Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00695

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.О.А, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1049 дүгээр магадлалтай,

О.А-ийн нэхэмжлэлтэй,

Б.М, Ш.Б нарт  холбогдох,

Гэм хорын хохиролд 2 798 205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.А нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18-19 цагийн үед гэрлүүгээ харих гээд Хүнс, хөдөө аж ахуй яамны урд замд явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явахад цагаан өнгийн 81-78 УБД улсын дугаартай Тоёота Королла аксео маркийн машиныг жолоодож явсан жолооч Б.Мд мөргүүлж авто машины осолд орсон.

Авто ослын улмаас миний биед зүүн тавхайн дээд тал, шагай, шилбэний дунд хэсэг хүртэл хамарч хөхөрч хавдсан, шинжээчийн дүгнэлтээр зүүн тавхай, шагай, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан. Миний бие урьд нь осолд орж баруун хөлөө тайруулж баруун хөлөндөө хиймэл хөл хийлгэсэн хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, группд байдаг. Гэтэл жолооч Б.Мд мөргүүлсний улмаас миний ганц тулгуур хөл болох зүүн хөл гэмтэл авч, миний бие явж чадахгүй болж, хүний байнгын асаргаанд байж эмчилгээ сувилгаа хийлгэх болсон.

Одоогийн байдлаар эмчилгээний зардалд баримтаар 1 112 755 төгрөг зарцуулаад байна. Мөн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний бие өөрөө явж чадахгүй эрүүл зүүн хөл гэмтсэн учир машинаар эмнэлэг болон гэр рүүгээ хүргүүлэх, эмнэлэгт хэвтэхэд хоол цай зөөх гэх мэт машин унааны зардалд 703 600 төгрөг болсон.

Миний бие одоо 66 настай ганцаараа амьдардаг, хүүхдүүд маань тус тусдаа гарсан ба би Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ханын материалын 31-р байранд подволь түрээслэн амьдардаг. Сарын түрээс 150 000 төгрөг, энэ явдлаас болж 3 сар түрээсийн мөнгийг төлж чадаагүй бөгөөд би өөрөө гадаа шувууны хоол хувиараа зарж өдөр тутмын хэрэгцээ болон байрны түрээсээ төлдөг байсан. Авто машины осолд орсны улмаас уг ажлаа хийж чадахаа байж түрээсээ ч төлж чадаагүй. 2018 оны 10 сараас хойш 12 с ар хүртэл байрны түрээсийн мөнгөө төлж чадаагүй өдийг хүрээд байна. Иймд 3 сарын байрны түрээсийн төлбөр 450 000 төгрөгийг мөн хариуцагч нараас нэхэмжилж байна.

Авто машины осолд орсноос хойш намайг мөргөсөн жолооч Б.М нь нэг ч удаа эргэж ирээгүй. Бие чинь яаж байна гэж асуугаагүй, тэгээд алга болсонд миний бие маш их гомдолтой байна. Миний бие нас дээр гарсан өндөр настай хүн, дээр нь эрүүл хөлөө гэмтээгээд гарч орж чадахгүй, уг хөлний гэмтэл нь байнга өвдөж миний бие маш их зовиуртай байна. Миний бие хууль зүйн мэдлэггүй, дээрээс нь жолооч Б.М нь харилцаа холбоогүй алга болж миний бие хохирсон дээрээ давхар хохирч үлдсэн тул өмгөөлөгч авч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаас өөр аргагүй болсон тул Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Баярбаясгаланг өмгөөлөгчөөр сонгон авч эрх ашгаа хамгаалуулж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, цагдаагийн байгууллагаас холбогдох материалыг гаргуулж, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, надад хууль зүйн туслалцаа үзүүлж байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн.

Миний бие зам тээврийн осолд орж хүнд гэмтэл аваагүй байсан бол өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, өөрийн эрх ашгаа хамгаалуулах шаардлагагүй байсан. Мөн Замын цагдаагийн газарт хэргээс материал хуулбарлаж авахад 10 400 төгрөг, нотариатаар батлуулахад 21 450 төгрөг болсон. Зам тээврийн осол гаргасан жолооч Б.Мгийн тухайн үед жолоодож явсан 81-78 УБД улсын дугаартай Тоёота Коралла аксео маркийн машин нь түүний өвөө болох Ш.Бийн нэр дээр байдаг.

Иймд уг зам тээврийн ослын улмаас надад учирсан гэм хорын хохирол болох нийт 2 798 205 төгрөгийг хариуцагч Б.М, Ш.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.М 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 22:00 цагийн орчим Хүнс, хөдөө аж ахуйн яамны урд явган гарцаар зам гарч байсан О.Аийг мөргөж хөнгөн гэмтэл учруулсан болно. Тухайн үед О.Ат анхны тусламж үзүүлэх зорилгоор Гэмтлийн эмнэлэгт өөрийн унаж явсан машинаар хүргэн эмчид үзүүлж, толгой, нуруу, хөлний рентген зураг авахуулахад мэдрэлийн үзлэг хэвийн, рентген зурагт ясны ямар нэг хугаралгүй байсан тул зөөлөн эдийн гэмтэл хэмээн онош тавьж, доргилтоос үүдсэн зөөлөн эдийн гэмтэл байж болзошгүй тул маргааш нь цаг авч толгой болон цээжний компьютер томаграфийн шинжилгээ хийлгэ гээд өвчин намдаах, булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах эм бичиж өгсөн болно.

Тухайн үед О.А нь ясны хугаралгүй би явж чадна компьютер томагфикийн шинжилгээ үнэтэй шинжилгээ, хийлгэх мөнгөө надад өгчих тохиролцъё гэсэн. Гэсэн хэдий ч эмчийн бичсэн эмийг авч өгөөд гэрт нь өөрийн унаагаар хүргэж өгөөд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр компьютер томагфикийн шинжилгээ хийлгэхээр гэрээс нь авч гэмтлийн эмнэлэг авч явах замдаа хүүхдүүдтэй утсаар ярьсан ба гэмтлийн эмнэлэг дээр очно гэсэн боловч дахин холбоо бариагүй, утсаа авахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг очер ихтэй байсан тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компьютер томагфикийн шинжилгээ хийлгэх очер авсан. Буцаж гэрт нь хүргэж өгөхөөр явж байх замд О.А дахин ясны хугаралгүй би явж чадна компьютер томагфикийн шинжилгээ үнэтэй шинжилгээ, хийлгэх мөнгөө надад өгчих тохиролцъё гэсэн. О.А нь 50 000 төгрөг, 20 кг-ийн 1 шуудай будаа авч гомдолгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан ба тухайн үед 2 таяг дэрээ хэвийн явж, будаагаа зарахаар явна гэж ярьж байсан болно. Хэдий гомдолгүй гэж гарын үсэг зурж өгсөн боловч би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрт нь очиж уулзан Гэмтлийн эмнэлэгт толгой, цээжний компьютер томагфикийн шинжилгээ хийлгэсэн. Хариу нь ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл гэж гарсан, таягны резин нь муудсан байсан тул гэмтлийн эмнэлгийн эмийн сангаас авч сольж өгсөн. Гэвч холбоо барихгүй байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилтай гэх охины нөхөр гэх хүн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр утсаар ярьж 500 000 төгрөг нэхсэн, би мөнгө өгөх боломжгүйг хэлэхэд 2018 оны 10 сарын 10 өдөр БЗДЗЦГ-т өөрийн таньдаг хэрэг бүртгэгчид гомдол гаргасан байсан.

Өргөдөлдөө 150 000 төг болон 7 хоногт эмнэлэгт хэвтүүлэхийг шаардсан байсан. Би хувийн эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй тул дүүргийн эмнэлэгт хэвтүүлэхээр гэмтлийн эмчид үзүүлэхэд хэвтүүлж эмчлэх шаардлагагүй хөнгөн гэмтэл гэсэн тул Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны 99164296 утастай өрхийн эмчээс хэвтэх бичиг авч 10 сарын 12, 15-ны өдрүүдэд өөрийн гэсэн унаагаар авч явж шаардлагатай шээс, цус, биохими, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд шинжилгээний хариунууд ямар нэгэн өөрчлөлтгүй байсан. Өрхийн эмч болон Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн шинжилгээний сувилагч нар энэ талаар гэрчилнэ. Эдгээр шинжилгээнүүдийг бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгчтэй уулзаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэвтэх очер авч, О.А нь 2018 оны 11 дүгээр сарын 01 ны өдөр тухайн тасагт 7 хоног хэвтээд гарсан болно.

Гэтэл О.А нь эмнэлэгт хэвтэх очер авсны дараа надаас Баянзүрх дүүргийн замын цагдаад гаргасан өргөдөлд нэхэмжилснээс илүү мөнгө болох 5 000 000 төгрөг нэхэж, өгөхгүй бол цагдаа дээр очихгүй хэргийн газрын нөхөн үзлэгт очихгүй гэж дарамталж эхэлсэн. Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэрэг бүртгэгч Ганзул нь хэрэг бүртгэлийн үйл ажилгааг удаашруулж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдлийн хэргийн газрын нөхөн үзлэгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсныг хэргийн талаар замын цагдаагийн газраас авсан баримтаас харж болно.

Энэ хугацаанд хэрэг бүртгэгч Ганзул нь шаардлагагүй үед дуудаж, О.Аийг авч ирж уулзуулах, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн дотрын тасгаас хэвтэнэ гэсэн бичиг авчруулах зэрэг зүйлсийг шаардаж, О.Аийн ямар нэг үндэслэлгүй нэхэмжилсэн их хэмжээний мөнгийг өгөхийг шаардаж, залхаан цээрлүүлж, дарамталж байсан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийж, хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусгахыг хүсэхэд манай өвөө болох Ш.Бийн өөрөө явж байгаа машиныг ачиж авчирч, журмын хашаанд хий гэж ачилтын машин дуудаж, ямар нэг зөвшөөрлийн бичиггүй явуулсан болно. Ямар нэг зөвшөөрөлгүй тул дуудлагын мөнгө гэж 30 000 төгрөг авч явсан билээ. Энэ хугацаанд О.Атэй утсаар болон харилцан ярилцаж байх үед хийсэн дуу бичлэгүүдээс эдгээр бичсэн зүйлс үнэн болохыг харж болно.

О.А нь өмнө нь авто осолд орж хүнд гэмтэл авсны улмаас архаг өвчтэй болж байнга эм тариа ихээр хэрэглэдэг байсан тул өөртөө үйлчлэх боломжгүй, байнгын асаргаа шаардлагатай хүнд өвчтэй гэж өрхийн эрүүл мэндийн эмчээр тодорхойлуулан өөрийн охины байнгын асаргаанд орсон байна. Улмаар 6 сард асаргааг сунган, сар бүр асран халамжилсны мөнгө авдаг боловч асран хамгаалах үүргээ охин нь биелүүлдэггүй.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хөнгөн зэргийн гэмтэлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй гэсэн байгаа. Хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь амь биед аюултай гэмтэл үүсэхгүй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй, эрүүл мэндийг сарниулах хугацаа 4 долоо хоног хүртэл, гэмтлээс үүдсэн үлдэц, уршиггүй гэсэн байдаг. Үүнээс дүгнэвэл хөдөлмөрийн чадвар алдалтгүй учир өөрийн хийж буй ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой, эрүүл мэндийг саатуулах хугацаа 28 хоног учир эмчилгээ болон бензиний зардал нэхэмжилсэн бэлэн мөнгөний зарлагын баримтаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойших баримтуудын үнийн дүнг тооцох боломжгүй, авто ослоос үүдсэн архаг үлдэцгүй гэж би ойлгож байна. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь хэзээ ямар эмч, ямар зовиур, үзлэг дээр тулгуурлан ямар оношийг үндэслэн бичсэн нь тодорхойгүй, нэг хүн уух боломжгүй олон тооны эмүүд байгаа ба авто ослоос үүдсэн гэмтэл болох хөлний хөхрөлт няцралтын эмчилгээтэй холбоогүй эмүүд байна.

О.А нь өөрөө явах бүрэн боломжтой байсан ба авто осол болсон өдрийн маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр будаагаа зарах гээд явсан. Мөн эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх зэрэгт унааны зардлыг би өөрөөс гарган унаагаар үйлчилсэн болно. Хүүхдүүд нь энэ үйл ажиллагаанд оролцоогүй төдийгүй эмнэлэгт хэвтэх хугацаанд эргээгүй болно. Энэ бүх хугацаанд би өөрийн ажлыг хэвийг явуулах боломжгүйгээс олон цагийн чөлөө авч, сэтгэл санааны хямрал ихээр үүсч байсан болно.

Иймээс Б.М миний бие О.Аийн нэхэмжилсэн гэм хорын хохирлын мөнгийг өгөх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд шүүх эмнэлгийн дүгнэлт, гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Г.Лхагвасүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-нд гаргасан дүгнэлт, гэмтэл авсан хөлийн хөх толбо арилж эдгэрсэн зураг, О.А миний бие Б.Мд ямар нэг гомдолгүй хохирлыг барагдуулсан бэлэн мөнгө 50 000 төгрөг авав гэсэн гарын үсэг зурсан бичиг баримт, Б.Мгийн гаргасан нэхэмжлэлийн хариу бичиг зэрэг эдгээрээс дүгнэлт хийж үзэхэд О.Аийн зүүн хөлийн шагайн доод хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл авсан байдал хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтүүдээс тодорхой мэдэгдэж байна. Үр хүүхдийнхээ байнгын асрамжид байх ёстой хүн чинь асран хамгаалах хүнгүй явж байгаад осолд орсон нь О.Аийн буруутай байдал харагдаж байна.

О.А, А.Э нар нэхэмжлэл гаргахдаа ямар ч үндэслэлгүй нотлох баримт байхгүйгээр хүнээс мөнгө олж авахын тулд өөрсдийн дураар хуурамч баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан нь баримтаар нотлогдож байна. Б.М хохирогч гэх хүнд анхан шатны тусламж үзүүлэх талаар өөрийнхөө унаагаар явж их дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь баримтаар харагдаж байна. Тийм учраас таксинд зарцуулсан мөнгө байхгүй, худал хуурмаг заль хэрэглэж бичсэн нь тодорхой байна. Өмгөөлөгчийн зардал хуулийн дагуу нэн ядуу хүмүүст өмгөөлөгчдийн холбооноос үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч томилж гаргадаг байхад өмгөөлөгчийн 500 000 төгрөгийг Б.Мгөөр төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хариуцагч Б.Мгөөс 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ат олгон түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, хариуцагч Ш.Бөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгөөс 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ат олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1049 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “100 000” гэснийг “1 205 227” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “4 550” гэснийг “33 475” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн 1049 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.        

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй талаар:

Давж заалдах шатны шүүхээс “...худалдаж авсан эм бэлдмэлүүдийг ослоос бий болсон гэмтэлд хэрэглэх талаар эмчийн жор хэрэгт байхгүй боловч тулгуур эрхтэн болох зүүн хөл гэмтсэнээр бусад, эд эрхтний бүтэц, үйл ажиллагаа хямрах боломжтой” хэмээн нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийж, хариуцагч Б.Мгөөс эм, эмчилгээний зардалд 556 377 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгчээс осолтой холбогдуулан худалдан авч, хэрэглэсэн гэх эм бэлдмэлүүд нь нэхэмжлэгч О.А хөнгөн гэмтэл авахаасаа өмнө буюу 2018.10.03- ны өдөр осол болохоос өмнө тогтмол хэрэглэдэг байсан эм тариа болох нь амбулаториор эмчлүүлэгчийн картанд бичигдсэн эмийн жор зэрэг баримтаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл баримтаар нотлогдсон гэх дээрх эм бэлдмэлүүдийг тухайн ослын улмаас бий болсон, гэмтлээс шалтгаалан хэрэглэх болсон гэдгийг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч О.А нь тухайн осолд өртсөнөөс үл хамааран байнга тогтмол хэрэглэдэг эм бэлдмэлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байтал давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг барьж, О.Аээс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч О.А нь 2018.10.03-ны өдөр осолд өртөж, хөнгөн гэмтэл аваагүй байсан ч картанд бичигдсэн эмчийн жорын дагуу чөмөгний хугарал, тайралт гэх оношинд хамаарах дээрх эм тариа, эмийн бэлдмэлүүдийг худалдаж авч, хэрэглэх байсан нь ойлгомжтой байхад хэт хийсвэр байдлаар зүүн хөл гэмтсэнээс дээрх эм бэлдмэлийг хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийг буруутгаж буй нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс болон материал хуулбарлах, нотариатын үйлчилгээ авахад төлсөн төлбөр зэрэг нийт 531 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Хууль зүйн туслалцаа авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөрийг гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахаар өмгөөлөгчид төлсөн хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Мөн материал хуулбарласан, нотариатын үйлчилгээний гэх зардлууд нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэхээр өөрөөс сайн дураар гаргасан зардал тул дээрх зардлуудыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлага хангаагүй байна.

Мөн тээвэрлэлтийн зардлын тухайд хэрэгт авагдсан баримтаар ослын улмаас нэхэмжлэгч нь хөнгөн гэмтэл авч, 4 долоо хоногоос доош хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан болох нь тогтоогдсоор байтал давж заалдах шатны шүүхээс шатахууны зардалд 187 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Б.М нь ослоос шалтгаалан О.Аийг эмнэлэгт хүргэж, дүүргийн эмнэлэгт хэвтэх тохиолдлуудад машинаараа зөөсөн талаар талууд маргаагүй байхад ийнхүү хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн 1049 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.А нь Б.М, Ш.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2 798 205 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Мгөөс 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Ш.Бөд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Б.Мгөөс 1 205 227 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, нэхэмжлэгчид учирсан хохирол, хэрэглэсэн эм бэлдмэлийг бодитоор дүгнээгүй тул  магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй...” гэжээ.

Хариуцагч Б.М 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 81-78 УБД дугаартай Тоёото Королла Аксео маркийн авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам хөндлөн гарч явсан иргэн О.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, түүний жолоодож явсан автомашин өвөг эцэг Ш.Бийн эзэмшлийнх болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...эрүүл мэндэд гэм хор учирснаас эм тариа, эмчилгээний зардалд 1 112 755 төгрөг, өөрөө явж чадахгүйгээс машинаар эмнэлэг болон гэр рүүгээ хүргүүлэх, эмнэлэгт хэвтэхэд хоол цай зөөх гэх мэт машин унааны зардалд 703 000 төгрөг, эрүүл мэндэд гэм хор учирснаас ажлаа гүйцэтгэж чадахаа больсон тул байрны 3 сарын түрээсийн төлбөр 450 000 төгрөг, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөрт 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримт бүрдүүлж, хуулбарлаж авахад 10 400 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлсөнд 21 450 төгрөгийг тус тус төлсөн тул нийт учирсан хохирол 2 798 205 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэгчид 28 хүртэл хоногоор хөдөлмөрийн чадвар алдах хөнгөн зэргийн гэмтэл учирсан байтал одоо шаардаж буй эм нь урьд хэрэглэж байсан эм тариа байхын зэрэгцээ зарим тохиолдолд хүүхдийн тунгаар бичигдсэн эм тарианы бичиг ч хэрэгт байна, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй...” гэжээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д  зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч, сувилах, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа  нэхэмжлэгчийн тулгуур эрхтэн гэмтснээр бусад эрхтний бүтэц,  үйл ажиллагаа хямрах боломжтой гэх үзэн эм тарианд хэрэглэсэн зардлын 50 хувийг, осолд орсноос өөрөө бие дааж явж чадахгүй байсан тул шатахууны зардалд нэхэмжилсэн үнийн дүнгээс хөнгөн гэмтэлд хамаарах 10, 11 дүгээр сарын зардлыг, түүнчлэн нэхэмжлэгч нь  шүүхэд нэхэмжлэл гаргахаар нотлох баримтыг хуулбарлах, нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал нь эрүүл мэндэд гэм хор учирсантай шалтгаант холбоотой гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1 205 227 төгрөгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Иймд нотлох баримт үнэлэх журам зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад хэргийн шийдэлд хамааралгүй Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтыг баримталсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлнө.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Мгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1049 дүгээр магадлалын удирдлага болгосон заалтаас “...117 дугаар зүйлийн 117.1...” гэснийг хасч, Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00469 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...499 дүгээр зүйлийн 499.1...” гэснийг “...497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1...” гэж, “...100 000...” гэснийг “...1 205 227...” гэж, 2 дахь заалтын “...4 550...” гэснийг “...33 475...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Мгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Мгөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД