Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01081

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Т.Бгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00644 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б хариуцагч Ц.Бд холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 350 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Ц.Бд Их тэнгэр дунд талд байрлах аялал жуулчлалын зориулалттай 5,5 га талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байдаг гэдгийг хүнээс олж мэдээд Ц.Бтай уулзаж уг газрыг худалдаж авах хүсэлттэй байгаа тухайгаа хэлэхэд надад тийм газар байгаа гэхдээ нэр нь манай эхнэрийн дүү болох Б.Сайнбаяр гэдэг хүний нэр дээр байдаг уул газар нь миний юм байгаа юм гэж хэлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 20-нд надад 5.5 га газрыг худалдахаар болсон. Уг газрын төлбөрт “Хөрш заан” хотхонд байрлах 3 өрөө байр, бэлнээр 350 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Бид 350 000 000 төгрөгийн 280 000 000 төгрөгт нь 09-09 УБЯ улсын дугаартай Range Rover маркийн машин өгөх, үлдсэн 70 000 000 төгрөгийг нь бэлнээр тохиролцсон. Миний бие уг газрын төлбөрт “Хөрш заан” хотхонд байрлах 3 өрөө байр, 280 000 000 төгрөгийн үнэ бүхий 09-09 УБЯ улсын дугаартай Range Rover маркийн машин болон 70 000 000 /өөрийн River Garden хотхонд байрлах байрны гадаа Ц.Б нь эхнэрийн хамт ирж авсан/ төгрөгийг бэлнээр Ц.Бд шилжүүлж өгсөн. Гэвч Ц.Б нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй удсан. Гэвч худалдаж авахаар тохирсон 5.5 га газрын гэрчилгээ нь өөр этгээдийн нэр дээр давхардаж олгогдсон байсан учир миний нэр дээр шилжүүлж чадахгүй байсан гэдгийг нь би сүүлд мэдсэн. Уг газрыг худалдаж авахаа больж газрын төлбөрт өгсөн 3 өрөө байраа буцааж авсан ба үлдсэн 350 000 000 төгрөгийг Ц.Б заанаас буцаан авах гээд өгч чадахгүй байсаар байсан. Иймд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Ц.Б нь намайг залилан тухай өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн.

Хэргийг шалгах явцад Ц.Б нь надаас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахыг удаа дараа гуйж байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ц.Б нь 350 000 000 төгрөгийн төлбөрөө 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор сарын 2.5 хувийн хүүтэйгээр надад төлж барагдуулах тухай өөрийн гарын үсэг бүхий баримт үйлдэж өгсөн тул миний бие гомдлоо татаж авсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 26 тоот тогтоолоор уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэлээр Ц.Бы уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагавар болох 350 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Т.Б, Д.Батбаяр нар 2014 оны 3 дугаар сард манай гэр бүлийн зуслан болох “Өгөөмөр” зусланг худалдан авья гэсэн санал тавиад очиж үзсэн байдаг бөгөөд уг зусланг 2.5 тэрбумаар худалдахаар болж амаар тохиролцоод дээрх мөнгөндөө “Хөрш заан” хотхонд байрлах 6 байр мөн автомашин өгөхөөр болсон. Гэтэл Т.Б Зайсан Их тэнгэрийн аманд байрлах манай эхнэрийн дүүргийн нэр дээр байх 5.5 га газрын талаар мэдэж, уг газрын талаар надаас тодруулж асуухад нь тэр газрын гэрчилгээ нь над дээр байсан тул үзүүлээд дүү Сайнбаяртай уулзуулахад бид “Өгөөмөр” зусланг чинь авахаа больё, харин дүүгийн чинь нэр дээр байгаа газрыг авья гээд бичиг баримтыг нь авч яваад Их тэнгэрийн аманд байрлах газрын үнэнд Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө нэг байр, бэлнээр 70 000 000 төгрөг, 09-09 дугаартай Ренж ровер маркын автомашин өгье гэсэн саналыг 2014 оны 12 дугаар сард тавьсан. Тэгээд бид харилцан тохиролцоод дээрх санал тавьсан зүйлсийг миний бие хүлээн авсан. Ингээд дээрх 3 өрөө байрыг аваад хүү Тэмүүлэндээ шилжүүлсэн бөгөөд байрыг нь 200 000 000 төгрөгт үнэлсэн байсан тул өөрийн дүү Сайнбаярт бэлэн мөнгө болох 70 000 000 төгрөгийг нэмээд нийт 270 000 000 төгрөгийг өгсөн. Харин автомашины хувьд японоос ирэх хүртлэх хугацаанд та хэрэглэж бай гэсэн тул би захиран зарцуулж байсан. Үнэ хөлсөө тохироод газраа худалдсан гэж ойлгож байсан учраас тухайн газар дээр хашаа баригдсан байхаар нь Д.Батбаярыг л ажлаа эхэлсэн юм байна гэж бодоод нэг тараахдаа танайх барилгаа эхэлж байгаа юм уу гэтэл үгүй ш дээ очиж амжаагүй байна гэсэн. Тэгэхээр нь юун хашаа баригдаад байгаа талаар лавлахад “Эм Ти Эс” ХХК гэх компани хашаа барьсан байдаг бөгөөд энэ компанид гэрчилгээг давхцуулан өгсөн байсныг мэдээд “Дархан цаазат Богд уулын захиргаа”-нд хүсэлт гаргаж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа болно.

Энэ асуудлыг Д.Батбаяр, Т.Б нар маш сайн мэдэж байсан тул уг газрынхаа асуудлыг өөрсдөө шийдэхээр боллоо гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэвч ерөөсөө ажил хэрэг болгоогүй байсан, харин ч намайг эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаад гарч ирэх үеэр дээрх гар бичмэлийг хийлгэсэн бөгөөд газрын асуудлыг та хөөцөлдөөд бүтчих юм бол энэ мөнгөний асуудлаа зогсооё гэхээр нь би уг газартай холбоотойгоор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд урьдчилан шийдвэрлүүлэх үндэслэлээр дүүгийн нэрээр гомдол гаргасан байгаа болно. Дээрх газрын асуудал биднээс үл хамаарах үндэслэлээр маргаан үүссэн учраас газартай холбоотой маргаан нь нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтойг мэдээд ер нь бид гомдол саналаа татья гээд 2016 оны 9, 10 сарын үед Д.Батбаяр намайг дуудаад манай эхнэртэй хамт уулзъя танд баримт гаргаж өгье гээд эхнэрийнх нь студи дээр очиж баталгаа гэх баримтыг авсан. Дээрхи баталгаагаар дахин энэ асуудлаар мөнгө төгрөг, машин тэрэг нэхэхгүй талаар өөрсдөө сайн дураар бичиж өгч улмаар Баясгалангийн гаргасан гомдолтой надад холбогдох үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болсон. Иймд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Баас 350 000 000 /гурван зуун тавин сая/ төгрөгийг гаргуулж, Т.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 907 950  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 907 950  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ц.Бы давж заалдах гомдолд:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх гэрээнээс татгалзах эрхийг наг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч эрхйин зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичигийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул ... гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, үндэслэл муутай дүгнэлт болсон гэж үзэх бөгөөд хэргийн бодит байдлыг гуйвуулан тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн.

Нэхэмжлэгч тал дээрх худалдан авч байгаа газрыг маргаантай байгааг мэдэж байсан төдийгүй маргаан нь сайнаар шийдэгдэх боломжтой гэдгийг ч мэдэж байсан нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлэгт “Ц.Быг авсан зүйлээ аваагүй” гээд байгаа гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан баталгаа гэх баримт нь цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсанаас хойш хийгдсэн, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байсан баримт бөгөөд уг баталгаа гэх баримтаас өмнөөс хийгдэж байсан төлбөрийн баримтыг гаргаж ирснийг үгүйсгэсэн баримт гаргасан байхад шүүхэд хэт өрөөсгөлөөр хандаж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Мөн хуулийг буруу тайлбарлана хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 644 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Ц.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 350 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2014 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Т.Б Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Их тэнгэрийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 5,5 га талбай бүхий газрыг хариуцагч Ц.Баас худалдаж авахаар тохиролцож, түүнд газрын төлбөрт Хан-Уул дүүрэгт байрлах Хөрш заан хотхоны 3 өрөө орон сууц, Рэнж ровер маркийн автомашин, 70 000 000 төгрөг бэлнээр өгсөн, талууд энэ талаар маргаагүй байна. /1хх203-204/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ байгуулагдсан байна. Мөн хуулийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил хэрэглэгдэнэ.

 

Энэхүү гэрээний үүргийг худалдагч тал биелүүлсэн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрч талуудын хооронд маргаантай асуудал байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хэргийн 160 дугаар талд иргэн Б.Сайнбаярт 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын 5,5 га талбайг аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглахыг зөвшөөрсөн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрчилгээ” авагдсан байх ба 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл газар ашиглах эрхийг нь сунгажээ.

 

Иргэн Б.Сайнбаяр 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Ц.Бд маргаан бүхий газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, худалдахтай холбоотой гэрээ хэлцэл байгуулах, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна. Түүнчлэн Б.Сайнбаяр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “ ... тухайн үед Ц.Б ахад энэ газар дээр хөрөнгө оруулагч юм уу, хамтарч ажиллах хүн олоод аялал жуулчлалын амралтын газар нээе гэж хэлсэн. Ингээд түүнд итгээд итгэмжлэл хийлгэн газрын гэрчилгээгээ өгсөн. Ц.Б уг газрыг бусдад зарж борлуулсан талаар би мэдэхгүй ..,” гэх агуулгатай мэдүүлэг өгснөөс үзэхэд хариуцагч Ц.Б газар эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. /хх75, 174/

 

Тухайн газар нь эзэмшлийн хувьд маргаантай байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “ ... иргэн Б.Сайнбаяр, “М Ти Эс” ХХК-ийн хооронд газар ашиглалттай холбоотой маргаан үүссэн тул шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлэгдтэл газар ашиглахтай холбоотой аливаа ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдье” гэх албан бичиг хэргийн 78 дугаар талд авагдсан байна.

 

Хариуцагч нь гэрээний дагуу газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй байх ба шүүх гэрээнээс татгалзах эрхтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заасныг баримтлан хариуцагчаас 350 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Гэрээ хийгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагчийн хувьд гэрээнд заагдсан, гэрээгээр тохирсон гэж үзэж байгаа газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байдал зэргээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагчийн хувьд одоо гэрээний зүйлийг шилжүүлж өгөх боломжтой гэж тайлбарлах боловч энэ нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

70 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй, автомашины үнийг талууд тодорхой тохирсон зүйл байхгүй боловч хэргийн 4 дүгээр талд хариуцагчийн нэхэмжлэгчид бичиж өгсөн “ ... үлдэгдэл төлбөр 350 000 000 төгрөгийг хүүтэй нь өгөх болно ..,” гэсэн агуулга бүхий баримт байна. Үүнээс үзэхэд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийн үнэ, буцааж өгөх төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжтой байх тул хариуцагчаас 350 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.

 

            Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4818 дугаар захирамжаар хариуцагч Ц.Бы давж заалдах гомдолд төлөх 1 907 950 төгрөгийг энэхүү магадлалыг гаргах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх216/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00644 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 1 907 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                  А.МӨНХЗУЛ