Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00145

 

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00145

 

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 101/ШШ2019/03437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны хариуцагч Төхөм нар ХХК-д холбогдуулан 426/63 тоот гэрээний гадна холболтын кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3 500 000 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн төлөөлөгч Б.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Харилцаа холбооны зохицуулах хороо, Төхөм нар ХХК-ийн хооронд гадна холбооны кабель угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэлтийн Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулагдсан. Талууд хамгийн анх 426 /Б/OSPI 65 дугаартай /Б/ ангиллын Монгол улсын нутаг дэвсгэрт холбооны кабель суурилуулалт, засвар, угсралтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулж, 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгалт хийсэн. Мөн дээрх гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээний 6.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу тусгай зөвшөөрлийн зохицуулалтын хөлс хавсралт 1-ийг зохицуулах хорооноос Голомт банк дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 3 дугаар сарын 19-ний дотор багтаан төлнө гэж заасан. Төхөм нар ХХК 2009 онд 100 000 төгрөг, 2010 онд 100 000 төгрөг, 2011 онд 150 000 төгрөг, 2012 онд 150 000 төгрөг, 2013 онд 1 000 000 төгрөг, 2014 онд 1 000 000 төгрөг, 2015 онд 1 000 000 төгрөг төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд 426 Б NIIM 63 тоот гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт засвар үйлчилгээ эрхлэх /Б/ ангиллын тусгай зөвшөөрлийн 2009-2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 3 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Төхөм нар ХХК 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос 3 жилийн хугацаатай /Б/ ангиллын 426/Б/OSPI 65 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг авсан. 2010 онд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд гэрчилгээгээ өгөөд буцааж аваагүй. Тухайн үед мэргэжилтэн нь танай гэрээ сунгагдаагүй гэж хэлсэн. Манай компани тусгай зөвшөөрөлгүй тул ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага, нэхэмжлэл өнөөдрийг хүртэл ирээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж хуульчилсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусч, нэхэмжлэгч хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.21.-д заасныг баримтлан Төхөм нар ХХК-аас тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3 500 000 төгрөг гаргуулах тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвадоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Харилцаа холбооны зохицуулах хороо болон "Төхөм нар" ХХК-ийн хооронд байгуулагдсан 426 /Б/ М1М 63 тоот гэрээний 7.4 дэх хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр эрх олгогдсон үйлчилгээг явуулах боломжгүй болж, үйл ажиллагааг зогсоох бол Зохицуулах хороонд 3 сарын өмнө урьдчилан бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэвч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэл ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэг үргэлжилж байгаа гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацааг тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан. Төхөм нар ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эрх олгогдсон үйлчилгээг явуулах боломжгүй болсон тухай гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн бол шаардах эрх үүссэнийг мэдэх байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцагч Төхөм нар ХХК-аас гадна холболтын кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ тусгай зөвшөөрлийн 2009-2015 оны төлбөрт 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 426/Б/NIIM 63 тоот харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай байгуулж, Монгол улсын нутаг дэвсгэрт холбооны кабель шугамын суурилуулалт, засвар, угсралтын ажил үйлчилгээ эрхлэх 426/Б/OSPI 65 дугаартай Б ангилалын тусгай зөвшөөрөл, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар эрхлэх 426/Б/NIIM63 дугаартай тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны газраас хариуцагчид олгосон, гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. /хх 6-9, 20-23/

Хариуцагч тал 2010 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар нэхэмжлэгчид гэрчилгээгээ өгөөд буцааж аваагүй, тусгай зөвшөөрөлгүй тул үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардаж байгаагүй гэж тайлбарлаж, татгалзлаа нотлохоор хэргийн 54, 76-89 дүгээр талд Төхөм нар ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Харилцаа холбооны газарт хүргүүлсэн албан бичиг, 2011-2019 онуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэргийг гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж гэрчилгээг хүргүүлсэн, тусгай зөвшөөрлийн төлбөрийг шаардаж байснаа нотлосон баримтгүй байна. /хх98-99/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд нэхэмжлэгч 2009-2015 оны тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шаардаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэв.

Гэрээний 7.4 дэх тусгай зөвшөөрлөөр эрх олгогдсон үйлчилгээг явуулах боломжгүй болж, үйл ажиллагааг зогсоох бол Зохицуулах хороонд 3 сарын өмнө урьдчилан бичгээр мэдэгдэнэ гэх заалт нь гэрээний үүргийн биелэлт шаардах эрхийн хугацаатай хамааралгүй байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжаа төлөхийг хариуцагчаас шаардаж байсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ утсаар мэдэгдэж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.21 гэснийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэж өөрчилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 101/ШШ2019/03437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.21 гэснийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

А.МӨНХЗУЛ