Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0008/З |
Дугаар | 210 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210
“М д” ХЗХ-ны гомдолтой,
Санхүүгийн зохицуулах хорооны хянан
шалгагч, улсын байцаагч Б.Д-д
холбогдох зөрчлийн хэргийн
тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч. Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0127 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар магадлалтай,
Гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0127 дугаар шийдвэрээр: Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 аар зүйлийн 18.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус баримтлан гомдол гаргагч “М д” ХЗХ-оос Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Дүүриймаад холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Моносдэлгэрэх” ХЗХ-ны төлөөлөгч Д.Дэнсмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагч “Моносдэлгэрэх” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр гаргахдаа шийтгэлийн хуудсанд нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтууд бүрдэл дутуу, шаардлага хангагдаагүй байхад СЗХорооны байцаагч Б.Дүүриймаагийн талд шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.
4. Мөн, анхан шатны шүүх нь шийтгэл ногдуулах субьектээ сонгосон хэлбэрийг тогтоогоогүй шийтгэлийн хуудсанд улсын байцаагчийг нотлох тамга тэмдгээ дараагүй, бүрэн бус баримтыг үндэслэж зөв гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №0055514 тоот шийтгэлийн хуудсанд зөрчил гаргагч субьектийг буруу тодорхойлсон, Эд засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлсний дагуу манай хоршоонд байгаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламж ил тод болсон тул хуулийг буцаан хэрэглэсэн, нэг зөрчилд 2 шийтгэлийн хуудас үйлдсэн болно.
5. Шүүх шийдвэр гаргахдаа Зөрчлийн тухай хууль 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь заалт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон байтал нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдүүлсэн мөн хуулийн 1.4 зүйлийн 4 дэх заалтыг хэрэглээгүй болно.
6. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 зүйлд заасан хугацааг баримтлаагүй бөгөөд хариуцагч тал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, 4.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг зөрчсөн, 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэл үйлдэх журам зөрчсөн, 4.15 дугаар зүйлд заасан зөрчлийг нотолж чадаагүй. Тухайлбал: Иргэн, хуулийн этгээдийг шийтгэл ногдуулахдаа сонгосон нөхцөл, хэзээ, хаана хэн үйлдсэн ямар зөрчилд шийтгэл ногдуулаад байгаа нь бүрдүүлсэн баримтанд тодорхой биш зэрэг хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байхад хариуцагчийн талд шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 218 тоот магадлалыг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Гомдол гаргагч “М д” ХЗХ-ны “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал зөв боловч хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 526 дугаар тушаалаар “М д” ХЗХ-ны үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон бусад хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан; удирдамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д нь гомдол гаргагч “Монос дэлгэрэх хоршоо” ХЗХ-ны 2017.01.01-ний өдрөөс 2018.09.26-ны өдөр хүртэлх хугацаанд хороонд ирүүлсэн мэдээлэл, санхүүгийн тайлан, холбогдох баримт бичиг, шийдвэр зэрэгт тулгуурлан хяналт шалгалт явуулсан; шалгалтаар “М д” ХЗХ нь хугацаатай 30 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 14 хадгаламж эзэмшигч, хугацаагүй 228 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 182 хадгаламж эзэмшигчдийг гишүүний дэлгэрэнгүй бүртгэлд бүртгээгүй болох нь тус хоршооны гүйцэтгэх захирал Д.Дэнсмаагийн амаар өгсөн тайлбар, хоршооны 2018 оны 3 дугаар улирлын тайлан, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтаар тогтоогджээ.
10. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;”, 16 дугаар зүйлийн 16.1-д “хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно:” гээд 18.1.2-т “гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах” гэж тус зааснаар хадгаламж, зээлийн хоршоо гагцхүү гишүүдийнхээ эдийн засаг болон бусад хэрэгцээг хангах зорилгоор тэднээс хадгаламжийг төвлөрүүлж, тэдэнд зээл олгодог ашгийн бус хуулийн этгээд учир гишүүн бус этгээдэд зээл олгох, хадгаламж татах нь хориотой.
11. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаар дээрх байдлаар Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг зөрчвөл торгууль ногдуулахаар хууль тогтоогч тусгайлан заасан учир уг хуулийн заалтуудыг баримтлан “М д” ХЗХ-нд 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй, “... иргэн, хуулийн этгээдийг шийтгэл ногдуулахдаа сонгосон нөхцөл, хэзээ, хаана хэн үйлдсэн ямар зөрчилд шийтгэл ногдуулаад байгаа нь бүрдүүлсэн баримтанд тодорхой биш ...” гэх гомдол няцаагдаж байна.
12. Мөн 2018 онд байцаагчаас үйлдсэн 0055510 дугаар шийтгэлийн хуудсаар тус ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл нь 182 гишүүнийг хоршооноос хасах шийдвэр гаргахдаа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг зөрчсөн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн 2,000,000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан; энэ нь маргаан бүхий 0055514 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3-т заасныг баримтлан “... гишүүн бус этгээдээс хадгаламж татсан ...” гэсэн зөрчилд оногдуулсан шийтгэлтэй хамааралгүй буюу өөр өөр зөрчил тогтоож, тус тусад нь шийтгэл оногдуулсан байх тул “шийтгэл давхардсан” гэх гомдол үндэслэлгүй.
13. Түүнчлэн “... нотлох баримтууд бүрдэл дутуу, шаардлага хангагдаагүй байхад Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч Б.Дүүриймаагийн талд шийдвэр гаргасан ...” гэж гомдол гаргасан ч шүүх ямар нотлох баримт бүрдүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шийдвэрт нөлөөлсөн талаар огт дурдаагүй байна.
14. Харин “... нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдүүлсэн мөн хуулийн 1.4 зүйлийн 4 заалтыг хэрэглээгүй ...” гэх гомдол үндэслэлтэй.
15. Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.7 дахь хэсэг (маргаан бүхий шийтгэлийн хуудаст баримталсан хуулийн хариуцлага заасан хэсэгт)-т өөрчлөлт орж, “... хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...” гэснийг “...хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...” гэж торгуулийн хэмжээг хөнгөрүүлжээ.
16. Хэдийгээр улсын байцаагчаас 2018 онд дээрх шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг 5,000,000 төгрөгөөр торгох үед болон анхан шатны шүүхээс тухайн маргааныг шийдвэрлэх үед “нэмэлт, өөрчлөлтийн” хууль хүчин төгөлдөр болоогүй байсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны №7(1109) дугаарт хэвлэснээр 2020 оны 2 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн уг хуулийг шүүх хэрэглэх боломжтой болсон; Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан боловч түүнийг хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгээгүй тохиолдолд “эрх зүйн байдал дээрдүүлсэн” зохицуулалтыг буцаан хэрэглэж болохоор хууль тогтоогч “хууль хэрэглээний зарчим”-ыг тусгайлан заасан; тухайн тохиолдолд гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг “хүчингүй болгуулах”-аар захиргааны шүүхэд хандаж гомдол гаргасныг шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдрийн 106 дугаар захирамжаар “хэрэг” үүсгэснээр байцаагчийн шийтгэлийн хуудас гүйцэтгэгдээгүй байх тул хяналтын шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн дээрх зарчмын хүрээнд гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг бууруулж тогтоох нь зүйтэй гэж үзэв.
17. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0127 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэг, 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д-гийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5,000,000 (таван сая) төгрөгийн торгуулийн хэмжээг бууруулж, 1,000,000 (нэг сая) төгрөг болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М д” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Дэнсмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ