Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/02820

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/02820

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Ц.Х” ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  “ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар” холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын бие даасан шаардлагатай,

 

Хариуцагч: Т.Г,

 

Орон сууц хөлсөлж суусны төлбөр 6,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцнаас албадан гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн өмгөөлөгч  Ц.Элдэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров В.В., орчуулагч Е.Үржинцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц.Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Элдэв-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанадад байгаа өрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газар” улсын үйлдвэрийн газартай багуулсан 2018 ны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр хаягт байрлаж байгаа 5 давхар угсармал орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

 Манай компани 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Т.Гтай 44 дугаартай “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх орон сууцны 44 тоот 2 өрөө байрыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, нэг сарын 450,000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлсэн.

Орон сууц түрээслэх 44 тоот гэрээний 2.3-т “Түрээслэгч тал нь сар бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 450,000 төгрөгийг Ц.Х ХХК-ийн Хаан банк дахь 5925251969 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан боловч түрээслэгч Т.Г нь түрээсийн нийт хугацаанд түрээсийн төлбөрөө огт төлөлгүйгээр байранд оршин суусан. Тэрээр одоо ч уг байранд оршин суусаар байгаа болно. Бидний зүгээс түүнийг түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй учир шүүхийн журмаар нэхэмжилж байна.

Түрээсийн гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.

Иймд талуудын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх гэрээний дагуу төлөөгүй төлбөр 4,050,000 төгрөг, алданги 2,025,000 төгрөг, нийт 6,075,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ, Хилийн чанад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар шүүхэд гаргасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров В.В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл 44 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн Төгсөөгийн Ганхуяг нь санаатайгаар саад учруулж байна. Т.Г нь Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар тус орон сууцыг өмчлөх гэрчилгээгүй, эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд хуулиар олгогдсон манай эрхийг санаатайгаар зөрчиж байна. Төгсөөгийн Ганхуяг нь манай байгууллагатай гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус байранд хууль бусаар үнэ төлбөргүй амьдарч байна. Манай байгууллагаас тус орон сууцыг чөлөөлж өгөх шаардлага удаа дараа тавьсан боловч өнөөг хүртэл биелүүлээгүй.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 2 дугаар байр, 44 тоот орон сууцанд хууль бусаар сууж байгаа иргэн Т.Гийг тус орон сууцнаас албадан гаргаж, байрыг чөлөөлж, манай байгууллагын хуулиар олгогдсон өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байрны талаар Монгол Улс болон ОХУ-н хооронд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа.  Өөрөөр хэлбэл 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны газар нь Монгол Улсын ард түмний өмч, дээрх байгууламж нь ОХУ-ын өмч гэсэн маргаантайгаар өнөөдрийг хүртэл явж байгаа. Маргаантай байдлыг далимдуулан өөрийн өмчлөлийн бус объектыг түрээслэх эрхгүй, түрээсэлж мөнгө олох гэсэн хуулийн этгээдүүд тус байрны оршин суугчдыг дарамталж түрээсийн гэрээ хийсэн. Өмчлөлийн маргаантай хугацаанд “Ц.Х” ХХК болон тус хуулийн этгээдээс өөр гуван компани байрны цахилгаан, ус тасалж энэ байр бидний эзэмшил болсон гэж хэлэн хамгаалалтын алба авч ирж байгаад оршин суугчдыг хүчээр гэрээнд гарын үсэг зуруулж байсан. “Ц.Х” ХХК-ийн байгуулсан гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

“Ц.Х” ХХК болон ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын 131 тоот итгэмжлэлийн дагуу төлөөлөх эрхтэй гэх Белозеро В.В. гэх хүн намайг тус байранд оруулаагүй. Тус байрны газар нь Монгол Улсын өмч бөгөөд байрны ашиглалтын хугацаа дууссан. Монгол Улс болон ОХУ-ын хоорондын ажлын хэсэг гаргах Монгол Улсын газар дээр баригдсан үл хөдлөх  эд хөрөнгийг шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар нь шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев нар ахлан ажиллаж байгаа болно.

Мөн ажлын хэсгийн үүрэг даалгаварын дагуу тус байранд шинээр шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй байгаа.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээслэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй гэж ойлгож байгаа. Түрээсийн гэрээг түрээслүүлэгч орон байраар хангаж орон сууцанд оруулах үүрэг хүлээдэг. Гэтэл орон сууцанд оруулсан зүйл байхгүй. Хуулийн хугацаа хүчин төгөлдөр “Энхүүд” ХХК-тай байгуулсан гэрээ дуусаагүй байх тул гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж “Ц.Х” ХХК гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ гэж үзэж байгаа бол түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Гэрээ хүчин төгөлдөр бус бол шаардах эрх үүсэхгүй. “Ц.Х” ХХК нь орон сууцны өмчлөгч мөн үү гэх асуудал нь үүснэ. Дамжуулан түрээслэх эрх хууль ёсны дагуу олгогдсон уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс анхнаасаа түрээслэх эрхгүй этгээд байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Белозеров Василий Владимирович гэх хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын төрийн өмчийн удирдах газрын төлөөллийн газрын төлөөлөгчөөс итгэмжлэл авсан. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийн хугацаа дууссан, шүүхэд төлөөлөх эрх нь Иргэний хуулийн итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй хүнтэй гэрээ байгуулсан. 131 тоот итгэмжлэлээр 4 төрлийн эрх олгохдоо бусад этгээдэд дамжуулан түрээслэх эрх олгогдоогүй. Өөрөө компанитай тодорхой зорилгоор 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулах. Гэтэл Белозеров Василий Владимирович тухайн орон сууцыг бүрэлд нь “Ц.Х” ХХК-тай байршуулах гэрээ гэж нэрлэгдээгүй буюу утга агуулгыг нь харвал түрээсийн гэрээ байгаа. Гэтэл гэрээний нэршлийг өөрчилж тодорхой татвараас нуугдаж хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц.Х” ХХК нь хариуцагч Т.Гт холбогдуулан, Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар нь хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ц.Х” ХХК болон хариуцагч Т.Г нар 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 44 дугаартай “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулж, түрээслүүлэгч “Ц.Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 байрны 44 тоот, 2 өрөө орон сууцыг түрээслэгч Т.Гт 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлж, сар бүр төлбөр 450,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасантай нийсэн, хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч “Ц.Х” ХХК нь ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/18-03, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 дугаартай “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байранд байршуулах үйлчилгээ үзүүлэх буюу бусдад түрээслүүлж, хөлслүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

Хариуцагч Т.Г нь дээрх орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу төлбөр төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал хүч хэрэглэн хууль бусаар гэрээг байгуулсан тул төлбөрийг төлөхгүй хэмээн маргаж байх боловч талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн, гэрээг хууль бус гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газар нь ОХУ-ын хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газрын төлөөлөгч мөн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаартай бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Лхагвасүрэнгийн гудамж, 2 байр, 5 давхар угсармал байр хаягт байршилтай 6929.18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Т.Г нь тухайн орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй, аливаа гэрээний дагуу эрх үүсээгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газрын төлөөлөгч В.В.Белозеровт тус үйлдвэрийн газрыг төлөөлөх эрх олгогдоогүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэгч болох Колпаков Александр Сергеевичээс Белозеров Василий Владимировчид 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэлийг үгүйсгэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 160 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.Гаас 6,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц.Х” ХХК-д олгож, хариуцагч Т.Гийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 2 дугаар байр, 44 тоот орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,550 төгрөг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 116,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц.Х”  ХХК-д, 70,200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА