Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 384

 

Ц.Е-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 376 дугаар магадлалтай, Ц.Е-т холбогдох 1807000000203 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, урьд

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялд нийцүүлэн 11 жил 6 сарыг хасаж, 8 сар 16 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, мөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан Балжин овогт Ц-н Е нь

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн 7 дугаар гудамжны 5 тоот задгай хашаанд Ц.Б-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед “гавал тархины гэмтэл” учиран нас барж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Ц.Е-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Е-ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 2 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Е-өөс 4.759.122 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ... шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, ... бусад баримтаар тогтоогдоно”, мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж тус тус заасан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явуулсан,  Ц.Б нас барсан хэргийн газрын үзлэгийг 09 цаг 07 минутад эхлүүлэн явуулсан. Үзлэгийн тэмдэглэлд “цогцосны үзлэгийг цогцос хадгалах байранд очиж явуулахаар тогтов” /1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал/ гэж бичсэн байдаг ба цогцосны үзлэгийг мөн өдрийн 15 цаг 20 минутад Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах байранд тасалгааны гэрэлд эхлүүлсэн байдаг юм. Үзлэгийн тэмдэглэлд “... цогцос бүлээн ...”, “нас бараад 6-8 цаг болсон байна” гэж бичсэн байгаа. Аливаа хүн нас бараад 2 цаг өнгөрөхөд цогцос бүрэн хөрсөн байдагтай холбоотойгоор моргууд нас барснаас 2 цагийн дараа цогцосыг цогцос хадгалах байранд хүлээн авдаг журамтай юм билээ.

Гэтэл Ц.Б нас бараад 6-8 цаг өнгөрсөн байхад цогцос нь бүлээн байсанд нь эргэлзээ төрөөд эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд “нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоолгох” талаар тусгасан байхад хяналтын прокурорын тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа “цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийг явуулаагүй”-гээс болж талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй. Энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн 1421 дугаар дүгнэлтийн 6 дахь заалтад “Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлийг ирүүлээгүй учраас нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй” гэж заасан байдаг.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор цогцосны үзлэгийн үеэр эмчийн хэлснийг мөрдөгч буруу соонсоод “цогцос бүлээн” гээд биччихсэн юм байна лээ гэж хэлсэн. Шинжээч эмч С.Т цогцост үзлэг хийх үедээ цогцос бүлээн байгаагүйг, цогцос бүрэн хөрсөн гэдгийг мэдэж байсан юм бол, мөн “цогцос бүлээн” гэж хэлээгүй юм бол 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан, цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ 120 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас /-дээ “цогцос бүлээн, хөшилт үүсээгүй” гэж бичсэн байдаг нь ямар учиртай юм бэ. Хэргийн газрын үзлэг хийх үед, түргэний эмч үзлэг хийх үед нас барсан байсан нь үнэн үү, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 20 минутад цогцост үзлэг хийх үед нас бараад 2 цаг ч болоогүй байсан юм биш үү, гэх мэт олон асуултууд урган гарч байгаа. Үүнийг хууль зүйн шинжпэх ухаанд “эргэлзээ” гэдэг. Энэ эргэлзээг тайлахын тулд амь хохирогчийн “нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоолгох” талаарх хүсэлтийг прокурорт гаргаад байхад шинжилгээний байгууллагад “цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийг явуулаагүй”-гээс болж талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй бөгөөд мөн өмгөөлөгч яллагдагчийн хуулиар олгогдсон шинжилгээ хийлгэх эрхийг нь мөрдөгч, хяналтын прокурор нар хязгаарласан. Үүний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, түүндээ амь хохирогчийн “нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоолгох” талаар заасан. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэлгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна.

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... Б гарч ирээд талийгаач Будыг барьж аваад ... баруун гараа атгаж байгаад талийгаач нүүрлүү нэг цохитол би тэр хоёрын дундуур ороод салгасан, талийгаач Б Н-г сууж байхад нь толгой, зулай орчимд нь гараараа 2-3 удаа атгаж байгаад цохисон чинь ... Н баруун гараа атгаж байгаад талийгаач Б-н толгой руу, зүүн чих орчим руу 2 удаа цохихоор нь би тэр хоёрыг салгах гээд ... очтол ... заамдалцаад байж байсан”, “...Е талийгаач Б-ыг гараа атгаж байгаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл талийгаач Буд газар саваад уначихсан. Есөнтөмөр талийгаач Будыг дэвсээд байх шиг байсан”, “Н талийгаач Б-ыг дээрээс нь гараараа цохиод байх шиг байхаар нь би айгаад буугаагүй юм” гэж мэдүүлсэн байдаг.

Б-д цохиулснаас болж талийгаач Б-ын нүүр аманд ямар нэг хөхөрч хавдсан, цус нөж болсон юм байгаагүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.М-н мэдүүлгийг хяналтын прокурор хэт үнэлдэг.

Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлээс шалтгаалж нас барсан тул нүүр, аман дээр нь харагдахгүй бөгөөд тархины жижиг судасны цус алдалтаас шалтгаантай үхэл байх магадлалтай гэж шинжээчид дүгнэсэн байдаг тул хэзээ, хэний цохилт, өшиглөлтөөс болж амь хохирсон бэ гэдэг маш их эргэлзээтэй.

Насанд хүрээгүй гэрч Б.М.ыг гэрээс гарч ирэхэд нэг хүн амь хохирогчийг зодож байсан. Түүнээс хойш ахин өөр хүн зодоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Түүний мэдүүлгийг гэрч Д.М-ийн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд хамгийн сүүлчийн зодсон хүн бол А.Н байгаа.

Гэрч нарын мэдүүлэгт Ц.Е-ийг цохиход “түг” гэж дуугарсан, гар нь цус болсон байсан гэх үг, өгүүлэл оруулж хүч нэмэгдүүлсэн байх бөгөөд түг гэж дуугарах, гар цус болох зэрэг нь хүнийг үхэлд хүртэл нь цохисон гэдгийг эргэлзээгүй тогтоож байгаа баримт биш юм.

Харин Ш.Б, А.Н, Ц.Е нарын хэнийх нь цохилт талийгаачийг үхэлд хүргэсэн бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар, хангалттай баримтаар тогтоох ёстой байсан ч тогтоож чадаагүй, талийгаачид учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсныг нь ч олж тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилтыг хангахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тоггооно’ гэж зааж өгсөн байдаг ба энэ хэрэг дээр ажилласан мөрдөгч, хяналт тавьсан прокурор нар үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд амь хохирогчид учирсан бүхий л гэмтлийг Ц-т тохоод ялласан. Хэрэг учрал болсон өдрийн нөгөөдөр нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Д.М-г гэрчээр байцаасан гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь хэргээс алга болсон байдаг бөгөөд түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байцааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр талд тусгасан байна. Энэ хүн энэхүү гэмт хэргийн цорын ганц эрүүл саруул гэрч бөгөөд түүний мэдүүлгийг өөрчилж, хэргийг Есөнтөмөр рүү чиглүүлэн байцаалт авсан байж болзошгүй байгаа юм.

Насанд хүрээгүй гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Е гэдэг ахыг би огт танихгүй, түүний нэрийг нь надаас байцаалт авсан мөрдөгч ах хэлж өгсөн” гэж хэлсэн. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн асуудал мөн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ Буд ах Е гэдэг ахыг тоосгоор цохих гэж далайгаад өөр тийш нь шидээд гараараа нэг цохисон ...’’ гэж мэдүүлсэн байдаг. Согтуу хүн тоосгоор цохиж алахаар дайрч байхад айж сандрахгүй, амар тайван байж чадах уу гэдэг эргэлзээтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр энэ асуудлууд хангалттай яригдсан бөгөөд “эргэлзээ” байсаар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” заалтыг хэрэглэж болохоор байхад шүүхүүд хэрэглээгүй. Эхнээсээ дуустал түмэн эргэлзээ дагуулсан, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтаар бүрдсэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ДШМ/376 дугаар магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б хэлсэн саналдаа “... Талийгаач ахыг минь алсан хүн Ц.Е юм. Гэтэл нэг ч уучлалт гуйгаагүй, маш их гомдолтой байгаа. Ц.Е-өөс их хэмжээний мөнгө нэхэмжлээгүй, оршуулгын зардлыг нэхэмжилсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Ц.Е нь хохирогч Ц.Б-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины гэмтэл учирч, хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх тухайн зүйл хэсгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Амь хохирогч Ш.Б, А.Н нартай маргалдан зодолдож байсан боловч тэднийг хэрэгт холбогдуулан шалгахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн гэрч нарын “Ц.Е талийгаачийг цохисны улмаас савж унасан, дээрээс нь дэвссэний дараа босож ирээгүй” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгаа. Ц.Е-ийн цохисон үйлдэл талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой учир шүүх гэм буруутай тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Е-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ц.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн 7 дугаар гудамжны 5 тоот задгай хашаанд Ц.Б-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед “гавал тархины гэмтэл” учиран  нас барж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Е-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн “... хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Ц.Е нь “архи нэхлээ” гэх шалтгаанаар хохирогч Ц.Б-ын толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан буюу “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Д.М-ийн “... хамгийн сүүлд Е гэх ах талийгаач Б-ыг автомашинд архи нэхэж орж ирэхэд нь гарын хойд талаараа хоёр удаа алгадаад автомашинаас буугаад талийгаач Б-ыг гараа атгаж байгаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон, газар унахад нь хөлөөрөө дэвсэх шиг болсон, тэгэхэд нь автомашинд байсан надад сонсогдохоор түг гээд чанга дуугарсан”, насанд хүрээгүй гэрч Б.М-ын “... Е ах нэг гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон чинь Б ах хүчтэй толгойгоороо саваад дээшээ хараад газар шороон дээр унаад өгсөн, тэгтэл нөгөө Е гэх ах Б ахыг уначихсан хойно нь хажуунаас нь 1-2 удаа бие рүү нь өшиглөсөн ... дараа нь толгой дээрээс нь хөлөөрөө 3-4 удаа дэвссэн”, гэрч Ц.Б-ын “... орж ирэхдээ Е-ийн хоёр гарын хурууны үе, яг нударга хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь би Б-аас ... асуутал Е Б ахыг гарныхаа араар уруул руу нь цохиод цус гаргачихсан юмаа гэхээр нь ... Б-тай цагдаагийн хэлтсийн хажуу талын гандан дотор таараад Б ахыг хэн цохиж зодсон юм гээд асуутал Е тэр өдрийн маргааш өглөө нь буудалд байхдаа би хоёр л цохисон шдээ би хүн алчихлаа, ээждээ юу гэж хэлэхэв гээд уйлаад байсан гэж байсан юм”, гэрч А.Н-ийн “... гайгүй байгаа би нэг цохьчихсон юм гээд санаа зовиноод их хурдан босоод ирсэн”, гэрч С.Б-ын “... миний мэдэж байгаагаар тухайн үед Е, талийгаач Б хоёр л маргалдацгаасан ... Б муудалцахаасаа өмнө зүгээр байсан, Е-т зодуулаад унаснаас хойш дахиж босоогүй”, шинжээч эмч С.Т-ийн “... Гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины хатуу хальсан дээрх болон доор цусан хураа үүссэн үед цусан хураа нь тархины бор давхаргыг дарж ... тухайн хүн унтах шинж тэмдэг илэрдэг, унтах үеийн гол онцлог нь хурхирах хэлбэрээр илэрдэг” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.

Мөн Ц.Е-өөс өөр хүн амь хохирогчид гэмтэл учруулсан, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолжээ.

Түүнчлэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхойлох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дөрвөн удаагийн дүгнэлт гарсан бөгөөд эдгээр дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ба бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ц.Е-ийн амь хохирогч Ц.Б-ыг цохисон үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  376 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН