Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00111

 

 

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00111

 

 

 

 

И.Алтантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах , А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 101/ШШ2019/03255 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Алтантуяагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, гуравдагч этгээд М.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 3991 тоот шийдвэрээр Ж.Билгүүнээс 96 560 000 төгрөг гаргуулж, М.Ганчимэгт олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 а байр 69 тоотод байрлах 56.3 м.кв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна. Шинжээч барьцаа хөрөнгийг 101 351 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч, төлбар авагч нарт мэдэгдсэн. Гэвч уг үнэлгээ нь тус үл хөдлөхүүдийг бүхэлд нь үнэлж чадаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Барьцаа хөрөнгийг өмчлөгчийн саналыг авалгүйгээр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулж, 140 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг хэт үнэгүйдүүлж үнэлснийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээ бүх зүйлд ойрхон, зах зээлийн ханш өндөр бөгөөд ижил орон сууцнууд нь 130 000 000-140 000 000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд 101 351 000 төгрөг байх боломжгүй. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 45а байр 69 тоотод байрлах 56.3 м.кв орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэрээр Ж.Билгүүнээс 96 560 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 640 700 төгрөгийг гаргуулж М.Ганчимэгт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан И.Алтантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205045317 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 А байр, 69 тоотод байрлах 56,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 188/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 188/23 дугаар тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК 92 000 000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг үнэлсэн. Үнэлгээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/16018, 1/16017, 3/16019 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Билгүүний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/MA2017/02400 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00461 дүгээр тогтоолоор шинжээчийн тогтоол, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Талуудад 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4/10138-4/10140 дугаартай мэдэгдлүүдээр хураагдсан хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцож үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч саналаа өгөөгүй тул 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон. Өмчлөгч И.Алтантуяа нь шинжээчид хөрөнгийн чанар байдлыг үзүүлээгүй, хаалгаа тайлж өгдөггүй, цоожтой гэх үндэслэлээр үнэлгээг тогтоож чадаагүй тул дахин 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 248 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Виннэр Вэй ХХК-аар тогтоолгоход 101 351 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Нэхэмжлэгч И.Алтантуяа нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтдээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 А байр, 69 тоотод байрлах 56.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэх тухай саналаа бичгээр гаргаж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбартБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дугаар шийдвэрээр М.Ганчимэгт 96 560 000 төгрөг олгож, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 А байр, 69 тоотод байрлах 56,3 м.кв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан ажиллагаа явуулж Ж.Билгүүн, И.Алтантуяа нарын хүсэлтээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан боловч удаа дараа үнэлгээн дээр гомдол гаргаж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироосоор 4 жил өрөнд оруулж байна. Үнэлгээний компани зах зээлийн бодит үнэлгээг гаргасан. Ж.Билгүүн, И.Алтантуяа нар нь бодит үнийг зориуд гуйвуулж цаг хожиж байна. И.Алтантуяа өмнө нь үнэлгээн дээр гомдол гаргачхаад өөрөө хариуцлагатай ханддаггүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хаалгаа тайлж өгдөггүй, өдий хүртэл хохироож байна гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045317 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо Өнөр хотхон /16100/, Москвагийн гудамж, 45 А байр, 69 тоот хаягт байршилтай, 56,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 101 351 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.Алтантуяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очирын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцанд барьцаа хөрөнгийг 101 351 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн. Өмчлөгчийн саналыг авалгүйгээр үнэ тогтоож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцнаас хамгийн чанартай, өндөр зэрэглэлийн, борлуулалтын үнийг бусадтай харьцуулах нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй дүгнэлт гаргасан. Уг орон сууц нь хамгийн багадаа 140 000 000 төгрөгийн үнэтэй. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай үйлдвэрлэл үйчилгээ бүх зүйлд ойрхон тул зах зээлийн ханш өндөр бөгөөд ойролцоох ижил орон сууц нь 130 000 000-140 000 000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бөгөөд 101 351 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй. Шүүх шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч И.Алтантуяагийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон гуравдагч этгээд М.Ганчимэг нар эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03991 дүгээр шийдвэрээр төлбөр төлөгч Ж.Билгүүнээс 96 560 000 төгрөг гаргуулж, төлбөр авагч М.Ганчимэгт олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэн, хураах, үнийн санал авах ажиллааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн хувьд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр томилсон Сэлэнгэ истимэйт ХХК уг эд хөрөнгийг 92 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр төлөгч Ж.Билгүүний дээрх үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 00461 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг дахин явуулж талуудын хүсэлтээр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгө 101 351 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгджээ.

Хариуцагч дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байх ба нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй, шинжээчээс тогтоосон үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хэргийн 69-81 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь объектуудыг судалж үнэ ханш, баригдсан он, ерөнхий байдал, зориулалт, одоо байгаа төлөв зэрэг үзүүлэлтүүдийг эзэдтэй нь уулзах, утсаар холбогдох, фото зургийг харах зэргээр судалж барилгын байршил, насжилт элэгдэл, барилгын тоноглол, талбайн хэмжээ, хүрээлэн буй орчин, засвар үйлчилгээ, барилгын хийж бүтээц зэргийг харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг 101 351 000 төгрөг гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ 101 351 000 төгрөгөөс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэсэнтэй нийцжээ. Иймд нэхэмжлэгчийн хууль буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 101/ШШ2019/03255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ