Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00630

 

И.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03255 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дугаар магадлалтай,

И.А-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, гуравдагч этгээд М.Г-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 3991 тоот шийдвэрээр Ж.Билгүүнээс 96.560.000 төгрөг гаргуулж, М.Г-т олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 20-р хороо, Өнөр хотхон 45 а байр 69 тоотод байрлах 56.3 м.кв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шинжээч барьцаа хөрөнгийг 101.351.000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Гэвч уг үнэлгээ нь тус үл хөдлөхүүдийг бүхэлд нь үнэлж чадаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Барьцаа хөрөнгийг өмчлөгчийн саналыг авалгүйгээр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулж, 140.000.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг хэт үнэгүйдүүлж үнэлснийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээ бүх зүйлд ойрхон, зах зээлийн ханш өндөр бөгөөд ижил орон сууцнууд нь 130.000.000-140.000.000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд 101.351.000 төгрөг байх боломжгүй. Иймд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 45а байр 69 тоотод байрлах 56.3 м.кв орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан И.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205045317 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 А байр, 69 тоотод байрлах 56,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 188/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 188/23 дугаар тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК 92.000.000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг үнэлсэн. Үнэлгээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/16018, 1/16017, 3/16019 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Билгүүний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/MA2017/02400 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00461 дүгээр тогтоолоор шинжээчийн тогтоол, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Талуудад 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4/10138-4/10140 дугаартай мэдэгдлүүдээр хураагдсан хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцож үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч саналаа өгөөгүй тул 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон. Өмчлөгч И.А- нь шинжээчид хөрөнгийн чанар байдлыг үзүүлээгүй, хаалгаа тайлж өгдөггүй, цоожтой гэх үндэслэлээр үнэлгээг тогтоож чадаагүй тул дахин 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 248 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Виннэр Вэй ХХК-аар тогтоолгоход 101.351.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Нэхэмжлэгч И.А- нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтдээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 А байр, 69 тоотод байрлах 56.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэх тухай саналаа бичгээр гаргаж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дугаар шийдвэрээр М.Г-т 96.560.000 төгрөг олгож, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45А байр, 69 тоотод байрлах 56,3 м.кв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан ажиллагаа явуулж Ж.Билгүүн, И.А- нарын хүсэлтээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан боловч удаа дараа үнэлгээн дээр гомдол гаргаж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироосоор 4 жил өрөнд оруулж байна. Үнэлгээний компани зах зээлийн бодит үнэлгээг гаргасан. Ж.Билгүүн, И.А- нар нь бодит үнийг зориуд гуйвуулж цаг хожиж байна. И.А- өмнө нь үнэлгээн дээр гомдол гаргачхаад өөрөө хариуцлагатай ханддаггүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хаалгаа тайлж өгдөггүй, өдий хүртэл хохироож байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03255 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045317 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо Өнөр хотхон /16100/, Москвагийн гудамж, 45 А байр, 69 тоот хаягт байршилтай, 56,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 101 351 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.А-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 17-ны өдрийн 111 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр 101.351.000 үнэлснийг мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг И.А- миний саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, хамгийн багадаа 140.000.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох орон сууцыг хэт үнэгүйдүүлж үнэлсэн болохыг тус албаны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Барьцаа хөрөнгө нь хотын А зэрэглэлийн бусад байршилтай үйлдвэрлэл үйлчилгээ бүх зүйлд ойрхон тул зах зээлийн ханш өндөр бөгөөд манай ойролцоо ижил орон сууцны үнэ 130.000.000 саяас 140.000.000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээ 101.351.000 төгрөг байх боломжгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И.А-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч  М.Г- хүсэлт гарган оролцож тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ж.Билгүүнээс 96.560.000 төгрөг гаргуулж  М.Г-т олгох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03991 дугаар шийдвэрийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шийдвэрт заасны дагуу барьцааны Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамжны 45А дугаар байрны 69 тоот хаягт байрлах 56.3 м.кв талбай бүхий орон сууцыг шинжээчээр үнэлүүлсэн бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Ж.Билгүүн эс зөвшөөрч гомдол гаргасан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудаас дахин үнийн санал асуусан, тэд тохиролцоогүй тул Виннэр вэй ХХК-ийг, шинжээчээр томилж, тогтоосон үнэ 101.351.000 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны үнийг зарлаж, энэ талаар нэхэмжлэгч И.А-д мэдэгдсэн байна. Энэ ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээч Виннэр вэй ХХК дүгнэлт гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч И.А-, төлбөр төлөгч Ж.Билгүүн, төлбөр авагч нарт үнийн санал өгөхийг 2018.06.14-ний өдөр мэдэгдэж, 6 дугаар сарын 19-ний өдөр хариу ирүүлэхийг мэдэгдсэн нь хэргийн 57-р талд авагдсан байна. Нэхэмжлэгч И.А- болон төлбөр төлөгч Ж.Билгүүн, төлбөр авагч М.Г- нар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг 2019.08.23-ны өдөр бичгээр мэдэгдсэн баримт хэргийн 60-р талд авагдсан байх тул нэхэмжлэгчийн үнийн санал аваагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03255 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч И.А- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ