Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00113

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00113

 

 

 

Цэц хүрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах , А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 101/ШШ2019/02820 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-ийн хариуцагч Т.Ганхуягт холбогдуулан орон сууц хөлсөлж суусны төлбөр 6 075 000 төгрөг гаргуулах үндсэн, гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан гаргуулах бие даасан шаардлагатай хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Элдэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров В.В, орчуулагч Е.Үржинцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа өөрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай багуулсан 2018 ны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр хаягт байрлах 5 давхар угсармал орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн авсан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Т.Ганхуягтай 44 дугаартай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, 44 тоотын 2 өрөө байрыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, сарын 450 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэрээний 2.3-т түрээслэгч тал нь сар бүрийн 05-ны өдрийн дотор түрээсийн төлбөр 450 000 төгрөгийг Цэц хүрэл ХХК-ийн Хаан банк дахь 59 25 25 19 69 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан боловч Т.Ганхуяг нь түрээсийн хугацаанд төлбөрөө огт төлөлгүйгээр байранд оршин сууж, одоог хүртэл амьдарч байна. Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй. Түрээсийн гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулсан орон сууц түрээслэх гэрээний дагуу төлөөгүй төлбөр 4 050 000 төгрөг, алданги 2 025 000 төгрөг, нийт 6 075 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл Төгсөөгийн Ганхуяг нь санаатайгаар саад учруулж байна. Т.Ганхуяг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тус орон сууцыг өмчлөх гэрчилгээгүй, эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд хуулиар олгогдсон манай эрхийг санаатайгаар зөрчиж байна. Тэрээр манай байгууллагатай гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус байранд хууль бусаар үнэ төлбөргүй амьдарч байна. Бидний зүгээс тус орон сууцыг чөлөөлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөг хүртэл биелүүлээгүй. Иймд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 2 дугаар байр, 44 тоот орон сууцанд хууль бусаар сууж байгаа иргэн Т.Ганхуягийг тус орон сууцнаас албадан гаргаж, байрыг чөлөөлж, манай байгууллагын хуулиар олгогдсон өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Уг орон сууцны талаар Монгол Улс, ОХУ-н хооронд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Үүнийг далимдуулан өөрийн өмчлөлийн бус объектыг түрээслэх эрхгүй атлаа түрээсэлж мөнгө олох гэсэн хуулийн этгээдүүд тус байрны оршин суугчдыг дарамталж гэрээ хийсэн. Өмчлөлийн маргаантай хугацаанд Цэц хүрэл ХХК болон тус хуулийн этгээдээс өөр 3 компани байрны цахилгаан, ус тасалж, байр бидний эзэмшлийнх гэж хамгаалалтын алба авч ирж оршин суугчдыг хүчээр гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Цэц хүрэл ХХК-ийн байгуулсан гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Цэц хүрэл ХХК болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын 131 тоот итгэмжлэлийн дагуу төлөөлөх эрхтэй гэх Белозеров В.В. гэх хүн намайг тус байранд оруулаагүй. Тус байрны газар нь Монгол Улсын өмч бөгөөд байрны ашиглалтын хугацаа дууссан. Монгол Улс болон ОХУ-ын хоорондын ажлын хэсэг гаргах Монгол Улсын газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар нь шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев нар ахлан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн үүрэг даалгаварын дагуу тус байранд шинээр шилжилт хөдөлгөөн хийгдээгүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 160 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.Ганхуягаас 6 075 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-д олгож, хариуцагч Т.Ганхуягийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 2 дугаар байр, 44 тоот орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116 550 төгрөг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 116 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-д, 70 200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ганхуягийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төгсөө овогтой Ганхуяг миний бие 2015 онд Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 44 тоотод ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас дамжуулан түрээслэх эрх бүхий Энхүүд ХХК-тай 2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцны телбөрийг тогтмол төлж ирсэн бөгөөд уг орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 3 дугаар сард Цэц Хүрэл ХХК-ийн хүмүүс ирж орон сууцны түрээсийн гэрээг манай компанитай байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж орон сууцны хэрэглээний халуун ус, тог цахилгааныг тасалсан. Тус маргаан бүхий орон сууцны түрээслэгч нар нийлж Цэц Хүрэл ХХК-аас ОХУ-ын Еренхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас зөвшөөрөл олгогдсон эсэх, дамжуулан түрээслэх зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтыг үзүүлэхийг шаардахад ямар ч бичиг баримт байгаагүй. Миний хувьд бага насны 2 нялх хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд түрээсийн гэрээнд гарын үсгээ зурвал тог цахилгаан, хэрэглээний халуун усыг нээнэ гэсэн хясан боогдуулсан саналыг хүлээн зөвшөөрч түрээсийн гэрээнд хүчээр гарын үсэг зурсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Цэц хүрэл ХХК-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас Белозеров.В.В болон Цэц хүрэл ХХК-д гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх эрх олгогдоогүй байхад ашиг хонжоо олох зорилгоор хууран мэхэлж гэрээ байгуулсан байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газар нь Монгол улс дах ОХУ-ын төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Белозеров.В.В 2017 оны 10 сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 сарын 31-ний өдөр хүртэл 131 тоот итгэмжлэлээр орон сууц ашиглалттай холбоотой итгэмжлэлийн 2-т заасны дагуу албаны, амины өрөө тасалгаанд байршуулах үйлчилгээ үзүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулах зорилгоор түншийн эрэлт явуулах зорилгоор гэрээ байгуулах, 4.2-т ФГУП госзагрансобстванност-аас баталсан маягтаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газартай бичгээр урьдчилан зөвшилцсөний үндсэн дагуу 3 сар хүртэл хугацаагаар албаны болон амины өрөө тасалгаанд байршуулах үйлчилгээ үзүүлэх итгэмжпэл олгосон. Белозеров.В.В -д 131 тоот итгэмжлэлээр амины орон сууцы зориулалтаар бусдад 3 сар хөлслүүлэх, 3 сар хөлслүүлэхдээ Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газартай бичгээр урьдчилан зөвшилцсөний үндсэн тусгай загварын гэрээ байгуулах эрх олгогдсон байхад итгэмжлэлд олгогдоогүй түрээсийн гэрээг гуравдагч этгээдэд дамжуулан Цэц хүрэл ХХК-тай байгуулж улмаар Цэц хүрэл ХХК гуравдагч этгээдэд хууль бусаар 9 сарын хугацаатай түрээсэлсэн. Түншийн эрэлт явуулах зорлигоор Белозеров.В.В нь 3 сарын хугацаатай хуулийн этгээдийг байршуулах гэрээ хийх эрхтэй боловч итгэмжлэлээр олгогдоогүй үйлчилгээ үзүүлэх байршуулах гэрээг үзүүлж гуравдагч этгээдэд хөлслүүлэх эрхгүй болох нь тогтоогдож байна.

Белозеров.В.В нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрыг бүхлээр нь Цэц хүрэл ХХК-д 2018 оны 10 сарын 01-ний өдөр түрээслэхдээ заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. ОХУ-ын эд хөрөнгө дээр захиалагч болох Цэц хүрэл ХХК-д эрх үүсэхгүй гэдгийг шууд зааж өгсөн байхад Цэц хүрэл ХХК-нь гуравдагч этгээдтэй хууль зөрчиж орон сууц хөлслөх гэрээг дур мэдэн байгуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг үндэслэж 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газраас Белозеров.В.В-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл гарын үсэг, тамга тэмдэггүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 сарын 31-ний өдөр хүртэлх 131 тоот итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан. Цэц хүрэл ХХК болон Т.Ганхуяг нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримт болон нотлох баримтаар хүчин төгөлдөр бус болох нь нотлогдож байхад Белозеров.В.В нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Гадаад орнуудыг төлөөлөх төлөөний газрыг шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй /гарын үсэг тамга тэмдэг огт дарагдаагүй/, Белозеров.В.В -ын төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хүчингүй болгож, хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч холбогдох хуулийг зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

Нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-ийн орон сууцны төлбөрт 4 050 000 төгрөг, алдангид 2 025 000 төгрөг, нийт 6 075 000 төгрөг гаргуулах, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ Холбооны улсын үйлдвэрийн хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын орон сууцнаас албадан гаргуулах бие даасан шаардлагыг хариуцагч Т.Ганхуяг тус тус эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Т.Ганхуяг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцанд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар тутамд 450 000 төгрөг төлж суухаар Цэц хүрэл ХХК-тай гэрээ байгуулсан байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Цэц хүрэл ХХК объектыг түрээслэх эрхгүй, цахилгаан ус тасалж дарамталж хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг.

ОХУ маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь хэргийн 124 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийжээ. /хх123, 126/

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ Холбооны улсын үйлдвэрийн хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар нь өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 15, 2018 оны 06 дугаар сарын 25, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Цэц хүрэл ХХК-тай 02/18-01, 02/18-02, 02/18-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад маргаан бүхий объектыг шилжүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгтэй нийцэж байна.

Хариуцагч цахилгаан, ус тасалж гэрээнд хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрхтэй. Орон сууц хөлслөх гэрээний 2.3-т түрээслэгч тал нь сар бүрийн 5-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банкны 5925251969 тоот дансанд түрээсийн төлбөрт 450 000 төгрөг шилжүүлнэ, 4.4-т хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 9 сарын түрээсийн төлбөрт 4 050 000 төгрөг, алдангид 2 025 000 төгрөг, нийт 6 075 000 төгрөг төлөх нь зүйтэй.

Маргаан бүхий объект нь бүхэлдээ ОХУ-ын өмчлөлийнх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг хөлсөлсөн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Гуравдагч этгээдээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамжны 2 дугаар байрны 44 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, хугацаа цаашид сунгагдаагүй байх тул хариуцагчийн эзэмшил нь хууль бус болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч буюу гуравдагч этгээд нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар холбооны улсын үйлдвэрийн газраас Белозеров Василий Владимировичид Монгол улсын газар нутагт байрлаж байгаа тус үйлдвэрийн газрын аж ахуйн мэдэлд байгаа холбооны эд хөрөнгө болон үйл ажиллагааны бүх асуудлаар ... төр засгийн байгууллага болон хуулийн этгээд, хувь хүний өмнө.., төлөөлөх итгэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, ... бүх шатны шүүхийн байгууллагуудад хуулиар олгогдсон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн бүхий л эрхийн хамт ОХУ-ын эрх ашгийг төлөөлөх ... эрхийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олгож, уг итгэмжлэлийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болох нь хэргийн 129-130, 142, 246 дугаар талд авагдсан итгэмжлэлээр нотлогдож байна.

Белозеров Василий Владимировичид олгосон дээрх итгэмжлэлүүд нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх, олгосон он сар, өдрийг заах, нотариатаар гэрчүүлэх, тодорхой хугацаагаар олгосон олгосон бол хугацааг заах гэсэн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байна. Иймд Белозеров В.В-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, итгэмжлэлийн хугацаа дууссан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сарын хугацаанд явагдахад хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй, тэрээр шүүхэд гаргасан хариу тайлбартаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч баримтаар нотлоогүй байна.

Шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа өмчлөгчийн шаардах эрхтэй холбоотой хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг 160 дугаар зүйл гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 101/ШШ2019/02820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 160 дугаар зүйлийн гэснийг 106 дугаар зүйлийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ