Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00680

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01090 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1103 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.Г-т холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 11 453 923 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г нь “Э” ХХК-д ажиллаж байхдаа 2013 оны 01-р сараас 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 20 800 000 төгрөг зээлсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдөр 25/16ЕО тоот “Зээлийн гэрээ” байгуулсан.

Энэ өдрийн байдлаар 12 197 458 төгрөгийн үлдэгдэлтэй, талууд харилцан тохиролцоод сар болгон 500 000 төгрөг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 2 хувийн хүү төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2017 оны 01-р сард 100 000 төгрөг, 2017 оны 03-р сард 300 000 төгрөг, 2017 оны 04-р сард 250 000 төгрөг, 2017 оны 05-р сард 400 000 төгрөг, 2017 оны 06-р сард 300 000 төгрөг, 2017 оны 07-р сард 400 000 төгрөг, 2017 оны 08-р сард 447 458 төгрөг, 2017 оны 09-р сарын 400 000 төгрөг, 2017 оны 10-р сард 400 000 төгрөг, 2017 оны 12-р сард 400 000 төгрөг, 2018 оны 05-р сард 400 000 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Ингээд үлдсэн 8 400 000 төгрөг, хүү 4 200 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч зээлийн хүүг тооцоолж 2018 оны 06 сарын байдлаар үндсэн зээл 8 400 000 төгрөг, зээлийн хүү 3 053 923 төгрөг, нийт 11 453 923 төгрөг болгон багасгаж О.Гөөс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, хэзээний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. 2013 оны 01-р сард 12 700 000 төгрөг, 2014 оны 02-р сарын 01-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 10-р сар 1 500 000 төгрөг, 2014 оны 12-р сард 1 600 000 төгрөг, 2016 оны 04-р сард 2 000 000 төгрөг, нийт 20 800 000 төгрөг зээлүүлсэн байна. Үүнээс О.Г нь 8 602 542 төгрөг төлж, үлдэх 12 197 458 төгрөгийн хэмжээнд 2016 оны 12-р сарын 07-ны өдөр талууд зээлийн гэрээг нөхөж хийсэн байдаг. Энэ гэрээгээр Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг бодитоор шилжүүлж өгөөгүй. Тэгэхээр 2013, 2014 онд үүссэн зээлийн харилцааг нөхөж хийснээрээ хүү авах эрх үүсэхгүй, энэ гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй.

Хариуцагч нь ажил олгогчоосоо цалингаа урьдчилж авсан, харин зээл аваагүй. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн гэрээг ажилтанд олгох цалинг доош дарж 8 400 000 төгрөгийн өртэй гэж тохируулж бодсон байдаг. Энэ нь 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэлх хугацааны цалингийн хүснэгтийн дэлгэрэнгүй тооцооллоор харагдана. Хариуцагч О.Гийн 2017 оны 01-07 сар хүртэлх хугацааны цалин харьцангүй өндөр буюу 2017 оны 01 сард авах ёстой байсан цалин нь 601 952 төгрөг, үүнээс 200 000 төгрөгийг дансаар авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасаад, үлдэх 323 452 төгрөг нь зээлэндээ суутгуулсан, 2017 оны 02 сард 829 200 төгрөгийн цалин бодогдож 200 000 төгрөг, 127 396 төгрөгийг 2 удаа цалинд авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасаад үлдсэн 423 304 төгрөгийг зээлэнд суутгуулсан. Энэ мэтээр 2017 оны байдлаар 11 085 541 төгрөгийн цалин авахаас 3 911 060 төгрөгийг цалинд авч 6 089 891 төгрөгийг үндсэн зээлдээ суутгуулсан байгаа. 2018 онд авах ёстой байсан цалин нь 3 374 543 төгрөг, авсан цалин нь 1 672 227 төгрөг, үүнээс зээлдээ 1 324 357 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 246 400 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 131 000 төгрөгийг тус тус суутгуулсан байдаг.

Иймэрхүү байдлаар хариуцагч урьдчилж авсан цалингаа суутгуулж, үлдсэнийг нь гар дээрээ авдаг байсан. Гэтэл өнөөдөр нөхөж хийсэн гэрээний дагуу зээл олгосон гэж гэрээг үндэслэж мөнгө шаардаад байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01090 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Октябрийн О.Гөөс 5 669 194 /таван сая зургаан зуун жаран есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 784 729 /таван сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гөөс 105 657 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1103 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж, хэргийн бодит байдалд зөв зүйтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

  1. Ажилтан О.Гийн цалин хөлс, үүнээс суутгах шимтгэлийн дүнг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байх юм. Гэвч О.Г нь 2017 оны 01 сараас 2017 оны 12 сар хүртэл 11 085 541 төгрөгийн цалин авах ёстой байснаас ХХБ-ны 458020056 тоот дансаар 3 911 060 төгрөгийн цалин авч, НДШ-д 615 000 төгрөг суутгуулсан, ХХОАТ-д 469 500 төгрөг суутгуулсан байна. Авах ёстой байсан цалингаас авсан цапин, НДШ, ХХОАТ-н суутгалыг хасвал хариуцагчийн 2017 онд зээлд суутгуулсан тооцоо гарах ба 6 089 891 төгрөг болох юм.
  2. Мөн 2018 оны 01 сараас 2018 оны 05 сар хүртэл 3 374 543 төгрөгийн цалин авах ёстой байснаас ХХБ-ны 458020056 тоот дансаар 1 672 227 төгрөгийн цалин авсан, НДШ-д 246 400 төгрөг, ХХОАТ-д 131 001 төгрөг тус тус суутгуулсан байна. Авах ёстой байсан цапингаас авсан цалин, НДШ, ХХОАТ-н суутгалыг хасвал хариуцагчийн 2018 онд зээлд хэдэн төгрөг суутгуулсан тооцоо гарах ба1 324 357 төгрөг суутгуулсан байна юм.
  3. Хариуцагч нь 2016.12.07-ний өдрийн байдлаар 12 197 458 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч 2017 онд 6 089 891 төгрөг, 2018 онд 1 324 357 төгрөгийг зээлдээ суутгуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар О.Г нь 2017, 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд хэдэн төгрөгийн цалин авч, хэдэн төгрөгийн суутгал хийгдэж байсан болох нь нэхэмжлэгч талын өөрийнх нь нягтлан бодогч Д.Амаржаргалын тооцооллоор нотлогдож байх атал давж заалдах шатны шүүх О.Гийн цалин болон үүнээс хийх суутгалууд тодорхой гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан явдалд гомдолтой байна.

Иймд 2019.6.14-ний өдрийн 1103 тоот магадлалыг хүчингүй болгож, 2019.4.17-ны өдрийн 102/ШШ2019/01090 шийдвэрт өөрчлөлт оруулж, 5 669 194 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч О.Г-т холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 11 453 923 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч О.Гөөс 5 669 194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй...” гэх үндэслэл заажээ.

Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар хариуцагчийн авсан цалин суутгалууд нотлогдож байхад дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

“Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...ажилтан О.Г нь тус компанид ажиллаж байхдаа 2013 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 20 800 000 төгрөгийг зээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөрийг тодорхойлж  25/16EO тоот “Зээлийн гэрээ” байгуулсан. Энэ өдрийн байдлаар 12 197 458 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнээс 8 602 542 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг, хүү 3 053 923 төгрөг, нийт 11 453 923 төгрөгийг гаргуулна...” гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: “...ажил олгогчоос цалингаа урьдчилж авч байсан, харин зээл аваагүй. 2016 оны гэрээгээр гэрээнд заасан мөнгийг аваагүй. Талууд гэрээг нөхөж хийсэн тул 2013, 2014 онд үүссэн зээлийн харилцаанд хүү авах эрхгүй. Ажил олгогч зээлийн төлбөрийг цалингаас суутгаж авч байсан тул гэрээний дагуу зээлийн төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийн ажиллаж байх хугацаандаа 2013 оноос 2016 оны хооронд ажил олгогчоос авсан 20 800 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг 2016 оны байдлаар харилцан тооцож баталгаажуулсан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г үндэслэж, үндсэн зээл, хүүг тооцож нэхэмжилсэн бол хариуцагч нь тус “Зээлийн гэрээ”-ээр гэрээнд заасан мөнгийг бэлнээр аваагүй тул өмнө буюу 2013, 2014 онд авсан мөнгөнд хүү тооцохгүй, түүнчлэн цалингаас суутгасан төлбөрийг бүрэн тооцоогүй байна гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь хэдэн төгрөгийн цалинтай байсан, ажил олгогч зээлийн төлбөрт хэдэн төгрөгийг суутгасан болохыг эргэлзээгүй, үнэн зөв тодорхойлох боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хоорондоо зөрчилтэй баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, улмаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хэрэгт гаргасан ажилтны цалингийн тодорхойлолт, бусад баримт нь хариуцагчаас өөрийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтуудтай нэг агуулгатай атлаа хоорондоо зөрүүтэй байхад хариуцагчийн гаргасан гомдолд үндэслэн хяналтын шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1103 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн гомдлыг хангахгүй орхисгай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД