

Мөн бид тасралтгүй гомдол гаргасаар Р.Зод эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон, Хонгорзулд эрүүгийн хэрэг үүсгээд гэм буруутай гэж үзээд өршөөлд хамруулсан, Р.Зын үнэлгээ хийх эрхийг хасуулсан ба хамгийн сүүлд АТГ-аас “Танай маргаан шүүхээр хянагдаж байгаа учир манайх шалгахгүй, харин танай бусад мэдээлэл нь маш ноцтой мэдээлэл байсан учир эрүүгийн хэрэг үүсгэн Р.Зод таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэдэг хариу өгсөн.

Р.З нь шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт үнэлгээчин, улсын томоохон объектыг захиалгаар маш хямд үнэлж үнэлгээнийхээ хөлсөнд 50 000 000 төгрөг авсан, Ерөнхий төлөвлөгөөний газрын талд иргэдийн эсрэг үнэлгээ хийгээд, маргааш нь шагналд нь 6 машины гаражийн газар авсан гээд тоочвол бидэнд 20 гаруй материал байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.25-ны өдрийн 182/ШШ2019/00729 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.14-ны өдрийн 1104 тоот магадлал нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруугаар тайлбарласан байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шинжээч томилуулах зохигчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Я” ХХК, иргэн Д.Б нар “Х” ХХК, Р.З, Б.Э нарт холбогдуулан: “...“Х” ХХК нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 89-2 байрны караоке бааранд хийсэн хөрөнгө оруулалтын үнэлгээг үндэслэлгүй, илт өндөр үнийн дүнтэй буюу 58 083 998 төгрөгөөр үнэлснээр “Я” ХХК дээрх төлбөрийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон.

“Х” ХХК-ийн үнэлгээ хууль тогтоомж зөрчсөн, үндэслэлгүй гарсан болохыг Сангийн яамнаас томилогдсон “Б” ХХК-ийн дүгнэлтээр, мөн Барилгын хөгжлийн төвийн томилсон шинжээчийн дүгнэлтээр 25 271 753 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байх тул “Х” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцож, хөрөнгө оруулалтын зөрүүд төлсөн 32 812 147 төгрөг, нотариатын зардал 330 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 700 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 400 000 төгрөг, гүйцэтгэлийн төсөв 1 500 000 төгрөг, шуудан холбооны зардал 9 480 төгрөг, Норм, дүрмийн номын үнэ 15 200 төгрөг, нийт 41 766 827 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул түүнийг дахин хэлэлцэж өнөөдөр хүчингүй болгох үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. гэсэн заалтыг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, ...нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, ...хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

“Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Кэй Ти Эл” ХХК, Ч.Хонгорзул нарт холбогдох түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 51 765 750 төгрөг гаргуулах, байр чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 153 007 126 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Баянгол дүүргийн шүүх 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж, 1565 дугаартай шийдвэрээр ...нэхэмжлэгч “Я” ХХК-иас түрээсийн байранд хийсэн засварын зардлыг нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон “Х” ХХК-ийн үнэлсэн 58 083 998 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 797 дугаар магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийн үндэслэл болсон шүүгчийн захирамжийг үндэслэж хийсэн “Х” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь хэргийн нотлох баримт тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамт үнэлэгдэх учиртай.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд, эсхүл, шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт болон дахин шинжилгээ хийхээр заажээ.

Нэхэмжлэгч нь “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Кэй Ти Эл” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлтийн талаар дахин дүгнэлт хийж, нотлох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан хууль хэрэглээний алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Я” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 816 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД