Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01103

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              “Эрдэнэт орчлон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01090 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Эрдэнэт орчлон” ХХК, хариуцагч О.Гантөмөрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: О.Гантөмөр нь “Эрдэнэт орчлон” ХХК-д ажиллаж байхдаа 2013 оны 01 дугаар сараас 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 20 800 000 төгрөг зээлсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдөр 25/16ЕО тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдрийн байдлаар 12 197 458 төгрөгийн үлдэгдэлтэй, талууд харилцан тохиролцоод сар болгон 500 000 төгрөг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 2 хувийн хүү төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2017 оны 01-р сард 100 000 төгрөг, 2017 оны 03-р сард 300 000 төгрөг, 2017 оны 04-р сард 250 000 төгрөг, 2017 оны 05-р сард 400 000 төгрөг, 2017 оны 06-р сард 300 000 төгрөг, 2017 оны 07-р сард 400 000 төгрөг, 2017 оны 08-р сард 447 458 төгрөг, 2017 оны 09-р сарын 400 000 төгрөг, 2017 оны 10-р сард 400 000 төгрөг, 2017 оны 12-р сард 400 000 төгрөг, 2018 оны 05-р сард 400 000 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Ингээд үлдсэн 8 400 000 төгрөг, хүү 4 200 000 төгрөг нийт 12 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч зээлийн хүүг тооцоолж 2018 оны 06 сарын байдлаар үндсэн зээл 8 400 000 төгрөг, зээлийн хүү 3 053 923 төгрөг нийт 11 453 923 төгрөг болгон багасгаж О.Гантөмөрөөс нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага, хэзээний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. 2013 оны 01 дүгээр сард 12 700 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 01-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сар 1 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сард 1 600 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 2 000 000 төгрөг нийт 20 800 000 төгрөг зээлүүлсэн байна. Үүнээс О.Гантөмөр нь 8 602 542 төгрөг төлж, үлдэх 12 197 458 төгрөгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр талууд зээлийн гэрээг нөхөж хийсэн байдаг. Энэ гэрээгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг бодитоор шилжүүлж өгөөгүй. 2013, 2014 онд үүссэн зээлийн харилцааг нөхөж хийснээрээ хүү авах эрх үүсэхгүй, энэ гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй. Хариуцагч нь ажил олгогчоосоо цалингаа урьдчилж авсан, харин зээл аваагүй. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн гэрээг ажилтанд олгох цалинг доош дарж 8 400 000 төгрөгийн өртэй гэж тохируулж бодсон байдаг. Энэ нь 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэлх хугацааны цалингийн хүснэгтийн дэлгэрэнгүй тооцооллоор харагдана. Хариуцагч Гантөмөрийн 2017 оны 01-07 сар хүртэлх хугацааны цалин харьцангүй өндөр буюу 2017 оны 01 сард авах ёстой байсан цалин нь 601 952 төгрөг, үүнээс 200 000 төгрөгийг дансаар авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасаад, үлдэх 323 452 төгрөг нь зээлэндээ суутгуулсан, 2017 оны 02 сард 829 200 төгрөгийн цалин бодогдож 200 000 төгрөг, 127 396 төгрөгийг 2 удаа цалинд авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасаад үлдсэн 423 304 төгрөгийг зээлэнд суутгуулсан, Энэ мэтээр 2017 оны байдлаар 11 085 541 төгрөгийн цалин авахаас 3 911 060 төгрөгийг цалинд авч 6 089 891 төгрөгийг үндсэн зээлдээ суутгуулсан байгаа. 2018 онд авах ёстой байсан цалин нь 3 374 543 төгрөг, авсан цалин нь 1 672 227 төгрөг, үүнээс зээлдээ 1 324 357 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 246 400 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 131 000 төгрөгийг тус тус суутгуулсан байдаг. Иймэрхүү байдлаар хариуцагч урьдчилж авсан цалингаа суутгуулж, үлдсэнийг нь гар дээрээ авдаг байсан. Гэтэл өнөөдөр нөхөж хийсэн гэрээг үндэслэж мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Октябрийн Гантөмөрөөс 5 669 194 /таван сая зургаан зуун жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж Эрдэнэт орчлон ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 784 729 /таван сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Гантөмөрөөс 105 657 төгрөг гаргуулж “Эрдэнэт орчлон” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамцын давж заалдах гомдолд:  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01090 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт “Эрдэнэт Орчлон” ХХК нь 2013 оны 01 дүгээр сард хашаа байшин авахад нь зориулж 12 700 000 төгрөг, 2014 оны 02 сарын 01 өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 10 сард төгрөг, 2014 оны 12 сард 1 600 000 төгрөг, 2016 оны 04 сард 2 000 000 төгрөг, 20 800 000 нийт төгрөг зээлсэн үүнээс 8 602 542 төгрөг төлж үлдэх 12 197 458 төлөөгүй үүнийг сар бүр төгрөг төлөх дөлөөгүй тохиолдол сар бур 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээгээр 2016 оны 12 сарын 07 өдөр зээлдүүлэгч зээлдэгчид 12 197 458 төгрөг шилжүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулаагүй гэснийг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч тооцооллын хувьд буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь хариуцагч сар бүр авах ёстой байсан цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, зээл 3 төрлийн суутгал хийлгүүлж үлдсэн хэсгийг нь Худалдаа хөгжлийн банкны 458020056 тоот дансаар авдаг байсан. Хариуцагч нь 2017 оны 01 сараас 2017 оны 12 сар хүртэл 11 085 541 төгрөгийн цалин авах ёстой байснаас худалдаа хөгжлийн банкны 458020056 тоот дансаар 3 911 060 төгрөг авсан, Нийгмийн даатгалын шимтгэлд 615 000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 469 500 төгрөг суутгуулсан байна. Авах ёстой байсан цалингаас авсан цалин, нийт суутгалыг хасвал хариуцагчийн 2017 онд зээлд суутгуулсан тооцоо гарах бөгөөд энэ нь 6 089 891 төгрөг болно.

Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл 3 374 543 төгрөгийн цалин авах ёстой байснаас дансаар 1 672 227 төгрөгийн цалин авсан, Нийгмийн даатгалын шимтгэлд 246 400 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 131 001 төгрөг суутгуулсан байна. Авах ёстой байсан цалингаас авсан цалин, суутгалыг хасвал хариуцагчийн 2018 онд зээлд суутгуулсан тооцоо гарах ба энэ нь 1 324 357 төгрөг болно. Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 12 197 458 төгрөгийн  үлдэгдэлтэй байсан боловч 2017 онд 6 089 891 төгрөг, 2018 онд 1 324 357 төгрөгийг зээлдээ суутгуулж 4 783 210 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас 5 669 194 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч 12 197 458 төгрөгийг бүрэн төлж дууссан боловч нэхэмжлэгч түүний цалинг зориудаар дарж өөрсдөө үйлдэх боломжтой санхүүгийн тооцоолол хийж үүнийгээ нэхэмжлэлийн үндэслэл болгож мөнгө шаардаж буй үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Эрдэнэт орчлон” ХХК, хариуцагч О.Гантөмөрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 400 000 төгрөг, хүү 4 200 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч О.Гантөмөр нэхэмжлэгч “Эрдэнэт Орчлон” ХХК-д засалчны ажил эрхэлдэг байсан, 2013-2016 онуудад тус компанаас зээл авч, сар тутмын цалин хөлсөөсөө төлөлт хийдэг байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх48-49/

Хэргийн 7 дугаар талд нэхэмжлэгч О.Гантөмөр хариуцагч “Эрдэнэт Орчлон” ХХК-аас 2013 оны 01 дүгээр сараас эхлэн нийт 20 800 000 төгрөгийн зээл авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 8 602 542 төгрөг төлсөн, зээлийн үлдэлдэл 12 197 458 төгрөгийг сар тутам 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд тохиролцсон агуулга бүхий зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулсан эсэх талаар маргажээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сар тутамд авах цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, зээл, гарт олгогдох цалин зэргийг тооцоолон суутгаж, 8 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарладаг. Хэдийгээр хавтаст хэрэгт хариуцагч О.Гантөмөрийн 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэлх цалингийн хүснэгт, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны гүйлгээний хуулга зэрэг баримтууд байдаг боловч О.Гантөмөр сард хичнээн төгрөгийн цалинтай ажиллаж байсан, үүнээс хэдийг нь зээлд суутган, хэдийг нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, цалин хөлсөнд нь өгснийг тооцоолох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн цалин хөлс, үүнээс суутгах шимтгэлийн дүнг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 700 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                      А.МӨНХЗУЛ