Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00847

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 06 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00847                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ба /РД: /-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэг 350 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Ц.Ба, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн даргаар П.Отгон нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Т.Бгийн нэхэмжлэлд дурдсанаар Ц.Ба гэж хүнийг зүс таних бөгөөд түүнд Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн амны дунд байрлах аялал жуулчлалын зориулалттай 5.5 га бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байдаг гэдгийг н.Жаргалсайхан гэж хүнээс олж мэдсэн. Улмаар Ц.Батай уулзаж уг газрыг худалдан авах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд надад энэ газар байгаа. Манай эхнэрийн дүү Б.Сайнбаярын нэр дээр байгаа ч миний газар гэж хэлснээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө орон сууц, мөн дээрээс нь 350 000 000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байсан ч 350 000 000 төгрөгийн 280 000 000 төгрөг нь 09-09 УБЯ улсын дугаартай Range rover маркийн машиныг өгөхөөр, үлдэх 70 000 000 төгрөгийг нь бэлнээр өгөхөөр дахин тохиролцсон. Тухайн үед бичгээр гэрээ байгуулах гэтэл Ц.Ба нь би бөх хүн, чиний нөхөр ч бөх хүн тиймээс надад итгэ гэх мэт зүйл ярьж байгаад гэрээ байгуулаагүй, аман хэлцэл хийсэн байдаг. Үүнийхээ дагуу Т.Б нь Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө орон сууц, 09-09 УБЯ улсын дугаартай Range rover маркийн машин, үлдэх 70 000 000 төгрөгийг бэлнээр тус тус хүлээлгэн өгсөн. Гэтэл газрын гэрчилгээ гарахгүй удаж байсан тул Ц.Бааас асуухад угаасаа удаан шийдвэрлэгддэг гэж тайлбарлаж байсан ч тухайн газар нь өөр иргэний нэр дээр давхцаж олгогдсоны улмаас гэрчилгээ гарахгүй байсныг нь хожим мэдсэн. Тиймээс гэрээний дагуу түүнд хүлээлгэж өгсөн 3 өрөө орон сууцаа буцааж авсан. Үлдэх Range rover маркийн машин, 70 000 000 төгрөгийг өгч чадахгүй байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байтал Ц.Ба нь гомдлоо татаж аваач гэж гуйж байгаад 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 350 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.5 хувийн хүүтэй нь хамт төлж барагдуулна гэж өөрийнхөө гараар бичиж өгсөн тул нэхэмжлэгч гомдлоо татаж авсан байдаг. Гэтэл Ц.Ба нь өнөөдрийг хүртэл 350 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 350 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Бааас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би анх Т.Бгийн нөхөр Кёкүшюүзан Д.Батбаяртай уг газрын талаар ярилцаж 550 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож байсан.  550 000 000 төгрөгт 3 өрөө орон сууц, Range rover маркийн машин, үлдэх мөнгө буюу 70 000 000 төгрөгийг бэлнээр өгнө гэж тохирсон. Үүний дараа Т.Б надтай ирж уулзаад энэ асуудлыг би хөөцөлдөж зохицуулна. Гэрчилгээ шилжүүлэх асуудлыг ч бид зохицуулна. Харин та дүүгээсээ итгэмжлэлээ авчих гэж байсан. Тухайн үед би эрүүгийн хэрэгт холбогдож хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад гарч ирсэн. Би өөрийнхөө зүгээс шалтгаалах зүйл буюу итгэмжлэлээ аваад өгчихсөн байсан тул тэр асуудлыг тэгээд болчихсон гэж бодож байтал суллагдаад хэдхэн хонож байхад Т.Б ирж уулзаад авсан өгсөнөө буцаана гэх мэт зүйл ярьж байсан тул 3 өрөө байрыг нь хүлээлгэж өгсөн. Үүний дараа Т.Б баталгаа болгож өгсөн авсанаа бичиж өг гээд байсан тул би эхнэрийн хамт очиж 350 000 000 төгрөгийг хүү болох 2.5 хувийн хамт төлнө гэж бичиж өгсөн. Энэ явдал болсны дараа би Кёкүшюүзан Д.Батбаяртай уулзаж өөрсдөө газрыг хөөцөлдөж авна, болно гэчихээд намайг ийм асуудалтай байхад яаж байгааг нь асуухад 3 өрөө орон сууцаа авсан тул үлдэх 350 000 000 төгрөгөө авахаа больё гэж хэлээд өр авлагагүй гэсэн бичиг үйлдсэн. Тухайн үед би Дархан цаазат Богд уулын захиргаанд өргөдөл гаргасан байсан. Миний өргөдлийн хариу болгож танай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад өөр этгээдэд давхацуулан олгосон нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс танай газар дээр нөгөө эзэмшигчийн үйл ажиллагаа эхэлсэн байгааг зогсоох нь зүйтэй гэсэн хариу өгч манай газар дээр барилгын үйл ажиллагаа эхэлсэн байсан компанийн үйл ажиллагааг зогсоосон. Үүний дараа Т.Б, Кёкүшюүзан Д.Батбаяр бид гурав уулзаж албан ёсоор 350 000 000 төгрөгөө авахаа больё гэж тохиролцоод Т.Б бид хоёр гарын үсэг зурж өр төлбөргүй, 350 000 000 төгрөгөө авахаа больж надад баталгаа бичиж өгсөн. Гэтэл өнөөдөр энэ үйл явдлаас өмнө миний бичиж өгч байсан баримтад үндэслэн нэхэмжлэл гаргасан байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2014.11.20-ний өдөр Их тэнгэрийн аманд байрлах 5.5 га газрыг худалдан авахаар тохиролцсон, газрын төлбөрт өгсөн Range Rover маркийн машины үнэ 280,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 70,000,000 төгрөг нийтдээ 350,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Бааас гаргуулахаар шаардсаныг хариуцагч “хоорондын тооцоо дууссан” гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Т.Б, Ц.Ба нарын хооронд газар  худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч газрын үнэд Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө орон сууц, бэлнээр 70,000,000 төгрөг, Range Rover маркийн машины үнэ 280,000,000 төгрөгт тооцож хүлээн авсан талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д  “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Талуудын тайлбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан 2016.01.12-ны өдрийн Т.Бгийн гомдол, хохирогчийг болон сэжигтэнийг байцаасан тэмдэглэл зэргээс үзэхэд Т.Б, Ц.Ба нар тухайн газрын үнийг 550,000,000 төгрөгөөр тохирч, хэлэлцэн тохирсон үнэд /3 өрөө орон сууц, автомашин, бэлэн мөнгө/-ийг нэхэмжлэгч нь шилжүүлсэн, тухайн газрын гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг эх хувиар нь хариуцагч хүлээлгэн өгсөн байна.

Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Т.Бг хохирогчоор байцаасан 2016.02.03-ны тэмдэглэлээс үзэхэд “...тухайн газар нь Ц.Баы эхнэрийн дүү Б.Сайнбаярын нэр дээр гэрчилгээтэй, газрын хэмжилт хийлгэхэд кадастрын зурагтай тохирч байсан, 2015 оны 11 сард газар худалдаж авахаас татгалзсан, 2015.12.31-ний дотор мөнгө буцааж өгөөгүй тохиолдолд хүү тооцохоор тохирсон” талаар мэдүүлсэн байна.

Тухайн газар нь эрхийн зөрчилтэй байсны улмаас зохигчдын хооронд маргаан үүссэн байх бөгөөд Их тэнгэрийн аманд байрлах 5.5 га газрын ашиглалтай холбоотой иргэн Б.Сайнбаяр болон М Ти Эс ХХК-ийн хооронд маргаан үүссэн, уг маргааныг шийдвэрлэтэл газар ашиглалтай холбоотой аливаа үйл ажиллагааг явуулахгүй байхыг 2 талд мэдэгдсэн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015.11.05-ны өдрийн 716 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Ц.Ба шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...газрын маргаан нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтойг мэдээд 2016 оны 9, 10 сарын үед Д.Батбаяр намайг дуудаад эхнэрийнхээ студи дээр очоод баталгаа гэх баримтыг авсан. Энэ баталгаагаар дахин энэ асуудлаар мөнгө төгрөг, машин тэрэг нэхэхгүй талаар өөрсдөө бичиж өгч, улмаар надад холбогдох үйлдэл хэрэгсэхгүй болсон” гэжээ.

Т.Бгийн 2016.01.12-ны өдрийн гомдлоор Ц.Бад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан байх бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017.01.23-ны өдрийн 26 дугаар Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд “...Ц.Ба нь 2014.11.20-ний өдөр Их тэнгэрийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 5.5 га талбай бүхий газрыг зарна гэж Т.Бгаас автомашин, орон сууц, 70,000,000 төгрөг залилж авсан гэх хэргийг шалгаад иргэний эрхзүйн маргаанаас үүдэлтэй болох нь тогтоогдсон” гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бад холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгожээ.

Уг “Баталгаа” гэх Т.Б, Ц.Ба нарын гарын үсэг бүхий бичгийн баримтад “Т.Б миний бие Заан Батай харилцан иргэний эрх зүйн хүрээнд УБЯ 09-09 улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин болон бэлэн 70 сая төгрөгтэй холбоотой асуудлын талаар дараах байдлаар харилцан тохиролцож байна. Их тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалттай 5.5 га газрын асуудал шийдэгдэж харилцан тохиролцсон тул УБЯ 09-09 улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин болон бэлнээр өгсөн 70,000,000 төгрөгийг буцаан авахгүйгээр тохирч, улмаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдолоосоо татгалзаж байна. Бидний хооронд хийгдсэн энэхүү тохиролцоо хэн нэгний нөлөөнд автаагүй өөрийн хүслээр бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд Т.Б, Ц.Ба нар хоорондоо иргэний эрх зүйн хүрээнд тохирсоныг “баталгаа”-нд дурдсан, мөн тэдний хоорондын асуудлыг иргэний эрхзүйн маргаанаас үүдэлтэй болох нь тогтоогдсоныг прокурорын тогтоолд тусгасан байдлаас үзэхэд тухайн үед талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлдээ “...Ц.Ба өөрийн гарын үсэг бүхий баримт үйлдэж өгсөн тул гомдолоо татаж авсан” гэж дурдсан байх боловч Ц.Баы гарын үсэг бүхий 2016.05.11-ний өдрийн хүсэлтээс үзэхэд “...төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болох 350 сая төгрөгийг 2016.07.30-ны дотор сарын 2.5 хувийн хүүтэйгээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тул над дээр байгаа гомдолыг татаж өгнө үү” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Гэхдээ өөрийн шаардлага, тайлбарыг нотолно гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд заагдсанаар зүй ёсны болохыг батлах ёстой боловч нэхэмжлэгч Т.Б нотолж чадаагүй гэж шүүх дүгнэлээ.

Т.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, хохирогчоор байцаагдсан тэмдэглэлүүд зэргээс үзэхэд гэрээнээс татгалзсан болон хариуцагчтай харилцан тохиролцсон гэх хугацаа зөрүүтэй, цаг хугацааны хувьд Ц.Баы 2016.05.11-ний өдрийн хүсэлт нь прокурорын тогтоолын үндэслэл болсон гэж үзэхэд эргэлзээтэй, тогтоолд энэ талаар дурдаагүй, мөнгөний хүү тооцох талаар 2015 оны 12 сард  яригдаж байсан  байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.

Гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд талуудын хооронд “баталгаа” гэх баримт үйлдэгдсэнээс хойш нэхэмжлэгч Т.Б татгалзах тухай мэдэгдсэн эсэх, нөгөөтэйгүүр хариуцагч газар худалдах, худалдан авах талаар анх Т.Бгийн нөхөр Кёкүшюүзан Д.Батбаяртай ярилцсан гэх тул гэр бүлийн хүмүүсийн хэн нь хариуцагч Ц.Батай дээрх хэлцлийг хийсэн болон Д.Батбаярын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,907,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагч Ц.Баы эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.05-ны өдрийн  01786 дугаар шүүгчийн захирамжийн 3,4 дэх заалтын үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бааас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 350,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн  Т.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,907,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.05-ны өдрийн 01786 дугаар шүүгчийн захирамжийн 3,4 дэх заалтын үйлчлэлийг дуусгавар болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ