Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/03437

 

                                         

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр          Дугаар 101/ШШ2019/03437          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХЗХны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т Н” ХХК-д холбогдох

426/Б/63 тоот гэрээний гадна холболтын кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ж:Энхчулуун, нарийн бичгийн дарга Б.Янжинлам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХХЗХ, “Т Н” ХХК нарын хооронд Гадна холбооны кабель угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэлтийн Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан. Талууд хамгийн анх 426 /Б/OSPI 65 дугаартай /Б/ ангиллын Монгол улсын нутаг дэвсгэрт холбооны кабель суурилуулалт, засвар, угсралтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан.үүний дараа тус гэрээг 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгалт хийсэн. Мөн дээрх гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу тусгай зөвшөөрлийн зохицуулалтын хөлс хавсралт 1-ийг зохицуулах хорооноос Голомт банк дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 3 дугаар сарын 19-ний дотор багтаан төлнө гэж зааж өгсөн байдаг. Гэвч “Т Н” ХХК нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1дэх хэсэгт зааснаар 2009 онд 100,000 төгрөг, 2010 онд 100,000 төгрөг, 2011 онд 150,000 төгрөг, 2012 онд 150,000 төгрөг, 2013 онд 1,000,000 төгрөг, 2014 онд 1,000,000 төгрөг, 2015 онд 1,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрүүдийг төлж барагдуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч 426 Б NIIM 63 тоот Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт засвар үйлчилгээ эрхлэх /Б/ ангиллын тусгай зөвшөөрлийн 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох нийт 3,500,000 төгрөгийг Төхөм нар ХХК-иас Иргэний хуулийн 75 дугаар зйүлийн 75.2.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т Н” ХХК нь 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ХХЗХноос 3 жилийн хугацаатай /Б/ ангиллын 426/Б/OSPI 65 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг авсан. 2010 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад сунгуулах зорилгоор ХХЗХнд өгөөд буцааж аваагүй. Тухайн үед нэг мэргэжилтэн танай гэрээ сунгагдаагүй гэж хэлсэн. Манай компанийн тусгай зөвшөөрөлгүй тул ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Манай “Т Н” ХХК-иас гэрээний үүрэг биелүүл гэж шаардлага, нэхэмжлэл өнөөдрийг хүртэл ирээгүй. Харилцаа холбооны зохицуулах холбоо 2009-2015 оны гэрээний дагуу тусгай зөвшөөрөл ашигласны төлбөр 3,500,000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж хуульчилсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХЗХ нь хариуцагч “Т Н” ХХК-д холбогдуулан 426/Б/NIIM 63 тоот гэрээний үүрэгт 2009-2015 оны Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн төлбөр 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ХХЗХноос Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д тус тус зааснаар “Монгол улсын нутаг дэвсгэрт холбооны кабель шугамын суурилуулалт, засвар угсралтыг ажил үйлчилгээ эрхлэх” /Б/ ангиллын 426/Б/OSPI 65 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, /Б/ ангиллын 426/Б/ NIIM 63 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийг “Т Н” ХХК-д тус тус олгожээ./хх-ийн 19, 30 дугаар тал/

Дээрх зөвшөөрлийн дагуу зохигчид харилцан тохиролцож 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, 426/Б/NIIM 63 тоот, “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх”, 426/Б/OSPI 65 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г тус тус байгуулжээ.

Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно “зааснаар уг гэрээг 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тус тус 3 жилийн хугацаатай сунгасан байна./хх-ийн 6-9 дүгээр талууд/

Нэхэмжлэгч хариуцагч “Т Н” ХХК нь 426/Б/NIIM 63 тоот, “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх”, 426/Б/OSPI 65 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-д заасан төлбөр 3,500,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар  шаардаж байна гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил” гэж хуульчилсан.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Зохигчид гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө нарийвчлан заагаагүй бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах учиртай.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд гаргаагүй, уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасныг баримтлан “Т Н” ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3,500,000 төгрөг гаргуулах тухай ХХЗХ -ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ