Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02255

 

МАГАДЛАЛ

2020.11.09 Дугаар 2255

 

 

 

 

 

 

Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02860 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Оюунтуяад холбогдох, гэрээний үүрэгт 21 340 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунтуяатай 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу мөнгийг бэлэн бусаар буюу зээлдэгч Д.Оюунтуяагийн 495064926 дугаар дансанд шилжүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн тухайд бид мөн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцны хөлсний төлбөрийг сар бүрийн зээлийн хүүд тооцсон. Үндсэн зээлийн төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны дотор 7 500 000 төгрөг, харин үлдэх 7 500 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч Д.Оюунтуяа нь үндсэн зээлээс төлөөгүй. Өөрөөр хэлбэл, орон сууц хөлслөх гэрээнд зааснаар Д.Оюунтуяа өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Төмөр замын ус-15 гудамж 3 дугаар байр 50 тоот, 30м.кв талбайтай 2 өрөө байрыг нэг жилийн хугацаатай сарын 600 000 төгрөгөөр хөлслөх нөхцөлөөр тохирсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заажээ. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдийг хүртэл хийт 158 хоног 5 925 000 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул алдангид 3 750 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Д.Оюунтуяа нь орон сууц хөлслөх гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018701, гэрчилгээний 000615149 дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Төмөр замын ус-15 гудамж 3 байр 50 тоот, 30 м.кв 2 өрөө байрыг хөлслүүлээгүй бөгөөд өөр орон сууцыг хөлслүүлсэн. Д.Оюунтуяа нь миний амьдарч байгаа орон сууцны эзэнтэй давхар орон сууц хөлсөх гэрээ байгуулсан болохыг орон сууцны эзэн хөлс төлөхийг шаардах үед буюу 2020 оны 4 дүгээр сард мэдсэн. Орон сууцны хөлсөнд нийт 1 960 000 төгрөгийг М.Алдармаад төлсөн. Миний бие зээлийн гэрээгээр тохиролцсон дагуу нэг жилийн хугацаанд зээлдэгч Д.Оюунтуяагаас огт хүү аваагүй, харин Д.Оюунтуяа нь надад төлөх зээлийн хүүгийн оронд орон сууц хөлслүүлэх байсан. Мөн орон сууцны хөлсөнд 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 630 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Д.Оюунтуяагаас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 3 750 000 төгрөг, хохирол 2 590 000 төгрөг, нийт 21 340 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оюунтуяагаас зээлийн гэрээний үүрэг 18 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 590 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 281 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамж 250 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Оюунтуяад зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт бусдад төлсөн гэх 2 590 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн хохиролд 2 590 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу нэг сарын хүү 600 000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт тооцохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.Оюунтуяа нь 2020 оны 4 дүгээр сар хүртэл зээлийн хүүд орон сууцандаа суулгасан. Харин 4 дүгээр сараас эхлэн М.Алдармаа орон сууцны хөлс төлөхийг шаардсан. Зээлийн гэрээний хугацаагаар хүү тооцсон бол 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Д.Оюунтуяа нь зээлийн хүү төлөх ёстой байсан боловч 4 дүгээр сараас эхлэн уг хүүг төлөөгүйгээс гадна нэмж зардал гаргаж хохирсон. Энэ нөхцөл байдал нь зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй шууд холбоотой байхад хохирол 2 590 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хохирол 2 590 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь талууд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн өдрөө орон сууц хөлслөх гэрээг байгуулж, улмаар Б.Оюун-Эрдэнэ нь зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөсөн төлбөрийг сар бүрийн зээлийн хүүд тооцож авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг зэрэг байгуулж орон сууц хөлслөх гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх байдлаар зээлийн хүүг төлөх нөхцлийг тодорхойлсон нь зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол бичгээр хийх хуулийн зохицуулалтад нийцэхгүй буюу зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт 8 102 000 төгрөгийг үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс хасч тооцон үлдэх 6 898 000 төгрөг, алданги 3 449 000 төгрөг, нийт 10 3747 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, алдангид 3 750 000 төгрөг, хохирол буюу орон сууцны хөлсөнд төлсөн 2 590 000 төгрөг, нийт 21 340 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Оюун-Эрдэнэ нь 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр Д.Оюунтуяад зээлэх, зээлийн хүүг орон сууцны хөлсний төлбөрт тооцох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-6/

 

Мөн өдөр талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, Д.Оюунтуяа нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус-15 гудамж, 3 дугаар байр, 50 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг сарын 600 000 төгрөгөөр хөлслөж, уг төлбөрийг 15 000 000 төгрөгийн зээлийн хүүд тооцохоор тохиролцжээ. Иймд дээрх 2 гэрээг нэгтгэн дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, орон сууцыг хариу төлбөртэй эзэмшлүүлэх үүрэг үүсгэсэн мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ буюу холимог гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Д.Оюунтуяагийн эзэмшлийн 495064926 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн алдангийн талаарх заалтыг зөрчөөгүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч нь алдангид 3 750 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оюунтуяагаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 3 750 000 төгрөг, нийт 18 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд зээлийн хүү төлөх нөхцлийг тодорхойлсон үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан хүү тогтоосон зохицуулалтад нийцэхгүй буюу зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүрэг үүсээгүй талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 2 590 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг үндэслэл бүхий гэж үзэхгүй. Учир нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч Д.Оюунтуяа нь зээлийн гэрээний 3.6 болон орон сууц хөлслөх гэрээний 3.2.1-т заасан 15 000 000 төгрөгийн 4 хувийн хүү 600 000 төгрөгийг орон сууц хөлслөсний төлбөрт тооцохоор хөлслөгч Б.Оюун-Эрдэнэтэй тохиролцсон боловч Д.Оюунтуяа нь дээрх өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Төмөр замын ус-15 гудамж 3 дугаар байр, 50 тоот орон сууцыг мөн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 19-өдрийг хүртэлх хугацаанд, 1 сарын 650 000 төгрөгөөр хөлслүүлэхээр Мандах Зууч ХХК үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагтай тохиролцсон.

 

Мөн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу уг орон сууцны өмчлөх Н.Нарантуяад шилжсэн болох нь 000779646 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мандах Зууч ХХК-ийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр тогтоогдсон байна./хх-8,60/ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслэх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Иймд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар хөлслүүлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Оюунтуяагийн хөлслүүлэхээр тохиролцсон орон сууц нь эрхийн доголдолтой байсны улмаас нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь М.Алдармаад 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 930 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдөр 630 000 төгрөг, 3 дугаар сарын 21-ний өдөр 400 000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 630 000 төгрөг, нийт 2 590 000 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжил ХХК-ийн дотоод шилжүүлгийн баримт болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ./ хх 11-12,23/

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь орон сууц хөлсөнд төлсөн дээрх төлбөрийг үүргээ зөрчсөнтэй холбоотой хохиролд тооцож хариуцагч Д.Оюунтуяагаас Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан Хаан банк ХХК болон Голомт банк ХХК дахь Д.Оюунтуяа болон Э.Энхболд нарын эзэмшлийн данснаас бусдын нэр дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний төлбөр төлж байсан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй тул зээлийн төлбөрөөс 8 102 000 төгрөгийг хасч тооцно гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. /хх 37-52, 85-94/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 302 дугаар зүйлийн 302.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оюунтуяагаас 21 340 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгосугай гэж,

2 дахь заалтын ...250 450 төгрөг гэснийг ...264 650 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 149 398 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 56 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА