Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2019/02158

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н-ийн М-д холбогдох

 

12,021,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М нь 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Т ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 12,021,322 төгрөгийн барааг дутааж компанид хохирол учруулаад байна. Т ХХК болон Н.М нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, 12,021,322 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохоо тодорхойлж Н.М нь Т ХХК-д уг хохирлоо 2019 оны 06 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэж хүсэлт гаргасан. Гэвч 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Н.М нь төлбөр хохирлоо төлөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс Худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар томилогдсон боловч Хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээг олохгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж компанид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 12,021,322 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 05 дугаар сараас хойш Т ХХК-д ажилласан. 2017 оны 05 дугаар сараас хойш Чингэлтэй дүүрэгт борлуулалтаар ажиллаж явах хугацаандаа дэлгүүр, цайны газарт зээлээр борлуулсан барааны үнийн дүн нь 12,021,322 төгрөг болно. Уг үнийн дүнтэй зээлийн зохих хувь нь дэлгүүр түцэндээ бий. Ихэнх зээлийг нь алдсан. Тус компанид 2018 оны 07 дугаар сараас хойш тус алдагдалдаа цалингаа суутгуулж, цалингүй ажиллаж байсан. Нийт ямар ямар дэлгүүр түц, цайны газарт хэдэн төгрөгийн зээл алдсан, цалингаасаа хэдэн төгрөгийг нь хасуулсан, хэдэн төгрөг нь үлдсэн, энэ бүгдийг нэг бүрчлэн шүүлгүүлнэ. Тус компанид ажилласан дөрвөн жилийнхээ амралтын мөнгийг авч төлбөрөө төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Мд холбогдуулан 12,021,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “дутагдуулсан барааны үнэ 12,021,322 төгрөг гаргуулна. Борлуулсан барааны үнийг хувьдаа завшсан” гэж тайлбарлав.

 

Хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нийт ямар ямар дэлгүүр түц, цайны газарт хэдэн төгрөгийн зээл алдсан, цалингаасаа хэдэн төгрөгийг нь хасуулсан, хэдэн төгрөг нь үлдсэн энэ бүгдийг нэг бүрчлэн шүүлгүүлнэ” гэж маргажээ.

 

Ажил олгогч  Т ХХК нь  ажилтан Н.Мыг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс Худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба ажилтан ажиллах хугацаандаа 12,021,322 төгрөгийн бараа дутагдуулсан тухайд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Хариуцагч Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Тооцоо нийлсэн актанд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны өр авлагын тооцоо гэж бичигдсэн боловч 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх бүх тооцоог хамруулсан” гэж маргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О үүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өгч авсан барааны нягтлан бодох бүртгэлийн баримт, 2016 оны 05 дугаар сараас хойших хугацаанд ажилтан Н.Мын цалингаас суутгал хийсэн баримт, түүний хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ зэрэг нотлох баримтыг ирүүлэхийг нэхэмжлэгч Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

 

Ажилтан Н.М Худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар томилогдон  ажил  үүрэг  гүйцэтгэж  байсан  тул  түүнийг  мөнгө  болон  эд  хөрөнгө

хариуцсан ажилтан гэж үзэхээр байна.

 

Ажил олгогч Т ХХК нь ажилтан Н.Мтай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17102 дугаартай “албан тушаалын нэр Түгээгч” гэсэн Хөдөлмөрийн гэрээ шүүхэд ирүүлсэн боловч 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар томилогдсон гэхдээ Хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ олохгүй байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж зохицуулсан.

 

Хариуцагч Н.М “2018 оны 07 дугаар сараас хойш тус алдагдалдаа цалингаа суутгуулж цалингүй ажиллаж байсан. Цалингаас хэдэн төгрөгийг нь хасуулсан, хэдэн төгрөг нь үлдсэн энэ бүгдийг нэг бүрчлэн шүүлгүүлнэ” гэх тайлбарыг бичгээр гаргаж маргасан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар, үнэн зөв хөтлөх ба “мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зарлагыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг аккруэл суурь” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт тодорхойлжээ. 

 

Ажил олгогч Т ХХК нь ажилтан Н.Мын цалингаас суутгал хийсэн, Худалдааны төлөөлөгч буюу борлуулагчид  бараа хүлээлгэн өгсөн, борлуулсан барааны үнийг хүлээн авсан анхан шатны бүртгэл хангалтгүй, авлага өглөгийг тайланд тусгаагүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-иас ирүүлсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, бараа хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 46-125 тал/-нд ажилтан Н.Мын гарын үсэг зурагдаагүй, ажилтан Н.Мын цалингаас суутгал хийсэн санхүүгийн баримтгүй, зөвхөн жагсаалт ирүүлж байгаа нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Гэвч хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч нийт хэдэн төгрөгийн өр төлбөр үүссэн эсэх нь баримтаар хангалттай тогтоогдоогүй, түүний цалингаас 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 6,174,568 төгрөгийн суутгал хийгдсэн байгааг хасч тооцох /хх-ийн 34 тал/, санхүүгийн анхан шатны баримтгүй, тооцоо нийлж баталгаажуулж байгаагүйд ажилтан, ажил олгогч хэн аль нь буруутай байх тул хариуцагч Н.Маас 6,010,661 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,010,661 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

   Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж зааснаар хариуцагч Ш.Мөнхбатын сүүлийн 8 жилийн хугацаанд Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Сангийн 01 гудамж 006 тоот хаягт амьдарч байгаа тул түүний оршин суугаа газар гэж үзлээ.

  

         Зохигчид Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтээ бичгээр гаргасан /хх-ийн 20 тал/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хэргийн харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн байна.

 

Хариуцагч Н.Мт шүүх хуралдааны товыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Маас 6,010,661 /зургаан сая арван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,010,661 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,300 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Маас 111,121 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ