Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00771

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр

         Дугаар 183/ШШ2019/00771

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  С /РД:/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  “Э” ХХК-д  холбогдох,

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 4 662 904  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Борхүүгийн С миний бие Бизнет ворк сайтад уулын ашиглалтын инженер ажилд авна гэсэн зарын дагуу тус өөрийн холбогдох анкетийг илгээсэн. Ингээд “Э” ХХК-иас утсаар яриад таныг бид ажил авах боллоо гэсний дагуу захирлуудтай нь 2018 оны 10 дугаар сарын 8. 9-ний өдрүүдэд очиж уулзсан. Захирлууд нь бүгд БНХАУ-ын иргэд байсан ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд Улаан толгойн жоншны уурхайд уурхайн даргын ажилд нэг сарын 5 000 000 төгрөгийн цалинтайгаар ажиллах болж “Хөдөлмөрийн 18/ дугаартай гэрээ”-г байгуулж ажилд орсон. Ингээд Дундговь аймгийн Б сумын нутаг Улаан толгойн жоншны уурхай дээр очиход уурхай дотроо ямар ч эмх замбараагүй хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажлууд огт хийгдээгүй ажилтнууд наряд зааварчилгаагүй ажилд гаргадаг байсныг таслан зогсоож ажлаа эхлүүлсэн. Миний бие очсон даруйдаа уурхай доторх нэн яаралтай засах дараах ажлуудыг хийсэн. Үүнд тус уурхай нь 60-70 метр гүн суусан, тээвэрлэлт хийж буй хэсгүүдэд болон жонш ялгах талбайд уурхайн өндөр ирмэгээр хамгаалалтын хөмсөг тавигдаагүй, өндөр эрсдэлтэй орчинд хүмүүс ажиллаж байсныг арилгаж, өндөр ирмэгээр хамгаалалтын хөмсөг тавих ажлыг 2018 оны 10 дугаар сарын 11-14-ний хооронд хийж дуусгасан. Уг хамгаалалтын хөмсөг тавьсны ач холбогдол нь орон нутгийн мал амьтан унах, хүний амь нас эрсдэх, тоног төхөөрөмж өндрөөс унах гэх мэт аюулаас сэргийлж чадсан юм. Мөн Уурхай дээр 10 дугаар сарын 10-аас нийт ажилтнуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа өгч, ажилд гаргаж эхэлсэн. Уурхайн гүнээс ачуулж гарсан хөрс болон жоншийг энд тэндгүй замбараагүй буулгасан, уурхайн үйл ажиллагаа нь эмх замбараагүй стандартын дагуу явагдаагүй энд тэндгүй сэндийчиж ухсан нинжа маягаар олборлолтын үйл ажиллагаа явуулсан байсныг арилгаж уурхайг ил аргаар ухаж, ачих стандартын дагуу үйл ажиллагааг явуулж засах ажлыг эхлүүлж огцом замын налууг стандартын дагуу 7-10 градус болгосон. Энд тэндгүй сэндийчиж ухсан байгаль орчинд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг хөмсөгжүүлж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажлыг гүйцэтгүүлж засварлах ажлыг хийсэн. Хөрсийг тодорхой нэг газар бус энд тэндгүй буулгасан байсныг хөрсний овоолго тусад нь үүсгэж, нөхөн сэргээлтэд хэрэглэх шимт хөрсний овоолгыг шинээр үүсгэж ажиллаж байсан. Уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг өндөр агуулгатай, бага агуулгатай жонш гэх мэтээр тус тусад нь овоолго үүсгэж, пегемь болох элстэй жоншийг ялгалт хийгддэг талбайд буулгадаг байсныг тусад нь овоолго үүсгэж тухайн овоолгоос тээврийн машинуудад ачилт хийгддэг болсон. Үүний давуу тал нь уг ачилтын талбайд жонш гар аргаар ялгаж буй хүмүүс техник тоног төхөөрөмжтэй холилдож ажиллахгүй байх нь эрсдэлээс сэргийлж байгаа юм. Уурхайн гүнээс ус их хэмжээгээр гарч цаг агаар хүйтэрч нөхцөл байдал хүндэрсэн ч гүний усыг насосоор соруулах ажлыг яаралтай удирдан зохион байгуулж уурхайн үйл ажиллагааг зогсолтгүй ажлыг явуулсан. 8, 9 дүгээр сард цаг агаарын таатай нөхцөлд гаргасан жоншны хэмжээ, 10 дугаар сард цаг агаарын нөхцөл байдал хүнд, уурхай усанд автсан үед гаргасан жоншны хэмжээ өмнөх саруудтай харьцуулахад илүү бүтээлтэй ажилласан байсан. Уурхайн ажлуудыг зохион байгуулахаас гадна кемпийн нөхцөл байдал хүмүүсийн амьдрах орчин болон цайны газар бохир, эмх замбараагүй, кемпэд нэг ч галын хор байгаагүйг захиалж хотхон болон техник тоног төхөөрөмжүүдэд галын хоруудыг байрлуулсан зэрэг ажлуудыг хийж байгаад 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод ирж хөдөлмөрийн гэрээнд зааснаар 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар заасан байгаа хэдий ч би Улаанбаатар хот дахь компанийн байранд ирээд нэмэлт ажлуудаа хийж байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа очтол гүйцэтгэх захирлын 20/18 дугаартай “Туршилтын хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг надад өгсөн. Яагаад туршилтын хугацаа гэж байгаа юм. Би уурхайн даргаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн намайг ашиглалтын инженер гэсэн албан тушаалаар ажлаас чөлөөлсөн байна гэж захирлуудтай уулзах гэтэл уулзаагүй. Миний бие анх “Э” ХХК-ийн Хятад захирлуудтай уулзаж өөр ажил хийдэг тул та нар намайг тогтвортой ажиллуулах эсэх талаар уулзаж ярилцаад зөвшөөрсний үндсэн дээр тус компанийн уурхайн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээг байгуулж, өөрийн ажиллаж байсан газар, ажлаа орхиж энэхүү ажилд чин сэтгэлээсээ ажиллахаар ирж, чин сэтгэлээсээ ажилласан. Гэр бүлдээ ч энэ талаар хэлж хэд хэдэн эрсдэл гаргахаар шийдсэн. Тэгтэл намайг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь Монгол Улсын иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн чөлөөлсөн “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Юун Зөгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож уурхайн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажиллаж байсан үеийн буюу 2018 оны 10 дугаар сарын цалингаас дутуу олгосон 412 904 төгрөг, мөн 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 17 хоногийн цалин болох 4 250 000 төгрөг, нийт 4 662 904 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 557 төгрөгийн хамтаар гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С нь “Э” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн захирлын 20/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, уурхайн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 10 дугаар сарын цалингаас дутуу олгосон 412 904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үүнээс хойш ажилласан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 17 хоногийн цалин болох 4 250 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явж байсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 20 хоног, 2019 оны 1 дүгээр сарын 20 хоног, 2 дугаар сарын 20 хүртэлх 20 хоног, өнөөдрийг хүртэл нийт 80 хоногийн цалинг хоногийн 500 000 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалин 20 000 000 төгрөг, нийт 24 250 000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид 89 557 төгрөг төлсөн дүнтэй хамт гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд “Э” ХХК-д холбогдуулан гаргасан Б.С ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4 662 904 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай “Э” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зарын нэгдсэн сайт бизнет ворк сайтад уулын инженер ажилд авах зар байрлуулсан. Уг зарын мэдэээлэлд уулын инженерээр ажиллах хүн дараах шаардлагыг хангасан байх шалгуур тавьсан. Үүнд уурхайн инженер, ашиглалтын технологийн инженерийн чиглэлээр сургууль төгссөн байх. Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан байвал сайн. Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, тайлан бичих чадвартай, техникийн болон төлөвлөлт, зохион байгуулалтын өндөр ур чадвартай байх, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, үнэнч шударга байх ажлын ачаалал даах, аливаа ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх чадвартай, хөдөө ажиллах боломжтой байх Microsoft office буюу хэрэглээний программууд болон уурхайн төлөвлөлтийн бусад программууд дээр ажиллах чадвартай байх Б.С нь дээрх зар шалгуурын дагуу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагад ажилд орох санал тавьсан. Бид түүнийг ажилд авахдаа уулын инженер ажилд авах тухай зарын шалгуурыг бүрэн гүйцэт сайн ойлгосон эсэх, бүх шалгуурт нийцэж байгаа эсэхийг дахин лавлахад Б.С энэ тал дээр надад ямар ч асуудал байхгүй, би Уулын инженер ажилд авах зарын шалгуурт тавигдсан бүх шаардлагыг хангасан, зар дээрх бүх ажил үүргийг гүйцэтгэх чадвартай гэснээр бид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №618/15 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж Б.С манай компанид уулын ашиглалтын инженер ажил үүрэг гүйцэтгэхээр болсон. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.1-д заасны дагуу гэрээг 12 сараар буюу нэг жилийн жилийн хугацаатай байгуулсан хэдийч тус гэрээний 3.2-т ажилтан байгуулсан гэрээний эхний 3 сар туршилтын хугацаа байхаар заасан. Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 10-аас 30-ийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхдээ ажлын цаг төлөвлөлт буруу гаргаснаас уурхай 3 өдөр хариуцах эзэнгүй орхигдуулсан. Анх ажилд орох үед нь ашигт малтмалын тайлан гаргадаг хугацаа, ямар тайлан хэзээ гаргах тухай мэдээлэх үүрэг даалгавар өгсөн боловч уул уурхайн ашиглалтын тайлан төлөвлөгөө гаргах хугацааг цаг тухайд нь мэдээлээгүйгээс болж хугацаа алдсан, мөн тайлан төлөвлөгөө гаргаж байсан туршлага байхгүй гаргаж чадахгүй гэж хэлэн ажил  үүргээ гүйцэтгээгүй учраас түүний хийж гүйцэтгэх ажлыг арга буюу өөр хүнээр хөлсөөр гүйцэтгүүлэхэд хүргэсэн. 10 дугаар сарын уурхайн олборлолтын тайлан мэдээллийг хүсэхэд ямар ч мэдээлэл байгаагүйгээс гадна 10 дугаар сард олборлосон болон уурхайгаас Говьсүмбэр аймгийн тов Чойр руу зөөгдсөн жоншны мэдээ тэмдэглэл хөтлөгдөөгүй. Өвлийн ажлын тайлан төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардахад төлөвлөгөө гаргаж өгөөгүй ба 09 дүгээр сар, 10 дугаар сарын уурхай алдагдалтай байх үед олборлосон жоншны тонн жингээр төлөвлөгөө гаргаж боловсруулснаар 11 дүгээр сар уурхайн ажил бүрэн зогсоход хүргэсэн, зэрэг алдаа дутагдал гаргасан нь энэхүү ажил үүргийг цаашид гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг нэг бүрчлэн тоочсон хэдий ч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “...туршилтын хугацаанд ажилтан нь ажлын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажил олгогч нь энэхүү гэрээг хугацаатай эсхүл хугацаагүй байгуулснаас үл хамааран энэхүү гэрээг цуцлах эрхтэй ...” гэж заасныг үндэслэн Б.Сг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон учир Б.С ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны нийт цалин 4 662 904 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин буюу 2018 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалин 412 904 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх цалин гэж 250 000 төгрөг нэхэмжилжээ. “Э” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.С 2018 оны 10 дугаар сарын цалинг бүрэн гүйцэт олгосон учир талуудын хооронд 10 дугаар сарын цалингийн тооцоо байхгүй, харин 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх цалингийн тухайд Б.С нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “ажилтан нь 10 өдөр амарч үлдсэн хоногт нь ажиллах ба цайны цаг нэг цаг байна” гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 30-наас эхлэн амралтаа авсан байсан ба амралтын хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 09-нд дууссан хэдий ч ажлын байранд эргэн ирээгүй ба 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй учир нэхэмжлэлд дурдсан хугацааны цалинг олгох боломжгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С нь “Э” ХХК-ийн нэр хүндэд ноцтой халдсан гэж үзэж байна. Бидний хувьд хөдөлмөрийн дотоод журам, Б.Сг ажилд авсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд ирээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хэд хэдэн заалтад тусгасан байдаг. Б.Сг 3 сарын хугацаатай ашиглалтын инженер албан тушаалд авсугай гэх тушаал гарсан байдаг. Б.С туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаандаа тухайн ажлын байрандаа шаардлага хангахгүй, ажилдаа ирээгүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Нэхэмжлэгч оффис дээр ажилласан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. 2018 оны 11 дүгээр сард уурхай дээр байх ёстой боловч ажлын байрандаа ирээгүй тул ажлаас халсан тушаал гарсан. Нэхэмжлэгч нь оффис дээр ажилласан боловч хэний тушаал шийдвэрээр ажилласан тухай нотлох баримт байдаггүй. Хөдөлмөрийн дотоод журамд амралтын өдөр, илүү цагаар ажиллах, ажлын шаардлага нэмэгдүүлсэн цагаар ажилласан тохиолдолд захирлын тушаал шийдвэр гарах талаар заасан. Тийм зүйл огт байдаггүй. Ажилдаа ирээгүй учраас ажлаас чөлөөлж, ажлаагүй өдрийн цалинг хүртэл олгосон байдаг. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулахад нэхэмжлэгч нь 400 000 төгрөг дутуу олгосон тухай маргадаг боловч өнөөдрийн хуралдаанд 400 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзчихлаа. Б.С яриад байгаа “Уурхайн дарга”-ын ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан. Энэ гэрээ нь “Уурхайн ашиглалтын инженер”-ийн гэрээнээс нэлээн зөрүүтэй байдаг нь харагддаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 4 662 904  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 2018 оны 10 дугаар сарын цалингаас дутуу олгосон 412 904 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзав.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Туршилтын хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож ажлаас чөлөөлөх  тухай” №20/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 231 дүгээр зүйлийн 231.1, 231.2, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн туршилтын хугацаанд өөрийн ажлын чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, тус албан тушаалд тохирохгүй болох нь туршилтын хугацаанд нэгэнт тодорхой болсон, улмаар уг албан тушаалд жинхлэхгүй гэж ажил олгогч үзсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.С нь “Э” ХХК-д ашиглалтын инженерээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №20/18 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №20/18 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/15 тоот хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.2-т “энэхүү гэрээний эхний 3 сар нь туршилтын хугацаа байна. Туршилтын хугацаанд ажилтан нь өөрийн ажлын чиг үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж үзвэл гэрээг цаашид үргэлжлүүлнэ. Хэрэв туршилтын хугацаанд ажилтан нь ажлын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажил олгогч нь энэхүү гэрээг хугацаатай эсхүл хугацаагүй байгуулснаас үл хамааран энэхүү гэрээг цуцлах эрхтэй” гэжээ. 

Хариуцагч “Э” ХХК нь Б.Сг туршилтын хугацаанд өөрийн ажлын чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, тус албан тушаалд тохирохгүй болох нь туршилтын хугацаанд нэгэнт тодорхой болсон гэх тушаалын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч нь ажилд орсноос хойш ажил хийгээгүй, ажлын тайлангаа э-мэйлээр ирүүлээгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч талаас хийж байсан ажлын талаар гаргасан баримтыг хариуцагч няцаагаагүй байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “....нэхэмжлэгч Б.С нь ажилдаа ирээгүй, ажил тасалсан нь ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон гэж тайлбарлан тайлбараа нотлуулахаар гэрчээр Ж.Ог асуулгасан боловч гэрчийн мэдүүлэг нь давхар бичгийн баримтаар нотлогдоогүй байна.

 “Э” ХХК нь “Бизнетворк” сайтад ашиглалтын инженер ажилд авна гэсэн зарын дагуу нэхэмжлэгч Б.С нь очиж уулзан анкет бөглөж өгсөн, ашиглалтын инженерээр ажилд орох гэж очиход уурхайн даргаар ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарладаг боловч хэргийн үйл баримт, хэрэгт цугласан нотлох баримтаар ашиглалтын инженер албан тушаалд ажилд орсон болох нь тогтоогдож байх тул уурхайн даргын албан тушаалд томилох үндэслэлгүй юм.   

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-т зааснаар Б.Сг “Э” ХХК-ийн ашиглалтын инженерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Харин ажил олгогч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 тоот тушаал нь цаашид эрх зүйн дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.С ажилгүй байсан хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /8 833 333:3 сар=2 944 444 төгрөг, 2 944 444:21.5=136 951 төгрөг, 136 951х100 хоног=13 695 100 төгрөг/ 13 695 100 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 1 сарын цалингаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авсан болох нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сг “Э” ХХК-ийн ашиглалтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч “Э” ХХК-иас 13 695 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд  олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89 557 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож,

Хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226 425.5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА