Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/02859

 

      2019 оны 10 сарын 29 өдөр

  Дугаар 102/ШШ2019/02859

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ш.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Э-д холбогдох,

 

            Гуравдагч этгээд: Е ХХК

 

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ээс татгалзаж, Э ХХК-ийг Ш.С-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                   

Нэхэмжлэгч Ш.Сэндмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.С нь О.Э-д “Э” ХХК-ийг 100 хувь шилжүүлэхээр харилцан тохиролцоод 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, нотариатаар батлуулж, зохих журмын дагуу хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэвч эрх хүлээн авагч болох О.Э нь өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон үнийг эрх шилжүүлсэн Ш.Сд төлөөгүй байна. Иймд Ш.С болон О.Э нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах болон Эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, “Э” ХХК-ийг буцааж Ш.С надад буцааж шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч О.Э-т “Э” ХХК-ийг шилжүүлэхдээ компанийг бусдад шилжүүлэхгүй байхаар тохирсон. Гэтэл 2018 оны 10 дугаар сард Ш.С нь хариуцагч О.Эийг тохиролцоогоо зөрчиж, компанийн 70 хувийг “Е” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдсэн. Иймд гэрээнээс татгалзаж, “Э” ХХК-ийг нэхэмжлэгч Ш.Сгийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Сгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байна. Учир нь талуудын хооронд болзолт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч Ш.С болон хариуцагч О.Э нар нь нэг нэгнээ танихгүй хүмүүс биш. “Э” ХХК-ийг байгуулагдсан үеэс эхлэн гүйцэтгэх захирлаар О.Э 3, 4 жил ажилласан. “Э” ХХК-ийн эзэмшилд мах экспортлох зөвшөөрөлтэй махны үйлдвэр байдаг бөгөөд уг махны үйлдвэр аймгийн суманд байдаг. Уг махны үйлдвэрийн хамтран эзэмшигч н.Э нь Ш.Сгийн төрсөн охин юм. Нэхэмжлэгч Ш.С нь уг махны үйлдвэрийг “Е” ХХК-д худалдах зорилгоор уг компанийг О.Эт шилжүүлсэн байдаг бөгөөд “Е” ХХК-ийн зүгээс Хятад улс руу мах экспортлож, үйлдвэрийн өрийг дарна гэсэн. Ш.С эгчийн нөхөр нь элэгний хавдартай болж, яаралтай мөнгөний хэрэгтэй болсон. Гэхдээ Ш.С эгч нь үйлдвэрээ зарна, компаниа зарахгүй. Чамд итгээд компаниа нэр дээр чинь шилжүүлж өгье. Үйлдвэрээ зараад компаниараа дахин үйлдвэр байгуулж, хамтарч ажиллахаар тохирсон. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын болзол тавьж байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас гэрээнээс татгалзаж, өгсөн авсанаа буцаая гэж байгаа. О.Э нь “Е” ХХК-ийн мөнгийг буцааж төлнө. Харин Ш.Сд компанийг нь буцааж өгөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гарган, оролцож байгаа. “Е” ХХК нь нэхэмжлэгч, хариуцагч нараас үүрэг шаардаагүй. Бидний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Бидний зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнийх нь ч тайлбарыг дэмжээгүй. Ш.С болон О.Э нарын байгуулсан гэрээнд “Э” ХХК-ийг бусдад шилжүүлэхгүй байх талаар нэг ширхэг үг, өгүүлбэр байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар ашиг сонирхол нэгтэй хүмүүс учраас нэгдэж, “Е” ХХК-ийг хохироох гэж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д зааснаар О.Э өөрийн 100 хувийн эзэмшлийн компанийн 70 хувийг “Е” ХХК-д шилжүүлсэн. О.Э нь “Е” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шаардах, мөн хариуцагчид компанийн хувьцааг 100 хувь шилжүүлж өгөх эрх байхгүй. Хариуцагч О.Э эзэмшиж байгаа 30 хувийн хувьцааг өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Нэхэмжлэгч Ш.С хариуцагч О.Этэй байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа учраас өгсөн, авснаа буцаахаар шаардаж байна. Гэтэл Ш.С хуульд заасан хугацаанд гэрээнээс татгалзаагүй тул татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч О.Эт холбогдуулан  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ээс татгалзаж, “Э” ХХК-ийг Ш.Сд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талууд  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г болон  “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан Ш.С нь өөрийн өмчлөлийн  “Э” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдэх 100 ширхэг хувьцааг 1,000,000 төгрөгөөр О.Эт худалдсан байх ба тус өдрөө “Э” ХХК-ийн эрх, үүргийг 100 хувь О.Эт шилжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.

 

            Талууд энэхүү гэрээг байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.С нь “Э” ХХК-ийн эрх, үүргийг болон хувьцааг 100 хувь хариуцагч О.Эт хүлээлгэн өгөх, хариуцагч О.Э нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Сд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ш.С нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч О.Эт “Э” ХХК-ийн эрх, үүргийг болон хувьцааг 100 хувь шилжүүлэн өгсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

           

Нэхэмжлэгч Ш.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч О.Э нь худалдах, худалдан авах гэрээнийхээ үнэ болох 1,000,000 төгрөгийг төлөөгүй, ... “Э” ХХК-ийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр О.Э шилжүүлсэн байхад О.Э нь энэ үүргээ зөрчиж, компанийн 70 хувийн хувьцааг “Е” ХХК-д шилжүүлсэн...гэх үндэслэлээр тайлбарласныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Е” ХХК нь оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбарыг дэмжээгүй ба үндэслэлээ ... Ш.С болон О.Э нарын байгуулсан гэрээнд “Э” ХХК-ийг бусдад шилжүүлэхгүй байх талаар нэг ширхэг үг, өгүүлбэр байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар ашиг сонирхол нэгтэй хүмүүс учраас нэгдэж, “Е” ХХК-ийг хохироох гэж байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

 

Ийнхүү гэрээний талуудад гэрээнээс татгалзах эрх хуулиар олгогдсон хэдий ч гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл бий болсон байхаас гадна хуулинд заасан гэрээнээс татгалзах журмыг баримталсан байхыг шаарддаг.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ...гэрээний төлбөр төлөөгүй, гэрээний зүйлийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэг зөрчсөн гэснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх боловч тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцож байгаа учраас хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1-д ...төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгана гэж, гэрээний 5-д төлбөр тооцоо дууссан гэж заасан байхаас гадна уг гэрээнд хариуцагч О.Эийг гэрээний зүйлийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй байна.

 

            Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ талдаа нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч О.Э 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ээс татгалзах тухай мэдэгдсэн гэх байдал  тогтоогдохгүй байна.

 

            Иймд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн гэх байдал  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь хуульд заасан гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй байх тул нэхэмжлэгч Ш.Сгийн хариуцагч О.Эт холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ээс татгалзаж, “Э” ХХК-ийг Ш.Сд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Сгийн хариуцагч О.Эт холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ээс татгалзаж, “Э” ХХК-ийг Ш.Сд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА