Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01050

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00771 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С, хариуцагч “Э” ХХК-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинд 4 662 904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Борхүүгийн Саруулхүү миний бие бизнет ворк сайтад уулын ашиглалтын инженер ажилд авна гэсэн зарын дагуу тус өөрийн холбогдох анкетыг илгээсэн. Ингээд “Э” ХХК-иас утсаар яриад таныг бид ажил авах боллоо гэсний дагуу захирлуудтай нь 2018 оны 10 дугаар сарын 8. 9-ний өдрүүдэд очиж уулзсан. Захирлууд нь бүгд БНХАУ-ын иргэд байсан ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд Улаан толгойн жоншны уурхайд уурхайн даргын ажилд нэг сарын 5 000 000 төгрөгийн цалинтайгаар ажиллах болж 18/15 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Ингээд Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Улаан толгойн жоншны уурхай дээр очиход уурхай дотроо ямар ч эмх замбараагүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажлууд огт хийгдээгүй, ажилтнуудыг наряд зааварчилгаагүй ажилд гаргадаг байсныг таслан зогсоож ажлаа эхлүүлсэн. Миний бие уурхайд очсон даруйдаа нэн яаралтай засах ажлуудыг хийсэн. Тус уурхай нь 60-70 метр гүн суусан, тээвэрлэлт хийж буй хэсгүүдэд болон жонш ялгах талбайд уурхайн өндөр ирмэгээр хамгаалалтын хөмсөг тавигдаагүй, өндөр эрсдэлтэй орчинд хүмүүс ажиллаж байсныг арилгаж, өндөр ирмэгээр хамгаалалтын хөмсөг тавих ажлыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд хийж дуусгасан. Уг хамгаалалтын хөмсөг тавьсны ач холбогдол нь орон нутгийн мал амьтан унах, хүний амь нас эрсдэх, тоног төхөөрөмж өндрөөс унах гэх мэт аюулаас сэргийлж чадсан. Мөн уурхай дээр 10 дугаар сарын 10-ны өдөр нийт ажилтнуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа өгч ажилд гаргаж эхэлсэн. Уурхайн гүнээс ачуулж гарсан хөрс болон жоншийг энд тэндгүй замбараагүй буулгасан, уурхайн үйл ажиллагаа нь эмх замбараагүй, стандартын дагуу явагдаагүй энд тэндгүй сэндийчиж ухсан нинжа маягаар олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг арилгаж уурхайг ил аргаар ухаж, ачих стандартын дагуу үйл ажиллагааг явуулж засах ажлыг эхлүүлж огцом замын налууг стандартын дагуу 7-10 градус болгосон. Байгаль орчинд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг хөмсөгжүүлж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажлыг гүйцэтгүүлж, засварлах ажлыг хийсэн. Хөрсийг тодорхой нэг газар бус энд тэндгүй буулгасан байсныг хөрсний овоолго тусад нь үүсгэж, нөхөн сэргээлтэд хэрэглэх шимт хөрсний овоолгыг шинээр үүсгэж ажиллаж байсан. Уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг өндөр агуулгатай, бага агуулгатай жонш гэх мэтээр тус тусад нь овоолго үүсгэж, пегемь болох элстэй жоншийг ялгалт хийгддэг талбайд буулгадаг байсныг тусад нь овоолго үүсгэж тухайн овоолгоос тээврийн машинуудад ачилт хийгддэг болсон. Үүний давуу тал нь уг ачилтын талбайд жонш гар аргаар ялгаж буй хүмүүс техник тоног төхөөрөмжтэй холилдож ажиллахгүй байх нь эрсдэлээс сэргийлэх юм. Уурхайн гүнээс ус их хэмжээгээр гарч цаг агаар хүйтэрч нөхцөл байдал хүндэрсэн ч гүний усыг насосоор соруулах ажлыг яаралтай удирдан зохион байгуулж уурхайн үйл ажиллагааг зогсолтгүй ажлыг явуулсан. 8, 9 дүгээр сард цаг агаарын таатай нөхцөлд гаргасан жоншны хэмжээ, 10 дугаар сард цаг агаарын нөхцөл байдал хүнд, уурхай усанд автсан үед гаргасан жоншны хэмжээ өмнөх саруудтай харьцуулахад илүү бүтээлтэй ажилласан байсан. Уурхайн ажлуудыг зохион байгуулахаас гадна кемпийн нөхцөл байдал хүмүүсийн амьдрах орчин болон цайны газар бохир, эмх замбараагүй, кемпэд нэг ч галын хор байгаагүйг захиалж хотхон болон техник тоног төхөөрөмжүүдэд галын хоруудыг байрлуулах зэрэг ажлуудыг хийж байгаад 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ирж хөдөлмөрийн гэрээнд 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар заасан байгаа хэдий ч би Улаанбаатар хот дахь компанийн байранд ирээд нэмэлт ажлуудаа хийж байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа очтол гүйцэтгэх захирлын 20/18 дугаартай туршилтын хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаалыг надад өгсөн. Миний бие анх “Э” ХХК-ийн хятад захирлуудтай уулзаж өөр ажил хийдэг тул тогтвортой ажиллуулах эсэх талаар ярилцаад зөвшөөрсний үндсэн дээр тус компанийн уурхайн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээг байгуулж, өөрийн ажиллаж байсан газар, ажлаа орхиж энэхүү ажилд чин сэтгэлээсээ ажилласан. Гэр бүлдээ ч энэ талаар хэлж хэд хэдэн эрсдэл гаргахаар шийдсэн. Гэтэл намайг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Юун Зөгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож уурхайн даргын ажилд эгүүлэн томилуулж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 17 хоногийн цалин болох 4 250 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явж байсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 20 хоног, 2019 оны 1 дүгээр сарын 20 хоног, 2 дугаар сарын 20 хүртэлх 20 хоног, өнөөдрийг хүртэл нийт 80 хоногийн цалинг хоногийн 500 000 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалин 20 000 000 төгрөг, нийт 24 250 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 557 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. 2018 оны 10 дугаар сарын цалингаас дутуу олгосон 412 904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт:  “Э” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зарын бизнет ворк сайтад уулын инженер ажилд авах зар байрлуулсан. Уг зарын мэдээлэлд уулын инженерээр ажиллах хүн уурхайн инженер, ашиглалтын технологийн инженерийн чиглэлээр сургууль төгссөн байх. Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай, техник эдийн засгийн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөө, тайлан бичих чадвартай, техникийн болон төлөвлөлт, зохион байгуулалтын өндөр ур чадвартай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, үнэнч шударга, ажлын ачаалал даах, аливаа ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх чадвартай, хөдөө ажиллах боломжтой, хэрэглээний программууд болон уурхайн төлөвлөлтийн бусад программууд дээр ажиллах чадвартай байх шаардлагыг тавьсан. Б.С нь дээрх зарын дагуу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагад ажилд орох санал тавьсан. Бид түүнийг ажилд авахдаа уулын инженер ажилд авах тухай зарын шалгуурыг бүрэн гүйцэт сайн ойлгосон эсэх, бүх шалгуурт нийцэж байгаа эсэхийг дахин лавлахад Б.С энэ тал дээр надад ямар ч асуудал байхгүй, би уулын инженер ажилд авах зарын шалгуурт тавигдсан бүх шаардлагыг хангасан, зар дээрх бүх ажил үүргийг гүйцэтгэх чадвартай гэснээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №618/15 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж уулын ашиглалтын инженерын ажил үүрэг гүйцэтгэхээр болсон. Хөдөлмөрийн гэрээний 3.1-д заасны дагуу гэрээг нэг жилийн жилийн хугацаатай байгуулсан хэдийч тус гэрээний 3.2-т ажилтантай байгуулсан гэрээний эхний 3 сар туршилтын хугацаа байхаар заасан. Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхдээ ажлын цаг төлөвлөлт буруу гаргаснаас уурхайг 3 өдөр хариуцах эзэнгүй орхигдуулсан. Анх ажилд орох үед нь ашигт малтмалын тайлан гаргадаг хугацаа, ямар тайлан хэзээ гаргах тухай мэдээллэх үүрэг даалгавар өгсөн боловч уул уурхайн ашиглалтын тайлан төлөвлөгөө гаргах хугацааг цаг тухайд нь мэдээллээгүйгээс болж хугацаа алдсан, мөн тайлан төлөвлөгөө гаргаж байсан туршлага байхгүй гаргаж чадахгүй гэж ажил  үүргээ гүйцэтгээгүй учраас түүний хийж гүйцэтгэх ажлыг арга буюу өөр хүнээр хөлсөөр гүйцэтгүүлэхэд хүргэсэн. 10 дугаар сарын уурхайн олборлолтын тайлан мэдээллийг хүсэхэд ямар ч мэдээлэл байгаагүйгээс гадна 10 дугаар сард олборлосон болон уурхайгаас Говьсүмбэр аймгийн төв Чойр руу зөөгдсөн жоншны мэдээ тэмдэглэл хөтлөгдөөгүй. Өвлийн ажлын тайлан төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөөгүй ба 09, 10 дугаар сарын уурхай алдагдалтай байх үед олборлосон жоншны тонн жингээр төлөвлөгөө гаргаж боловсруулснаар 11 дүгээр сард уурхайн ажил бүрэн зогсоход хүргэсэн зэрэг алдаа дутагдал гаргасан нь энэхүү ажил үүргийг цаашид гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “... туршилтын хугацаанд ажилтан нь ажлын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажил олгогч нь энэхүү гэрээг хугацаатай эсхүл хугацаагүй байгуулснаас үл хамааран энэхүү гэрээг цуцлах эрхтэй ...” гэж заасныг үндэслэн Б.Сг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон учир ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4 662 904 төгрөг гаргуулах тухайд  “Э” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Сгийн 2018 оны 10 дугаар сарын цалинг бүрэн гүйцэт олгосон учир талуудын хооронд 10 дугаар сарын цалингийн тооцоо байхгүй, харин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх цалингийн тухайд Б.С нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “ажилтан нь 10 өдөр амарч үлдсэн хоногт нь ажиллах ба цайны цаг нэг цаг байна” гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 30-наас эхлэн амралтаа авсан байсан ба амралтын хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дууссан хэдий ч ажлын байранд эргэн ирээгүй ба 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй тул нэхэмжлэлд дурдсан хугацааны цалинг олгох боломжгүй.

Б.С нь “Э” ХХК-ийн нэр хүндэд ноцтой халдсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд ирээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хэд хэдэн заалтад тусгасан байдаг. Б.Сг 3 сарын хугацаатай ашиглалтын инженер албан тушаалд томилох тушаал гарсан байдаг. Туршилтын хугацаанд ажиллаж байхдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, ажилдаа ирээгүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Нэхэмжлэгч оффис дээр ажилласан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. 2018 оны 11 дүгээр сард уурхай дээр байх ёстой боловч ажлын байрандаа ирээгүй тул ажлаас халсан тушаал гарсан. Нэхэмжлэгч нь оффис дээр ажилласан боловч хэний тушаал шийдвэрээр ажилласан тухай нотлох баримт байдаггүй. Уурхайн даргын ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар өгсөн ба уг гэрээ нь уурхайн ашиглалтын инженерийн гэрээнээс нэлээн зөрүүтэй байдаг нь харагддаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сг “Э” ХХК-ийн ашиглалтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч “Э” ХХК-аас 13 695 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд  олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89 557 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, хариуцагч  “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 226 425.5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02- ны өдрийн 183/ШШ2019/00771 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй эрс зөрүүтэй байдлаар бичигдсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанаар тус нэхэмжлэлийг хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Сг “Э” ХХК-ийн ашиглалтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 24 250 000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн талаар уншиж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг тайлбарлан өгсөн. Гэтэл шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалинг 13 695 100 төгрөгөөр тооцоолол хийж бичсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалингийн талаар анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл нийт 80 хоног болсон байна. 1 сарын 5 000 000 төгрөгийн цалинтай тул нэг өдрийн 250 000 төгрөг болно үүнийг ажилгүй байсан 80 хоногоор үржээд 20 000 төгрөг болсон. Үүн дээр 11 дүгээр сарын 17 хоногийн цалин 4 250 000 төгрөг нэмж нийт төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт нэг хоногийн цалинг 500 000 төгрөгөөр тооцож эрс зөрүүтэй бичсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд зөв бичигдсэн атлаа шүүхийн шийдвэртээ зөрүүтэй байдлаар бичигдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж зөвтгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.С хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэгч Б.Стэй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уулын ашиглалтын инженерийн албан тушаалд ажиллуулж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын 20/18 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. /хх6/

Шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан шийдвэрлэсэн боловч цалин хөлстэй холбоотой шаардлага нь шүүхийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлд зөрүүтэй тусгагдсан байна.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаарах боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоолон нийт 13 695 100 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Сд  олгохоор шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт техникийн алдаа гарсан гэж үзэхэд учир дутагдалтай, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

   ШҮҮГЧИД                               Ц.ИЧИНХОРЛОО

                           А.МӨНХЗУЛ