Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0126

 

2020 оны 02 сарын 18 өдөр           Дугаар 221/МА2019/0126                          Улаанбаатар хот

“С г ...” ХХК,

“Сб” ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С г ...” ХХК, “Сб” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сб”, “С г...” ХХК-иудын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон тус яаманд холбогдуулан гаргасан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан “энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах ...” ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан “эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ” хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчийн тайлбар, дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгийг заалтыг журамлан нэхэмжлэлийг шийдвэрлэжээ.

Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хариуцагчийн тайлбар, дүгнэлтийг хуульд бүрэн захирагдан нотлох баримтад тулгуурлан эргэлзээгүй зөв нотолсонгүй. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн талын албан тоотуудыг шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25, 26, 29, 31 дүгээр зүйлд тус тус заагдсан журмаар хариуцагч гүйцэтгэсэн эсэхийг нотлох ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэнгүй.

2. Хариуцагчийн нэхэмжлэгч талд өгсөн хариу албан тоотууд нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсэгт заагдсан захиргааны актын хэм хэмжээнд хэрхэн нийцсэн талаарх хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн тодорхойлолт, үндэслэлд дурдаагүй.

3. Хариуцагчийн үйл ажиллагааны тухай мэдээллийг, тухайлбал, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг хариуцагч Мэдээллийн илт тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заагдсаны дагуу нийтэл ил тод, хүртээмжтэй түгээсэн, мэдээллэсэн эсэхийг нотлох ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэнгүй.

4. Хариуцагч үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр, Төрийн албаны тухай хуулийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.5, 7.1.6 дахь хэсгийн заалтууд 23, 24, 37, 39 дүгээр зүйл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7, 15, 16, 19 дүгээр зүйлд заагдсан зарчим, журмыг тус тус баримтласан эсэхийг нотлох ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэнгүй.

Эдгээр нотлох ажиллагаа хэрвээ хийгдсэн бол захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан эсэх, захиргааны шийдвэр гаргагч холбогдох хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхийг эргэлзээгүй зөв дүгнэх бичгийн нотлох баримтууд бүрэн цугларч улмаар хариуцагчаас нэхэмжлэгч талд өгсөн хариу албан тоотууд болон хариуцагчийн тайлбар, дүгнэлтийн хоорондох хол зөрүүтэй байдал тод томруун ялгагдаж салгагдах учиртай байлаа. Өөрөөр хэлбэл, яаманд хандах хуульд заагдсан дэмжлэг хүсэхэд хүнд суртал, тодорхойгүй байдал, ёс төдий хариу, мэргэжилтэн хооронд цохон хэсүүлэх зэрэг замаар дотоод журмаар халхлагдсан “уламжлалт” бичигдээгүй хүнд суртлын арга барилаар асуудалд хойрго хөндий хандаж цаг баахан алдуулж байсан байдлаа шүүх дээрээ ирээд “бүх зүйл ёс журмын дагуу”, “эд өөрсдөө л баримтаа дутуу бүрдүүлсэн” гэх тайлбар, дүгнэлт хэлж буй ерөнхий дүр зураг тод томруун харагдах байлаа. Энэ дүр зураг бол төрийн албаны өнөөгийн нийтлэг дүр зураг болсны учир нийгмийн бухимдлын гол шалтгаан болоод байгаа билээ.

Энэхүү “сэтгэлгүй хандлага” бүхий дүр зураглал, нөхцөл байдлыг хөндлөнгийн байр сууринаас хуульд заагдсан аргаар задлан шинжлэн тодруулах учиртай байсан боловч шүүх энэ үүргээ бүрэн орхигдуулсан. Түүгээр ч үл барам захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөвхөн хариуцагчийн тайлбар, дүгнэлтийн хүрээнд л хязгаарлан үнэлж, мөн хуулийн хэрэглээг хариуцагч талын тайлбар, дүгнэлтэд хамааралтайгаар дор дурдсан байдлаар сонгон хэрэглэжээ. Үүнд:

  1. Тодорхойлох ба үндэслэх хэсэгт хариуцагчийн хариу албан тоотоос нэгээс бусад нь огт ишлэгдээгүй, дурдагдаагүй.

Тодорхой ба үндэслэх хэсэгт ишилсэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 дугаар албан бичгийн хариунд огт дурдаагүй тайлбар, мэдээлэл, байр суурь, хандлага, агуулгыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад л амаар гаргасныг шүүх цаг хугацааны хүчин зүйл, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн явц байдал зэрэг харилцан уялтаад нөхцөлт факторыг оролцуулан шинжлэлгүйгээр хүлээн авч үнэлэн ишилсэн.

Тухайлбал, уг албан хариунд дурдагдаагүй “Төсөвт суулгуулах асуудал нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө бүх материалаа өгч, шаардлагаа хангаад хуулийн дагуу бүх нотлох баримтаа бүрдүүлж өгөх боломжтой байсан ... Хэрэв нэхэмжлэгч компаниуд хуулийн дагуу бүх нотлох баримтаа бүрдүүлж сайдын зөвлөлөөр хуралдуулаад төсөвт суулгасан бол бид үүнийг хийхгүй байх үндэслэлгүй байсан” гэх тайлбар, “Эрх авсан эрдэм шинжилгээний байгууллага байхгүй байна гэж байна. Манайд энэ чиглэлээр эрх авсан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг” гэх дүгнэлтийг тус тус тодорхойлон дурдаад “Хуулийн энэхүү зохицуулалт нь дэмжлэг шаардлагатай хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн авч, шаардлагатай дэмжлэгийн хэрэгцээг тооцоолсны үндсэн дээр тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлд оруулж, хэлэлцүүлэх замаар хэрэгжих тухайд хэргийн оролцогчид маргаагүй” гэж үндэслэжээ.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг маргаагүй гэж үндэслэсэн нь иргэн, аж ахуй нэгжийн тавьсан аливаа хүсэлтийг ач холбогдолтой талаас нь шинжлэн судалж, тухайн асуудлыг төрөөс баталсан бодлого, хууль, журамд нийцүүлэн дэмжих ажиллагааг зохион байгуулах, тийнхүү зохион байгуулахад саад болж буй нөхцөл байдлыг арилгах арга замыг шуурхай зөвлөж мэдээлэхгүй, хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн болж цаг нөхцөөн аргацааж байгаад шүүхийн шатанд тайлбараа хөтлөн тулгах замаар мэтгэлцээд байр сууриа хамгаалаад байж болохыг нь шүүх зөвтгөн дэмжсэн явдал юм.

Төрийн албаны үйл ажиллагаан дахь хууль ёсны мэт харагдах энэ мэт нөхцөл байдлыг нь шүүх зөвтгөн дэмжээд явах жишиг энэ мэт байгаад л байх нь технологийн асар хурдтай энэ зуунд үр дагаврыг нь төсөөлөхөд ч бэрх юм.

Ядаж л шүүх албан тоотыг шийдвэрлэсэн хоногт ч зөв буруугийн тайлбар дүгнэлтийг нэг өгүүлбэрээр ч атугай хийсэнгүй. Яам бол албан тоотыг хэд ч хонуулж байгаад ямар ч хууль зүйн үндэслэлгүй тайлбар бүхий хариу өгөх, мэдээллээр бүрэн хангахгүй байх, сөрөг актаа хэрхэн эерэг болгох аргыг зөвлөж мэдээлэхгүй байх зэрэг нь хууль ёсны хийгээд зөв үйлдэл гэж шүүх дүгнэн үнэлсэн бодитой жишээ нь энэ шийдвэр болж гэж дүгнэж болохоор байна.

Тодорхой жишээ татвар, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай албан тоотоор бид Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дүгээр зүйлд заагдсан төрөөс үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэгийг хэрхэн авах тухай, манай төсөлд холбогдох зөвлөмж, мэдээлэл, арга зүйн зөвлөлийг хариуцагчаас хүссэн билээ. Уг албан тоотын хариуг 44 хоногийн дараа 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/2690 дугаартай албан тоотоор “Танай компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Хүсэлт уламжлах тухай” 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2206 тоот албан бичгийг Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яаманд хүргүүлсэн болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн албан тоот бичгийн хуулбарыг хавсаргав” гэж өгсөн юм.

Энэ хариу нь өөрөө төрийн төв мэргэшсэн албаны зүгээс хийсэн олон талт ноцтой илэрхий алдаатай үйлдэл байтал холбоотой бүхий л хуулийг мэдсээр байж зөрчсөн энэхүү нөхцөл байдлыг шүүх үл тоон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, дүгнэлтийг дэмжих замаар энэ хариунд холбогдох тайллыг “Өөрөөр хэлбэл, хуульд заасан “сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан” гэдэгт нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь өнгөрсөн оны буюу 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлангуудад олон улсын аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж хүргүүлэх, харин “технологийн түвшний үнэлгээ” гэдэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шинжээч томилуулахаар хандаж технологийн түвшний үнэлгээ гаргуулж, хүргүүлэх боломжтой байсан байхад нэхэмжлэгч эдгээр ажиллагааг хийгээгүй, хуульд заасан материалуудыг бүрдүүлж хүсэлтдээ хавсаргаагүй атлаа “хуулиас давсан шаардлага тавьж дэмжлэгийг төсөвт тусгаагүй” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй” гэж шийдвэрийн үндэслэлд дурджээ.

Гэтэл яамны албан тоотыг дор хаяж гурваас доошгүй төрийн албаны шалгалт өгч тэнцэн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн оролцоотой төлөвлөж ёсчилдог билээ.

Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ тодорхойгүй тайлбараар залхаадаг энэ байдлыг би бусад улсын тухайлбал хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн албатай жишин хангалтай тайлбарласан билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр дээр туршилт судалгаагаа олон лабораторид задлан тараан гүйцэтгэх явцдаа судлаачдаас нь тэд патентаа мэдүүлснээ холбогдох төрийн албанд мэдээлэхэд л санхүүгийн, эрх зүйн гээд холбогдох бүхий л дэмжлэгчийн үйлчилгээг төрийн алба нь цахимаар 7 хоногийн дотор ямар ч чирэгдэлгүй хурдан шуурхай бүрэн шийдэж өгдгийг харж мэдэж мэдэрсэн юм. Энэ байдлыг нь олон улсын патентад олгосон төрийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийн үлдэгдэл нь 2015 оны байдлаар 56 тэрбум юань буюу 8,1 тэрбум ам.доллар гэх гэх статистик (from the book “Monetizing IP in China”8 page 48) ганц жишээгээр баталгаажуулан дурдахад л хангалттай юм. Бид ийм хэмжээний хүлээлттэйгээр төрийн “оператор”ын үйлчилгээний төрийн төв байгууллагаас хүсэж хандаж 9 сар орчимяваад “эзэн-боол”-ын “би хүссэн цагт л үйлчилнэ, зөвлөнө, мэдээлнэ, уулзана, хүлээн авна, төсөвт тусгана ...” гэх хандлагатай тулсаар ядаж л хэлэлцүүлэгт дурдсан хэмжээний мэдээлэл зөвлөмж авч чадаагүй явдлыг шүүх хуулийн дагуу тодруулан дэнслээгүйд их гомдолтой байна.

Энэ байдлыг товчхон “хатуухан” дүгнээд хэлэхэд “хуулийг гууль болгодог монголд төрсний чинь хохь” гэсэн хариу шан юмсанж.

  1. Үндэслэх хэсэгт Инновацийн хуульд холбогдох журмыг ишлэхдээ хууль хоорондын зохицуулалтыг дурдаагүйгээр үл барам “Гэтэл нэхэмжлэгч “Сб” ХХК, “С г ...” ХХК-ууд нь хамтран “Модны шинэ хими” төслийг хэрэгжүүлж байх боловч уг төслийн боловсруулж буй модны устөрөгчийн түлш боловсруулах технологийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аливаа үйлдвэр байгуулагдаагүй тухайд маргаагүй, мөн тус төсөл нь 2035 оноос таримал ойгоо мод бэлтгэж улмаар 2040 оноос “Холимог органик шингэн төлвийн завсрын бүтээгдэхүүнийг нано эцсийн бүтээгдэхүүн болгох шугамын үйлдвэрүүдийг байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортлохоор төлөвлөснөөс үзвэл, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан дэмжлэг авах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байхын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиргааны байгууллагад хүсэлтдээ хуульд заасны дагуу хавсаргавал зохих баримтуудыг хавсаргаж хүргүүлээгүй атлаа “дэмжлэг авах нөхцөл нь үйлдвэр байгуулагдсан байхыг шаардахгүй, хариуцагч захиргааны байгууллага нь хуулиас давсан шаардлага тавьж дэмжлэг олгохгүй байгаа нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй” гэж манай албан тоот, хүсэлт, танилцуулгыг илэрхий гуйвуулжээ.

Жишээлбэл, хариуцагч талд хандсан манай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 116 тоот, 2020 оны улсын төсвийн төсөлд санал уламжлах тухай албан тоотод “5. Экспортын баримт бичгийн бүрдүүлбэр хангагдсан үеэс буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын хоорондох хугацаанд экспорт эхлэх урьдчилсан товтой байна. 6. Экспортын эхний борлуулалт хийгдсэн үеэс худалдан авагч талаас урьдчилгаа авах, ногоон сангуудаас дэмжлэг, хөнгөлөлттэй зээл хүсэх зэрэг санхүүжилтийн нэмэлт мөнгөн урсгалууд бий болно” гэж дурдсан байгаа.

Хууль санаачлах эрхтэй субъектүүдээс эхлээд бусад төрийн захиргааны байгууллагуудад ижил танилцуулга, тайлбар, хүсэлтийг бид холбогдох байгууллагуудад илгээсэн болно. Үүнд: “Төсөл 3 үе шаттай хэрэгжинэ. Төслийн эхний үе шатанд модыг хатуу, хий, шингэн гэсэн 3 ерөнхий төлөвт задлана. Хатуу төлвийн анхдагч завсрын бүтээгдэхүүн болох тогтвортой нүүрстөрөгчийн агууламж өндөртэй модны нүүрсийг 2020 оноос экспортолж шат дараалан задалсаар 2050 он гэхэд хатуу, хий, шингэн бүх төлвийн засврын бүтээгдэхүүнээ нано түвшин хүртэл бүрэн задлах түвшинд хүрнэ. Энэ түвшинд тогтвортой нүүрстөрөгчөөс нано азот зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой. 2035 он хүртэл Оросын Холбооны Улсаас мод импортолж байгаад энэ хугацаанд технологийн таримал ойн тариаланг эрхлэх замаар 2035 оноос таримал ойг үйлдвэрлэлд ашиглаж эхэлнэ”

Таримал ойн газар олголтыг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, таримал ойн санхүүжилтэд шаардагдах 50-100 сая ам.долларын буцалтгүй тусламж, дэмжлэгчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Ногоон сан (The Green Fund) ба бусад ногоон санд тус тус гаргаад байгаа болно.

Мөн төслийн зорилго, зорилт төлөвлөсний дагуу хэрэгжих эсэх нь төрийн байгууллагын хариу хандлага буюу макро түвшний шийдвэр гаргалтаас шууд хамааралтай олонтаа тайлбарлаж байгаа билээ. Энэ нь өөрөө эдийн засааг, эрх зүйн орчны нэн таатай орчинд мэдлэг шингэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа мэдлэг үйлдвэрлэгчээс бид давуу биш юмаа гэхэд ядаж л зэрэгцэхүйц байж чадах уу гэсэн асуудал юм. Асуудлыг эцсийн тайлал нь энэ шүүхийн шийдвэр болно.

  1. Хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх маргаан, хуулиас давсан шаардлага тавьсан гэх маргаан гэх томьёололд шүүх үндэслэлээ тулгуурлахдаа нэхэмжлэлийн гол үндэс болох төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэл гэх цаг хугацаатай холбоотой тайлалд хуулийн хэрэглээг мөн бүрэн орхигдуулжээ.

Харин Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг агуулгаар нь бус хэрэгцээт үгийг хариуцагчийн тайлбар, дүгнэлтэд тулган түүвэрлэх замаар шийдсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага нийцэхгүй байна. Энэ байдал нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийг манай тохиолдолд яагаад хэрэглэхгүй байгааг хууль зүйн үндэслэлтэйгээр няцаахгүйгээр уг хуулийг түүвэрлэн журамласан байдлаар тодорхойлогдож байна.

Мөн “Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн шинэ бүтээлд шинэ бүтээлийн патент олгогдох эсэх, эсхүл патент олгогдсон байлаа ч үйлдвэрлэлд нэвтэрч, үр ашгаа өгөх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй тул Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу шүүлт хийгдэж байгаа олон улсын урьдчилсан дүгнэлт гараагүй уг бүтээлийг “технологийн түвшний үнэлгээ” хийлгэсэн байх дотоодын шалгуурыг хангасан гэж үзэх боломжгүй” гэх үндэслэл нь Патентын хамтын ажиллагааны гэрээ, ТРИП-ын хэлэлцээрийг бүхэлд нь үгүйсгэсэн үндэслэл болжээ.

Шүүхэд патентын зохиогчийн талаар хангалттай мэдээлэл өгсөн ба Патентын хамтын ажиллагааны гэрээнд давамгайлах огноо хийгээд зохиогчийн тухай тусгай бүлэг бий. Энэ нь олон улсын түвшний мэдлэгийг бүтээгч нь шинжлэх ухааны арга зүйг академик түвшинд эзэмшсэн эсэхийг тусгайлан авч үздэг тусгай шалгуур билээ. Энэ тусгай шалгуур хийгээд шинээр бүтээсэн мэдлэгээ хэрхэн хамгаалах арга зүйд суралцсан дипломын боловсролыг үгүйсгэж патент олгогдох эсэх нь эргэлзээтэй, үр ашгаа өгөх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартаар зохицуулагдсан биет бус хөрөнгийн хөрвөх чадварын тухай олон улсын гэрээний хэм хэмжээг мөн давхар үгүйсгэжээ. Ийнхүү үгүйсгэхдээ олон улсын гэрээ, гэрээний хэм хэмжээг мөрдөхгүй байх хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн аль ч хэсэгт дурдаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “С г ...” ХХК, “Сб” ХХК-уудаас “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан “энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах ...” ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан “эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ” хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С г ...” ХХК, “Сб” ХХК-уудад “... өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон нэвтрүүлж нутагшуулсныг нотлох баримт байхгүй”, “... Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн дагуу “үнэлгээ хийлгэсэн байна” гэсэн заалтыг хангахгүй байгаа тул 6,9 тэрбум төгрөгийг төсөвт суулгах боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлд төрөөс экспортын үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрүүдийг зохицуулсан байх бөгөөд дээрх албан бичгээр нэхэмжлэгч нарын хүсэлт нь уг хуулийн 8 дугаар зүйлийн зүйлийн 8.1.2-т заасан шаардлагыг нотолсон баримт байхгүй гэсэн үндэслэлээр хариу өгсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын шаардаж буй 6,9 тэрбум төгрөгийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасныг үндэслэн улсын төсөвт суулгахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх нь ямар хэлбэрээр хэрэгжүүлэх талаар тус хуулийн 8 дугаар зүйлд, дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг тус хуулийн 9 дүгээр зүйлд тус тус зохицуулжээ.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох” гэж заасан нь өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгосон, эсхүл нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэр нь үйлдвэрлэл бодитоор экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээсээ хойш бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүртэлх хугацаанд уг бүтээгдэхүүний судалгаа, хөгжилд зарцуулсан зардлынхаа тодорхой хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс буцаан авах тухай харилцааг зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нарын төрөөс дэмжлэгч авахаар маргаж буй “Модны шинэ хими” төсөл нь бодитоор үйлдвэрлэл явуулж эхлээгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу төрөөс дэмжлэг авах эрх үүссэн гэж үзэхээргүй байна.

Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан дэмжлэгийг улсын төсөвт суулгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэгэнт бодитоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжид тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүртэл хугацаанд гаргасан зардлуудаас “бүтээгдэхүүний судалгаа, хөгжилд зарцуулсан” зардлын тодорхой хувийг олгуулахаар төсөвт тусгуулахдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй экспортын үйлдвэрийн хуулийн шаардлага хангасан баримтыг үндэслэн олгох дэмжлэгийг төсөвт тусгуулахаар байна.

Өөрөөр хэлбэл, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан дэмжлэгийг бодитоор үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжид олгохоор  төсөвт тусгуулахаас бус одоо бодитоор бий болоогүй бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэлийг бий болгоход дэмжлэг болгож олгуулахаар төсөвт тусгуулах боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн “дэмжлэгчийн хэрэгцээг урьдчилан тодорхойлж улсын төсвийн төсөлд санал хүргүүлэх эрхээ дэмжлэг олгох үеийн шаардлагаар нэмэгдүүлж хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нар нь “Модны шинэ хими” төслийн хүрээнд “Сэрүүн бүсийн навчит болон шилүүст модноос нүүрстөрөгчийн өндөр агуулгатай модны нүүрс мөн устөрөгчийн өндөр агуулгатай хий мөн шингэн төлвийн бүтээгдэхүүнүүдийг хамтад нь хослуулан боловсруулах өндөр хэмт пиролизын арга” гэх шинэ бүтээлийн мэдүүлэг гаргасан нь уг мэдүүлэгт заасан аргыг ашиглан бусад улс оронд үйлдвэрлэл явуулж, экспортын орлого орж ирэх боломжтой гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

2. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу ... Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2-т заасан ... дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцохыг хариуцагч нарт даалгах үндэслэлтэй эсэх тухайд:

Нэхэмжлэгч нараас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2-т заасан шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг хариуцагч нарт даалгуулах үндэслэл хэмээн маргаж буй “олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайлан” гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2020 оны 06 дугаар сард олон улсын шинжээчдийн дүгнэлт ирнэ” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус Монгол Улсад мөрдөгдөх үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомжийн талаар зохицуулсан бөгөөд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2-т заасан шалгуурыг нэхэмжлэгч хангасан эсэхийг тогтоолгохоор хариуцагчид хандсан эсэх, хэрэв хандсан ч энэ харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр зааснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой ч нэхэмжлэгчээс Үйлдвэрлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хариуцагчид хандсан гэж үзэхээргүй байна.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “нэхэмжлэгч талын албан тоотуудыг шийдвэрлэх ажиллагаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нийцсэн эсэх ажиллагааг анхан шатны шүүх гүйцэтгээгүй” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан дэмжлэгийг төсөвт тусгахыг хариуцагчид даалгах, уг хуульд заасан үнэлгээний шалгуурыг хангасанд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж маргаснаас бус нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд хариуцагчаас өгсөн хариу (шийдвэр) болон уг шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаар маргаагүй, энэ талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхигсугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ