Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00872

 

 

 

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00872

 

 

 

 

                                         Р.Нийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Н, хариуцагч “ЭТ” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие “Эрдэнэс тавантолгой” ХК-д олборлолтын хэлтсийн дарга албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Ашиглалтын хэсгийн ашиглалтын инженер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ажилдаа очиход Цанхийн зүүн уурхайн хөрсний 2 дугаар овоолго дээр 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, эрдэнэт хүн амь насаа алдсан. Үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажлыг хариуцсан ашиглалтын инженер үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй, ослоос үүдэн иргэн, байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан, түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.4, 10.3.12, хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 5.2.2, 5.3.2, 11.1.3, 11.5.5, хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, 4.2.4, 4.2.9, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 1.4, 1.8, 1.10, 1.14, 2.1 дэх хэсгүүд, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг тус тус үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Миний бие ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хангалттай биелүүлсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осолд миний буруутай үйл ажиллагаа байгаагүй, намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээ нь 203 ажилчдыг ажиллуулах байсан. Ингээд миний шууд хариуцан ажилладаг мастер 1 нь ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэггүйгээр үйл ажиллагаа гүйцэтгэх явцад энэ үйл явдал болсон. Р.Нийн буруугаас болоод хүний амь үрэгдсэн гэж намайг ажлаас халсан. Ашиглалтын инженер нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК буюу туслан гүйцэтгэгч компанийн хамтын ажиллагааны гэрээнд “ЭТ” ХК-аас заасан уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, өдөр тутмын төлөвлөлт, биелэлтийг зааврын дагуу хийж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байдаг. Өөрийн шууд удирдлага дор байдаг мастер 1 болох ээлжийн мастераар өдөр тутмын уулын ажлын төлөвлөгөө, зам талбай гээд бүх аюулгүй ажиллагааг дамжуулж тавьдаг. Шууд удирдлага дор байдаг мастер нь нас барсан ба н.Ариунболдод осол болсон өдөр гүйцэтгэх ажил, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байдаг бөгөөд үүний улмаас уг үйлдвэрийн осолд намайг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/188 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 31 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин буюу нийт 5 435 323 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Р.Нийг гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/86 тоот тушаалаар олборлолтын хэлтсийн дарга, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/495 тоот тушаалаар ашиглалтын хэсгийн ашиглалтын инженерээр ажилд авч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулснаар байгууллага ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Р.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой уурхай дахь компанийн Цанхи хотхонд бусдыг үл хүндэтгэж, бүдүүлэг зан авир гарган танхайрч, олны амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байдаг.

Энэхүү тушаалыг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй тул хуулийн хүчинтэй хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлтэй хугацаанд сахилгын зөрчил давтан гаргаж өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсанаас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсгийн, хөрсний нэгдүгээр овоолгын, 1575 дугаар төвшинд ажил үүргээ гүйцэтгэж байсан оператор Ц.Ариунболд үйлдвэрлэлийн осолд орж, амь насаа алдсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... миний бие ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хангалттай биелүүлсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осолд миний буруутай үйл ажиллагаа байгаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна... гэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уурхайн үйл ажиллагаа тасралтгүй 24 цаг явагддаг онцлогтой хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Осолдогч Ц.Ариунболдын ажлын байрны онцлог, ажиллах орчин нөхцөл хэвийн бус хүнд бөгөөд ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор ажил олгогчийн шууд, байнгын хяналтын дор байх онцгой ажлын байр /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 3.1.9/ юм. Ашиглалтын Ерөнхий инженерийн ажлын байрны зорилго нь ... уурхайн хэмжээнд уулын ажлыг /хөрс хуулалт, нүүрс олборлолт, экспортын нүүрс ачилт, овоолго/ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчинд мөрдөгдөх стандарт шаардлагын түвшинд шуурхай зохион байгуулах, технологийн дагуу батлагдсан уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, технологийн процесст мөрдөгдөж байгаа бүх паспорт, горимууд биелэгдэж байгаад хяналт тавьж ажиллах ... юм. Р.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх хуулиар ногдуулсан үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1, 5.3.2, ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.6, 1.7, 2.10, 3.6, Р.Нтай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “ЭТ” ХК-ийн 254 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6 дахь заалтыг тус тус зөрчин операторын ур чадвар, бүтээмжид нөлөөлдөг аливаа хүчин зүйлд өдөр тутам хяналт тавих ажлыг хариуцсан ашиглалтын инженерийн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй тул “ЭТ” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайд 05 дугаар сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь насаа алдсан үйлдвэрлэлийн ноцтой осол болсон нь доорх баримтаар нотлогдож байна. Үүнд: тус осолтой холбогдуулан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Б.Очирхуягийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16/06/089/13 дугаартай дүгнэлтийн 1. ... “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хөдөлгөөнт техник ашиглах журам ... журмуудын ажлын байран дээрх хэрэгжилт хангалтгүй, зөрчигдсөн байна ., 2. ...бүтэн ээлжийн хугацаанд осол болсон ажлын байран дээр 1 ажилтан нь 1 удаа хяналт тавихаар очсон байдлаас харахад өдөр тутмын ажлын байрны үзлэг, хяналт муу хийгдсэн байна ...” гэсэн мэргэжлийн хөндлөнгийн байгууллага, мэргэжилтний газар дээр нь хийсэн үзлэг, акт, дүгнэлтээр, уурхайн дарга Д.Чинбатын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Ослын судлан бүртгэх комиссын удирдамжийн дагуу ажлын хэсэг ажиллан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн актын 15. ...ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед...осолдогч Цагаан овогтой Ариунболд нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож нас барсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзэв ... гэсэн актаар, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №31 дугаартай мөрдөгчийн мэдэгдэлд осол хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлүүдэд тодорхой бичсэн байна. Үйлдвэрлэлийн осол болоход тухайн осолдсон ажилтны ажлын байранд хяналт байгаагүй учир нь ээлж 19 цагт сольсон бөгөөд тухайн осолдож нас барсан ажилтныг техник паркийн талбайд тавьсан эсэх, автобусандаа суусан эсэхэд хяналт байхгүй осолдогчийг техникээ хайж байх явцдаа олсон. Мөн техник бүрэн бус байсан гэдэг талаар Өдрийн өдөр тутмын үзлэгийн хуудсыг оператор Ц.Ариунболд бөглөхдөө техникийн кроп дугтардаг, хүч муу, дугуйны хоёр боолт дутуу, хоёр дугуй зүсэгдсэн гэж бичиж байсан  ба үүнтэй холбогдуулан техник бүрэн бус гэж бичсэн байдаг. Гэтэл ашиглалтын инженер Р.Н нь үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, уурхайн хөрсний овоолго дээр ажиллаж буй операторын эрүүл мэнд, техникийн бүрэн бүтэн байдлыг өдөр тутам хянаж, зарчимч шаардлага тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж анхаарал тавьж, ажилласан бол осол гарахгүй байх боломжтой байсан. Дээрх эс үйлдлээс шууд шалтгаалан ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй эс үйлдэхүй осол бусдын амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болно. Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/121 дүгээр Ц.Ариунболдын ар гэрт буцалтгүй тусламж олгох тухай тушаалаар оршуулгын зардалд зориулж 15 000 000 төгрөг, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн А/156 дугаар Ц.Ариунболдын ар гэрт нөхөн төлбөр олгох тухай тушаалаар үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон бөгөөд компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан нь түүний үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажил үүрэгтэй салшгүй холбоотой юм. Энэхүү ослоос үүдэн эрдэнэт хүний амь нас сүйдэж, цаана нь ар гэр, үр хүүхэд нь өнчирч байгаа эрсдэл үр дагавар нь төрөөс баримталж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ гэсэн бодлого, бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомж зөрчигдсөн.

Мөн “ЭТ” ХК-ийн Цанхийн зүүн уурхайд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь насаа алдсан үйлдвэрлэлийн ноцтой осол болсон өдөр Р.Н ажиллаж байсан болох нь ашиглалтын хэсгийн 05 дугаар сарын ажлын цагийн бүртгэлийн СЭ71032717 регистрийн дугаартай Ренчин Нацагдаш ашиглалтын инженер 12 гэж тэмдэглэгдсэнээр нотлогдож байна. Иймд гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/188 тоот Р.Нийг ажлаас халах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Хэрэв Р.Н нь үндсэн үүрэгт ажлаа холбогдох дүрэм журмын дагуу зөрчил дутагдалгүй гүйцэтгэсэн бол хүний амь нас хохирохгүй байсан. Иймд иргэн Р.Нийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай “ЭТ” ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тайлбарт: Манай компани “Эрдэнэс таван толгой” ХК /захиалагч гэх/-тай 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан дахин тодотгосон уулын хамтын ажиллагааны гэрээний дагуу захиалагч талаас лицензийг эзэмшдэг Өмнөговь аймаг дахь Таван толгойн нүүрсний ордын Зүүн цанхийн уурхайд нүүрс олборлолтын чиглэлээр хамтран ажилладаг ба үйл ажиллагаагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу олон улсын сайн туршлагад нийцүүлэн захиалагчаас батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, түүний удирдлага, шууд хяналтын дор хийж гүйцэтгэдэг. Ажлын байрны зааварчилгааны хувьд “ЭТ” ХК-ийн удирдах албан тушаалтан, мастер нь гүйцэтгэгчид өгсөн төлөвлөгөөний дагуу түүний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, гүйцэтгэгчээс өгдөг ажлын байрны зааварчилгаанаас бусад ажлын зааварчилгааг захиалагчаас өгч явдаг. Тухайлбал, захиалагчийн ахлах албан тушаалтан, мастер болон гүйцэтгэгчийн ахлах мастер нь хуваарь гаргагч, ахлах төлөвлөгч, клерк, сэлбэгийн мэргэжилтэн, засварын ахлахуудад ажлын наряд өгдөг бол, харин механик, гагнуурчин, дугуйн механик, токарьчинд ээлжийн ахлах мастерууд нь зааварчилгаа болон тухайн ажлын нарядыг өгч, гарын үсэг зуруулснаар ажлыг эхлүүлдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 18.3-д түр шилжүүлгийн хугацаанд түр шилжсэн ажилтнууд нь захиалагчийн ажилтан хэвээр байх боловч гүйцэтгэгчийн удирдлага зааварчилгаагаар ажиллана. Хууль болон энэхүү гэрээнд нийцэж байна хэмээн үзсэн бол гүйцэтгэгч түр шилжсэн ажилтнуудыг тохиромжтой гэж үзсэн аливаа хэлбэрээр ажиллуулах эрхтэй, 18.4-д ...(38) сарын хугацаа дуусахаас өмнө түр шилжсэн ажилтнууд нь аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчиж ажилласан, буруутай үйлдэл гаргасан, эсхүл ур чадваргүй, ажилдаа хайхрамжгүй хандсан тохиолдолд түр шилжүүлгийг цуцалж ажиллуулахгүй байх эрхтэй хэмээн тус тус заасан.

Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, ...аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх., гэж, 28.1.8-д ажил олгогч ...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, ... зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалтын талаар М1М8 4969:2000 стандартын 4.1, 4.16-д ажлын байрны зааварчилгаа өгөх тухайд тус тус заасан байдаг.

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь ахлах мастер Ч.Баттулга нь осол болсон өдөр өөрийн ээлжинд гэрээний дагуу өөрийн болон түр шилжсэн ажилтнуудад зохих аюулгүй ажлын зааварчилгааг өгсөн явдал нь холбогдох хуулийн шаардлагын дагуу байсан. Гүйцэтгэгч нь дээрх дурдагдсан эрх зүйн актанд тавигдсан шаардлагын дагуу ажлын байрны зааварчилгаа аваагүй иргэн, ажилтнаар аливаа нэг ажлыг хийж гүйцэтгүүлдэггүй болох, ийнхүү гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй юм. Харин түр шилжсэн ажилтан Ц.Ариунболд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, мастеруудаас өгөгдсөн ажлын зааварчилгааг сахиж мөрдөх, “ЭТ” ХК-ийн ашиглалтын инженер Р.Н нь холбогдох хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу гүйцэтгэгч, мөн өөрийн түр шилжүүлэн ажиллагсдын ажлын байранд шууд байнгын хяналтыг тавьж ажиллах үүрэгтэй.

 “ЭТ” ХК-ийн ашиглалтын инженер Р.Нийн осол гарсан өдөр гүйцэтгэсэн ажлын тухай тодорхойлолт, түүний хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод тус тус зааснаас үзвэл тухайн өдөр уулын ахлах мастераас хөрсний 2 дугаар овоолгын 1575, 1595 түвшний хөмсөг засварлах нарядтай ажилд гарсан осолдогч Ц.Ариунболдын гүйцэтгэж байсан ажил, үүрэг нь Р.Нийн ажиллаж буй ашиглалтын хэлтсийн үйл ажиллагаанд шууд хамааралтай ба түүний хяналтын дор гүйцэтгэх ажил үүрэг байсан болох нь тодорхой байх бөгөөд ажил олгогч “Эрдэнэс таван толгой” ХК-аас түүнд ... ашиглалтын инженерийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан, ...сахилгын давтан зөрчил гаргасан... гэх үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/188 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан явдлыг хуулийн дагуу бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн татгалзлыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Нийг “ЭТ” ХК-ийн Уурхайн Ашиглалтын хэсгийн Ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Эрдэнэс таван толгой” ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5 435 323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Нид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Нийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭТ” ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 172 115 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх шийдвэртээ “... хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Р.Н ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.6, 1.7, 2.10, 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байгааг анхан шатны шүүх үгүйсгэн үндэслэлгүй гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Р.Н ажлын байрны тодорхойлолтод заасан өөрийн үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг өөрөө үгүйсгэн маргаагүй байхад анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй дутуу үнэлсэнтэй шууд холбоотой юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...үйлдвэрлэлийн осолд орж нас барсан авто ачигчийн операторын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалтан нь ээлжийн мастер, ахлах мастер /”Ти Ти Жи Ви Си Өү” ХХК/ байх бөгөөд техникийн бүрэн бүтэн байдалд “ЭТ” ХК-ийн ажилтан бус “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн ажилтан хяналт тавих үүрэгтэй байна ...” гэж үзэж шийдвэрээ гаргасан. Энэ нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй дутуу үнэлсэнтэй шууд холбоотой.  Ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолтын 2.6, 2.8, 2.10, 3.4, 3.6-д тус тус зааснаас үзэхэд талийгаачийн гүйцэтгэж байсан ажил, үүрэг нь Р.Нийн ажиллаж байсан ашиглалтын хэлтсийн үйл ажиллагаатай шууд хамааралтай ба түүний хяналтын дор гүйцэтгэх ажил үүрэг байсан.

 

“ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 04-ний өдрийн Б/188 тоот “Р.Нийг ажпаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэсэн Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хуулийн заалтыг үндэслэл болгосон. Ашиглалтын инженер Р.Н нь уурхайн хөрсний овоолго дээр ажиллаж буй операторын эрүүл мэнд, техникийн бүрэн бүтэн байдалд өдөр тутам хяналт тавьж, зарчимч шаардлага тавьж, хариуцлагатай ажилласан бол осол гарахгүй байх боломжтой байсан гэвч үүрэгт ажлаа биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан. Дээрхи эс үйлдлээс шууд шалтгаалан ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй эс үйлдэхүй осол бусдын амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болно. Р.Н нь сахилгын зөрчилтэй байх хугацаандаа зөрчлийг давтан гаргасан бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ талаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, тал бүрээс нь үнэлэлгүйгээр үгүйсгэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 04-ний өдрийн Б/188 тоот Р.Нийг ажлаас халах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 11-ний өдрийн Дугаар 182/ШШ2019/00445 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч “ЭТ” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Р.Н 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хариуцагч “ЭТ” ХК-д ашиглалтын инженерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/188 дугаар тушаалаар операторын ур чадвар, бүтээмжид нөлөөлдөг аливаа хүчин зүйлд өдөр тутам хяналт тавих ажлыг хариуцсан ашиглалтын инженерийн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, ослоос үүдэн иргэн, байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан, өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх3-12/

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар нэхэмжлэгч Р.Нид сахилгын шийтгэл ногдуулсан байдаг бөгөөд тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна. /хх35/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ ... “ЭТ” ХК-ийн зүүн Цанхийн уурхайд гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн удирдлага дор ажиллаж байсан авто ачигч оператор Ц.Ариунболд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хөрсний 2 дугаар овоолго 1575 дугаар түвшинд хөмсөг засах ажил гүйцэтгэж байх явцдаа нас барахад нь нэхэмжлэгч Р.Нийн эс үйлдэхүй нөлөөлсөн” гэж тайлбарладаг.

           

Нэхэмжлэгч Р.Н нь “ЭТ” ХК-ийн ээлжийн мастер, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн зам овоолгын мастерын ажил үүргийг хянадаг бол нас барагч авто ачигчийн оператор Ц.Ариунболдын ажлын байранд ээлжийн мастер, ахлах мастер хяналт тавьдаг болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 83-84 дүгээр талд авагдсан түүний ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байхын зэрэгцээ шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн “... ээлжийн мастер буюу мастер 1, уулын ахлах мастер буюу мастер 2 нь Ц.Ариунболдыг шууд хариуцан ажилладаг байсан. Би ээлжийн мастер н.Сүхбаатараар дамжуулж өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг ...” гэх, хариуцагчийн “... осолтой хамааралтай 12 хүнд арга хэмжээ авсан. н.Сүхбаатарыг ажлаас нь халсан” гэх тайлбар, гэрч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн уулын ахлах мастер Ү.Баттулгын “ ... “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь “ЭТ” ХК-ийн өгсөн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн дагуу хяналт тавьдаг, би нарядыг операторд өгдөг, Ц.Ариунболдыг шууд харъяалах албан тушаалтан нь байсан ...” гэх мэдүүлэг зэргээр нас барагч Ц.Ариунболдод хяналт тавьж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой шууд чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан тушаалтан нь нэхэмжлэгч Р.Наас өөр этгээд болох нь нотлогдож байна.  /2хх67-68, 86/

 

Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1, 5.3.2, 11.1.3, 11.5.5, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, 4.2.4, 4.2.9, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.6, 1.7, 2.10, 3.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтныг өөрөө санаачлан ажлаас чөлөөлсөн тохиолдолд гагцхүү хуульд заасан үндэслэлтэй байхаар үүрэг болгосон.

 

Иймд ажилтны гаргасан зөрчлийг эргэлзээгүй баримтаар нотлох үүрэг ажил олгогчид ногдож байна. Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын ажлын тайланд осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийг “... техникийн хаазны педал дээр усны сав байрлуулсан байсан нь аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөн, суудлын бүс бүслээгүй, ашиглаагүйгээс үүдсэн, техник бүрэн бус байсан, осол болсон хэсэгт хөдөлгөөн бага, ганцаараа ажиллаж байх үед биеийн эрүүл мэнд огцом муудсан байж болзошгүй” гэж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ослын талаар хийсэн дүгнэлтэд “...хөдөлгөөнт техник ашиглах журам, дугуйт ачигчийн аюулгүй ажиллагааны журмуудын ажлын байр дээрх хэрэгжилт хангалтгүй, зөрчигдсөн. Өдөр тутмын ажлын байрны үзлэг, хяналт муу хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажилд гарахын өмнө эмчийн үзлэг хийгээгүй ...” гэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын тогтоолд “ .., цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн, жолоодож байсан техник нь бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй, хэвийн бус ажиллагаатай байсан болох нь тогтоогдож байх боловч хаазны пидалыг тэвхдэн механик аргаар ажиллуулах шаардлагатай гэмтэл биш бөгөөд Хөдөлгөөнт техник ашиглах журмын 4.1.4, 4.3.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасныг зөрчсөний улмаас нас барсан ...” гэж тус тус бичигдсэн байна. /1хх66-68, 117/

 

Нэхэмжлэгч Р.Н ажлын байрны тодорхойлолтын Б.1-д зааснаар ашиглалтын инженерийн хувьд уурхайн хэмжээнд уулын ажлыг /хөрс хуулалт, нүүрс олборлолт, экспортын нүүрс ачилт, овоолгын аж ахуй/ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчинд мөрдөгдөх стандарт шаардлагын түвшинд шуурхай зохион байгуулах, технологийн дагуу батлагдсан уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, технологийн процесст мөрдөгдөж байгаа бүх паспорт, горимууд биелэгдэж байгаад хяналт тавих,

 

1.6-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах, 2.8-д ээлжийн мастерт ажлын наряд, холбогдох аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж ажиллах, 2.10-т хүнд даацын технологийн автосамосвалын зам, уурхайн уулын ажлын нөхцөл байдал, дугуйн байдал, хөрс болон нүүрсний овоолго, операторын ур чадвар зэрэг бүтээмжид нөлөөлдөг аливаа хүчин зүйлсийг өдөр тутам хянаж ажиллах зэрэг чиг үүрэгтэй байна.

 

Хариуцагч “ЭТ” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.7-д компани нь ажилтнуудын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар холбогдох ажлыг зохион байгуулах, 9.1-д компани нь ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг ажлын байрны онцлогт нийцүүлэн батлан гаргаж, дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулна гэж заасан.

 

Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал, ажил олгогч нь Хөдөлгөөнт техник ашиглах журам, Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмыг ажилтанд танилцуулсан, уг журмуудыг дагаж мөрдүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, тухай бүрт нь чиглэл өгч ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй байна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 3-4 дүгээр талд нэхэмжлэгч тухайн өдөр өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар 2 хуудас тодорхойлолт бичсэн нь авагдсан байх бөгөөд 2 дугаар хуудасны сүүлийн хэсэг буюу “... ээлжийн мастер нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ээлжийн операторуудыг хянах, ээлж хүлээлцүүлэх ажлыг газар дээр нь зохион байгуулаагүйгээс тухайн ээлж мэдэлгүй өнгөрсөн байсан. Миний бие мастеруудыг өөрийн ээлжийнхээ операторуудыг хянах, ээлж хүлээлцэж байгаад хяналт тавьж ажиллаж чадаагүй” гэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Нэхэмжлэгч нь уг тодорхойлолтод дээрхээс гадна “ ... мастер н.Сүхбаатарт тухайн өдрийн ажлын нарядыг бичгээр өгч ажилд гаргасан ..,” “ ... тухайн өдрийн ээлжийн мастерийн гол анхаарах ажил бол тэсэлгээний ажил байсан. Энэ талаар наряданд танилцуулаад өдөр тутам хийгддэг ээлжит хяналт шалгалтын ажлууд болох замын тэмдэг, тэмдэглэгээний байршил, шинээр тавих талбай, мөргөцгийн зам талбай улны түвшин, овоолгын 1555, 1575, 1595 дугаар түвшинд хамгаалалтын даланг технологийн паспортын дагуу 1,2-1,6 метрт бариулж түрүүлэх, овоолгын түвшингийн өндөрссөн хэсгийг намсгаж түрүүлэх талаар цуг уурхай явж газар дээр нь зааж өгсөн ..,” “ ... тухайн өдрийн төлөвлөгөөний дагуу мастерийн хөнгөн тэрэгтэй ажиллаж байгаа бүх ачигч техник, тоног төхөөрөмжүүдээр орж урд шөнийн ээлжинд хийгдсэн ажлууд, өнөөдөр нэмж хийгдэх ажлуудыг газар дээр нь зааварлаж шалгах ёстой ажлуудаа шалгасан ..,” “... ээлжийн мастер н.Сүхбаатарын хамт уурхайн бүх тоног төхөөрөмж, хөрс болон нүүрсний овоолгуудаар явж танилцсан ..,” гэж тодорхойлсныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нас барагчийн цуснаас спиртийн агууламж илэрсэн, техникийн бүрэн бүтэн байдал дутуу, эрүүл мэндийн үзлэг хийгдээгүй зэрэгт нэхэмжлэгч Р.Нийн шууд буруутай үйлдэл байсан эсэх талаар эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй байхын зэрэгцээ ашиглалтын инженер өөрийн шууд удирдлагад байх ажилтны ажил үүргийг өдөр тутамд хэдэн удаа, ямар цаг хугацааны давтамжтайгаар, хэрхэн хяналт тавих талаар нарийвчилсан журам байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Р.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 5 435 232 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд нийцжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 116 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

       А.МӨНХЗУЛ