Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01083

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Нгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.ОюунТ даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/001145 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч П.М, Л.Т нарт холбогдох гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагч нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Анхны зам” компанийн захирал П.М, эхнэр Л.Т нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр хэлцэл хийж, Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Зөвт шим” ХХК-ийн 317 га, 187 га, 128 га, 168 га, 119 га нийт 919 га тариалангийн газар, 1 га үтрэм, техникийн хашааны зориулалттай газар, 12-21 маркийн трактор 1 ширхэг, 2-1 үрлэгч 2 ширхэг, хавагч 1 ширхэг, комбайн 1 ширхэг, тракторын чиргүүл 1 ширхэг, вагончик 1 ширхэг, мотор 1 ширхэг, мотор 220В 1 ширхэг, хор цацагч 1 ширхэг, буудай цэвэрлэгч 1 ширхэг, ангилангийн жатка 1 ширхэг зэрэг тоног төхөөрөмжийн хамт Л.Тт 394 000 000 төгрөгөөр худалдсан. Хэлцэл хийгдэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай компани 350 га талбайн уриншид улаан буудайн тариалалт хийхээр бэлтгэл хийж 10 080 000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд урьдчилгаа төлж шаардлагатай улаан буудайн үр, дизель түлш, хор, ариутгалын бодис зэргийг авч бэлтгэсэн байсан ба хэлцэл хийсний дараагаар П.Мд дээрх зүйлийг шилжүүлэн өгсөн. П.М, Л.Т нар “Зөвтшим” ХХК-ийн эрх шилжүүлсний төлбөр 388 000 000 төгрөгийг Б.Н миний Голомт банкны дансанд шилжүүлсэн. Төлбөрөөс үлдсэн 6 000 000 төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байршуулсан 10 080 000 төгрөг, химийн бодис, бусад зүйлсийн төлбөр 5 000 000 төгрөг нийт 21 080 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард тариа хурааж дууссаны дараа бүрэн төлж барагдуулахаар амаар тохиролцсон. Үүнээс хойш П.М, Л.Т нар төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 21 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нарын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эдгээр эд хөрөнгүүд болон буудай, химийн бодисыг аваагүй. Бидний зүгээс Б.Нтай харилцан тохиролцсны үндсэн дээр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багт байрлах “Зөвтшим” ХХК-ийн эрхийг эзэмшлийн га газрын эрх шилжих гэрээний дагуу худалдан авсан бөгөөд тухайн үед харилцан тохиролцож мөнгийг дансаар шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан 21 080 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Мөнгийг шилжүүлэхийн өмнө бид хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгахад тухайн хөрөнгөд ажиллаж байгаа зүйл байгаагүй тул хүлээлцсэн хөрөнгийн актад байх хөрөнгийг засварлахад зарцуулах тухай харилцан тохиролцож 6 000 000 төгрөгийг үлдээж, нийт 388 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү 6 000 000 төгрөгийг төхөөрөмж засварлах хэрэгцээнд зарцуулсан бөгөөд бидний зүгээс мөнгийг өөр зүйлд зарцуулсан зүйлгүй. Эрх шилжүүлэх гэрээ хийхэд шаардлагатай бүх тохиролцоог хийж эрхийг шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед Тариалан эрхлэлтийг дэмжих санд байршуулсан төлбөргүй болох талаарх баримтыг нэхэмжлэгч бид нарт өгснийг хавтас хэрэгт өгсөн бөгөөд эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардлагатай хөрөнгө, эд материалыг хүлээлцэн авахдаа Эд хөрөнгө хүлээлцсэн актыг талууд үйлдсэн. Энэ актанд буудай, химийн бодис дурдагдаагүй. Бид Б.Нгаас авсан газраас одоог хүртэл ашиг хүртээгүй, энэ газар цаашид ургац гарах эсэх нь тодорхой бус. Б.Н бидэнд ургацгүй газрыг их хэмжээний мөнгөөр зарсан байхыг ч үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч эрх шилжүүлж авахад надад болон П.Мд буудай, химийн бодис авч байгаа, үнийг төлсөн, та нараас авна гэж огт хэлээгүй, бид мэдээгүй. Хүлээлгэн өгсөн хөрөнгө дотор буудай, химийн бодис өглөө гэсэн нэг ч зүйл бичигдээгүй, өөрөө мэдэж байгаа. Хариуцагч нарын тухайд буудай, химийн бодисыг Б.Нас авсан зүйлгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Урианхай овогт Лхагваагийн Таас 6 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Харчин овогт Батсүхийн Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15 080 000 төгрөг, хариуцагч Бөртэ овогт Пүрэвдоржийн Мд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтохын давж заалдах гомдолд:  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01145 шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10 080 000 төгрөгийн тухайд зохигчид 2017 оны 5 дугаар сарын 01 ний өдөр уулзаж “ Зөвтшим ХХК’’-ийг худалдах, худалдан авах тухай ярилцсан. Ингээд хариуцагч П.М нь эхнэр Л.Ттай ярилцаад хариу өгнө гээд явсан. Компанийг худалдаж, худалдан авах нь тодорхойгүй байсан тул нэхэмжлэгч Б.Н тариалалтаа эхлэхээр бэлтгэл ажлаа хийж нийт 350 га газарт улаан буудай тарихаар нийт 55 тн үр, нийлмэл бордоо, түлш, шаардлагатай байсан, ингээд нэхэмжлэгч тэдгээрээс өмнөх жилийн тариалалтаас 40 тн үр үлдсэн байсан тул үлдэх 15 тн үрийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан урьдчилгаа 40 хувь болох 4 980 000 төгрөгийг төлж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Мөн тариалалт хийхэд шаардлагатай байсан дизель түлшийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан урьдчилгаа 50 хувь болох 3 600 000 төгрөгийг төлж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Мөн шаардлагатай байсан нийлмэл бордоог 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувь болох 1 500 000 төгрөгийг төлж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2017 оны тариаланд шаарлагатай үр, түлш, нийлмэл бордоо зэргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 10 080 000 төгрөгийн урьдчилгаа болгон өгч аваад тариалалтаа эхлэх гэж байтал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч П.М Л.Т нарт “Зөвт шим ХХК”-ийг 394 сая төгрөгөөр газар тоног төхөөхөмжийнх нь хамт худалдахаар тохиролцож тус өдрөө гэрээ байгуулсан байна. Хэдийгээр энэ актаар хариуцагч нь нэхэмжлэгчид 9 662 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 420 000 төгрөг нь түлшний зөрүү юм. "Зөвтшим ХХК”-ийн шинэ захирал Л.Т нь компаниа төлөөлөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай харилцаж 2017 онд “Зөвтшим ХХК” Тариалан эрхпэлтийг дэмжих сангаас өмнөх Б.Н захирлын авсан зээлийг үргэлжлүүлэн нийт 65 592 000 төгрөгийн үр, түлш, нийлмэл бордоо зэргийг зээлээр худалдан авч урьдчилгаанд нь 27 103 700 төгрөгийг өгснөөс 10 080 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н өөрөөсөө өгсөн байсан бөгөөд “Зөвтшим ХХК” нь 2017 оны тариалалтаас тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 38 488 300 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдэж 2018 онд “Зөвтшим” ХХК уг зээлээ төлж дуусгасан байсан. Тухайн үед зохигчид нэхэмжлэгчийн бэлтгэсэн талбайд байсан 55тн үр, түлш, нийлмэл бордоо зэргийн талаар тохиролцохдоо өмнөх жилийн тариалалтаас үлдсэн 40 тн үрийг бол хариуцагч П.М Л.Т нар авахгүй гэсэн харин зээлээр авсан байсан шинэ үр болох дархан 144 сортын 15тн үр, 5000 литр түлш, 4 тн нийлмэл бордоо, зэргийн хүлээж аваад урьдчилгаанд нь өгсөн 10 080 000 төгрөгийг 2017 оны тариагаа хурааж аваад тус оныхоо 10 сард нэхэмжлэгч Б.Нд, үлдсэн гэрээнд заасан зээлийн үлдэгдлийг тариалан эрхлэлтийг дэмжих санд тус тус төлөхөөр тохиролцон. Хэдийгээр хариуцагч нар нь тухайн үед авсан бараа материалыг одоо шүүх дээр үгүйсгэж маргах боловч нэхэмжлэгч Б.Нгийн 10 080 000 төгрөг хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үнэхээр хариуцагч нар үр тариа, түлш, нийлмэл бордоо зэргийг аваагүй бол хүний өмнөөс Тариалан эрхлэлтийг дэмжих санд үлдсэн зээлийг төлнө гэж байхгүй. Б.Нгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан үр тариа, түлш, нийлмэл бордоо зэргийн зээлийн үлдэгдлийн хариуцагч нар төлсөн нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагч П.Мы “Зөвтшим ХХК”-ийн 2017 оны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан нийт зээлийг төлж дуусгасан гэх мэдүүлэг, “Зөвтшим” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 38 488 300 төгрөгийн үлдэгдэлтэй тухай баримт, Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгч Б.Нгаас 10 080 000 төгрөгийг үр тариа, түлш, нийлмэл бордооны урьдчилгаа болгон Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлсөн төлбөрийн баримт болох нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэлийн 10 080 000 төгрөгийг үнэ бүхий үр тариа, түлш, нийлмэл бордоог хариуцагч нар нь хүлээж авсан нь эд хөрөнгө хүлээлцэж акт байдаг. Хэдийгээр талууд энэ тэмдэглэлд гарын үсгээ зураагүй боловч тэмдэглэлийг үйлдсэн хариуцагч талын ажилтан болох Х.Гэрэлийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “энэ миний бичиг мөн би энэ тэмдэглэлийг тухайн үөд бичсэн нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Оргилын өмнөх жилийн ургацаас үлдсэн 40 тн хуучин тарианы үрийг ачиж өгсөн харин шинэ ирсэн 15тн үр тариаг үлдээсэн гэх мэдүүлэг, гэрч Зоригтболдын өмнөх жилийн ургацаас үлдсэн 40 тн хуучин тарианы үрийг ачиж өгсөн харин шинэ ирсэн 15тн үр тариаг үлдээсэн гэх мэдүүлэг, 5 000 000 төгрөгийн тухайд 8 ширхэг 1 бүр нь 20 литрийн цагаан савтай тариалангийн талбайн дээрх хог ургамал устгах зориулалт бүхий химийн бодис байсан. Зохигчид энэ химийн бодисыг нийтэд нь 5 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байсан. Химийн бодисыг хариуцагч нарт хүлээлгэж өгсөн болох нь гэрч Г.Оргилын 20 литрийн савтай цагаан өнгийн химийн бодисуудыг бид нар авч явах гээд машин дээр ачиж байтал М ээж 2 ярилцаад, М авъя гэсэн. Ингээд ээж наад савтай химийн бодисоо буцаагаад буулгаад үлдээчих гэсэн тэгээд үлдээгээд явсан үнэ ханшийг нь бол би мэдээгүй гэх мэдүүлэгээр нэхэмжлэл нотлогдож шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Нгийн давж заалдах гомдолд: 2017 оны 05 дугаар сарын эхээр “Зөвтшим” ХХК нь 350 га-д улаан буудайн тариалалт хийхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 24 650 000 төгрөгийн үнэ бүхий 3 гэрээ хийж улаан буудайн үр, түлш, бордоо авч бэлтгэл ажлаа хийж байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Анхны зам” ХХК-ийн захирал П.М, түүний эхнэр Л.Т нартай хэлцэл хийж компаниа зарахаар болсон тул Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан дээрх зүйлсийг П.Мд шилжүүлж өгсөн. Ингээд уг санд төлсөн урьдчилгаа төлбөр 10 080 000 төгрөгийг намар ургацаа хурааж дуусаад буцаан төлөх, үлдэгдэл 14 570 000 төгрөгийг санд төлж барагдуулах хэлцэлтэйгээр үрийн будаа, түлш, бордоог шилжүүлж өгсөн. Ингээд П.М 14 570 000 төгрөгийг төлсөн боловч надад өгөх 10 080 000 төгрөгийг компани худалдаж авснаас хойш ургац аваагүй гэж гомдоллох болсон. Мөн ямар ч хүлээлгэж өгсөн гарын үсэггүйгээр далимдуулан 5 000 000 төгрөгийн химийн бодис авснаа үгүйсгэж худал ярьж байх тул үнэнийг олж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч П.М, Л.Т нарт холбогдуулан гэрээний үүрэгт 21 080 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.Ттай Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зөв шимт” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд Л.Тийг захирлаар бүртгүүлэн, 11 нэр төрлийн хөрөнгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч 388 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хх5, 8-10, 104/

 

Хэргийн 9 дүгээр талд авагдсан “Зөвт шим” ХХК-ийн эд хөрөнгө хүлээлцэх актад нэхэмжлэгч нь трактор 1221 марк-1 ширхэг, 2,1-ийн үрлэг-2 ширхэг, хавагч-1 ширхэг, комбайн-1 ширхэг, тракторын чиргүүл-1 ширхэг, контейнер-1 ширхэг, ажилчдын зөөврийн сууц-1 ширхэг, хор цацагч-1 ширхэг, буудай цэвэрлэгч-1 ширхэг, мотор /220В/-1 ширхэг, ангилангийн жатка-1 ширхэг эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зааж, уг баримтад нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.Т нар гарын үсэг зурсан байна.

 

Нэхэмжлэгч нь “.., хариуцагчтай “Тариалан эрхлэлтийг дэмжих санд байршуулсан 5 000 литр түлшний урьдчилгаа төлбөр, үрийн буудай, ургамал хамгааллын бодист нийт 10 080 000 төгрөг, химийн бодист 5 000 000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 6 000 000 төгрөг нийт 21 080 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард тариа хурааж дууссаны дараа бүрэн төлж барагдуулахаар амаар тохиролцсон” гэж тайлбарласан бөгөөд үүнээс төлбөрийн үлдэгдэл 6 000 000 төгрөг төлөөгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Хариуцагч дээрх 6 000 000 төгрөгийг тоног төхөөрөмжийн доголдлыг арилгахад зарцуулсан гэдэг боловч уг дүнг засвар үйлчилгээнд зарцуулахаар талууд тохиролцсон гэх баримтгүй байна. /хх6-7, 78, 83, 92/

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2017 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 15 тн үр тариа, тэжээлийн үр, 4 тн нийлмэл бордоо, 5 000 литр түлш худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байх боловч дээрх гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн баримтгүй байна. Зохигчдын байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч буюу нэхэмжлэгч нь 12 300 000 төгрөгийн хөрөнгөтэй, 1 хувьцаа эзэмшигчтэй “Зөвтшим” ХХК-ийг 100 хувь шилжүүлэх, эрх хүлээн авагч буюу хариуцагч нь 394 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх78,83,92/

 

Энэхүү хэлцлийн хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчид үрийн буудай, химийн бодис, түлш зэргийг шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар талууд маргаантай байна. Хэрэгт зөвхөн “Зөвтшим” ХХК-ийн эд хөрөнгө хүлээлцэх жагсаалт гэх баримт л авагдсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын өөрсдийн шаардлага, үндэслэлд хамаарах маргааны үйл баримтыг нотлохоор асуулгасан У.Зоригтболд, Х.Гэрэл, Ж.Батдорж, Г.Оргил нарын мэдүүлгээр үр тариа, ургамал хамгааллын бодис, бордоо, түлш зэргийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. /хх108, 141-142, 162/

 

Нэхэмжлэгч компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээгээ үндэслэн хариуцагч талаас буудай, химийн бодис, түлшний үнэ 15 080 000 төгрөг шаардах үндэслэлгүй, гэрээний үнээс гадна эд хөрөнгө шилжүүлэх, үнийг төлөх талаар талууд тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Харин шүүх хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан талаар гомдлын шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/001145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТ

 

     ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                  А.МӨНХЗУЛ