Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00306

 

Б.Оий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02860 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2255 дугаар магадлалтай,

Б.Оий нэхэмжлэлтэй

Д.Од холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02860 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Огаас зээлийн гэрээний үүрэг 18,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,590,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 281,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас улсын тэмдэгтийн хураамж 250,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оэд олгож шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2255 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 302 дугаар зүйлийн 302.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Огаас 21 340 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оэд олгосугай гэж,

2 дахь заалтын “...250 450 төгрөг” гэснийг “...264 650 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 149 398 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 56 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Учир нь зохигчид 2019.07.10-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн өдрөө орон сууц хөлслөх гэрээг байгуулж Б.Оэ нь зээлийн гэрээний дагуу орон сууц хөлсөлсөн төлбөрийг сар бүрийн зээлийн хүүнд тооцож авахаар тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг зэрэг байгуулж орон сууц хөлслөх гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх байдлаар зээлийн хүүг төлөх нөхцөлийг тодорхойлсон нь зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол бичгээр хийх хуулийн зохицуулалтад нийцэхгүй буюу зээлийн хүү төлөх үүрэг Иргэний хуулийн 282-р зүйлд заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн Б.Оэ нь М.Алдармаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулж тус орон сууцны төлбөрт төлсөн төлбөрөө тухайн гэрээний оролцогч бус Д.Огаас хохирол хэлбэрээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юмаа. Иймд хариуцагч Б.Оюунтуяагийн зээлийн хүүнд төлсөн 8,102,000 төгрөгийн төлбөрийг үндсэн төлбөр 15,000,000 төгрөгөөс хасч тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Б.Оэ нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, алдангид 3,750,000 төгрөг, хохирол 2,590,000 төгрөг, нийт 21,340,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 18,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх хууль хэрэглээг зөвтгөж, 21,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

7. 2019.07.10-ны өдөр талууд гэрээ байгуулж, Б.Оэ нь 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, Д.Огийн эзэмшлийн 495064926 тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн өдөр талууд гэрээ байгуулж Д.О нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус-15 гудамж, 3 дугаар байр, 50 тоот, 2 өрөө орон сууцыг Б.Оэд сарын 600,000 төгрөгөөр хөлслүүлэх, уг хөлсийг зээлийн хүүд тооцохоор харилцан тохирчээ./хх-6/

Талуудын хооронд зээлийн болон орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой байна.

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно...” гэж тус тус заасан.

9. Иймд хариуцагч нь үндсэн зээл 15,000,000 төгрөг, хугацаандаа үргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 3.7-т “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон тул алданги 3,750,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс гадна эрхийн доголдолтой орон сууц хөлслүүлсний улмаас нэхэмжлэгчид 2,590,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, уг хохирлыг нэмж гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт “...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг зөрчөөгүй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

10. Зээлийн гэрээнд хүү төлөхийг заасан, зээлдэгч нь орон сууц хөлслүүлж, хөлсийг зээлийн хүүнд тооцохоор заасан нь “хүү тохирсон” болохыг нотолж байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан хэлбэрээр хүүг тохироогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2255 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 144,582 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД