Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 948

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Т овогт С Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Тын Т,

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж- 7/1, Хангарьд ордон.

Гуравдагч этгээд: “” ХХК. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 25-р хороо, 39А/1 байр,

“Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын барилга ашиглалтанд хүлээж авах 2016/138 тоот актыг хүчингүй болгуулах” хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х, нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Х, Г.Ж, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Соном овогтой Т Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 9-228 тоотод амьдарч байгаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр манай оршин суугаа хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “” ХХК-тай гэрээ хийж газар чөлөөлсөн. Гэрээний дагуу тухайн нэгж талбарт ХХК-ийн барих 2015 оны 2-р улиралд ашиглалтад орох Шинэ Амгалан хорооллын 1-р ээлжийн 2-р блокийн байранд 45,32 м2 орон сууц, дулаан зогсоол, мөн бусад хөнгөлөлтийг авахаар тохиролцсон болно.“” ХХК-ийн тухайн байрны барилга угсралтын ажил удааширч улмаар 2016 оны 1-р улиралд хүрсэн бөгөөд барилга угсралтын ажил бүрэн дуусаагүй байхад барилга ашиглалтад оруулах комисс ажиллах хүсэлт өгснийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтын 4.12.1. комисс нь Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын бичиг, баримтад заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтыг зөрчин 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М.И*******, М.М*******, Ж.Т*******, Б.Б*******, И.М*******р, Ц.Н*******н, Ж.Ц*******, Ц.Т******* бүрэлдэхүүнтэй комисс томилон ажиллаж эхэлсэн. Улмаар “” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар актаа баталгаажуулсан хэмээн иргэдэд итгүүлж лифт угсраагүй, нийтийн эзэмшлийн коридорын засварын ажил дуусаагүй, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт засварын ажил хийгээгүй байхдаа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олон тооны өрх айлыг албан шахалтаар тухайн байрандаа оруулсан. 

Энэ тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт аман болон бичгэн хэлбэрээр удаа дараа мэдэгдсэн боловч “” компанид холбогдуулж хууль ёсны арга хэмжээ аваагүй болно. 

Мөн миний бие “” компанийн 1-р ээлжийн 2-р блокийн барилга бүхэлдээ хазайсан байх магадлалтай тухай сонсож “” ХХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулга авахаар амаар болон бичгээр хүсэлт тавьсан боловч хариу мэдэгдэхгүй байсан учир 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж уг барилгын эгц босоо байдлыг шалгуулахаар хүсэлт өгсөн. Мөн уг шалгалтын эцсийн үр дүн гартал барилга ашиглалтад авах хугацааг хойшлуулах тухай хүсэлтээ 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт бичгээр гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэн миний хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр барилгын эгц босоо байдалд геодезийн багажаар хэмжилт хийгээд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 02-02/949 тоот хугацаат албан даалгавар хүргүүлсэн. Уг бичигт “” компанийн “Шинэ Амгалан” хорооллын 1-р ээлжийн 2-р блокийн барилга нь урд зүгт бүхэлдээ дунджаар 4 см хазайсан бөгөөд энэ нь БНбД 52-02-05-ын 14.2-н хүлээн авах цутгамал төмөр бетон бүтээцийн овор хэмжээний хүлцэл зураг төсөлд заасантай харьцуулахад 13-р хүснэгтэд зааснаас хэтрэхгүй байна гэснийг хангахгүй байна. 

2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор барилгын суурь бүтээц хэсэгт дүгнэлт гаргаж хариу мэдэгдэнэ үү гэсэн байна. Энэхүү бичгийн хариуд 2016 оны 04 дүгээр сарын 08-нд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг барилгад хэмжилт хийх техникийн боломж байхгүй хэмээх утга бүхий 05/1008 тоот хариу ирүүлсэн бөгөөд “” ХХК нь ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөр хэмжилт судалгаа хийлгэж хариуг ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлсэн байна. 

Уг дүгнэлтэд ХХК-н Шинэ Амгалан хорооллын 1-р ээлжийн 2-р блокийн барилга нь барилгын анх зохиогдсон зураг төслийн дагуу зөв баригдсан байна гэсэн байна. Барилгын угсралт зөв, хэвийн явагдсан тухай барилгын зураг төсөл зохиогч дүгнэлтийг гаргасан хэдий ч уг барилга барилгын норм дүрмээс давж хазайсан байгаа шалтгаан нь одоог хүртэл тодорхой бус хэвээр байгаа. Миний бие мэргэжлийн хяналтын байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн геодезийн хэмжилт дүгнэлт гаргах тухай тусгай зөвшөөрөл бүхий “Геомастер” ХХК-аар уг барилгад дахин хэмжилт хийлгэхэд уг барилга нь урд зүгт бүх тэнхлэгээрээ дунджаар 2 см хазайсан байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь 1 сарын өмнөх хэмжилтээс даруй 2 см нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэхүү хэмжилтийн үр дүнг харьцуулж дахин хяналт хийлгэхээр миний бие 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Геомастер” ХХК өмнөх хэмжилтийг баталгаажуулах зорилгоор 2 цэг дээр дахин хяналтын хэмжилт хийгээд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэмжилтийн үр дүн баталгаажсан төдийгүй зүүн урд тэнхлэгээрээ баруун тийш хазайсан хазайлт нь өмнөх хэмжилтээс 0,6 см хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. хэмжилтийн үр дүнг дахин харьцуулан нягтлуулж байгаа тухай нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бичгэн өргөдөл өгсөн болно. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2016 оны 2 сараас хойш удаа дараалан уг барилга хазайсан тухай аман болон бичгэн хэлбэрээр мэдэгдсэн байтал “Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтын 4.12.7. комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулна. Зөрчил дутагдлыг 14 хоногт бүрэн арилгасан байна. 

Комиссын актыг баталгаажуулаагүй тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд үүнтэй холбогдож гарах зардлыг захиалагч хариуцна гэсэн заалтыг зөрчиж уг барилга дээр комисс ажилласан өдрөөс хойш 73 хоног өнгөрсөн байхад тухай барилга дээр дахин ажиллахгүйгээр барилгын норм дүрэм хангаагүй тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гарсан дүгнэлтийг үл хайхарч “Засгийн газрын 2012 оны 151 дүгээр хавсралтын тогтоолын хавсралтын 4.12.1. комисс нь Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын бичиг, баримтад заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ, 4.12.3.1. барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга угсралтын ажлын чанар болон хүний ажиллах амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргах, 4.12.3.5. барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засвар шинэчлэлтийн ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн, хууль тогтоомж, норм, дүрмийн заалт, стандартын шаардлага зөрчсөн бол комисс ажиллахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, 4.12.6. барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засварын ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн, хууль тогтоомж норм, дүрэм, стандарт техникийн нөхцөлийн заалтын шаардлага хангаагүй болон барилгын ажлын явц, чанарт тавигдсан хяналтад байгаа, тусгай зөвшөөрөл олгосон байгууллага, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд, зураг төсөл зохиогч, хангагч байгууллагаас тавьсан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг хангаагүй тохиолдолд комисс ажиллахаас татгалзах, 4.12.8. ашиглалтад оруулах барилга байгууламж нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, барилгын норм, нормативын бичиг, баримтын заалтыг ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй тохиолдолд энэ тухай эрх бүхий байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санал хүргүүлэх гэсэн заалтуудыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар санаатайгаар ноцтой зөрчиж уг барилга нь мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгагдаж байгаагаа мэдсэн тухайгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын хяналтын инженер М.И*******аар дамжуулан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн надад мэдэгдсэн мөртлөө 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уг барилгыг ашиглалтад хүлээж авах тухай 2016/138 тоот актад гарын үсэг зурж баталгаажуулсныг 2016 оны 04 сарын 25-ны өдөр “Геомастер” ХХК-аар уг барилга дээр дахин хэмжилт хийлгэхээр очихдоо “” ХХК-ийн менежер С.Дөөс мэдэж авсан болно. 

Мэдсэн даруйдаа 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хэмжилт дүгнэлтийг хавсарган өргөдөл өгсний хариуд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07/1883 тоот албан тухайн барилга зураг төслийн дагуу баригдсан гэсэн хариу өгсөн хэдий ч уг бичигт тухайн барилгын хазайлтын шалтгааныг тодорхой тайлбарласан нэг ч бодитой тайлбар байхгүй болно. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “” ХХК-ийн Шинэ амгалан хорооллын 1-р ээлжийн 2-р блокийн барилгыг ашиглалтад хүлээж авахдаа “Барилгын тухай хууль”, “Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолуудыг тус тус ноцтой зөрчсөн учир 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт хандаж бичгээр гомдол гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 93.4-т заасан хугацаанд иргэн миний гомдлын асуудлаар ямар нэг тодруулга авах, судлах, шийдвэрлэх арга хэмжээ аваагүй төдийгүй иргэн миний өргөдлийг уг асуудалд хяналт үнэлгээ хийх эрх зүйн чадамжгүй Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газарт шилжүүлж уг газраас иргэний өргөдлийг оройтож хүлээж авсан шалтгаанаар өргөдлийн хугацааг 14 хоногоор дахин сунгасан бөгөөд “” ХХК-иас 2 удаа тодруулга авсан тухайгаа иргэн надад 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр танилцуулж шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй тухайгаа бичгээр хариу өгсөн болно. Нийслэлийн төр, захиргааны эрх бүхий байгууллагууд иргэн миний тавьсан удаа дараагийн гомдлыг санаатай болон санамсаргүй шалтгаанаар шийдвэрлэж өгөхөөс зайлсхийж байгаа учир Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан барилга ашиглалтад хүлээж авах 2016/138 тоот актыг хүчингүй болгож өгнө үү. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн харьяа Реконстракшн төвөөс хийсэн дүгнэлт, барилга хүлээж авсан акт, комиссын хурлын тэмдэглэл, гишүүдийн ирцийн бүртгэл, тухайн барилга дээр ажилласан тэмдэглэлүүд болон бусад холбогдох материалыг нотлох баримтаар гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалах их сургууль орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Б хэсэгт хамаарах 504 айлын орон сууцны барилга угсралтын үед гарсан босоо хэв гажилтын алдааг бодолцсон төмөр бетон каракасын тооцооны үр дүн, хөндлөнгийн экспертизийн дүгнэлтээр барилгын үндсэн хийцийн геомастер хэмжээ, арматур, бетоны бат, бэх зураг төслийн шаардлага хангасан, үндсэн даацын бүтээцийн хотойлт, хэв гажилт хэвийн, үүссэн ан цав байхгүй, багана болон бусад бүтээцийг хүчитгэх шаардлагагүй ба төмөр бетон бүтээцийн төлөв байдал хэвийн мэдэгдэхүйц өөрчлөлтгүй талаар Шинжлэх ухаан, технологийн сургуулийн оношлогоо зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн экспертизийн 2016 оны тайлан дүгнэлт гарсан байна. 

Барилгын зураг төслийн зохиогч “Аркон” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/8 дугаар албан бичгээр Барилга угсралтын үе шатны ажил нь батлагдсан зураг төслөөр чанартай баригдсан болохыг баталгаажуулж ирүүлсэн байна.

Дээр дурдсан тайлан дүгнэлт, зохиогчийн тодорхойлолт бүхий албан бичиг нь Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалтад нийцэж байна. 

Барилгын хэвийн ашиглалтын, зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч, өмчлөгч, эзэмшигч болон ашиглагч Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 37 дугаар зүйлийн 37.1.14, 40 дүгээр зүйлийн 40.1.8, 46 дугаар зүйлийн 46.5 дахь заалтын дагуу барилгатай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэж хуулийн хэрэгжилтийг хангуулах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалахын Их сургуулийн орчимд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд журмын дагуу иргэд оршин суугчдын 2 талт болон 3 талт гэрээ байгуулан ажилласан ба Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран 9-228 тоотод оршин суугч С Тын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн GRI-208 тоот хоёр талт гэрээ болон 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөн GRI-208 тоот гурван талт гэрээг тус тус байгуулан 10 дугаар сарын 29-ий өдөр газраа чөлөөлсөн, мөн гэрээний дагуу тэр суурьшилтын зардлыг олгож байна. 

Иргэн С.Тын байгуулсан гэрээний дагуу эхний ээлжийн баригдах 169 айлын орон сууцнаас 45,32 м.кв талбайтай орон сууц, дулаан зогсоолын хамт олгохоор Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг 2016 оны 1-р сард байгуулах гэсэн боловч иргэн С.Т нь гэрээ байгуулсан нөхцөлийг зөрчиж 50,38 м.кв байрыг авна гэж хүсэлт гаргасан. 

Тухайн нөхцөлд 50,38 м.кв бүх байрнуудын орон сууцны захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ хийгдсэн сул байр байхгүй байсан тул манай компанийн зүгээс гэрээгээр тохирсон талбайтай байрандаа орох талаар ярилцахад “...хэрэв миний хэлснээр байр өгөхгүй бол танай компанийг шалгуулна, та нарын мууг үзнэ.” хэмээн хэл ам хийсэн. 

Ийнхүү С.Т нь ашиглалтад орсон барилгын талаар элдэв өө шалтаг эрэлхийлж, бодит байдалд нийцэхгүй элдэв гомдол хүсэлтийг гаргах болов. Түүнээс хойш 2016 оны 02 сард Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт барилга хазгай баригдсан талаар гомдол гаргасан байсан. 

Иргэн С.Тын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч Н.Жамъяан 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хэмжилт хийж дүгнэлт гаргасан. 

Манай барилгын хувьд багана нь зургийн дагуу сууринаас 3 давхар хүртэл 600х600 мм-ийн хэмжээтэй, 4-р давхраас 12 давхар хүртэл 500х500 мм-ийн хэмжээтэй, техникийн давхар 400х400 мм хэмжээтэй нарийсч шилжиж цутгагддаг бөгөөд энэ цутгамал багана, хана дээр нэмж хөөсөн цасад хийгдсэн, ийнхүү тухайн барилга зургийн дагуу сууринаас дээш ийнхүү нарийсах нь зүй ёсны зүйл байтал үүнийг нэхэмжлэгч С.Т нь “хазайсан” хэмээн элдвээр хэлж ярьдаг. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт дахин хэмжилт хийж, баталгаажуулах тухай албан бичгийг хүргүүлсэний дагуу манай компанид Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл судалгааны “Реконстракшн” төвөөр дүгнэлт гаргуулан ирэхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шаардсаны дагуу бид 2016 оны 04-р сард Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл судалгааны “Реконстракшн” төвөөр С.Тын маргаж буй барилгад бүрэн экспертиз хийлгэхэд “барилгын чанарын хувьд ямар нэгэн асуудалгүй, барилгын суурь болон бүтээцийг хүчитгэх шаардлагагүй, зураг төслийн дагуу гүйцэтгэгдсэн, төмөр бетон бүтээцийн төлөв байдал хэвийн” болохыг тодорхойлсон болно. Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02-1-/2517 дугаартай албан тоотоор “...барилга хазайсан буюу хөдд ороогүй...” болохыг тодорхой баталгаажуулсан байгаа болно.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь нэхэмжлэгч С.Тын дээр дурдсан гомдолтой холбоотой асуудал нь бодит байдалд нийцэхгүй, хууль бус болох талаарх төрийн байгууллагуудын дүгнэлт шийдвэрийг манай компаниас хүлээн авсан болно. 

Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан барилга ашиглалтад хүлээн авах 2016/138 тоот актыг хүчингүй болгуулах тухай С.Тын нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй үндэслэлгүй, хууль бус байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгоно уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Иргэн С.Т нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9-228 тоотод амьдарч байгаад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн GRI-208 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгөө орон сууцаар солихоор тохиролцжээ. 

 “” ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж амжаагүй ч 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулан хүлээлгэн өгчээ.

Нэхэмжлэгчээс “...гангар инвест компанийн 1-р ээлжийн  2 блок барилга бүхэлдээ хазайсан байх магадлалтай...хазайсан шалтгаан одоо хүртэл тодорхой бус, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.12.1, 4.12.3.1, 4.12.3.5, 4.12.6, 4.12.7, 4.12.8 заасныг зөрчин, БНбД 52-02-05-ны 12.2-т заасан /хүлээн авах цутгамал бетон бүтээцийн овор хэмжээний хүлцэл зураг төсөлд заасантай харьцуулахад 13-р хүснэгтэд зааснаас хэтрэхгүй байна / гэснийг хангахгүй байна. 

Нийслэлийн төр захиргааны эрх бүхий байгууллагууд иргэн миний тавьсан удаа дараагийн гомдлыг санаатай болон санамсаргүй шалтгаанаар шийдвэрлэж өгөхөөс  зайлсхийж байгаа учир Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний  газраас гаргасан барилга ашиглалтанд хүлээж авах 2016/138 тоот актыг хүчингүй болгож өгнө үү...” гэж шүүхэд ханджээ.

1.Нэхэмжлэгч С.Таас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “...барилгын эгц босоо байдлыг шалгуулах...” хүсэлт гаргасны дагуу эрх бүхий зөвшөөрөлтэй “Геомастер” ХХК-иар уг орон сууцны барилгын зүүн талын гадна хананаас геодезийн хэмжилт хийж үзэхэд тус барилгын урд зүгт дунджаар 4 см хазайлттай гэх дүгнэлт гаргажээ .

Үүнээс гадна нэхэмжлэгч С.Тын хүсэлтээр 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дахин “Геомастер” ХХК-иар хэмжилт хийж дээрх хайзалт хэвээр байгаа болохыг тодорхойлжээ.

“Геомастер” ХХК-иас уг ажлыг гүйцэтгэхдээ барилгын гадна пасад дээр хэмжилт хийсэн болохоос Барилгын үндсэн төмөр бетон бүтээц, карказыг хэмжээгүй болно . Өөрөөр хэлбэл “Геомастер” ХХК-ийн геодезийн хэмжилт нь туйлын хөдөлбөргүйгээр тухай орон сууцны үндсэн төмөр карказ бүтээцийг хазайсан гэж тогтоогоогүй болно .

2.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэхүү дүгнэлттэй холбогдуулан нарийвчилсан шинжилгээ хийлгэн хариуг эргэн мэдэгдэхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгажээ.

Энэ хугацаанд гуравдагч этгээд болох  “” ХХК-иас Шинжлэн ухаан технологийн сургуулийн Оношлогооны зураг, төсөл, судалгааны “Реконстракшн” төвд өөрийн барьсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах их сургуулийн орчимд байрлах 168 айлын орон сууцаа Барилгын тухай хууль болон холбогдох тогтоол, Барилга, Хот байгуулалтын Сайдын 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 105 дугаар тушаалаар батлагдсан БНбД 52-02-05 барилгын норм ба дүрэмд нийцсэн эсэх талаар оношлогоо хийлгүүлэн дүгнэлт гаргуулахаар ханджээ.

Шинжлэн ухаан технологийн сургуулийн Оношлогооны зураг, төсөл, судалгааны “Реконстракшн” төв нэг талыг баримтлалгүй нийтийн эрх ашгийг бодолцон уг орон сууцны барилга нь Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын холбогдох заалт, Барилга, Хот байгуулалтын сайдын 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 105 дугаар тушаалаар батлагдсан БНбД 52-0205 дугаар барилгын норм дүрэм  нийцсэн талаар шинжлэн ухааны үндэслэл бүхий дүгнэлт  гаргаж захиалагч байгууллагад хүргүүлжээ.

Монголдоо цор ганц Шинжлэн ухаан технологийн сургуулийн Оношлогооны зураг, төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн гаргасан “Барилгын экспертизийн  тайлан /504 (168х3) айлын орон сууцны  барилга/ дүгнэлт нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 138/2016  актыг  Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан “Барилга байгууламжийн нормативыг хангасан байх”, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.12.1-т заасан “комисс нь Барилгын тухай хууль барилгын норм, нормативын бичиг, баримтад заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ” гэснийг зөрчөөгүй болохыг нотолж байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “” ХХК-ийн захилгатай 18 автомашины дулаан зогсоолтой, Үйлчилгээний 168 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссын актыг албажуулсан дээрх "РЕКОНСТРАКШН" төвийн гаргасан экспертизийн тайланд эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй геодези зураглалын "Ди Жи Эф Эм" ХХК-д хийсэн хэмжилтийн актад  үндэслэсэн тооцоог бодолцсоны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан байна.

Ингэхдээ барилга угсралтын үед гарсан босоо хэв гажилт /угсралтын үед гаргасан алдаа болох хэвтээ шилжилтийг хэмжиж үзэхэд барилгын парпетны түвшингээс доош буулгаж 1-р давхрын шалны түвшинд хэмжиж үзэхэд у=3см, х=4,5см-н шилжилт хэмжигдсэн ( "Ди Жи Эф Эм" ХХК-д хийсэн хэмжилтийн акт)/-ыг тооцооны схемд оруулан барилгын статик, динамик тооцооны “ЛИРА-САПР” програмаар барилга бүтээцийн бат бэхийн тооцоог хийж үзэхэд барилгын багана болон бусад бүтээцийг хүчитгэх шаардлаггүй, барилгын төмөр бетон бүтээцийн төлөв байдал хэвийн гэсэн  үр дүн гарчээ  

Тус тооцоонд газар хөдлөлтийн 7 баллын ачааллыг бодолцсон, инженер геологийн дүгнэлтэнд үндэслэн хөрсний шинж чанарыг оруулан, холбогдох норм дүрмийн дагуу тооцсон байна . 

Мөн барилгын даацын бүтээцүүдийн огтлол, арматурчлал, арматурын хамгаалалтын үеийн зузаан, бетоны анги зураг төслийн дагуу хийгдсэн,  даацын дам нуруу, хучилтын бүтээцийн хэв гажилт хотойлтыг багажаар шалгахад хэвийн, нүдэнд ил харагдах ан цав, согог байхгүй байна гэж тайланд тусгасан байна   

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх орон сууцны барилгын  угсралт, ажлын явцад зайлшгүй шалгаж, хяналт, үнэлт өгөх ажилбаруудын нэг болох өрөг бүтээц, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт болон гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд энэхүү барилгын явцад захиалагч техник, хяналтын инженер, зохиогч инженер, барилга угсралтын байгууллагын инженерүүд хяналтыг байнга тогтмол хийж байсан болох нь тогтоогдож байна .

3. Маргаан бүхий 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 138/2016  актад барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орсон нийт гишүүдийн гарын үсэг зурагдсан зэргээс үзэхэд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичиг бүрдүүлээгүй, захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан, энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцлийг зөрчсөн” гэх мөн  нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг 4.12.3-т заасан “комисс гишүүдийн 2/3-оос доошгүй нь ирсэнээр ажиллана. Комиссын гишүүд мэргэжлийн чиглэрээрээ дараахь үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг таницуулж ажиллана” гэснийг баримтлан ажиллаж комиссын бүрэлдэхүүн бүрэн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. 

Хэдийгээр “Геомастер” ХХК-ийн хэмжилтээр барилгын хазайлт нь дунджаар 4.5 см байгаа гэж тооцоолсон боловч уг барилгад хяналт тавьж ажилласан Геодези зураг зүйн тусгай зөвшөөрөл бүхий “Ди Жи ЭФ Эм” ХХК-ийн дүгнэлт  , гэрч Э.Довчингийн мэдүүлэг, барилгын ил далд ажлын акт зэргээр энэхүү барилгын багана буюу барилгын бүтээцэд ямар нэг гажилт хазайлт үүссэн гэж дүгнэх боломжгүй байна. 

Учир нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй “Геомастер” ХХК-ийн хийсэн хэмжилт нь тухай барилгын гадна пасаднаас хэмжсэн хэмжилтээр тогтоосон дүн бөгөөд үүнийг туйлын үнэн гэж үнэлэх нь учир дутагдалтай. 

Хэдий тийм ч энэхүү хазайлтыг тооцож  "РЕКОНСТРАКШН" төв дүгнэлтээ гаргасан тул нэхэмжлэгчийн “...энэхүү барилгад хүн амьдрах боломжгүй нөхцөл байдал бий болсон, барилга нурах аюултай...” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр захиалагч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-т “барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах”, зураг төсөл зохиогч  энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т “зураг төсөл зохиогч хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээх”, барилгын ажил гүйцэтгэгч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “Барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, 40.1.2-т “Барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх ,..; заасан үүргээ биелүүлж ажилласан болох хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул “” ХХК-ийг  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18 автомашины дулаан зогсоолтой, Үйлчилгээний 168 айлын орон сууцны барилгыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг 138/2016 дугаар актаар баталгаажуулан ашиглалтад оруулсаныг буруутгахааргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 138/2016 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тгийн “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын барилга ашиглалтанд хүлээж авах 2016/138 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР