Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.М

Хариуцагч: “Н” ХХК

Гэм хорын хохирол, өмгөөлөгчийн болон нотариатын зардалд 5,580,627 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.М

                                        нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас

                                        хариуцагчийн төлөөлөгч А.Ган-Эрдэнэ

                                        иргэдийн төлөөлөгч Ё.Саран

                                        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Увш овогт Батжаргалын Мыг “авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Б.Мад холбогдох эрүүгийн ............. дугаартай хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.М надад торгох ялаар шийтгэгдсэн Б.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 4113527 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон иргэний нэхэмжлэгч Ш.М би өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 600000 төгрөгийг хохиролд тооцон нөхөн төлсөн. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь "... Хохирогч Ш.Мд учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтууд болох томографийн зураг авахуулсан 85,000 төгрөг, Л эмнэлэгт үзүүлсэн 210,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47,000 төгрөг, эмчилгээний зүйлсийн үнэ 108,500 төгрөг нийт 450,500 төгрөг тогтоогдож байна” гэж үзсэн юм. Эрүүгийн ............. дугаартай хэрэгт явагдсан мөрдөх ажиллагаагаар “Н” ХХК нь Б.Мын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан ....УНП улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины хууль ёсны өмчлөгч болохыг нотолж, тогтоосон байдаг. Нэгэнт Б.М нь “Н” ХХК-ийн өмчлөлийн автомашин жолоодож яваад Ш.М намайг мөргөж, эрүүл мэндийг маань хохироосон тул “Н” ХХК-иас дараах гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй орхигдсон 513,527 төгрөгийн хохирол. 2.Эрүүгийн ............. дугаартай хэрэгт оролцон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалан ажилласан өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлс.З.Энэхүү нэхэмжлэлд хавсаргасан баримтат мэдээллүүдийг цуглуулах, нотариатаар гэрчлүүлэхэд зарцуулсан 52,500 төгрөгийн зардал, мөн иргэний хэргийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлс нийт 5,566,027 төгрөгийн нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан зарим нотлох баримт шаардлага хангахгүйгээс дахин шүүхийн тамгын газраас нотлох баримт хуулбарлаж авахад гарсан зардал 14,600 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн нийт шаардлагад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмнэлгийн магадлагаагаар 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг оролцуулсан хугацаагаар албан ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас авч чадаагүй цалин хөлсний зөрүү 430,407 төгрөг, автомашинд мөргүүлэн газар унах үед халцарч урагдсанаас цаашид эдлэх боломжгүй болсон өмд, хүрэмний хослолын үнэ 200,000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан дүрс бичлэгийг хуулбарласан “DVD, түүний гаднах хайрцгийн үнэ 11,220 төгрөг, гэрэл зургуудыг угаалгахад зарцуулагдсан 10,400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд хураалгасан төлбөрийн 8,000 төгрөг, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны гаднах төлбөртэй зогсоолд хураалгасан төлбөрийн 3,000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн хөлс 3,000,000 төгрөг нийт 3,663,027 төгрөг болсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Маар “... эрүүл мэндэд маань учирсан гэмтэл, түүнээс шалтгаалсан хүндрэлүүдийг оношлуулах, эмчлүүлэхэд зарцуулагдсан төлбөрийн 450,500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж харин ойлгомжгүй үндэслэлээр 3,663,027 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, арилгуулахтай холбогдсон шийдвэрийг гаргахаас татгалзсан. Ялтан Б.М нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад 600,000 төгрөгийг хохиролд тооцон нөхөн төлснөөс шүүхийн хангаж шийдвэрлэсэн 450,500 төгрөгийн зөрүү 149,500 төгрөгийг хасаж шийдвэрлэгдээгүй үлдсэн 3,513,527 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтат мэдээллүүдийг цуглуулах, улмаар нотариатаар гэрчлүүлэхэд 52,500 төгрөгийг зарцуулсан. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 2,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлд хавсаргагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа зарим баримтат мэдээллүүдийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дахин гаргуулж, тэдгээрийг нотариатаар гэрчлүүлэхэд 14,600 төгрөгийг зарцуулсан. Иймд нийт 5,580,627 төгрөгийн хохирлыг “Н” ХХК-иар арилгуулах шийдвэрийг гаргаж өгнө үү.

Хариуцагч “Н” ХХК болон хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Н” ХХК нь иргэн Б.Мтай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17/1111 тоот Зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээлийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. 17/1111 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 14-60 УНП улсын дугаартай, Тоуоtа Prius 30 маркийнн ..... арлын дугаартай автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн фидуцийн гэрээгээр барьцаалсан болно. Иргэний Хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-д заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн тухайн үеийн эзэмшигчийг өмчлөгч гэж заасан байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл буюу автомашиныг эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа хүн нь Б.М юм. Тус “Н” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/1111 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14-60 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалсан гэдэг нь баримт нотолгоо, бичиг баримтаар тогтоогддог. Талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.13-д Үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б.М нь “....Фидуцийн зүйлийг эзэмшиж ашиглах хугацаанд гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг бүрэн хариуцах. нөхөн төлөх” гэж заасны дагуу тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдал, бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг “Н” ХХК-д хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцна гэж тохиролцсон. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан үед тээврийн хэрэгсэлийн жолооч, зээлдэгч Б.М нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар актыг зөрчсөн үйлдлээс учирсан гэм хорын хохиролыг Б.М хариуцан төлөх үүргийг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл “Н” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш.Мд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хорын хохирол учруулаагүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна. Манай компани нь фидуцийн гэрээний дагуу дээрх осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгч буюу Б.Мын эзэмшил, ашиглалтад байсан учир Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар “Н” ХХК нь эзэмшигч гэж үзэх боломжгүй юм. Барьцааны үед гаргасан хохирлоо барьцаалуулагч нь өөрөө хариуцан арилгах ёстой байдаг бөгөөд нэхэмжлэгчид учирсан зам тээврийн ослын үеийн гэм хорын хохиролд манай компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, ямар нэгэн хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлыг төлөх ёстой этгээдээр гэм хорын хохирлыг гаргуулан авах боломжтой гэж үзэж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өмгөөлөгчийн хөлс, бичиг баримт нотариатчаар гэрчлүүлсэн зардал нийт 5,580,627 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “зам тээврийн осол гаргасан Б.Мын унаж явсан автомашины өмчлөгч нь “Н” ХХК болох нь тогтоогдсон, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг өмчлөгч хариуцана” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч “уг автомашиныг Б.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр өмчлөлд шилжүүлсэн байсан, тухайн гэрээгээр гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг зээлдэгч Б.М хариуцан төлөхөөр тохирсон, мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар манайх автомашины эзэмшигч биш” гэж маргав.

 

Нэхэмжлэгч Ш.Мыг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өглөөний 7 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт явганаар зорчиж байх үед Б.М нь .... УНП улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас мөргөж, Ш.Мы биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдов.

 

Б.М нь зам тээврийн осол гаргах үед унаж явсан ...... УНП улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Н” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээгээр “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн болон фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Дээрх зээлийн гэрээгээр Б.М нь 8 сая төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн байх ба уг зээлийг хүүгийн хамт хугацаанд нь төлөх баталгаа болгон фидуцийн гэрээ байгуулж, 14-60 УНП улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. Фидуцийн гэрээ гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлийг /эд хөрөнгө/ үүрэг гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээс үүргийг хангуулж авах эрх үүрэг гүйцэтгүүлэгчид үүсдэг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга юм. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ нь эд хөрөнгийг бүрмөсөн өмчлөлд шилжүүлдэг гэрээ биш бөгөөд үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ биелүүлж, эд хөрөнгөө буцаан авсан эсвэл үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болно.

 

Зам тээврийн осол гарах үед Б.М, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ дуусгавар болоогүй буюу хариуцагч нь автомашиныг Б.Маас бодитойгоор гаргуулан аваагүй, Б.М эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж заасны дагуу “Н” ХХК автомашиныг бодитойгоор өөрийн мэдэлд авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Б.Мын зам тээврийн осол гаргах үед унаж явсан 14-60 УНП улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг өмчлөх эрх “Н” ХХК-д үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.Мд учирсан гэм хорын хохирлыг “Н” ХХК хариуцан арилгах үүрэггүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.     

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдож, гэм буруутай нь тогтоогдсон, хохирол /эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө/ учирсан нь тогтоогдсон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлд хамааралтай гэж ойлгоно. Нэхэмжлэгч Ш.М нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан хохирогч мөн боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих гэм буруутай этгээдээр “Н” ХХК-ийг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Мөн шинжээчийн зардал улсын тэмдэгтийн хураамжийн адил хуваарилагдах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 104240 төгрөг, шинжээчийн зардалд 30000 төгрөг гаргуулах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-д холбогдох гэм хорын хохирол болон өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал 5,580,627 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Маас улсын тэмдэгтийн хураамжид 104240 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, шинжээчийн зардалд 30000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

                     ШҮҮГЧИД                                                        Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                              Н.ХАНГАЛ