Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00147

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00147

 

 

 

Тэгшдүүрэн чанар ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 182/ШШ2019/02158 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Тэгшдүүрэн чанар ХХК-ийн хариуцагч Н.Магсаржавд холбогдуулан 12 021 322 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагч Н.Магсаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Магсаржав нь 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл Тэгш дүүрэн чанар ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 12 021 322 төгрөгийн бараа дутааж, компанид хохирол учруулаад байна. Тэгш дүүрэн чанар ХХК болон Н.Магсаржав нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 021 322 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан. Н.Магсаржав 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Тэгш дүүрэн чанар ХХК-д хохирлоо 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлт гаргасан боловч хохирлоо барагдуулаагүй. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар томилогдсон боловч хөдөлмөрийн болон бүрэн хариуцлагын гэрээг нь олохгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж компанид учруулсан эд хөрөнгийн хохиролд 12 021 322 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2015 оны 05 дугаар сараас хойш Тэгш дүүрэн чанар ХХК-д ажиллаж, Чингэлтэй дүүрэгт борлуулалтаар ажиллах хугацаандаа дэлгүүр, цайны газарт зээлээр борлуулсан барааны үнийн дүн нь 12 021 322 төгрөг болсон. Уг үнийн дүнтэй зээлийн зохих хувь нь дэлгүүр түцэнд байгаа, ихэнх зээлийг нь алдсан. 2018 оны 07 дугаар сараас хойш цалингаа суутгуулж, цалингүй ажиллаж байсан. Ямар дэлгүүр, түц, цайны газарт хэдэн төгрөгийн зээл алдсан, цалингаасаа хэдэн төгрөгийг нь хасуулсан, хэдэн төгрөг үлдсэн талаар бүгдийг нэг бүрчлэн шүүлгүүлнэ. Тус компанид ажилласан 4 жилийнхээ амралтын мөнгийг авч төлбөрөө төлөх хүсэлтэй гэжээ.

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Магсаржаваас 6 010 661 /зургаан сая арван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэгшдүүрэн чанар ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 010 661 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Магсаржаваас 111 121 төгрөгийг гаргуулж, Тэгшдүүрэн чанар ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрчээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Тулгын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Н.Магсаржав нь Тэгш дүүрэн чанар ХХК-д 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгч /борлуулагчаар/ дэвшин ажилласан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл борлуулсан барааны төлбөр 31 689 450 төгрөгийг хувьдаа завшиж, ашигласан хууль бус үйлдэл гаргасан. Уг төлбөрийг төлүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цалингаас нь 6 174 568 төгрөг суутган хохирлоо барагдуулсан боловч 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа борлуулсан барааны төлбөрөөс дахин 7 256 040 төгрөгийг хувьдаа ашигласан. Өмнөх үлдэгдэл 5 514 882 төгрөг, сүүлд авч ашигласан 7 256 040 төгрөг, нийт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 12 021 322 төгрөгийн хохирол учруулаад байна. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж хариуцагч 12 021 322 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтьн үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн. Шүүх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тодорхойлсон 12 021 322 төгрөгөөс 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийн суутгалыг тооцсон нь шударга бус. Талууд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс сар бүр 350 000 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байхад шүүх уг гэрээг харгалзаж үзээгүй, гэрээний талаар дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Н.Магсаржавын төлбөр төлөхөө илэрхийлсэн гараар бичсэн өргөдөл, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас 12 021 322 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар илэрхийлсэн зэргийг шүүх харгалзаж үзэлгүй, нотлох баримтаар үнэлээгүйд гомдож байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, Тэгш дүүрэн чанар ХХК-ийн хөрөнгө, мөнгийг хувьдаа авч, завшсан Н.Магсаржавын үйлдлийн улмаас компанид учруулсан гэм хорын хохиролд 12 021 322 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж, Иргэний хуулийн 8 дугаар 8.1.5-д зааснаар гэм хор, учруулах-тай холбоотой маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулснаас үүсэх шаардах эрхийг хэрэгжүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан гэж үзэж хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Иимд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Тэгшдүүрэн чанар ХХК нь хариуцагч Н.Магсаржавд холбогдуулан хохиролд 12 021 322 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Магсаржав нь Тэгшдүүрэн чанар ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс түгээгчээр, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн худалдааны борлуулагчаар ажиллаж байгаад байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх35-37, 130/

Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч талуудын тайлбараар хариуцагч Н.Магсаржав нь мөнгө болон эд хөрөнгөтэй шууд харьцсан ажил хийж байсан нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээний гол нөхцөл болох ажлын байр, хийж гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулахаар заасан байна.

Тус компанид Н.Магсаржав нь худалдааны борлуулагчаар ажиллаж байсан боловч гүйцэтгэх ажил үүрэг нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтгүй байхын зэрэгцээ ажил олгогчийн зүгээс ажилтанд хэзээ, хэдий хэмжээний, ямар бараа бүтээгдэхүүн хариуцуулан өгсөн, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан нь хэрэгт авагдсан тооцооны баримтуудаар хангалттай, эргэлзээгүй тогтоогдохгүй байна. /хх46-125/

Хавтаст хэргийн 7, 34 дүгээр талд зохигчдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж 12 021 322 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн акт, үүнээс 6 174 568 төгрөгийг нь цалингаасаа суутгуулж тооцуулсан тухай баримт авагдсан байх ба шүүх санхүүгийн анхан шатны баримтгүй, тооцоо нийлж баталгаажуулж байгаагүйд ажилтан, ажил олгогч хэн аль нь буруутай гэх үндэслэлээр зөрүү 6 010 661 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж баталгаажуулсан боловч уг акт нь санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажсан байх шаардлагатай. Түүнчлэн хэргийн 46-125 дүгээр тал дахь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй, бараа материал хүлээлгэн өгсөн баримтуудад хариуцагчийн гарын үсэг зурагдаж баталгаажигдаагүй байх тул уг баримтад үндэслэн хариуцагчийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баримтаар үнэлээгүй гэж гомдол гаргасан боловч уг баримтын талаар хариуцагч анхан шатны шүүх дээр эргээд маргасан байх тул хариуцагчийг гэм буруутай гэж үзэх эргэлзээгүй баримт биш байна. Зохигчид энэ гэрээгээр 12 021 322 төгрөгийг сар бүр 350 000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцсоноос биш төлбөрийн учир шалтгаан тодорхой бичигдээгүй байна. /хх30/

Хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй гэх баримт тогтоогдоогүй, түүний хүлээх хариуцлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй, тухайн тохиолдолд шаардах эрхийг зохицуулсан зохицуулалт биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх заалтыг баримталсныг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 182/ШШ2019/02158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэг гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

А.МӨНХЗУЛ