Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01049

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       О.Аийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А хариуцагч Б.М, Ш.Б нарт холбогдох гэм хорын төлбөрт 2 798 205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хариуцагч Б.М, Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18-19 цагийн үед гэр лүүгээ харих гээд Хүнс хөдөө аж ахуй яамны урдах явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явахад цагаан өнгийн 81-78 УБД улсын дугаартай Тоёота коралла аксео маркийн машиныг жолоодож явсан жолооч Б.Мд мөргүүлж авто машины осолд орсон. Авто ослын улмаас миний биед зүүн тавхайн дээд тал, шагай, шилбэний дунд хэсэг хүртэл хөхөрч хавдсан, шинжээчийн дүгнэлтээр зүүн тавхай, шагай, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан байна гэсэн. Миний бие урьд нь осолд орж баруун хөлөө тайруулж баруун хөлөндөө хиймэл хөл хийлгэсэн хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, группд байдаг. Гэтэл уг ослын улмаас миний ганц тулгуур хөл болох зүүн хөл гэмтэл авч явж чадахгүй болж хүний байнгийн асаргаанд байж эмчилгээ сувилгаа хийлгэх болсон. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд баримтаар 1 112 755 төгрөг зарцуулаад байна. Мөн эмнэлэгт очиж үзүүлэхэд өөрөө явж чадахгүй, эрүүл зүүн хөл гэмтсэн учир машинаар эмнэлэг болон гэр рүүгээ хүргүүлэх, эмнэлэгт хэвтэхэд хоол, цай зөөх гэх мэт машин унааны зардалд 703 600 төгрөг төлсөн.

Би одоо 66 настай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ханын материалын 31 дүгээр байранд сарын 150 000  төгрөгөөр подволь түрээслэн ганцаараа амьдардаг. Уг ослоос болж 3 сар түрээсийн мөнгөө төлж чадаагүй. Би шувууны хоол зарж өдөр тутмын хэрэгцээ болон байрны түрээсээ төлдөг байсан. Авто машины осолд орсны улмаас ажлаа хийж чадахаа байж түрээсээ ч төлж чадаагүй. 2018 оны 10 дугаар сараас хойш 12 сар хүртэл байрны түрээсийн мөнгөө төлж чадаагүй өдийг хүрээд байна. Иймд 3 сарын байрны түрээсийн төлбөр 450 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Авто машины осолд орсноос хойш намайг мөргөсөн жолооч Б.М нь нэг ч удаа эргэж ирээгүйд маш их гомдолгой байна. Миний бие нас дээр гарсан, эрүүл хөлөө гэмтээгээд гарч орж чадахгүй, уг хөлний гэмтэл нь байнга өвдөж маш их зовиуртай байна. Түүнчлэн хууль зүйн мэдлэггүй, дээрээс нь жолооч Б.М нь харилцаа холбоогүй алга болж би хохирсон дээрээ давхар хохирч үлдсэн тул өмгөөлөгч авч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаас өөр аргагүй болсон тул Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч А.Баярбаясгалантай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 500 000 төгрөг төлсөн.

Миний бие зам тээврийн осолд орж хүнд гэмтэл аваагүй байсан бол өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өөрийн эрх ашгаа хамгаалуулах шаардлагагүй байсан. Мөн Замын цагдаагийн газарт хэргээс материал хуулбарлаж авахад 10 400 төгрөг, нотриатаар батлуулахад 21 450 төгрөг болсон. Зам тээврийн осол гаргасан жолооч Б.Мгийн тухайн үед жолоодож явсан 81-78 УБД улсын дугаартай тоёота коралла аксео маркийн машин нь түүний өвөө болох Ш.Бийн нэр дээр байдаг. Иймд уг зам тээврийн ослын улмаас надад учирсан гэм хорын хохирол болох нийт 2 798 205 төгрөгийг хариуцагч Б.М, Ш.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мгийн тайлбарт: Би 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 22:00 цагийн орчим Хүнс хөдөө аж ахуйн яамны урд явган гарцаар зам гарч байсан О.Аийг мөргөж хөнгөн гэмтэл учруулсан болно.Тухайн үед О.Ат анхны тусламж үзүүлэх зорилгоор Гэмтлийн эмнэлэгт өөрийн унаж явсан машинаар хүргэн эмчид үзүүлж, толгой, нуруу, хөлний рентген зураг авахуулахад мэдрэлийн үзлэг хэвийн, рентген зурагт ясны ямар нэг хугаралгүй байсан тул зөөлөн эдийн гэмтэл хэмээн онош тавьж доргилтоос үүдсэн зөөлөн эдийн гэмтэл байж болзошгүй тул маргааш нь цаг авч толгой болон цээжний компютер томаграфийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гээд өвчин намдаах, булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах эм бичиж өгсөн.

Тухайн үед О.Аптанчимэг нь ясны хугаралгүй, би явж чадна КТ /компютер томагфикийн/ шинжилгээ үнэтэй шинжилгээ, хийлгэх мөнгөө надад өгчих тохиролцоё гэсэн. Гэсэн хэдий ч эмчийн бичсэн эмийг авч өгөөд гэрт нь өөрийн унаагаар хүргэж өгөөд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр КТ шинжилгээ хийлгэхээр гэрээс нь авч гэмтлийн эмнэлэг авч явах замдаа хүүхдүүдтэй нь утсаар ярьсан ба гэмтлийн эмнэлэг дээр очно гэсэн боловч дахин холбоо бариагүй, утсаа авахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг очер ихтэй байсан тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр КТ шинжилгээ хийлгэх очер авсан. О.А нь 50 000 төгрөг, 20 кг-ийн 1 шуудай будаа авч гомдолгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан ба тухайн үед 2 таяг дээрээ хэвийн явж, будаагаа зарахаар явна гэж ярьж байсан. Хэдий гомдолгүй гэж гарын үсэг зурж өгсөн боловч би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрт нь очиж уулзан Гэмтлийн эмнэлэгт толгой, цээжны КТ/компютер томагфикийн/ шинжилгээ хийлгэсэн. Хариу нь ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл гэж гарсан, таягны резин нь муудсан байсан тул гэмтлийн эмнэлгийн эмийн сангаас авч сольж өгсөн. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилтай гэх охиных нь нөхөр 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр утсаар ярьж 500 000 төгрөг шаардсан. Би мөнгө өгөх боломжгүйг хэлэхэд 2018 оны 10 сарын 10 өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өөрийн таньдаг хэрэг бүртгэгчид гомдол гаргасан байсан. Өргөдөлдөө 150 000 төгрөг болон 7 хоног эмнэлэгт хэвтүүлэхийг шаардсан байсан. Би хувийн эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй тул дүүргийн эмнэлэгт хэвтүүлэхээр гэмтлийн эмчид үзүүлэхэд хэвтүүлж эмчлэх шаардлагагүй хөнгөн гэмтэл гэсэн тул Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 99164296 утастай өрхийн эмчээс хэвтэх бичиг авч 10 дугаар сарын 12, 15-ны өдрүүдэд өөрийн гэсэн унаагаар авч явж шаардлагатай шээс, цус, биохими, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд шинжилгээний хариунууд ямар нэгэн өөрчлөлтгүй байсан. Өрхийн эмч болон Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн шинжилгээний сувилагч нар энэ талаар гэрчлэнэ. Эдгээр шинжилгээнүүдийг бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгчтэй уулзаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэвтэх очер авч, О.А нь 2018 оны 11 дүгээр сарын 01 ны өдөр тухайн тасагт 7 хоног хэвтээд гарсан.

            Гэтэл О.А нь эмнэлэгт хэвтэх очер авсны дараа надаас Баянзүрх дүүргийн Замын цагдаад гаргасан өргөдөлд нэхэмжилснээс илүү мөнгө болох 5 000 000 төгрөг нэхэж өгөхгүй бол цагдаа дээр очихгүй, хэргийн газрын нөхөн үзлэгт очихгүй гэж дарамталж эхэлсэн. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэрэг бүртгэгч н.Ганзул нь хэрэг бүртгэлийн үйл ажилгааг удаашруулж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдлийн хэргийн газрын нөхөн үзлэгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсныг хэргийн талаар Замын цагдаагийн газраас авсан баримтаас харж болно. Энэ хугацаанд хэрэг бүртгэгч н.Ганзул нь шаардлагагүй үед дуудаж О.Аийг авч ирж уулзуулах, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн дотрын тасгаас хэвтэнэ гэсэн бичиг авчруулах зэрэг зүйлсийг шаардаж, О.Аийн ямар нэг үндэслэлгүй нэхэмжилсэн их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, дарамталж байсан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийж хэрэг бүртгэлийн ажилгааг дуусгахыг хүсэхэд манай өвөө болох Ш.Бийн өөрөө явж байгаа машиныг ачиж авчирч журмын хашаанд хийлгэж ачилтын машин дуудаж ямар нэг зөвшөөрлийн бичиггүй явуулж, дуудлагын мөнгө гэж 30000 төгрөг авсан. Энэ хугацаанд О.Атэй утсаар болон харилцан ярилцаж байх үед хийсэн дуу бичлэгүүдээс эдгээр бичсэн зүйлс үнэн болохыг харж болно. О.А нь өмнө нь авто осолд орж хүнд гэмтэл авсны улмаас архаг өвчтэй болж байнга эм тариа ихээр хэрэглэдэг байсан тул өөртөө үйлчлэх боломжгүй, байнгын асаргаа шаардлагатай хүнд өвчтэй гэж өрхийн эрүүл мэндийн эмчээр тодорхойлуулан өөрийн охины байнгын асаргаанд орсон байна. Улмаар 6 сард асаргааг сунган, сар бүр асран халамжилсны мөнгө авдаг боловч асран хамгаалах үүргээ охин нь биелүүлдэггүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй гэсэн байгаа.

Хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь амь биенд аюултай гэмтэл үүсэхгүй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй, эрүүл мэндийг сарниулах хугацаа 4 долоо хоног хүртэл, гэмтлээс үүдсэн үсдэц, уршиггүй гэсэн байдаг. Үүнээс дүгнэвэл хөдөлмөрийн чадвар алдалтгүй учир өөрийн хийж буй ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой, эрүүл мэндийг саатуулах хугацаа 28 хоног учир эмчилгээ болон бензиний зардал нэхэмжилсэн бэлэн мөнгөний зарлагын баримтаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи баримтуудын үнийн дүнг тооцох боломжгүй, авто ослоос үүдсэн архаг үлдэцгүй гэж ойлгож байна. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь хэзээ ямар зовиур, үзлэг дээр тулгуурлан ямар оношийг үндэслэн бичсэн нь тодорхойгүй, нэг хүн уух боломжгүй олон тооны эмүүд байгаа ба авто ослоос үүдсэн гэмтэл болох хөлний хөхрөлт няцралтын эмчилгээтэй холбоогүй эмүүд байна. О.Аптанчимэг нь өөрөө явах бүрэн боломжтой байсан ба авто осол болсон өдрийн маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр будаагаа зарах гээд явсан. Мөн эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх зэрэгт унааны зардлыг би өөрөөс гарган унаагаар үйлчилсэн, хүүхдүүд нь энэ үйл ажиллагаанд оролцоогүй төдийгүй эмнэлэгт хэвтэх хугацаанд эргээгүй. Энэ бүх хугацаанд би өөрийн ажлыг хэвийг явуулах боломжгүйгээс олон цагийн чөлөө авч сэтгэл санааны хямрал ихээр үүсч байсан. Иймээс Б.М миний бие О.Аийн нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

            Хариуцагч Ш.Бийн тайлбарт: Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд О.Аийн зүүн хөлийн шагайн доод хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл авсан байдал нь шүүх эмнэлгийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Г.Лхагвасүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-нд гаргасан дүгнэлт, гэмтэл авсан хөлийн хөх толбо арилж эдгэрсэн зураг, О.А миний бие Б.Мд ямар нэг гомдолгүй хохирлыг барагдуулсан бэлэн мөнгө 50 000 төгрөг авав гэсэн гарын үсэг зурсан бичиг баримт, Б.Мгийн гаргасан нэхэмжлэлийн хариу бичиг зэргээс тодорхой байна. Үр хүүхдийнхээ байнгын асрамжид байх ёстой хүн асран хамгаалах хүнгүй явж байгаад осолд орсон нь О.Аийн буруутай байдал харагдаж байна. О.А, А.Эрдэнэчимэг нар нэхэмжлэл гаргахдаа ямар ч үндэслэлгүй нотлох баримт байхгүйгээр хүнээс мөнгө олж авахын тулд өөрсдийн дураар хуурамч баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан нь баримтаар нотлогдож байна. Б.М хохирогч гэх хүнд анхан шатны тусламж үзүүлэх талаар өөрийнхөө унаагаар явж их дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь баримтаар харагдаж байна. Тийм учраас таксинд зарцуулсан мөнгө байхгүй худал хуурмаг заль хэрэглэж бичсэн нь тодорхой байна. Өмгөөлөгчийн зардал хуулийн дагуу нэн ядуу хүмүүст Өмгөөлөгчдийн холбооноос үнэ төлбөргүйгээр үзүүлдэг байхад өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөгийг Б.Мгөөр төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хариуцагч Б.Мгөөс 100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ат олгон түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, хариуцагч Ш.Бөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгөөс 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ат олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдолд:  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан ..."шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс гадна, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бус хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Авто ослын улмаас О.Аптанчимэгийн зүүн тавхайн дээд тал, шагай, шилбэний дунд хэсэг хүртэл хамарч хөхөрч хавдсан, шинжээчийн дүгнэлтээр “зүүн тавхай, шагай, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл гэж үзсэн. Миний ээж О.Аптанчимэг урьд нь осолд орж баруун хөлөө тайруулж баруун хөлөндөө хиймэл хөл хийлгээ хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, группд байдаг. Гэтэл жолооч Б.Мд мөргүүлсний улмаас миний ээжийн ганц тулгуур хөл болох зүүн хөл гэмтэл авч явж чадахгүй болж хүний байнгын асаргаанд байж эмчилгээ сувилгаа хийлгэх болсон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хангаж үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч Ш.Бөд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Тухайн гэмтлийн улмаас О.А нь 1 112 755 төгрөгийн эмчилгээ хийлгэж эмчилгээний зардлыг баримтаар бүрдүүлэн нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн баримтууд нь бүгд О.Аийн эмчилгээнд зарцуулсан эм тариа бөгөөд эмчийн зааврын дагуу хэрэглэсэн болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг эмчийн жорыг үндэслэн ялган зааглаагүй, ослоос болж эм тариа хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн О.Аийн хувьд урьд нь осолд орж баруун хөлөө тайруулж баруун хөлөндөө хиймэл хөл хийлгэсэн хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, группд байдаг Гэмтэл авсан хөл нь ганц эрүүл хөл болох зүүн хөл нь байсан бөгөөд авто осолд орж зүүн хөлөө гэмтээсний улмаас явж чадахгүй болсон. Үүнтэй холбоотойгоор О.Аийг миний бие өөрийн авто машинд бензин хийж эмнэлэг, гэрт нь хүргэж өгч байсан болно. Манайх Дамбадаржаад байдаг бөгөөд ээжийнх Сонгинохайрхан дүүргийн ханын материалд байдаг. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл явж түүнийг эмнэлэгт үзүүлж, хоол цайг нь зөөж байсан. Энэ хугацааны машин унааны зардалд 703 600 төгрөг зарцуулсан. Мөн О.Аийн хувьд нас дээр гарсан тухайн осол болсны дараа Б.М эргэж тойрч уулзаагүй учир хаана хандахаа мэдэхгүй өмгөөлөгч сонгон авч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулсан. Үүнийг шүүхээс илтэд үгүйсгэн та нарын эрхийн асуудал гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. О.Аийн хувьд авто осолд орж гэмтэл аваагүй бол эмчилгээ хийлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. Энэ нь Б.Мгийн гаргасан авто осолтой шууд шалтгаант холбоотой. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “... гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно ..." гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд хариуцагч Б.М, Ш.Б нар нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд О.Аийн эмчилгээний болон бусад зардлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс хариуцагч Бөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүний хууль зүйн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгаагүй байдаг. Тухайн авто осол болох үед унаж явсан цагаан өнгийн 81-78 УБД улсын дугаартай тоёота коралла аксео маркийн машин нь Ш.Бийн өмчлөлийн машин байдаг бөгөөд тухайн машиныг Б.Мг унаж явахыг тэрээр зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс тухайн нэхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж Ш.Бөд холбогдох нэхэмжлэпийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэм хорын хохиролд 2 798 205 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч О.А хариуцагч Б.М, Ш.Б нарт холбогдуулан эмчилгээний зардалд 1 112 755 төгрөг, унааны зардалд 703 600 төгрөг, 3 сарын байрны түрээсийн төлбөр 450 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, материал хуулбарлахад зарцуулсан 10 400 төгрөг, нотариатын зардал 21 450 төгрөг, нийт 2 798 205 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх81/

Хариуцагч Ш.Мөрөн 2018 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр УНД 81-78 дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Аийг мөргөж, зам тээврийн осол гаргасан буруутай болох нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, ослын талаарх эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогджээ. Дээрх зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх7-8, 13, 17-19/

Ослын улмаас нэхэмжлэгчийн зүүн хөлийн тавхай, шагай, шилбэний зөөлөн эд няцарч, эрүүл мэнд нь түр хугацаагаар сарнисан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа нь хэргийн 13 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... автомашинд мөргүүлсний улмаас зүүн хөл гэмтэл авсан, бусдын асаргаанд орсон .., түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болсон .., зам тээврийн осолд ороогүй байсан бол өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах шаардлагагүй байсан ..,” гэж тайлбарлажээ. /хх1-2/

             Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан байна. Өмнө нь нэхэмжлэгч ослын улмаас баруун хөлөө тайруулж хиймэл хөл хийлгэж байсан бөгөөд энэ ослын улмаас эрүүл хөлдөө хөнгөн зэргийн гэмтэл авч тодорхой хугацаанд бусдын асаргаанд байсан, эмнэлэгт үзүүлэхийн тулд автомашин хөлсөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч 2018 оны 10-12 дугаар сард эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, үүний 12 дугаар сарын 10, 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд нь тодорхой зовиурын улмаас зүүн хөлөө эмчид үзүүлж байжээ. 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэн осолд орсны дараа үрэвсэл дарах, өвчин намдаах, үе мөч, зүрх судас, даралт бууруулах, судасны хана тэлэх, дархлаа дэмжих, яс бэхжүүлэх зэрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийг хэрэглэж байсныг буруутгах үндэслэлгүй. /хх133-134/

Хэргийн 28-41, 83-89 дугаар талд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд худалдаж авсан эм бэлдмэлийн баримтууд авагдсан байх ба дээр дурдсан эм бэлдмэлүүдийг ослоос бий болсон гэмтэлд хэрэглэх талаар эмчийн жор хэрэгт байхгүй боловч тулгуур эрхтэн болох зүүн хөл нь гэмтсэнээр бусад эд эрхтний бүтэц, үйл ажиллагаа хямрах боломжтой. Иймд хариуцагч Ш.Мөрөнгөөс эм, эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1 112 755 төгрөгийн 50 хувь болох 556 377 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн хэрвээ машинд мөргүүлээгүй байсан бол өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан гэх гомдол үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч О.Баярбаясгалантай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 500 000 төгрөг төлсөн, шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөхийн тулд материал хуулбарлахад 10 400 төгрөг, нотариатын үйлчилгээ авахад 21 500 төгрөг зарцуулсан нь хэргийн 47, 51 дүгээр талд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, компьютер канон бичиг хэргийн үйлчилгээ үзүүлсэн зарлагын баримт, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар зэргээр тогтоогдож  байх тул 531 850 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Бие даан өөрөө явж чадахгүй хохирогчийн хувьд дээр дурдсан хууль зүйн туслалцаа авах мөн тээвэрлэлтийн зардал зайлшгүй шаардагдана. Хэргийн 42-46, 89-90 дугаар талд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны 703 600 төгрөгийн шатахууны баримт авагдсан байх ба үүнээс 10, 11 дүгээр сарын шатахууны зардал 374 000 төгрөгийн тал хувь болох 187 000 төгрөгийг хариуцагч Ш.Мөрөнгөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтад үндэслэн эмчилгээний зардалд 556 377 төгрөг, өмгөөллийн хөлс, нотариат, материал хуулбарлахад зарцуулсан зардалд 531 850, шатахууны зардалд 187 000 төгрөг, нийт 1 275 227 төгрөг гаргуулахаар байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 50 000 төгрөг бэлнээр, 20 кг-ийн 1 шуудай будааны үнэ, нийт 70 000 төгрөг өгсөн байх тул уг мөнгөн дүнг хасаад үлдэх 1 205 227 төгрөгийг хариуцагч Ш.Мөрөнгөөс гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

                Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “100 000” гэснийг “1 205 227” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “4 550” гэснийг “33 475” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

       ШҮҮГЧИД                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                   А.МӨНХЗУЛ