Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00186

 

Р.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 872 дугаар магадлалтай,

Р.Нийн нэхэмжлэлтэй

“Э Т Т”ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, Э.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Э Т Т”ХК-д олборлолтын хэлтсийн дарга албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Ашиглалтын хэсгийн ашиглалтын инженер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ажилдаа очиход Цанхийн зүүн уурхайн хөрсний 2 дугаар овоолго дээр 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, эрдэнэт хүн амь насаа алдсан. Үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажлыг хариуцсан ашиглалтын инженер үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй, ослоос үүдэн иргэн, байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан, түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.4, 10.3.12, хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 5.2.2, 5.3.2, 11.1.3, 11.5.5, хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, 4.2.4, 4.2.9, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 1.4, 1.8, 1.10, 1.14, 2.1 дэх хэсгүүд, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг тус тус үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Миний бие ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хангалттай биелүүлсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осолд миний буруутай үйл ажиллагаа байгаагүй, намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. ”ТТЖВСӨ” ХХК-тай байгуулсан гэрээ нь 203 ажилчдыг ажиллуулах байсан. Ингээд миний шууд хариуцан ажилладаг мастер 1 нь ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэггүйгээр үйл ажиллагаа гүйцэтгэх явцад энэ үйл явдал болсон. Р.Нийн буруугаас болоод хүний амь үрэгдсэн гэж намайг ажлаас халсан. Ашиглалтын инженер нь “ТТЖВСӨ” ХХК буюу туслан гүйцэтгэгч компанийн хамтын ажиллагааны гэрээнд “Э Т Т”ХК-аас заасан уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, өдөр тутмын төлөвлөлт, биелэлтийг зааврын дагуу хийж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байдаг. Өөрийн шууд удирдлага дор байдаг мастер 1 болох ээлжийн мастераар өдөр тутмын уулын ажлын төлөвлөгөө, зам талбай гээд бүх аюулгүй ажиллагааг дамжуулж тавьдаг. Шууд удирдлага дор байдаг мастер нь нас барсан ба н.Ариунболдод осол болсон өдөр гүйцэтгэх ажил, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байдаг бөгөөд үүний улмаас уг үйлдвэрийн осолд намайг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/188 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 31 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин буюу нийт 5 435 323 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Нийг гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/86 тоот тушаалаар олборлолтын хэлтсийн дарга, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/495 тоот тушаалаар ашиглалтын хэсгийн ашиглалтын инженерээр ажилд авч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулснаар байгууллага ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Р.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой уурхай дахь компанийн Цанхи хотхонд бусдыг үл хүндэтгэж, бүдүүлэг зан авир гарган танхайрч, олны амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй тул хуулийн хүчинтэй хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлтэй хугацаанд сахилгын зөрчил давтан гаргаж өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсанаас “Э Т Т”ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсгийн, хөрсний нэгдүгээр овоолгын, 1575 дугаар төвшинд ажил үүргээ гүйцэтгэж байсан оператор Ц.Ариунболд үйлдвэрлэлийн осолд орж, амь насаа алдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...миний бие ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хангалттай биелүүлсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осолд миний буруутай үйл ажиллагаа байгаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна... гэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уурхайн үйл ажиллагаа тасралтгүй 24 цаг явагддаг онцлогтой хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Осолдогч Ц.Ариунболдын ажлын байрны онцлог, ажиллах орчин нөхцөл хэвийн бус хүнд бөгөөд ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор ажил олгогчийн шууд, байнгын хяналтын дор байх онцгой ажлын байр /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 3.1.9/ юм. Ашиглалтын Ерөнхий инженерийн ажлын байрны зорилго нь ... уурхайн хэмжээнд уулын ажлыг /хөрс хуулалт, нүүрс олборлолт, экспортын нүүрс ачилт, овоолго/ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчинд мөрдөгдөх стандарт шаардлагын түвшинд шуурхай зохион байгуулах, технологийн дагуу батлагдсан уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, технологийн процесст мөрдөгдөж байгаа бүх паспорт, горимууд биелэгдэж байгаад хяналт тавьж ажиллах... юм. Р.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх хуулиар ногдуулсан үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1, 5.3.2, ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.6, 1.7, 2.10, 3.6, Р.Нтай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Э Т Т”ХК-ийн 254 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6 дахь заалтыг тус тус зөрчин операторын ур чадвар, бүтээмжид нөлөөлдөг аливаа хүчин зүйлд өдөр тутам хяналт тавих ажлыг хариуцсан ашиглалтын инженерийн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй тул “Э Т Т”ХК-ийн Цанхийн Зүүн уурхайд 05 дугаар сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь насаа алдсан үйлдвэрлэлийн ноцтой осол болсон нь доорх баримтаар нотлогдож байна. Үүнд: тус осолтой холбогдуулан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Б.Очирхуягийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16/06/089/13 дугаартай дүгнэлтийн 1. ...”Э Т Т”ХК-ийн Хөдөлгөөнт техник ашиглах журам... журмуудын ажлын байран дээрх хэрэгжилт хангалтгүй, зөрчигдсөн байна..., 2. ...бүтэн ээлжийн хугацаанд осол болсон ажлын байран дээр 1 ажилтан нь 1 удаа хяналт тавихаар очсон байдлаас харахад өдөр тутмын ажлын байрны үзлэг, хяналт муу хийгдсэн байна ...гэсэн мэргэжлийн хөндлөнгийн байгууллага, мэргэжилтний газар дээр нь хийсэн үзлэг, акт, дүгнэлтээр, уурхайн дарга Д.Чинбатын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Ослын судлан бүртгэх комиссын удирдамжийн дагуу ажлын хэсэг ажиллан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн актын 15. ...ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед...осолдогч Цагаан овогтой Ариунболд нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож нас барсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзэв ... гэсэн актаар, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №31 дугаартай мөрдөгчийн мэдэгдэлд осол хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлүүдэд тодорхой бичсэн байна. Үйлдвэрлэлийн осол болоход тухайн осолдсон ажилтны ажлын байранд хяналт байгаагүй учир нь ээлж 19 цагт сольсон бөгөөд тухайн осолдож нас барсан ажилтныг техник паркийн талбайд тавьсан эсэх, автобусандаа суусан эсэхэд хяналт байхгүй осолдогчийг техникээ хайж байх явцдаа олсон. Мөн техник бүрэн бус байсан гэдэг талаар Өдрийн өдөр тутмын үзлэгийн хуудсыг оператор Ц.Ариунболд бөглөхдөө техникийн кроп дугтардаг, хүч муу, дугуйны хоёр боолт дутуу, хоёр дугуй зүсэгдсэн гэж бичиж байсан ба үүнтэй холбогдуулан техник бүрэн бус гэж бичсэн байдаг. Гэтэл ашиглалтын инженер Р.Н нь үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, уурхайн хөрсний овоолго дээр ажиллаж буй операторын эрүүл мэнд, техникийн бүрэн бүтэн байдлыг өдөр тутам хянаж, зарчимч шаардлага тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж анхаарал тавьж, ажилласан бол осол гарахгүй байх боломжтой байсан. Дээрх эс үйлдлээс шууд шалтгаалан ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй эс үйлдэхүй осол бусдын амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болно. Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/121 дүгээр Ц.Ариунболдын ар гэрт буцалтгүй тусламж олгох тухай тушаалаар оршуулгын зардалд зориулж 15 000 000 төгрөг, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн А/156 дугаар Ц.Ариунболдын ар гэрт нөхөн төлбөр олгох тухай тушаалаар үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон бөгөөд компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан нь түүний үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажил үүрэгтэй салшгүй холбоотой юм. Энэхүү ослоос үүдэн эрдэнэт хүний амь нас сүйдэж, цаана нь ар гэр, үр хүүхэд нь өнчирч байгаа эрсдэл үр дагавар нь төрөөс баримталж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ гэсэн бодлого, бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомж зөрчигдсөн. Мөн “Э Т Т”ХК-ийн Цанхийн зүүн уурхайд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь насаа алдсан үйлдвэрлэлийн ноцтой осол болсон өдөр Р.Н ажиллаж байсан болох нь ашиглалтын хэсгийн 05 дугаар сарын ажлын цагийн бүртгэлийн СЭ71032717 регистрийн дугаартай Ренчин Р.Н ашиглалтын инженер 12 гэж тэмдэглэгдсэнээр нотлогдож байна. Иймд гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/188 тоот Р.Нийг ажлаас халах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Хэрэв Р.Н нь үндсэн үүрэгт ажлаа холбогдох дүрэм журмын дагуу зөрчил дутагдалгүй гүйцэтгэсэн бол хүний амь нас хохирохгүй байсан. Иймд иргэн Р.Нийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай “Э Т Т”ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ТТЖВСӨ” ХХК-тайлбартаа: Манай компани “Э Т Т”ХК /захиалагч гэх/-тай 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан дахин тодотгосон уулын хамтын ажиллагааны гэрээний дагуу захиалагч талаас лицензийг эзэмшдэг Өмнөговь аймаг дахь Таван толгойн нүүрсний ордын Зүүн цанхийн уурхайд нүүрс олборлолтын чиглэлээр хамтран ажилладаг ба үйл ажиллагаагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу олон улсын сайн туршлагад нийцүүлэн захиалагчаас батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, түүний удирдлага, шууд хяналтын дор хийж гүйцэтгэдэг. Ажлын байрны зааварчилгааны хувьд “Э Т Т”ХК-ийн удирдах албан тушаалтан, мастер нь гүйцэтгэгчид өгсөн төлөвлөгөөний дагуу түүний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, гүйцэтгэгчээс өгдөг ажлын байрны зааварчилгаанаас бусад ажлын зааварчилгааг захиалагчаас өгч явдаг. Тухайлбал, захиалагчийн ахлах албан тушаалтан, мастер болон гүйцэтгэгчийн ахлах мастер нь хуваарь гаргагч, ахлах төлөвлөгч, клерк, сэлбэгийн мэргэжилтэн, засварын ахлахуудад ажлын наряд өгдөг бол, харин механик, гагнуурчин, дугуйн механик, токарьчинд ээлжийн ахлах мастерууд нь зааварчилгаа болон тухайн ажлын нарядыг өгч, гарын үсэг зуруулснаар ажлыг эхлүүлдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 18.3-д түр шилжүүлгийн хугацаанд түр шилжсэн ажилтнууд нь захиалагчийн ажилтан хэвээр байх боловч гүйцэтгэгчийн удирдлага зааварчилгаагаар ажиллана. Хууль болон энэхүү гэрээнд нийцэж байна хэмээн үзсэн бол гүйцэтгэгч түр шилжсэн ажилтнуудыг тохиромжтой гэж үзсэн аливаа хэлбэрээр ажиллуулах эрхтэй, 18.4-д ...(38) сарын хугацаа дуусахаас өмнө түр шилжсэн ажилтнууд нь аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчиж ажилласан, буруутай үйлдэл гаргасан, эсхүл ур чадваргүй, ажилдаа хайхрамжгүй хандсан тохиолдолд түр шилжүүлгийг цуцалж ажиллуулахгүй байх эрхтэй хэмээн тус тус заасан. Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, ...аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх., гэж, 28.1.8-д ажил олгогч ...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, ... зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалтын талаар М1М8 4969:2000 стандартын 4.1, 4.16-д ажлын байрны зааварчилгаа өгөх тухайд тус тус заасан байдаг. “ТТЖВСӨ” ХХК нь ахлах мастер Ч.Баттулга нь осол болсон өдөр өөрийн ээлжинд гэрээний дагуу өөрийн болон түр шилжсэн ажилтнуудад зохих аюулгүй ажлын зааварчилгааг өгсөн явдал нь холбогдох хуулийн шаардлагын дагуу байсан. Гүйцэтгэгч нь дээрх дурдагдсан эрх зүйн актанд тавигдсан шаардлагын дагуу ажлын байрны зааварчилгаа аваагүй иргэн, ажилтнаар аливаа нэг ажлыг хийж гүйцэтгүүлдэггүй болох, ийнхүү гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй юм. Харин түр шилжсэн ажилтан Ц.Ариунболд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, мастеруудаас өгөгдсөн ажлын зааварчилгааг сахиж мөрдөх, ”Э Т Т”ХК-ийн ашиглалтын инженер Р.Н нь холбогдох хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу гүйцэтгэгч, мөн өөрийн түр шилжүүлэн ажиллагсдын ажлын байранд шууд байнгын хяналтыг тавьж ажиллах үүрэгтэй. “Э Т Т”ХК-ийн ашиглалтын инженер Р.Нийн осол гарсан өдөр гүйцэтгэсэн ажлын тухай тодорхойлолт, түүний хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод тус тус зааснаас үзвэл тухайн өдөр уулын ахлах мастераас хөрсний 2 дугаар овоолгын 1575, 1595 түвшний хөмсөг засварлах нарядтай ажилд гарсан осолдогч Ц.Ариунболдын гүйцэтгэж байсан ажил, үүрэг нь Р.Нийн ажиллаж буй ашиглалтын хэлтсийн үйл ажиллагаанд шууд хамааралтай ба түүний хяналтын дор гүйцэтгэх ажил үүрэг байсан болох нь тодорхой байх бөгөөд ажил олгогч “Э Т Т”ХК-аас түүнд ... ашиглалтын инженерийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан, ...сахилгын давтан зөрчил гаргасан... гэх үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/188 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан явдлыг хуулийн дагуу бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн татгалзлыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Нийг “Э Т Т”ХК-ийн Уурхайн Ашиглалтын хэсгийн Ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Э Т Т”ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5 435 323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Нид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Нийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Э Т Т”ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 172 115 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 872 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 116 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа хяналтын гомдолдоо: ...Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлал, иргэн Р.Нийн “Э Т Т”ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Н нь “Э Т Т”ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Үүнд: 1. “...Хариуцагч “Э Т Т” ХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Р.Нийг “Э Т Т” ХК-ийн Ашиглалтын инженерийн албан тушаалд томилох; 2. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 5.435.323 төгрөгийг Р.Нид олгох; 3. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн дагуу “Э Т Т” ХК нь 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл Р.Нийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, бичилт хийх; 4. Нэхэмжлэгч Р.Н нь “Э Т Т” ХК-нд холбогдуулж Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор болон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй. 5. Энэ гэрээг хоёр хувь үйлдэх бөгөөд хувь тус бүр адил хүчинтэй байна гэсэн нөхцөлийг заасан байна.

            Эвлэрлийн гэрээ нь хариуцагч буюу ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх, харин Р.Н нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргүүлэн тогтоох хүртэлх хугацааны олговорыг авахаас татгалзсан агуулгатай байна.

Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон, гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/00445 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 872 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хариуцагч “Э Т Т”ХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Р.Н нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргүүлэн тогтоох хүртэлх хугацааны олговорыг авахаас татгалзах тухай зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР 

                            ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА