Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02254

 

МАГАДЛАЛ

2020.11.09 Дугаар 2254

 

 

 

 

 

 

Баз интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02320 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баз интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хонконгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэрээр иргэн Б.Жаргалсайханаас 2 500 000 ам.долларыг гаргуулан Гоби Консолидете ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Баз интернэйшнл ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн/14240/, Чингисийн өргөн чөлөө-3 тоот хаягт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 544 м.кв үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, мөн Баз интернэйшнл ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн төмөр замын урд байрлах Г-0231241 дугаар бүхий 5 500 м.кв газрын эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжилсэн. Хонконгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэр түүнийг баталгаажуулсан Арбитрийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүхийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэгт Баз интернэйшнл ХХК-ийн дээр дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гуравдагч этгээдийн эрхийг илтэд ноцтой зөрчин дуудлага худалдаанд оруулахаар ажиллаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хонг Конгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэрээр Б.Жаргалсайханаас 2 500 000 ам.доллар гаргуулж Гоби консолидетед ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Жаргалсайханд 2017 оны 184/04, 03, 02, 2019 оны 157/01, 2020 оны 17280268/02, 17280268/04 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй, мөн төлбөр төлөгч Б.Жаргалсайханы өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө илрээгүй, арилжааны банкуудад дансны суутгал хийхэд үлдэгдэлгүй байсан тул төлбөрийн барьцаа хөрөнгө болох Баз интернэйшнл ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17280268/01 дугаар битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17280268/03, 17280268/05 дугаар хураах тогтоолоор тус тус хураасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөрийн барьцаа хөрөнгөнд хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь цаг хугацаа авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрийн ахын хувьд дэмжиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 90 хувийн чөлөөлж хүсэлт гаргаж өгсөн. Тэр үед Бамбаруушаас бусдын чөлөөлж өгнө гэж хүлээн зөвшөөрч байсан. Гадаадын компаниас зээл авч бүх зүйлээ барьцаанд тавьчихаад бид нарыг асуудалд оруулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Баз интернэшнл ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Баз интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар эмнэлэгийн магадлагааг хавсаргасан хүсэлтийг шүүхэд өгсөн байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Баз интернэшнл ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Энэхүү маргаан нь Олон улсын арбитрын шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдаагүй барьцаанд бүртгэлтэй нэрийдлээр худалдан борлуулахаар ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Барьцааны хөрөнгө гэх боловч Олон улсын арбитрын шийдвэрээр зөвхөн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хэрэв үүргээ зөрчвөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Баз интернэшнл ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Эрдэнэ эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй үндэслэлээр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Уг хүсэлтэд, Б.Ням-Эрдэнэ 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд өвчтэй болох талаар Шинонмед эмнэлэг, тус эмнэлгийн эмч н.Оюун нарын тамга дарсан эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй. Хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА