Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01064

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Ш.Мы нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01010 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.М, хариуцагч “Н” ХХК-д холбогдох гэм хорын хохирол, өмгөөлөгчийн болон нотариатын зардалд 5 580 627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Увш овогт Батжаргалын Мөнхбатыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1803000000285 дугаартай хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.М надад торгох ялаар шийтгэгдсэн Б.Мөнхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 4 113 527 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон иргэний нэхэмжлэгч Ш.М би өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүгдэгч Б.Мөнхбат нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 600000 төгрөгийг хохиролд тооцон нөхөн төлсөн. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь "... Хохирогч Ш.Мд учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтууд болох томографийн зураг авахуулсан 85 000 төгрөг, Люкс мед эмнэлэгт үзүүлсэн 210 000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47 000 төгрөг, эмчилгээний зүйлсийн үнэ 108 500 төгрөг нийт 450 500 төгрөг тогтоогдож байна гэж үзсэн. Эрүүгийн 1803000000285 дугаартай хэрэгт явагдсан мөрдөх ажиллагаагаар “НЭМ санхүүгийн групп” ХХК нь Б.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан 1460 УНП улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины хууль ёсны өмчлөгч болохыг нотолж, тогтоосон байдаг. Нэгэнт Б.Мөнхбат нь “НЭМ санхүүгийн групп” ХХК-ийн өмчлөлийн автомашин жолоодож яваад Ш.М намайг мөргөж, эрүүл мэндийг маань хохироосон тул “НЭМ санхүүгийн групп” ХХК-аас гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй орхигдсон 513 527 төгрөг, Эрүүгийн 1803000000285 дугаартай хэрэгт оролцон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалан ажилласан өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөг, энэхүү нэхэмжлэлд хавсаргасан баримтат мэдээллүүдийг цуглуулах, нотариатаар гэрчлүүлэхэд зарцуулсан 52 500 төгрөгийн зардал, мөн иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлс нийт 5 566 027 төгрөг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан зарим нотлох баримт шаардлага хангахгүйгээс дахин шүүхийн тамгын газраас нотлох баримт хуулбарлаж авахад гарсан зардал 14 600 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн нийт шаардлагад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмнэлгийн магадлагаагаар 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг оролцуулсан хугацаагаар албан ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас авч чадаагүй цалин хөлсний зөрүү 430,407 төгрөг, автомашинд мөргүүлэн газар унах үед халцарч урагдсанаас цаашид эдлэх боломжгүй болсон өмд, хүрэмний хослолын үнэ 200 000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан дүрс бичлэгийг хуулбарласан DVD, түүний гаднах хайрцгийн үнэ 11 220 төгрөг, гэрэл зургуудыг угаалгахад зарцуулагдсан 10 400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд хураалгасан төлбөрийн 8 000 төгрөг, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны гаднах төлбөртэй зогсоолд хураалгасан төлбөрийн 3 000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн хөлс 3 000 000 төгрөг нийт 3 663 027 төгрөг болсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхбатаар ... эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүнээс шалтгаалсан хүндрэлүүдийг оношлуулах, эмчлүүлэхэд зарцуулагдсан төлбөрийн 450 500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж харин ойлгомжгүй үндэслэлээр 3 663 027 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, арилгуулахтай холбогдсон шийдвэрийг гаргахаас татгалзсан. Ялтан Б.Мөнхбат нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад 600 000 төгрөгийг хохиролд тооцон нөхөн төлснөөс шүүхийн хангаж шийдвэрлэсэн 450 500 төгрөгийн зөрүү 149 500 төгрөгийг хасаж шийдвэрлэгдээгүй үлдсэн 3 513 527 төгрөгийг иргэний журмаар шаардлага гаргасан. Иймд нийт 5 580 627 төгрөгийн хохирлыг “НЭМ санхүүгийн групп” ХХК-аар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч “Нэм Санхүү групп” ХХК нь иргэн Б.Мөнхбаттай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17/1111 тоот Зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийн зээлийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. 17/1111 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 14-60 УНП улсын дугаартай, Тоуоtа Prius 30 маркийн ZVW30-5007123 арлын дугаартай автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн фидуцийн гэрээгээр барьцаалсан болно. Иргэний Хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-д заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн тухайн үеийн эзэмшигчийг өмчлөгч гэж заасан байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл буюу автомашиныг эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа хүн нь Б.Мөнхбат юм. Тус “НЭМ Санхүү групп” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/1111 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14-60 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалсан гэдэг нь баримт нотолгоо, бичиг баримтаар тогтоогддог. Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.13-д Үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б.Мөнхбат нь ....Фидуцийн зүйлийг эзэмшиж ашиглах хугацаанд гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг бүрэн хариуцах. нөхөн төлөх гэж заасны дагуу тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдал, бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг НЭМ Санхүүгийн групп ХХК-д хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцна гэж тохиролцсон. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан үед тээврийн хэрэгсэлийн жолооч, зээлдэгч Б.Мөнхбат нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар актыг зөрчсөн үйлдлээс учирсан гэм хорын хохиролыг Б.Мөнхбат хариуцан төлөх үүргийг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл “НЭМ Санхүү групп” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш.Мд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хорын хохирол учруулаагүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна. Манай компани нь фидуцийн гэрээний дагуу дээрх осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгч буюу Б.Мөнхбатын эзэмшил, ашиглалтад байсан учир Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар “НЭМ Санхүүгийн групп” ХХК нь эзэмшигч гэж үзэх боломжгүй юм. Барьцааны үед гаргасан хохирлоо барьцаалуулагч нь өөрөө хариуцан арилгах ёстой байдаг бөгөөд нэхэмжлэгчид учирсан зам тээврийн ослын үеийн гэм хорын хохиролд манай компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, ямар нэгэн хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НЭМ санхүүгийн групп” ХХК-д холбогдох гэм хорын хохирол болон өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал 5 580 627 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Мөнхбулганы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Маас улсын тэмдэгтийн хураамжид 104240 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, шинжээчийн зардалд 30 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадасын давж заалдах гомдолд:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Увш овогт Батжаргалын Мөнхбат /РД:ӨВ76090115/ нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07:45 цагийн орчим 1460УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодож яваад Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших “Нарру саг” нэртэй угаалгын газрын хойд талын автозамын явган зорчигчийн гарцан дээр Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Мөнхбулган /РД:АЭ88110199/-ыг мөргөж, эрүүл мэндийг нь хохироосон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батжаргалын Мөнхбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000.00 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Б.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан 1460УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашины хууль ёсны өмчлөгч нь НЭМ санхүүгийн групп ХХК байсан бөгөөд НЭМ санхүүгийн групп ХХК болон Увш овогт Батжаргалын Мөнхбатын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр байгуулагдсан гэрээгээр “НЭМ санхүүгийн групп” ХХК нь өөрийн өмчлөлийн автомашиныг Батжаргалын Мөнхбатад ашиглуулахаар шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Ш.М нь Б.Мөнхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо “НЭМ санхүүгийн групп” ХХК-аар арилгуулах эрхтэй, НЭМ санхүүгийн групп ХХК өөрийн томилсон 1460УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашиныг нь ашиглагч Б.Мөнхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас Ш.Мд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн байдаг. Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл”-ийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан болно. “НЭМ санхүүгийн групп” ХХК нь Увш овогт Батжаргалын Мөнхбаттай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр байгуулсан Фидуцийн гэрээний 2.2.13-т заасан үндэслэлээр өөрт учирсан хохирлыг уг гэрээний “Үүрэг гүйцэтгэгч” тал болох Батжаргалын Мөнхбатаас гаргуулан авах бүрэн боломжтой. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01010 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Мөнхбулганы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Ш.М хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, өмгөөлөгчийн болон нотариатын зардалд 5 580 627 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх133-134/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мөнхбатыг .., хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, Б.Мөнхбатын осол болох үед ашиглаж байсан автомашин нь “Н” ХХК-ийн өмчлөлд байдаг ..,” гэж тайлбарлажээ. /хх1/

 

Иргэн Б.Мөнхбат 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 07 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Happy car” нэртэй авто угаалгын газрын арын замд 14-60 УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ш.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 800 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн болох нь хэргийн 4-9 дүгээр талд авагдсан шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

Хариуцагч “Н” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Мөнхбат 14-60 УНП улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг барьцаалан 8 000 000 төгрөг, сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, фидиуцын гэрээний үндсэн дээр уг автомашины өмчлөгчөөр “Н” ХХК бүртгэгджээ. /хх23, 72-75/

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна.

 

Хариуцагч компанийн хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийг шилжүүлж авсан этгээд болно. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бодитойгоор эд хөрөнгө буюу автомашиныг гаргуулан авч өмчлөгч буюу эзэмшигч болоогүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан өмчлөгч гэж үзэхгүй.

 

Осол болох үед автомашин Б.Мөнхбатын эзэмшилд байсан, талуудын хоорондын зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт гэрээний хугацаанд уг тээврийн хэрэгслээр зээлдэгч бусдад хохирол учруулсан бол фидуцийн гэрээний дагуу хариуцлагыг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан этгээд буюу зээлдэгч хариуцна, фидуцийн гэрээний 2.2.13 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн зүйлийг эзэмшиж ашиглах хугацаанд гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг бүрэн хариуцах, нөхөн төлөх үүрэгтэй гэж тохиролцсоноос үзэхэд өмчлөгч, эзэмшигч гэх ойлголтод “Н” ХХК хамаарахгүй, хариуцагчийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх73-74/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01010 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

                  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

                                                  А.МӨНХЗУЛ