Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0178

 

“Ц-Ө” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ц-Ө” ХХК-ийн гомдолтой, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

       Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: ”Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-иас аймгийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Г-т холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож” шийдвэрлэжээ.

       Гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн төлөөлөгч Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар давж заалдах гомдолдоо: “Хариуцагч буюу зөрчлийг шалгасан улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт ...Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна...гэж заасныг ноцтой зөрчсөн, хууль ёсны байх зарчмыг хангаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй, холбогдогчоос гаргасан зөрчлийг тулган шаардсан, гомдол гаргах эрхээр нь хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль журмыг ноцтой зөрчсөн.

       Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй.

       Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэрийг шийдвэрийг хүчингуй болгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг ханган шийвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-аас “Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргажээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт цахим мэдээллийн хэрэгслээр “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг “Ц-Ө” ХХК-ийн “Ц-1” дэлгүүр үнэ хямдруулан худалдан борлуулж байна” гэх мэдээлэл ирүүлснээр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт явуулж, улсын байцаагчийн Шалгалт хийсэн тухай, Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэлүүд, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бараа, бүтээгдэхүүнүүдийн гэрэл зураг зэрэг баримтуудыг үйлдэж хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсныг илрүүлжээ.

       Улмаар хүнсний чанар, стандартын улсын байцаагч Н.А 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдэж прокурорт танилцуулж, дугаар авч, зөрчил шалгах ажиллагааг явуулсны үндсэн дээр “Ц-Ө” ХХК-ийг “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь тогтоогдсон байна.

       Улсын байцаагчийн тухайн үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүний дотор 4.1 дүгээр зүйлийн 1, 3, 6.1 дүгээр зүйлийн 1.1, 6.2 дугаар зүйлийн 1-д нийцсэн байна.

       Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан дээрх тохиолдолд түүнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж удирдамжгүйгээр, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хяналт шалгалтыг явуулсан гэж буруутгах үндэслэлгүй.

       Үүнээс гадна иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр явуулсан хяналт шалгалт Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 /хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх/, 5 дугаар зүйлийн 5.3 /Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно/-д нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

       Хариуцагч албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй тул “хуурамч хаягаар мэдээлэл өгсөн, шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

       Мөн Зөрчилд холбогдогч “Ц-Ө” ХХК-ийн төлөөлөгч гадаад улсад зорчсон гэх шалтгааны улмаас хариуцагч албан тушаалтны Шийтгэлийн хуудсыг гардан аваагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна шүүх шийтгэх хуудсыг гомдлын дагуу хянаж байгаа энэ тохиолдолд “гомдол гаргах эрхээр нь хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

       Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч “хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийг ханган ажиллах” зорилгоор “дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, ... хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан журмын дагуу торгуулийн шийтгэл ногдуулах” талаар тус аймагт хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/411 дүгээр албан даалгавар хүргүүлснийг “Ц-Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, хүлээн авч байсан баримт хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

       Эдгээр нөхцөл байдлаас үзвэл гомдлын шаардлагыг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

       Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт бичвэрийн алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                   ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                   ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР