Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191

 

“Ц-Ө” ХХК-ийн гомдолтой,

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын

газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын

хяналтын улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь,

Гомдлын шаардлага: Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2020/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаар магадлалтай,

Гомдол гаргагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-иас аймгийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Гүлжарт холбогдуулан гаргасан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн захирал Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Гүлжар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Цамбагарав-1” супермаркетэд хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь хяналт шалгалт болон фото зургаар нотлогдон тогтоогдож байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураах албадлагын арга хэмжээ авсан.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ...” гэж зааснаар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Тухайн зөрчилд тохирсон арга хэмжээ авч, шийтгэл оногдуулах тухайд: “Ц-Ө” ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/1949 дугаартай “Дотоод хяналтын комисс шинээр байгуулах тухай” тушаалаар дотоод хяналтын комиссыг шинээр байгуулсан. Уг тушаалын 1 дэх заалтаар комиссын даргаар менежер ажилтай Б.Очирхүү, гишүүнээр барааны нярав н.Нансалмааг томилсон, 2 дахь заалтаар комиссын бүрэлдэхүүн нь дэлгүүрийн лангууд байршигдсан бараа материалын чанар, хугацаа, хадгалалтын байдалд байнгын үзлэг шалгалт явуулж, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнд хяналт тавихыг үүрэг болгосон. Мөн хугацаа дуусах дөхөж байгаа барааг 1 сарын өмнө хямдруулаад худалдах ажлыг давхар хариуцдаг юм. Манай супермаркетын ажилтнууд 7 цагаар 2 ээлжээр ажилладаг, тухайн ээлжинд гарч байгаа касс, борлуулагч, камер хянагч, үйлчлэгчдийг менежер Б.Очирхүү хариуцан ажилладаг тул хувь хүн шийтгэл хүлээх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Б.Очирхүү үүргээ биелүүлээгүй, бараагаа лангуунаас татаж аваагүй хариуцлагагүй үйлдлээс болж, 58000 төгрөгний хүнсний бараа лангуунд байлгаснаар компани хариуцлага хүлээж байгаа нь шударга бус явдал болно.

6. Энэхүү зөрчил гаргасан үйлдлээ менежер Б.Очирхүү хүлээн зөвшөөрсөн тул түүний зөрчилд тохирсон арга хэмжээ авах нь зүйтэй. Нөгөө талаар, “Ц-Ө” ХХК нь компанийн үйл ажиллагааны хувьд тухайн бүтээгдэхүүнийг мэдсээр байж худалдан борлуулсан гэж үзэх боломжгүй бөгөөд дотоод хяналт шалгалттай холбоотой асуудлыг хувь хүнд хариуцуулан ажиллуулж байсан болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

7. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмыг зөрчсөн гэх тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Нэгэнт зөрчил гарсан нь тогтоогдсон, ...зөрчлийн хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан журмыг зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож, холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй... гэжээ.

8. Хариуцагч зөрчлийг шалгах явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, тодруулбал, зөрчлийн хэргийг анх улсын байцаагч Х.Айгүл нээсэн байх ба хугацаа сунгах тогтоолыг улсын байцаагч Х.Гүлжар үйлдсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар дээд шатны албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах, 1.4-т зааснаар шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтын өөрчлөх гэснийг зөрчсөн.

9. Зөрчлийн хэргийг нээсэн тогтоолыг холбогдогчид гардуулсан, гомдол гаргах эрхээр хангасан эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас үйлдсэн зөрчлийн хэргийн хугацааг сунгуулах тухай саналд удирдлага болгосон хуулийн зүйл заалт нь буруу, мэдээлэл гаргасан иргэний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, казак хэл дээр ирсэн мэдээллийг монгол хэлээр орчуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна...” гэснийг зөрчсөн байна.

10. Фейсбүүк хаягаар мэдээлэл ирүүлсэн хүнийг Н.Сагсай гэх боловч нотлох баримтаар авагдсан мэдээлэгч нь “Мастер” гэх хуурамч хаягтай байсан. Энэхүү хуурамч хаягаар мэдээлэл өгсөн асуудал нь маш ноцтой бөгөөд энэхүү мэдээллийг яг Н.Сагсай гэх хүн өгсөн эсэхийг шүүх нотлох баримт цуглуулах замаар тогтоогоогүй, мөн Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд байгаа гарын үсэг Н.Сагсай гэх хүний гарын үсэг мөн, биш эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа ба анхан шатны шүүх энэхүү эргэлзээтэй нотлох баримтын хүрээнд хуульд зааснаар нэмж нотлох баримт цуглуулах, өөрөөр хэлбэл тухайн сошиалаар ирсэн мэдээллийг нягталж үзлэг хийх, гэрчээр асуух, нэмэлт нотлох баримт цуглуулах үүргээ зөрчсөн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзнэ.

11. Зөрчил илрүүлэх үед хөндлөнгийн гэрчээр байгууллагын жолоочийг оролцуулсан нь хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй байгаагаас гадна хөндлөнгийн гэрчийг гэрчийн байр суурьтай оролцуулсан, Зөрчлийн хэргийн холбогдогчоор 2 иргэнийг тогтоож, холбогдогч Б.Энхболдоос мэдүүлэг авах үед гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, асуулт асууж, хариулт авах журмыг зөрчиж мэдүүлэг авсан нь хуулийн 4.8 дугаар зүйлийн 2, 3-т заасныг зөрчсөн, түүнчлэн, Шийтгэлийн хуудас үйлдэгдсэний дараа зөрчлийн хэрэг танилцуулах ажиллагаа явуулсан нь хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг зөрчсөн, хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т ...шийтгэлд шийтгэлийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана... гэснийг зөрчсөн буюу торгуулийг хэзээ, хэрхэн, ямар хугацаанд төлөхийг заагаагүй.

12. Мөн Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг өөрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр удирдамжгүйгээр хийж болно... гэснийг, 10 дугаар зүйлийн 10.9.10-т ...улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих... гэснийг тус тус зөрчсөн. Жич: Дээрх зөрчил тус бүр дээрх дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно.

13. Нэмж хэлэхэд, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/618 дугаартай албан бичигт “...уг албан даалгаварт “...хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил давтагдвал Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ тооцохыг сануулсан...” юм гэжээ.

14. Гэтэл анхан шатны шүүхээс “Ц-Ө” ХХК нь өмнө нь энэ төрлийн зөрчлийг гаргасан эсэхийг, хэрэв давтан гаргасан бол энэ талаарх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийг давтан гаргасан нөхцөлд шийтгэл оногдуулах албан даалгавар өгч байсныг харгалзан үзэх ёстой байсан. Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхийг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүнийг шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлдэг бөгөөд эрх бүхий албан тушаалтан, шүүх, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг үндэслэл журмын дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.

15. Уг зөрчлийг шалгасан улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт ...Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна...гэж заасныг ноцтой зөрчсөн, хууль ёсны байх зарчмыг хангаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, зөрчлийн хэргийн ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй, холбогдогчоос гаргасан зөрчлийг тулган шаардсан, гомдол гаргах эрхээр нь хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль журмыг ноцтой зөрчсөн, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус тус зөрчсөн.

16. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2020/0006 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ. 

18. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:” гээд 10.3.1-т “... хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй ... бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гээд 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж; Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих талаар зохицуулсан бөгөөд 6.15 дугаар зүйлийн 3.1-т “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заажээ.

19. Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч Н.Сагсайгаас “... хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хямдруулан худалдан борлуулж байна...” гэх агуулгаар ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга О.Лхагважав, Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Гүлжар, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ж.Ботакөз, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Айгүл нар “Ц-Ө” ХХК-ийн супермаркетэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хяналт шалгалт хийсэн; хяналт шалгалтын явцад нийт 4 төрлийн 58,000 төгрөгийн үнэ бүхий хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байсан зөрчил илэрсэн үндэслэлээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудас үйлдэж, “Ц-Ө” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-т заасныг үндэслэн 5,000,000 төгрөгөөр торгосон нь дээрх хуульд нийцжээ.

20. Гомдол гаргагчаас “...дотоод хяналтын комиссыг шинээр байгуулсан ..., ... комиссын даргаар менежер ажилтай Б.Очирхүү томилогдсон ..., ...  хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнд хяналт тавихыг үүрэг болгосон ... тул ... хугацаа хэтэрсэн барааг лангуунаас татаж аваагүй үйлдэлд компанийн менежер Б.Очирхүү буруутай, хувь хүний хувьд түүнд хариуцлага хүлээлгэх ёстой, компанид хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга бус ...” гэж хяналтын гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

21. Учир нь, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн нь иргэн Б.Очирхүүгийн хувь хүний хувьд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн бус, харин гомдол гаргагч хуулийн этгээдийнх бөгөөд тухайн ээлжинд ажиллаж байсан ажилтнууд нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс иргэдэд дээрх хүнсний бараа, бүтээгдэхүүнийг борлуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу хуулийн этгээдийн зөрчил гаргасан гэж үзэж торгуулийн шийтгэл ногдуулсан байцаагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй.

22. Хэдийгээр компанийн менежер нь хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг лангуунаас татаж авах үүргээ биелүүлээгүй байж болох ч Б.Очирхүүгийн хувьд тухайн эрх зүйн харилцаанд бие даасан эрх зүйн этгээдийн хувьд оролцоогүй, харин хуулийн этгээдийг төлөөлж оролцож байгаа тул хуулийн этгээдийн гаргасан зөрчилд нь ажилтныг буруутгаж, хуулийн этгээдийн хүлээх ёстой хариуцлагыг ажилтанд нь тооцох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

23. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна” хэмээн зөрчлийн талаарх мэдээллийг ямар ч хэлбэрээр гаргаж болохоор; мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авахаас татгалзах боломжгүй; Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэж тус тус заасан тул гомдол гаргагчаас “... мэдээлэл гаргасан иргэний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, ... Фейсбүүк хаягаар мэдээлэл ирүүлсэн хүнийг Н.Сагсай гэх боловч нотлох баримтаар авагдсан мэдээлэгч нь “Мастер” гэх хуурамч хаягтай байсан ..., Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн ...”  гэсэн гомдол үгүйсгэгдэж байна.

24. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь “шударга ёсны зарчим”-д нийцэх бөгөөд гомдол гаргагчийн хувьд нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд, эрх бүхий этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ялимгүй зөрчлийг үндэслэж шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй, хяналтын журмаар гаргасан “... зөрчлийн хэргийг анх улсын байцаагч Х.Айгүл нээсэн байх ба хугацаа сунгах тогтоолыг улсын байцаагч Х.Гүлжар үйлдсэн ..., ...үйлдсэн зөрчлийн хэргийн хугацааг сунгуулах тухай саналд удирдлага болгосон хуулийн зүйл заалт нь буруу, ... хөндлөнгийн гэрчээр байгууллагын жолоочийг оролцуулсан нь хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй ... торгуулийг хэзээ, хэрхэн, ямар хугацаанд төлөхийг заагаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.   

25. Дээрх байдлаар хяналтын журмаар гаргасан гомдлууд няцаагдаж байх тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2020/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                 М.БАТСУУРЬ