Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00112

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00112

 

 

 

Ш.Сэндмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29ий өдрийн 102/ШШ2019/02859 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Сэндмаагийн хариуцагч О.Эрдэнэчимэгт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, ЭДГС ХХК-ийг Ш.Сэндмаад буцаан шилжүүлэхийг даалгах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ЭДГС ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Сэндмаа нь О.Эрдэнэчимэгт ЭДГС ХХК-ийг 100 хувь шилжүүлэхээр харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, нотариатаар батлуулж, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэвч эрх хүлээн авагч О.Эрдэнэчимэг нь өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон үнийг Ш.Сэндмаад төлөөгүй. Гэрээ байгуулахдаа компанийг бусдад шилжүүлэхгүй байхаар тохирсон. Гэтэл хариуцагч 2018 оны 10 дугаар сард тохиролцоогоо зөрчиж, компанийн 70 хувийг Естнорм ХХК-д шилжүүлсэн. Иймд хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, ЭДГС ХХК-ийг буцааж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд болзолт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч Ш.Сэндмаа, хариуцагч О.Эрдэнэчимэг нар бие биенээ танихгүй. О.Эрдэнэчимэг нь ЭДГС ХХК-ийг байгуулагдсан үеэс эхлэн гүйцэтгэх захирлаар нь 4 жил ажилласан. ЭДГС ХХК-ийн эзэмшилд Завхан аймгийн Тэс суманд байрлах мах экспортлох зөвшөөрөлтэй махны үйлдвэр байдаг. Уг махны үйлдвэрийн хамтран эзэмшигч н.Энхдалай нь Ш.Сэндмаагийн төрсөн охин юм. Нэхэмжлэгч Ш.Сэндмаа махны үйлдвэрийг Естнорм ХХК-д худалдах зорилгоор уг компанийг О.Эрдэнэчимэгт шилжүүлж, Естнорм ХХК Хятад улс руу мах экспортлож, үйлдвэрийн өрийг дарна гэсэн. Ш.Сэндмаа үйлдвэрээ худалдаад компаниараа дахин үйлдвэр байгуулж, хамтарч ажиллахаар тохирсон. Иймд болзол тавьж байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас гэрээнээс татгалзаж, өгсөн авсанаа буцаана гэжээ.

  Гуравдагч этгээдийн тайлбарт: Естнорм ХХК нь нэхэмжлэгч, хариуцагч нараас үүрэг шаардаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь тайлбарыг дэмжихгүй. Ш.Сэндмаа болон О.Эрдэнэчимэг нарын байгуулсан гэрээнд ЭДГС ХХК-ийг бусдад шилжүүлэхгүй байх талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар ашиг сонирхол нэгтэй хүмүүс учраас нэгдэж Естнорм ХХК-ийг хохироох гэж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д зааснаар О.Эрдэнэчимэг өөрийн 100 хувийн эзэмшлийн компанийн 70 хувийг Естнорм ХХК-д шилжүүлсэн. О.Эрдэнэчимэг Естнорм ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Иймд нэхэмжлэгч ЭДГС ХХК-ийн 100 хувийн хувьцааг шаардах, мөн хариуцагчид компанийн хувьцааг 100 хувь шилжүүлж өгөх эрх байхгүй. Хариуцагч О.Эрдэнэчимэг эзэмшиж байгаа 30 хувийн хувьцаагаа өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Нэхэмжлэгч Ш.Сэндмаа хариуцагч О.Эрдэнэчимэгтэй байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа учраас өгсөн, авснаа буцаахаар шаардаж байна. Гэтэл Ш.Сэндмаа хуульд заасан хугацаанд гэрээнээс татгалзаагүй тул татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Сэндмаагийн хариуцагч О.Эрдэнэчимэгт холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, ЭДГС ХХК-ийг Ш.Сэндмаад буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 98 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх үндэслэлтэй гэж үзсэн атлаа 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөл болох төлбөр төлөх үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хуульд гэрээнээс татгалзах журмыг заасан боловч журмыг хэрэгжүүлэхдээ хэлбэрийн шаардлага тавиагүй. Шүүх хуралдаанд талууд гаргасан тайлбартаа шаардаж байсан гэдгээ дурьдсан байдаг. Нэгэнт хуульд заасан гэрээнээс татгалзах ноцтой үндэслэл бий болсон тул нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 09 дүгээр сараас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хангалттай хугацаа өнгөрсөн байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцож байгаа учраас... гэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргасан эсэх талаар тодруулсан бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар бие даасан шаардлага гаргаагүй гэдгийг тайлбарлаж хэлсэн байдаг. Хэрэв гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нарт гуравдагч этгээдийн тус шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг гардуулах ажиллагаа хийх ёстой бөгөөд хэргийн оролцогч талууд тухайн бие даасан шаардлагад тайлбар гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг хууль зүйн зохицуулалтай. Гэвч Естнорм ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүгчийн захирамж, гуравдагч этгээдийн зүгээс тус шүүхэд гаргасан бие даасан шаардлага байдаггүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлдог бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэдэг зарчимтай. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иимд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлиин шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Сэндмаа хариуцагч О.Эрдэнэчимэгт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, ЭДГС ХХК-ийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Эрдэнэчимэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх боловч гуравдагч этгээд Естнорм ХХК нь Ш.Сэндмаа, О.Эрдэнэчимэг нарын гэрээнд ЭДГС ХХК-ийг бусдад шилжүүлэх эсэх талаар тусгагдаагүй, тэд ашиг сонирхлоо нэгтгэж биднийг хохироох гэж байна гэж маргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэх боломжгүй.

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, эхний гэрээгээр хариуцагч нь ЭДГС ХХК-ийн нэг бүр нь 10 000 төгрөгөөр үнэлэгдэх 100 ширхэг хувьцааг 1 000 000 төгрөгөөр худалдан авч, үнийг төлөх, нэхэмжлэгч нь хувьцааг худалдахаас өмнө үүссэн аливаа өр, авлага төлбөр тооцоог компанийн бус өөрийн хөрөнгөөр хариуцан барагдуулах үүргийг, хоёрдахь гэрээгээр нэхэмжлэгч нь захирлаар томилогдсон эрх хүлээн авагчид компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүрэг, санхүүгийн тайлан, тамга тэмдгийг шилжүүлэх, хариуцагч нь компанийн төлөө үнэнч шударгаар ажиллах, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах үүргийг тус тус хүлээжээ. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа боловч шүүх гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг харгалзан үзэх нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... хариуцагч гэрээний үнийг төлөөгүй, тохиролцоогоо зөрчиж, компанийн 70 хувийг Естнорм ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан нь баримтаар нотлогдохгүй байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлбөр тооцоо дууссан гэх заалт нь худалдан авагч гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. /хх6/

Гэрээний гол нөхцөл болох үнийг төлсөн агуулга бүхий уг заалтыг нотариатч зайлшгүй төлбөр тооцоо дууссан байх ёстой гэсэн учраас бичсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотолсон баримтгүй байна. /хх156/

Хэргийн 23, 48-62 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02457 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2354 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 00345 дугаар тогтоол, ЭДГС ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр гуравдагч этгээд Естнорм ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЭДГС ХХК-ийн 70 хувийг хариуцагч О.Эрдэнэчимэгээс худалдан авч, тус өдөр компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, О.Эрдэнэчимэгийн Естнорм ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн хувьцаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор харилцан гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон, ... гэрээний үүргийн зөрчил нь талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах нөхцөл болно гэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдлоо.

Мөн зохигчид эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр ЭДГС ХХК-ийг бусдад шилжүүлэхгүй байх талаар тохиролцоогүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээдийн нэхэмжлэгч, хариуцагчийн байгуулсан гэрээнд ЭДГС ХХК-ийг бусдад шилжүүлэх талаар тусгаагүй, тэд ашиг сонирхлоо нэгтгэж биднийг хохироох гэж байна гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах эрхтэй боловч хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримталсан байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29ий өдрийн 102/ШШ2019/02859 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ