Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 192

 

“С б” ХХК, “С г б”

ХХК-иудын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй,

хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө

аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах”,

“Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66. Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Ч.Б нар,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр: Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С б”, “С г б” ХХК-иудын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон тус яаманд холбогдуулан гаргасан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Дараахь шийдвэр, магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Нэгдүгээрт: Монгол улсын олон улсын гэрээ 59. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн (2) дахь заалт: “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана.”, 4 дүгээр зүйлийн А хэсгийн (1), (2), (3) дахь заалтууд: “(1) Холбооны гишүүн аль нэг оронд патент хүсэх тухай мэдүүлэг буюу ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загвар, эсхүл барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг зохих журмаар нь гаргасан аливаа этгээд, эсхүл түүний өв залгамжлагч бусад оронд мэдүүлэг гаргах зорилгоор дор дурдсан хугацаанд давамгайлах эрх эдэлнэ. (2) Холбооны гишүүн аливаа орны дотоодын хууль тогтоомж буюу холбооны гишүүн орнууд хоорондын хоёр ба олон талт гэрээний дагуу мэдүүлэг гаргах нь ердийн үндэсний мэдүүлэг гаргахтай адил бөгөөд давамгайлах эрх үүсэх үндэслэл гэж хүлээн зөвшөөрнө. (3) Ердийн үндэсний мэдүүлэг гаргах гэдэгт түүнийг цаашид хэрхэхээс үл шалтгаалан холбогдох оронд мэдүүлэг гаргасан өдрийг тогтоох зорилгоор мэдүүлэг гаргахыг ойлгоно”, 4 дүгээр зүйлийн bis хэсгийн (5) дахь заалт: “Давамгайллаас үүсэх давуу байдлаар авсан патент нь холбооны гишүүн бүх оронд патентыг авахдаа давамгайллаас үүсэх давуу байдлаар бус мэдүүлэг гаргасан, эсхүл ийм байдлаар олгогдсон патентын адил үйлчлэх хугацаатай байна.”,

5. Мөн Монгол улсын олон улсын гэрээ 66.Патентын хамтын ажиллагааны гэрээний 2 дугаар зүйлийн (i) хэсгийн заалт: “... “мэдүүлэг” гэж шинэ бүтээлийг хамгаалах талаар гаргасан мэдүүлгийг хэлэх бөгөөд “мэдүүлгийг нэр заах” гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент эсхүл гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ болон ашигтай байдлын нэмэлт гэрчилгээний талаар гаргасан мэдүүлгийг нэр заахыг хэлнэ”, 2 дугаар зүйлийн (хi) хэсгийн (а), (b), (с) хэсгийн заалтууд: “хугацаа тооцох “давамгайлах огноо” гэж: (а) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу давуу эрх хүссэн байвал ийм журмаар давуу эрх хүссэн мэдүүлэг гаргасан огноог; (b) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу хэд хэдэн давуу эрх хүссэн байвал ийм журмаар давуу эрх хүссэн анхны мэдүүлэг гаргасан огноог; (с) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу давуу эрх хүсээгүй байвал уг мэдүүлгийг олон улсын хэмжээнд гаргасан огноог”, 9 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн заалт: “Хэлэлцэн тохирогч улсын аливаа харьяат эсхүл тухайн улсад байнга оршин суугаа хүн олон улсын мэдүүлэг гаргаж болно.”, 15 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн заалт “Олон улсын мэдүүлэг бүрд олон улсын хайлт хийнэ.”, 32 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн заалт: “Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага олон улсын урьдчилсан шүүлтийг хийнэ”, 35 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн заалт: “Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд мэдүүлсэн шинэ бүтээл аливаа үндэсний хууль тогтоомжийн дагуу патентлаг чадвартай, патентлаг чадваргүй эсэх талаар ямар нэг нотолгоог тусгахгүй. Дүгнэлтэд (3) дахь хэсгийн заалтуудыг харгалзан, олон улсын урьдчилсан шүүлтийн зорилгын үүднээс 33 дугаар зүйлийн (1)-(4) дэх хэсэгт тодорхойлсон бүтээлийн шинэ шийдэл, шинэ бүтээлийн түвшин, шинэ бүтээлийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх боломжийг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа гэж үзэж болох эсэхийг томьёоллын заалт бүрээр нотолно. Энэхүү нотолгоонд тухайн тодорхой нөхцөл байдалд шаардагдах тайлбар бүхий дүгнэлтийг баталгаажуулах баримт бичгүүдийг нэр заана. Журамд заасанчлан нотолгоонд бусад шүүмжийг мөн хавсаргаж болно.”, 38 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн заалт; “Олон улсын товчоо болон олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага мэдүүлэг гаргагчийн хүсэлт эсхүл зөвшөөрөлгүйгээр ямар ч үед, аливаа этгээд, байгууллагад олон улсын урьдчилсан шүүлтийн материалтай танилцахыг /30 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн утгаар болон түүнд заасан нөхцөлийг харгалзан/ зөвшөөрөхгүй.”,

6. Мөн Монгол Улсын олон улсын гэрээ: Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1.(с) хэсгийн заалт: “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр дараахь эрх эдлэхийг хүлээн зөвшөөрнө, өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах.”, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт: “Энэхүү пактад оролцогч улсуудаас энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэх үүднээс авч явуулбал зохих арга хэмжээнд шинжлэх ухаан, соёлын ололтыг хамгаалах, хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд шаардагдах арга хэмжээ багтана.” 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт: “Энэхүү Пактад оролцогч улсууд шинжлэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах эрх чөлөөг хүндэтгэх үүрэгтэй.

7. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1. заалт “Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө: 4.1.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт.’’, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-(НББОУС)-38: Биет бус хөрөнгө, зэрэг бусад холбогдох хуулийн заалтуудыг шат шатны шүүхүүд хэрэглэхгүйгээр зөвхөн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг үндэслэн шийдэж, хянасан нь шийдвэр, магадлал хууль ёсны бүрэн үндэслэлтэй байх болон шийдвэр, магадлал хуульд бүрэн захирагдах хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.

8. Ийнхүү олон улсын гэрээний хэм хэмжээг бүрэн орхигдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.2 заалтыг үндэслэн “бодит үйлдвэрлэл болон гарсан бодит бүтээгдэхүүн алга”, “зүгээр л цаас” гэж шат шатны шүүхүүд дүгнэхдээ ийнхүү дүгнэхэд бүх талаас нь эргэлзээгүй зөв хүргэсэн байх хууль зүйн хангалттай үндэслэлийг бүрэн гүйцэд нотолгоотой дурдсангүй.

9. Тухайлбал: Олон улсын патент нь бодит бус хөрөнгөнд тооцогдох эрх зүйн үндэслэл, Олон улсын гэрээний хэм хэмжээг ягштал мөрдөх үүрэгтэй Экспортын аж үйлдвэрийн “анхдагч дамжлага” ба “анхдагч цикл” нь мэдлэг үйлдвэрлэл, мэдлэг үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн, гарц нь олон улсын хэмжээний патент болохыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл хэм хэмжээ, ийнхүү тооцохгүй байх эрх зүйн үндэслэл, Тодорхой зорилгоор, тодорхой сэдвээр, тодорхой хугацааны туршид хийсэн бүхий л судалгаа, шинжилгээ, туршилтын эцсийн үр дүнгээрээ Дэвшилтэт болон өндөр технологи бий болгосноо олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний дагуу нотолж буй гол үндсэн баримт бичиг болох олон улсын патентын урьдчилсан шүүлтийн мэдүүлгийг Монгол улсын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөхгүй. ач холбогдолтойд тооцохгүй байх, дэвшилтэт болон өндөр технологи бий болгосныг нотлохгүй, нотлох чадамжгүй тухай эрх зүйн үндэслэл, Олон улсын патентын албажих явцад патентын мэдүүлэг ба патентын олон улсын урьдчилсан шүүлтийн тайлан нь патент албажихыг нотлох гол баримт бичиг болж чадахгүй гэж үзэх эрх зүйн үндэслэл, Олон улсын патентын өөрийн өртөгийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар бүртгэсэн санхүүгийн тайлангийн дүнг “зүгээр л цаасан дээрх тоо болохыг" нотлох, хүлээн зөвшөөрөхгүй байх эрх зүйн үндэслэл.

10. Мөн түүнчлэн “гарт баригдах бодит бүтээгдэхүүн” үгүй болох кино зохиолд Засгийн газрын тусгай сангаас санхүүжилт олгон кино хийдэг биет бус хөрөнгийн санхүүжилттэй холбоотой төсөөтэй харилцаа, “мэргэшсэн хуульч” ба “мэргэшсэн санхүүч”-ийн диплом, дипломын голч дүн. ажилласан туршлагаа үндэслэн цалин хөлсөө тохирч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг биет бус хөрөнгийн хөрвөх чадварын төсөөтэй харилцаа зэрэг Монгол орны нөхцөлд хэрэглэж байгаа илэрхий төсөөтэй харилцааг ч шүүхүүд авч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр, магадлалын утгыг эдгээр төсөөтэй харилцаан дээр буулган авч үзвэл кино бичих, мэргэшсэн санхүүч, мэргэшсэн хуульчийн диплом авахад ямар ч цаг хугацаа, ямар ч өртөг зардал гаргахгүй, ямар ч хичээл зүтгэл зарахгүй, ямар ч шалгалт шүүлэг өгөхгүй, оюуны өчүүхэн ч чадвар оролцоогүйгээр “кино зохиол', “санхүүч”, “хуульч” гэх “үгсийг” дурын цаасан дээр дурын форматаар дурын хүн бичээд хөрвүүлэн хэрэглэх нь чөлөөтэй гэж, кино зохиолч өөрийн зохиолоороо киног гардан бүтээгээгүй бол тухайн кино зохиолыг бичсэнд тооцохгүй гэсэн агуулгаар тус тус тайлагдан уншигдахаар байгаа юм.

11. Хоёрдугаарт: Төрийн дэмжлэгийн шалгуур хангагдах үеийн цаг хугацаа, дэмжлэг олгох үеийн төсвийн зарлагын хэрэгцээ хоорондын буюу Төсвийн тухай хууль Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хоорондын төлөвлөлт, гүйцэтгэлийн цаглабарын зохицуулалтын хэрэглээг шийдвэр, магадлалд бүрэн тайлж хууль хоорондын зохицлыг нарийвчлан тайлбарлаж .хуулийг зөв хэрэглээнд оруулсангүй.

12. Цаглабарт хамаарах шийдвэр, магадлалын хуулийн хэрэглээний агуулга нь 9 дүгээр сарын 1-ний өдөр дунд сургуулийн төгсөх ангийн сурагчаас тухайн хичээлийн жилийн эцэст өгөх ёстой их дээд сургуульд элсэх шалгалтын дүнгийн оноог нэхэж хичээлд суулгахгүй гэх сургуулийн захиргааны шаардлагыг зөв гэж дүгнэсэнтэй ижил юм. Нийтээр дагаж мөрдөж буй хэм хэмжээний хүрээнд Сурагч шалгалт өгөхийн тулд ирцээ бүртгүүлж, сургуулийн дүрмийн хүрээнд кредитээ цуглуулсны эцэст шалгалтанд орох эрх авсны дараа сая сургууль төгсөлтийн шалгалтаа өгч шалгалтын дүнгийн хуудсаа улсын шалгалтын комиссоос гардан авдаг хэм хэмжээтэй билээ. Сурагч ирц бүрдүүлдгийн адил ирэх жилийн төсвийн хэрэгцээг л бид зохих журмаар уламжилж, сайд төсвийн хэрэгцээгээ зөв тооцох асуудал нь төсвөөс дэмжлэг олгох буюу шалгалтын хуудас гардуулахтай шууд холбогдохгүй шалгалтын дүнгээр сургууль сонгох асуудлын урьдач нөхцөл билээ. Ийнхүү хууль хоорондын хэрэглээний процессын нарийвчлал огт хийгдсэнгүй.

13. Гуравдугаарт: Хариуцагч тал нэхэмжлэгчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаагүй буюу Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хуулиудыг өргөсөн тангаргийнхаа дагуу гүйцэтгэсэн эсэхийг тодруулж дүгнэлт хийх улмаар аж ахуй нэгжийн хууль ёсны хүсэлт яагаад хад мөргөж буйн учгийг тодруулан хуулийн дагуу нотлох үүрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны шүүхэд хамаарах ба энэ үүргээ захиргааны шүүх биелүүлээгүй асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн заалтад хамаарахгүй билээ.

14. Шат шатны шүүхүүд захиргааны албан хаагчийн эс үйлдэхүйг ийнхүү нэхэмжлэлд хамаарахгүй асуудал гэж халхавчлан өөгшүүлэх нь хуульт ёс хүчгүйдэх, шүүх байгууллагад итгэх итгэл сулрах үндэс билээ” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.

16. Нэхэмжлэгчээс 1-д “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах”; 2-т “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66. Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах” гэсэн хоёр үндсэн шаардлага гаргасан бөгөөд “даалгах” шаардлага хангагдахын урьдчилсан нөхцөл нь тухайн захиргааны байгууллагын эс үйлдэхүй (татгалзал) нь “хууль бус” байх учиртай.

17. Үйлдвэрлэлийг дэмжих тухай (2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдаж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон) хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ”үйлдвэр” гэж боловсруулалт хийх зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө, техник, технологи, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, дэд бүтцийн цогцолбор бүхий аж ахуйн нэгжийг;”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрөөс үйлдвэрлэлийг дараах хэлбэрээр дэмжинэ” гээд 8.1.2-т “өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох;” гэж тус тус зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарах хууль бөгөөд дэмжлэг авагч нь бодитой үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж байхыг тусгайлан шаардаж, ийм импортыг орлох экспортод гаргаж буй бараа үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох боломжтой байна.

18. Үүний зэрэгцээ хуулийн 9.3-т зааснаар хуульд заасан дэмжлэгийг авах үйлдвэр нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангаа олон улсын аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байхын зэрэгцээ эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байхыг хууль тогтоогч тусгайлан заажээ.

19. Гэтэл нэхэмжлэгч “С б” ХХК, “С г б” ХХК-иуд нь хамтран “Модны шинэ хими төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа гэх боловч ямар нэгэн үйлдвэр байгуулж үйлдвэрлэл эрхлээгүй, нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн баримтаас үзэхэд уг төсөл нь 2035 оноос таримал ой, мод бэлтгэж, улмаар 2040 оноос Холимог органик шингэн төлвийн завсрын бүтээгдэхүүнийг нано эцсийн бүтээгдэхүүн болгох шугамын үйлдвэрүүдийг байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортлохоор төлөвлөсөн байх тул Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан дэмжлэг авах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

20. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн, “мэдлэгийн үйлдвэрлэл” буюу “шинэ дэвшилтэд технологи”-ийг бий болгосон явдал нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу дэмжлэг авах эрхийг үүсгэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн дурдаж буй “Сэрүүн бүсийн навчит болон шилмүүст модноос нүүрстөрөгчийн өндөр агуулгатай модны нүүрс мөн устөрөгчийн өндөр агуулгатай хий, мөн шингэн төлвийг бүтээгдэхүүнийг хамтад нь хослуулан боловсруулах өндөр хэмт пиролизын арга”-д шинэ бүтээлийн патент авахаар эрх бүхий байгууллагад мэдүүлэг гаргасан гэх боловч одоогоор энэхүү шинэ бүтээлд патент олгогдоогүй (нэхэмжлэгчээс “2020 оны 06 дугаар сарын олон улсын шинжээчдийн урьдчилсан дүгнэлт ирнэ” гэж тайлбарлаж байгаа) энэ тохиолдолд дээрх хуульд заасан “бодитой үйлдвэрлэл эрхэлж буй” этгээд гэж үзэх боломжгүй юм.

21. Мөн түүнчлэн, сүүлийн гурван жилийн буюу 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлангуудад олон улсын аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх шаардлагыг хангаагүй, ийм баримтыг хүсэлтдээ хавсаргаагүйн зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шинжээч томилуулахаар хандаж байгаагүй, ийм атлаа олон улсын эрхтэй шинжээчдийн урьдчилсан шүүлт, тайланг “дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ”-д дүйцүүлэн тооцохыг шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэгэнт хуульд заасны дагуу хавсаргавал зохих баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй тул хариуцагчдын татгалзлыг “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

22. Нөгөө талаас, “даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй, нэгэнт хууль тогтоогч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болгосон энэ тохиолдолд уг хүчингүй болсон (эрх зүйн үйлчлэлгүй) хуулийн дагуу дэмжлэгийг олгуулахаар төсөвт тусгахыг захиргааны байгууллагад даалгах эрх зүйн үндэслэлгүй юм.

23. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдол үгүйсгэгдэхийн зэрэгцээ өмнө дурдсанчлан, энэхүү эрх зүйн харилцаа нь Монгол улсын төсвөөс дэмжлэг авахтай холбоотой тул Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон Патентын хамтын ажиллагааны гэрээ нь уг харилцаанд хэрэглэгдэхгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                        М.БАТСУУРЬ