Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00160

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00160

 

 

 

Ньюком проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2019/02830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ньюком проперти ХХК-ийн хариуцагч Монтрейд ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах, Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай байрыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрт 504 075 000 төгрөг /НӨАТ орсон/-ийг Ньюком проперти ХХК-аас хүлээн авахыг Монтрейд ХХК-д даалгах, дээрх үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ньюком проперти ХХК-аас хүлээж авахыг Монтрейд ХХК-д даалгах, Ньюком проперти ХХК-д учирсан хохиролд 16 190 788 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баасанжав, Н.Цогт, хариуцагчийн төлөөлөгч Н.Сания, хариуцагчийн өмгөөлөгч Э.Алимаа, Ё.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ньюком проперти ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах, Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай байрыг 2007 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд түрээсийн гэрээний дагуу ашигласан. Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан ба 2018 оны 10 дугаар сард Монтрейд ХХК-аас гэрээг сунгахгүй гэсэн албан бичиг өгсөн. Манай компани түрээсийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлж, 10 гаруй жил түрээсэлснийхээ хувьд Иргэний хуульд заасан давуу эрхийнхээ хүрээнд үргэлжлүүлэн түрээслэх боломжтой байсан ч түрээслүүлэгчийн зүгээс манайд уг эрхийг олгоогүй. Бид 10 гаруй жилийн хугацаанд сайхан харилцаатай байсан бөгөөд гэрээний хугацааг хоорондоо утсаар яриад л сунгачихдаг байсан. Ньюком проперти ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол цаг хугацаанд биелүүлж байсан. 2010 онд түрээсийн гэрээний үнийг 10 хувиар өсгөж, ам.долларын ханш өсөхөд түрээсийн төлбөрийг нэмж, буурахад хамтын харилцаагаа бодож, түрээсийн төлбөрөө бууруулж байгаагүй. 2018 оны 10 дугаар сараас хариуцагч талаас гэрээ сунгахгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Тухайн үед манайхаас 5 удаагийн албан бичиг явуулж, хамтарч ажиллах, уулзаж ярилцахыг хүссэн боловч татгалзсан хариу өгч байсан. Бид түрээсийн гэрээний дагуу объектыг бусдаас түрүүлж түрээслэх давуу эрхтэй учраас 2019 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл ашигласан Ньюком проперти ХХК нь 2007 оны 3 дугаар сард Монтрейд ХХК-тай гэрээ байгуулахдаа объектыг дамжуулан түрээслэх эрхтэй байгуулсан. Энэхүү эрхийнхээ хүрээнд Ньюком проперти ХХК нь үл хөдлөх хөрөнгийг Мобиком корпораци ХХК-д дамжуулан 130 000 000 төгрөгөөр түрээсэлж, 20 000 000 гаруй төгрөгийн ашиг олж, уг байрны ашиглалт, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг байсан. Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д зааснаар Ньюком проперти ХХК-д түрээсийн гэрээг сунгах давуу эрх байгаа. Түрээсийн гэрээг цуцлах нэг үндэслэл нь өмчлөгч үл хөдлөхийг өөртөө буюу өөрийн ойр дотны хүнд ашиглуулах юм. Монтрейд ХХК-ийн зүгээс үл хөдлөхийг өөрт ашиглах гэж байсан нь тогтоогдохгүй, баримтгүй байна. Гэтэл хариуцагч талаас хууль зөрчиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг оролдсон. Иймд өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бидэнд хуулиар олгосон түрээсийн гэрээний хугацаа сунгах давуу эрхийг хязгаарласан. Мөн гуравдагч этгээдэд түрээсэлж, илүү ашиг олохоор Ньюком проперти ХХК-ийн хууль ёсны эрхийг зөрчиж эхэлсэн. Монтрейд ХХК-аас гуравдагч этгээдэд үл хөлдөхийг түрээслэх гэж байгаа бол биднээс гуравдагч этгээдийн санал болгосон үнийг төлж, түрээсэлж чадах уу гэж асуух ёстой байтал асуулгүй шууд Мобиком корпораци ХХК-ийг байрыг суллаж өг гээд Ньюком проперти ХХК-ийн эрхийг зөрчиж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг оролдсон.

Иймд түрээсийн гэрээг сунгах давуу эрхийнхээ дагуу хариуцагчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах, Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай байрыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ашигласан. Улмаар манай компани хариуцагч Монтрейд ХХК-аас уг түрээсийн объектыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүлээн авахыг удаа дараа шаардсан боловч хүлээн авалгүй, үндэслэлгүйгээр татгалзсаар байгаад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Мөн бид ашиглаж байсан хугацааны төлбөр болох 504 075 000 төгрөгийг Монтрейд ХХК-ийн дансанд шилжүүлэхээр хүлээн авахаас татгалзаж, буцааж шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл уг байрыг ашиглаж байсныхаа хувьд, олон жил хамтарч ажилласан Монтрейд ХХК-ийн өмчлөлийн байрыг харуул хамгаалалтгүй үлдээхгүйн үүднээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Цэгц ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулан уг байрны бүрэн бүтэн байдлыг хариуцаж, харуул хамгаалалтын зардалд 15 761 169 төгрөг, байрны ашиглалтын зардалд дээрх хугацаанд 429 619 төгрөг, нийт 16 190 788 төгрөгийн зардал гарсан. Иймд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай байрыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрт 504 075 000 төгрөг /НӨАТ орсон/-ийг Ньюком проперти ХХК-аас хүлээн авахыг Монтрейд ХХК-д даалгаж, дээрх хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ньюком проперти ХХК-аас хүлээж авахыг Монтрейд ХХК-д даалгаж, Ньюком проперти ХХК-д учирсан хохиролд 16 190 788 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Монтрейд ХХК нь нэхэмжлэгч Ньюком проперти ХХК-д өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-47 тоот хаягт орших 5280 м.кв талбай бүхий 4 давхар үл хөдлөх хөрөнгийг 2007 оноос 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлж, гэрээний хугацааг сунгасаар ирсэн. Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагчийн зүгээс гэрээг цаашид сунгах боломжгүй талаараа нэхэмжлэгчид 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18/155, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/156, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18/187 дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгдэж байсан. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ /2010 оны 12 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан/-ний 4.2.3-т гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсон, эсхүл энэхүү гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг мэдэгдэл өгөн цуцалснаас хойш 30 хоногийн дотор барилгыг чөлөөлөхийг түрээслэгчээс шаардах эрх нь түрээслүүлэгчийн бүрэн эрх байхаар талууд тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу түрээслүүлэгчээс цаашид Ньюком проперти ХХК-д өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэхгүй, гэрээний хугацаа сунгахгүй талаар дээрх байдлаар мэдэгдлийг хүргүүлснээр гэрээ сунгагдаагүй, дуусгавар болсон. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал байхаар талууд тохиролцсон байдаг. Гэрээний талуудын чөлөөт байдлын хэмжээ хязгаар буюу гэрээний эрх чөлөө нь гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлж, гэрээ байгуулах эсэх байгуулахгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, хэнтэй гэрээ байгуулж, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэх нь өмчлөгчийн бүрэн эрх юм. Гэтэл тухайн байрны хууль ёсны өмчлөгч бид Иргэний эрх зүйн харилцаанд оролцох бүрэн чадамжтай субьектүүд буюу хэн манай байрыг ашигласан, хэн ашиглаагүй талаарх үйл баримтыг мэдсээр байтал огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ нь дуусгавар болсон этгээд болох Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг дамжуулан түрээслэж байсан Мобиком корпораци ХХК 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ашигласан. Иймд манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч бус Мобиком корпораци ХХК ашигласан тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байрны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал төлөх хууль зүйн болон гэрээний үүрэг байхгүй. Хэрэв манай компани нэхэмжлэгч компаниас дээрх хугацааны түрээсийн төлбөрийг авсан тохиолдолд үндэслэлгүйгээр олж авсан гэх байдалд орно. Мөн хэрэгт авагдсан баримт, бодит байдалд манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө Мобиком корпораци ХХК-ийн эзэмшил ашиглалтанд байсаар байхад бид уг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч талаас хүлээн авах боломжгүй. Монтрейд ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамжинд байрлах 4 давхар, 5 280 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан боловч энэ хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн байраа ашиглаагүй, харин бодитоор Мобиком корпораци ХХК ашигласан тул ашиглалтын зардал болон харуул хамгаалалтын зардлыг Мобиком корпораци ХХК-аас нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ньюком проперти ХХК-ийн хариуцагч Монтрейд ХХК-д холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах, Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай байрыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 504 075 000 төгрөг /НӨАТ орсон/-ийг Ньюком проперти ХХК-аас хүлээн авахыг даалгаж, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах, Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ньюком проперти ХХК-аас хүлээж авахыг даалгаж, Ньюком проперти ХХК-д учирсан хохиролд 16 190 788 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 127 925 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитойгоор үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Ньюком проперти ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийг түрээслэх давуу эрхтэй байсан, улмаар давуу эрхийнхээ хүрээнд байрыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашигласан болохыг тогтоолгох шаардлагыг шүүхээс хууль зүйн үндэслэлгүйгээр хангаагүй. Ньюком проперти ХХК-ийн байрыг ашиглах эрх нь хуулийн дагуу үүссэн байдаг. Ньюком проперти ХХК-аас Монтрейд ХХК руу 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 999 дугаартай хамтын ажиллагааны талаар болон 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 1158 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр цаашид гэрээг сунгах хүсэлтэй байгаа, давуу эрхийг хэрэгжүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч Монтрейд ХХК нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй учраас шүүхэд гэрээг сунгахыг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд улмаар энэхүү шаардлага нь ач холбогдолгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Шүүх Ньюком проперти ХХК нь түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлдөг байсан гэж зөв дүгнэсэн боловч давуу эрх үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн. Монтрейд ХХК нь барилгыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах сонирхолгүй харин Ньюком проперти ХХК-ийн давуу эрхийг эдлүүлэлгүй өөр этгээд болох Стрэйтс таймс ХХК, Мобиком корпораци ХХК-д түрээслүүлэхээр байсан нь нотлох баримтаар нотлогддог. Монтрейд ХХК-аас хамгийн анх буюу 2018 оны 10 сарын 17-ны өдөр 18/155 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр гэрээний хугацааг сунгахгүй талаар мэдэгдсэн ба энэхүү албан бичгээр 10 гаруй жил хамтран ажилласан түрээсийн харилцааг ямар шалтгаанаар дуусгавар болгох гэж байгаа талаараа тодорхой дурдаагүй байдаг. Харин хариуцагчийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 19/25 дугаартай түрээсийн байрны тухай Мобиком корпораци ХХК-руу хүргүүлсэн албан бичгээр 2019 оны 1 сараас эхлэн Страйтс Таймс ХХК-тай хөрөнгийн менежментийн гэрээ байгуулсан, Мобиком корпораци ХХК-д байрыг түрээслүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монтрейд ХХК-ийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 19/100 дугаартай Страйт Таймс ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахыг Мобиком корпораци ХХК-д мэдэгдсэн албан бичгээр Монтрейд ХХК нь Страйтс таймс ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн менежментийн гэрээ байгуулсан бөгөөд Мобиком корпораци ХХК-д түрээсийн гэрээ байгуулахыг дахин шаардсан болох нь нотлогдоно. Мобиком корпораци ХХК-аас 2019 оны 04 сарын 23-ны өдрийн албан бичгээрээ Ньюком проперти ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан болохоо дурдаж, Монтрейд ХХК-аас Стрэйтс таймс ХХК-тай гэрээ байгуулахыг, оффисын түрээсийн гэрээгээ өөрчлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Мөн Монтрейд ХХК-аас байрыг өөрийн хэрэгцээнд бус харин Мобиком корпораци ХХК-д шууд түрээслүүлэх, ашиглуулах хүсэлтэй байсан нь Мобиком корпораци ХХК-д хүргүүлсэн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 19/203, 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 16/242, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 19/302 дугаартай албан бичгээр нотлогдохоос гадна хариуцагчийн шүүхэд гаргасан 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 19/200 дугаартай хариу тайлбарт 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Мобиком корпораци ХХК-д байрыг түрээслүүлэх хүсэл зоригтой байгааг мэдэгдэж хариу хүлээж байгаа талаар мэдэгдсэн-ээр нотлогдоно. Монтрейд ХХК нь байрыг өөрийн хэрэгцээндээ бус өөр этгээдэд ашиглуулах, түрээсийн гэрээ байгуулах хүсэлтэй байсан нь маш тодорхой байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж Монтрейд ХХК-аас нэхэмжлэгчид өмнө нь мэдэгдэж байгаагүй, хэзээ хэрхэн хийснийг нотлох боломжгүй, шинэ бизнесийн төлөвлөгөө, эскиз зураг гэх мэтийг үндэслэж давуу эрх үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Ньюком проперти ХХК-аас байрыг ашиглаж байсан болохыг нотолсон баримтуудыг буруу үнэлж, хуулийг хэрэглээгүй. Шүүх зөвхөн бодитойгоор үйл ажиллагаа явуулж байгаа этгээд нь ашиглагч байх ёстой мэтээр хийсвэр дүгнэлт хийсэн. Хэрвээ үйл ажиллагаа явуулж байгаа этгээд нь хуулийн дагуу байрыг ашигласан гэж тооцогдохоор бол Монтрейд ХХК нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ньюком проперти ХХК-тай түрээсийн гэрээ шууд байгуулж, байрыг ашиглуулсан гэх буруу ойлголтод шүүхийн дүгнэлт хүргэхээр байна. Ньюком проперти ХХК нь байрыг ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. Түрээсийн гэрээний 4.3.3-т заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны барилгын дулаан, цахилгаан, цэвэр бохир ус зэрэг ашиглалтын зардлуудыг Ньюком проперти ХХК төлсөн. Энэ нь Монтрейд ХХК-тай байгуулсан гэрээний дагуу байр ашигласанд төлсөн төлбөрүүд юм. Ньюком проперти ХХК-аас гэрээний дагуу байрны ашиглалтын зардлуудыг төлж байгааг Монтрейд ХХК-аас татгалзаагүй нь байрыг нэхэмжлэгч ашиглаж байсан нь нотлогдоно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь хэсэгт түрээсийн байрыг ашиглуулж үр шим хүртэж байгаа этгээдийг ашиглагч гэж үзэхээр заасан. Ньюком проперти ХХК нь давуу эрхийнхээ хүрээнд байрыг Мобиком корпораци ХХК-д НКП-МК-01/11/14, CPCS-14157 дугаартай түрээсийн гэрээний дагуу дамжуулан түрээслүүлж, сар бүр 133 082 011 төгрөгийн түрээсийн төлбөр авдаг байсан. Харин Ньюком проперти ХХК нь Монтрейд ХХК-нд түрээсийн төлбөрт 100 815 000 төгрөгийг шилжүүлдэг. Улмаар дамжуулан түрээслэгчээс авсан төлбөрөөс Монтрейд ХХК-д төлсөн түрээсийн төлбөрийн зөрүү дүнгээс зардал (менежментийн төлбөр, байрны ашиглалтын зардал, цалин хөлс гэх мэт)-аа хасч сар бүр 8 000 000 төгрөгийн цэвэр ашгийг олдог байсан. Ньюком проперти ХХК нь байрыг Мобиком корпораци ХХК-д дамжуулан ашиглуулж үр шим олж байсан тул нэхэмжлэгч нь байрыг ашиглагч мөн.

Монтрейд ХХК нь Ньюком проперти ХХК-ийг байрнаас гарах, байрыг чөлөөлж өгөхийг шаардаж байгаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Мобиком корпораци ХХК-тай дамжуулан түрээслэх харилцаа тогтоосныг мэдэж байсан, улмаар Мобиком корпораци ХХК-ийг байранд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, гэрээ байгуулахыг шаардаж байсан зэрэг үйл баримтаар хариуцагч нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасны дагуу Ньюком проперти ХХК-ийг байрыг үргэлжлүүлэн ашиглахыг татгалзаагүй гэдгийг нотолно. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тал бүрээс нь харьцуулж үзээгүй, хуулийг хэрэглэлгүй үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Шүүх эхний шаардлагыг хуулийн дагуу дүгнэж чадаагүй, талуудын хоорондын харилцааг нарийн ойлгоогүй, нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т заасны дагуу Ньюком проперти ХХК нь сүүлийн 10 гаруй жил сар бүр түрээсийн төлбөрөө төлж ирсэн давуу эрхтэй этгээдийн хувьд байрыг 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл ашигласан. Улмаар ашигласан хугацааны төлбөрт сарын 100 815 000 төгрөгөөр тооцож Монтрейд ХХК-д тухай бүр шилжүүлж байсан боловч хариуцагчаас хүлээж авалгүй, буцаан шилжүүлсэн байдаг. Иймд Ньюком проперти ХХК нь байрыг хүлээлгэж өгөхөөс хойшлуулсан хугацаанд ногдох төлбөр болох 504 075 000 төгрөгийг Монтрейд ХХК-д төлөх нь зүйн хэрэг. Монтрейд ХХК-ийн хувьд сүүлийн 10 жил гаруйн хугацаанд хамтран ажилласан Ньюком проперти ХХК-аас татгалзаж, хуульд заасан давуу эрхийг эдлүүлэхгүй байгаа гол шалтгаан нь дамжуулан түрээслэгч Мобиком корпораци ХХК-аас үндэслэлгүй их хэмжээний буюу нэг сарын 223 000 000 төгрөгөөр тооцож авах санаа зорилготой байх бөгөөд энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т өмчлөгч нь өмчлөх эрхээ гагцхүү хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглодог. Монтрейд ХХК-аас байрны өмчлөгч гэдгээрээ далайлгаж, хуулийн дагуу үүссэн Ньюком проперти ХХК-ийн давуу эрхийг эдлүүлэхгүйгээр, дамжуулан түрээслэгч Мобиком корпораци ХХК-ийг дарамталж ашиг олох гэсэн санаа зорилго байгааг шүүхээс анхаараагүй. Иймд байр ашигласны төлбөрт 504 075 000 төгрөг хүлээж авахыг даалгуулах шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй. Монтрейд ХХК болон Ньюком проперти ХХК нь 2019 оны 09 сарын 18-ны өдөр барилгыг хүлээлцсэн. Монтрейд ХХК нь байрыг хүлээж авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх талуудын хүлээн зөвшөөрч, маргаагүй асуудлыг тогтоолгүй, сайн дураар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан диспозитив зарчмыг зөрчсөн. Ньюком проперти ХХК нь байрыг хүлээлцэхийг Монтрейд ХХК-д албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж байсан боловч Монтрейд ХХК үндэслэлгүйгээр татгалзсаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа хэтрүүлэн хүлээж авсан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д заасны дагуу байрыг хүлээж аваагүйгээс үүдэлтэй хохирлыг Монтрейд ХХК хариуцан төлөх үүрэгтэй. Хэрвээ Монтрейд ХХК-аас байрыг 2019 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар хүлээж авсан бол нэхэмжлэгчийн зүгээс байрны харуул хамгаалалтын зардал, ашиглалтын зардлуудыг төлж хохирохгүй байсан. Шүүх хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, хууль хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан боловч зарим үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ньюком проперти ХХК нь хариуцагч Монтрейд ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжид байрлах, Монтрейд ХХК-ийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай байрыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрт 504 075 000 төгрөг /НӨАТ орсон/, дээрх үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ньюком проперти ХХК-аас хүлээж авахыг Монтрейд ХХК-д тус тус даалгах, түрээсийн байрны харуул хамгаалалт болон ашиглалтын зардалд төлсөн 16 190 788 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Монтрейд ХХК-аас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гаргуулахтай холбоотой хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ньюком проперти ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч компанийн дээр дурдсан нийт 4 000 ам.метр талбай бүхий барилгыг сарын 30 000 ам.доллараар 3 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан, хариуцагч Монтрейд ХХК нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад түрээсийн зүйлийг шилжүүлсэн, түрээслэгч нь төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлж байжээ. Зохигчид гэрээний хугацааг 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5 жилээр, 2015 оны 12 дугаар сарын 25, 2016 оны 12 дугаар сарын 29, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус 1 жилийн хугацаагаар сунгасан байна. Талуудын хоорондын гэрээ, гэрээний хугацаа сунгасан нөхцөл Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Үүнд талууд маргаагүй, түрээсийн объектийг давуу эрхтэйгээр үргэлжлүүлэн түрээслэх, гэрээний хугацаа дуусч объектийг хүлээн авах эсэх талаар маргасан байна.

1. Түрээсийн байрыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгох шаардлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй нь холбоотой нэхэмжлэлийн шаардлага гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар хуулийн тухайн бүлэгт өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээний журам түрээсийн гэрээнд нэгэн адил үйлчилнэ. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй.

Хөлслөгч хуулийн энэхүү заалтын дагуу буюу өөр этгээдтэй байгуулах гэж байгаа гэрээтэй адил нөхцлөөр өөртэй нь гэрээ байгуулахыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн гэрээг цаашид сунгах давуу эрхийг эдлэхтэй холбоотой харилцаа түрээслүүлэгчээс үүсгэсэн, түрээслэгчээс түрээслүүлэгчид давуу эрхийн шаардлага тавьж байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, одоогоор уг байрыг түрээслүүлэгчийн зүгээс өөр этгээдэд түрээслэгчид түрээслэх боломжтой байсан нөхцлөөр түрээслэсэн гэх баримтгүй байна.

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ №3-аар талууд гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 6.3-т гэрээний аль нэг тал энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл цуцлахаар товлосон өдрөөс 3 сараас доошгүй хугацааны өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ гэж заасан байна. Зохигчдын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээг сунгах тухай хэлцэл хийгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй.

Харин хэргийн 1 дүгээр хавтасны 67-69 дүгээр талд түрээслүүлэгч буюу хариуцагч Монтрейд ХХК 2018 оны 10 дугаар сарын 17, 2018 оны 12 дугаар сарын 24, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд түрээсийн гэрээг цаашид сунгахгүй талаар түрээслэгч буюу Ньюком проперти ХХК-д мэдэгдсэн албан бичгүүд авагдсан байна.

Хариуцагч Монтрейд ХХК нь гэрээ цуцлах журмыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Анхан шатны шүүх зохигчдын хоорондын хэлцэл байгуулах, гэрээ сунгахтай холбоотой гэрээний заалт агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж түрээсийн объектийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Ньюком проперти ХХК ашигласан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрт 504 075 000 төгрөг /НӨАТ орсон/, дээрх үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ньюком проперти ХХК-аас хүлээж авахыг Монтрейд ХХК-д даалгах шаардлага хуулийн үндэслэлгүй байна.

Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, гэрээ дахин сунгагдаагүй, нэхэмжлэгч буюу түрээслэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш түрээсийн төлбөр төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна. Хариуцагч нь гэрээний зүйлийг чөлөөлөхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болохоос түүнд түрээсийн объектыг хүлээж авахыг даалгахаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн ямар эрх сэргэх нь тодорхой бус байна. Иймд уг нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй гэх шүүхийн дүгнэлт буруу биш, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

3. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын зардалд төлсөн 15 761 169 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 429 619 төгрөг, нийт 16 190 788 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Талуудын хоорондын гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон боловч түрээсийн зүйлийг нэхэмжлэгч талаас үргэлжлүүлэн ашиглаж байсан үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Монтрейд ХХК-д түрээсийн зүйлийг хүлээлцэх талаар мэдэгдэл явуулсан боловч хариуцагч нь байрыг бодитойгоор эзэмшиж ашиглаж, үр шимийг нь хүртэж буй Мобиком корпораци ХХК-аас хүлээн авна гэж татгалзаж байсан нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохигчид болон Мобиком корпораци ХХК-аас хамтарсан комисс гарч барилга хүлээлцэх актын дагуу түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна. /2хх196-239/

Гэрээний 4.3.7-д зааснаар түрээслэгч нь гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсон бол гэрээг цуцласнаас 30 хоногийн дотор барилгыг чөлөөлж, актаар хүлээлгэж өгнө гэж заасан. Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлж түрээсийн объектыг өөрийн ашиглалтад байлгасан буруутай боловч тэрээр тухайн эд хөрөнгийн ашиглалтыг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй, уг эрхийг нь хуулиар хориглоогүй. Түрээслэгч эд хөрөнгийн ашиглалтыг дуусгавар болгож, эд хөрөнгийг хүлээлгэж өгөх эрхээ эдлэхэд нь түрээслүүлэгчийн зүгээс заавал зөвшөөрөл өгөх эрхийг хуулиар олгоогүй, түрээслэгчийн зүгээс түрээсийн зүйлийг нь буцаан хүлээлгэж өгөх шаардлага тавьж байхад түрээслүүлэгч хүлээж аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хариуцагчийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдлийг хүлээж авсан үеэс үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүйг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба хариуцагч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Цэгц ХХК-тай 2 сарын хугацаатай харуул хамгаалалтын гэрээ байгуулж, түрээсийн объектын бүрэн байдлыг хариуцуулж, 2019 оны 06, 07 дугаар сарын харуул хамгаалалтын төлбөрт нийт 15 761 169 төгрөг төлсөн нь хэргийн 2 дугаар хавтасны 91-94 дүгээр талд авагдсан банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

Талуудын хоорондын гэрээний 4.3.5-т түрээслэгч нь барилгын ашиглалт үйл ажиллагааны зардлыг энэхүү гэрээнд зааснаар хариуцна /цахилгаан, дулаан, уур, цэвэр бохир ус, хашаан доторх орчны ариун цэвэр, хог хаягдал, тохижилт, цэвэрлэгээ, холбоо, утас/ гэж заасан тул нэхэмжлэгч нь түрээсийн объектын ашиглалтын зардал буюу цахилгааны эрчим хүчний төлбөрийг өөрийн ашигласан талбайн хэмжээ, хэрэглээгээр тооцоолон 429 619 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол болох 16 190 788 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /2хх86/

Нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийн бүрэн бүтэн байдалд зарцуулсан 15 761 169 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 429 619 төгрөг, нийт 16 190 788 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2019/02830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ньюком проперти ХХК-д учирсан хохиролд 16 190 788 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Монтрейд ХХК-аас 16 190 788 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ньюком проперти ХХК-д олгосугай гэж нэмж, 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 127 925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ